| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2024/0083/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/79 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Хохирогч: ************************,
Шүүгдэгч: ****************** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******************** холбогдох эрүүгийн 2427000000111 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ********************суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй,*******************ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт ***************************** тоотод оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй *****************************
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч ********************** нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *************************** тоотод “амралтын өдөр байгууллагын олон нийтийн ажилд оролцоогүй гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж улмаар ************ зүүн зулай хэсэгт аягаар нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Хохирогч ************************шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:
2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 09 цаг 30 минутад даргын зөвлөлийн хурал эхэлсэн. Даргын зөвлөлийн хурал эхлээд дарга цаг үеийн мэдээллийн талаар ярилцсан. Тэгээд дарга хэлэхдээ марафон гүйлт дээр очсон хүмүүсийг буруутгахгүй гэсэн тийм үг хэлсэн байгаа. Дараа нь цаг үеийнхээ мэдээллийг хэлж дуусаад **************марафоныхоо талаар мэдээлэл хэлээд зохион байгуулалтын талаараа ярь гэж хэлсэн.***************тийм тийм үйл явц болсон гэдэг талаараа мэдээлсэн. Хэдэн хүн оролцсон талаар бүгдийг нь мэдээлээд, манай хамт олон өөрсдийнхөө зохион байгуулж байгаа ажилд олон нийтээрээ оролцмоор байна аа гэсэн үгийг хэлсэн. Гэтэл ***************** уурлаад би амралтын өдрөө гэр бүлдээ зарцуулна, миний орон зай руу орох хэрэггүй гэх мэт зүйл яриад эхэлсэн. Тэгээд ер нь бол маш ууртайгаар бид нарын болон даргын ярьж байсан зүйлийг, ****************ярьж байгаа зүйлийг ч гэсэндээ дундуур нь орж таслаад байсан. Тэгэхээр нь би хажуугаас нь хүмүүсийн ярьж байгаа зүйлийг сонсооч ээ гэж хэлсэн чинь чи дуугүй бай, чамтай яриагүй байна, чи ер нь их байгаа шүү гээд хуруугаараа чичлээд чамтай ярих юм байгаа гэж хэлсэн. Тэгээд дуугүй болтол ***************** чи байж байгаач би ярьж байгаа юмаа дуусгамаар байна гэж хэлсэн. Тэгээд *****************ахиад ярьсан чинь дахиж уурлаад тэгэхээр нь би чи одоо хүний үгийг сонсож дуугүй байгаач. Ер нь төрийн байгууллагад ажиллаж байгаа хүн байж ёс зүйгүй байж болохгүй. Чи ер нь дандаа ингэж уурлаж бухимдаж хашхирч явж байдаг гэж хэлсэн. Гэтэл дарга та нар одоо дуугүй бай өөр ярьж хэлэх юм байна уу, байхгүй бол хурлаа дуусгая гээд хурал ерөнхийдөө дуусаад ****************** өрөөнөөс гарсан. Тэгэхээр нь би ер нь өөрт чинь хандаж хэлээгүй ажил зохион байгуулсан талаараа *******************ярьсан. Гэтэл өөр дээрээ ингээд тусгаж аваад байх юм. Тэгээд ер нь байгууллагын юм ярихад байнга уурлаж харьцаж байх юм. Төрийн байгууллагад улсын байгууллагад ажиллаж байгаа хүн ийм ёс зүйгүй байж болохгүй гэсэн юм хэлсэн. Тэгээд **************** ч гэсэн ер нь байнгын ингээд ууртай, ёс зүйгүй харьцаж байх юм энэ тал дээр нь байгууллага анхаармаар байна гэсэн зүйлийг давхар хэлсэн байгаа. Тэгээд өрөөнөөсөө гараад бид нар бүгд ширээн дээрээ суугаад ажил үүргээ гүйцэтгээд байж байсан. Гэтэл ************ өрөөнөөсөө гарч ирээд*************энэ хэд чинь намайг нийлээд барьж идлээ гэж уурласан. Тэгээд өрөөндөө орчхоод санаандгүй сууж байсан чинь нүдний буланд ирж байгаа юм шиг харагдсан. Тэгээд миний нүүр рүү ус цацсан. Ус цацхад нь би цочоод босож ирсэн. Тэгээд яаж байгаа юм бэ чи гэж хэлсэн чинь уурлаад намайг бариад авсан. Би тэр үед давхар барилцаж аваад ********** миний цамцнаас татаад арагшаа алхсан, миний цамц сунадаг материалтай цамц байсан учраас маш урт сунаад урагдчихсан. Арагшаа алхаж байснаа л аягаараа цохичихсон. Тэгээд *********** багш***********нар цаанаас хүрч ирээд бид 2-ын дундуур орж салгасан. Яг цохиулчхаад миний ухаан балартаад тухайн үедээ юу болж байгааг сайн мэдээгүй. Тэгээд нэг ухаа ороод харсан чинь *************** багш толгой дээр гараараа дарчихсан байж байсан. Доошоо харсан чинь цус их гарсан байсан. Одоо бол байнга толгой эргэж, дотор муухайраад нэг тиймэрхүү л байдалтай байгаа гэв.
Хохирогч ************************* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би ****************************ажилтай. Тус өдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 09 цагаас ажил цугларсан. Тэгээд 09 цаг 30 минутад даргын зөвлөл хуралдсан. Спортын ордны дарга ************* цаг үеийн мэдээлэл хийсэн. 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Хархорин марафон гүйлтийн тэмцээн зохион байгуулсан талаар арга зүйч ************ танилцуулсан. ***************** Хархорин марафон гүйлтийн тэмцээний талаар танилцуулж байхдаа манайхан олон нийтийн ажилд идэвхтэй оролцож баймаар байна гэсэн чинь ************* уурлаад, та нар хувь хүний орон зай руу орохгүй шүү, ганц тэмцээн зохион байгуулчхаад над руу дайраад байна гэсэн чинь *********** үгүй ээ зүгээр ер нь тэмцээн уралдаан зохион байгуулж байхад бүгд оролцож баймаар байна гэж хэлсэн чинь та нар бүгд очоод очоогүй ганц хүн нь энд сууж байхад надад хэлээд байх юм. Тэр фэйсбүүк чат дээрээ бусад очоогүй хүмүүстээ хэлээч гээд уурлаад байхаар нь би ********** хандаж *************** ярьж байгаа зүйлийг дуустал нь сонс гэсэн чинь чи дуугүй чимээгүй бай энд **************бид хоёр ярьж байна гэсэн чинь ************** би ярьж байгаа зүйлээ дуусгачихмаар байна гэсэн чинь та нар угаасаа намайг очоогүй болохоор над руу дайраад байна гээд уурлаад байсан. Би ширээн дээр ажлаа хийгээд сууж байсан чинь нүдний буланд миний зүүн талаас ************** ирж байгаа харагдсан. Тэгээд би юм бодолгүй сууж байсан чинь над руу барьж байсан аягатай усаа цацахаар нь би цочоод яаж байгаа юм бэ чи гээд босоод ирсэн чинь ************** миний хувцаснаас бариад авахаар нь би бас хувцаснаас нь барьсан чинь **************уурлаад хашгираад бид хоёр зууралдаад байж байсан чинь ***************** хойшоогоо алхсан чинь өмсөж байсан шаргал өнгийн цамцных нь энгэр урагдсан **************барьж байсан аягаараа миний толгойн зүүн урд хэсэг рүү цохисон чинь миний толгой эргээд ухаан балартаад толгойноос цус гарч эхэлсэн. Би нийт хохирлын баримтаар 331 720 төгрөгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Гэрч ************************ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...Би ширээн дээр ажлаа хийгээд сууж байсан чинь *********************нүүр рүү ************ аягатай усаа цацсан чинь ***************** босоод ****************цамцнаас зуураад авсан. Тэгсэн чинь ***************уурлаад баруун гартаа барьсан байсан шаргал өнгийн бариултай жижиг шаазан аягаар *************** толгойн зүүн хэсэг рүү цохисон чинь ************* дундуур нь ороод салгасан чинь ****************** өрөөндөө орсон. ************** толгойн зүүн тал зулай хэсгээс цус гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч ********************мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
“...***************** уурлаад баруун гартаа барьсан байсан шаргал өнгийн бариултай жижиг шаазан аягаар ************ толгой хэсэг рүү цохисон чинь ********************* ах дундуур нь ороод салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн №416 тоот:
“...1. ************************** биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
З. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-09 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч ************ нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр *******************тоотод “амралтын өдөр байгууллагын олон нийтийн ажилд оролцоогүй гэж хэллээ” гэх шалтгаанаар маргалдаж **************** зүүн зулай хэсэгт аягаар нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд тухайн нөхцөл байдал нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн, тухайн гэмт хэргийг шүүгдэгч ******************** үйлдсэн болох нь
Хохирогч *************** мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/, гэрч *****************нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23, 17-18 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний Ерөнхий газар Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн №416 тоот: “...1. ****************** биед толгойн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28-30 дугаар хуудас/, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******************* хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч ******************** нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч **************** эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч ******************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.
Хэргийн хохирогч **************** биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд энэ эрхийнхээ дагуу хохирогч ****************** нь хохирол 331 720 төгрөг, сэтгэл санааны хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилсэн.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол 331 720 төгрөгийг хохирогч ******************* шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлэг, хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “...энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ..” гэж заажээ.
Хууль зүй дотоод хэргийн сайд, эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийн Хоёрдугаар зэрэглэл хэмээн журамласан.
Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг баталсан ба аргачлалын 3.6-д ...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ, ингэхдээ нөхөн төлбөрийн хэмжээг тус гэмт хэргийн хувьд буюу сэтгэцийн эмгэгийн хоёрдугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл байхаар заасан.
Дээрх журам, аргачлалыг үндэслэн хохирогч ****************** сэтгэцэд учирсан хор уршиг нь Хоёрдугаар зэрэглэл тогтоосныг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн мөрдөгч Г.Мягмарбат танилцуулахад хохирогч хүлээн зөвшөөрч маргаагүй тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор арилгах нөхөн төлөх төлбөрийг холбогдох хууль, журам, аргачлалын дагуу тооцон, тухайн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3 960 000 төгрөгөөр тогтоож, **************** гаргуулж хохирогч ************************* олгох нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх, шүүгдэгч ******************* гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал, улсын яллагчийн торгох ял оногдуулах тухай гаргасан дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байгаа болно.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд хохирогч **********************нь эмнэлгийн байгууллагад хандаж эмчлүүлэн эрүүл мэндийн үйлчилгээ авсан 117 256 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулна гэж тайлбарласан.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 01/1953 дугаартай тушаалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр ************************томилжээ.
Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн хохирогч *********************** эрүүл мэндийн даатгалын сангаас үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардалд 339 706 төгрөгийг гаргуулна гэх утга бүхий албан бичиг хэрэгт авагджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж хуульчилсан ба тэрээр мөн хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.8, 1.10, 1.11-т заасан эрх эдэлж тус бүлэгт заасан үүрэг хүлээх ёстой.
Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 3-т зааснаар мөрдөгч, прокурор тогтоол гаргаж иргэний нэхэмжлэгчийг тогтоохоор хуульчилсан. Гэтэл ****************** холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***************** иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол байхгүй, иргэний нэхэмжлэгчид хуульд зааснаар эрх, үүргийг нь тайлбарлаагүй, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг аваагүй байна. Дээрхээс дүгнэхэд иргэний нэхэмжлэгч нь яг хэдэн төгрөг гаргуулах гээд байгаа нь тодорхойгүй, улсын яллагч 117 256 төгрөг, Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь 339 706 төгрөг гэж зөрүүтэйгээр нэхэмжилсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх тул иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар ****************500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар ****************** нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ******************* сэтгэцэд учирсан хор уршигт 3 960 000 төгрөгийг гаргуулж хохирогч *********************олгож, шүүгдэгч нь хохирогч *****************хохиролд 331 720 төгрөгийг төлсөн болохыг, иргэний нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилсэн 339 706 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч **************** нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аяга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ************************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА