| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Гантуяа |
| Хэргийн индекс | 181/2021/00376/И |
| Дугаар | 181/ШШ2021/01696 |
| Огноо | 2021-09-13 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 181/ШШ2021/01696
2021 09 13 181/ШШ2021/01696
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК-д холбогдох,
Гэрээний заалт хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үүрэг, ажлын хөлс 16,858,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч И ХХК нь М ХХК-тай 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр харуул хамгааллын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хамтран ажиллаж, үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан. Гэтэл 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр гэрээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцлах мэдэгдэл ирүүлж манай харуул хамгаалалтыг татан буулгасан болно. Мөн харуул хамгаалалтын ажил гүйцэтгэсний хөлсийг манай компанид олгохоос татгалзаад байна.
Нэгэнт гэрээг цуцалж, манай харуул хамгаалалтыг татан буулгаж, бид ажлаа хүлээлгэн өгсөн тул энэ талаар бид маргахгүй. Гагцхүү 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг дуустал нэг сар долоо хоногийн хийж гүйцэтгэсэн ажлынхаа хөлс болох нийт 16,858,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан авах хүсэлтэй байна. Хариуцагчийн олгоогүй гэрээт ажлын хөлс, зардлын тооцоог хийж хавсаргасан болно. Хариуцагч гэрээт ажлын хөлс олгоогүйн улмаас болж бид ажилчдын цалин хөлс, бусад зардлыг олгох боломжгүй бол компанийн болон ажилчдын эрх ашиг хохирч, хөндөгдөж байна.
Хэдийгээр гэрээнд гэрээ зөрчсөн бол гэрээг цуцалж, хөлс төлбөр олгохгүй гэж заасан боловч энэ нь хуульд нийцэхгүй гэж бид үзэж байна. Нэгдүгээрт ямар ч тохиолдолд захиалагч тал гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг олгох ёстой. Хоёрдугаарт харуул хамгаалалын үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.3-т “Хамгаалалтын байгууллага болон ажилтан хамгаалалтын үйл ажиллагааг гурваас дээш удаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд үйлчлүүлэгч тал гэрээг цуцалж хөлс, төлбөрийг олгохгүй” гэсэн заалтын хөлс, төлбөрийг олгохгүй гэсэн хэсэг Иргэний хуулийн 225 дугаар зүйл, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус нийцээгүй гэж үзэж байна.
Иймд хариуцагчтай байгуулсан харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээний 7.3-т төлбөр олгохгүй гэсэн заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нэг сар долоо хоногийн гэрээт ажлын хөлс болох 16,858,000 төгрөгийг хариуцагчаас шүүхийн журмаар гаргуулж авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч М ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус шүүхэд И ХХК нь М ХХК-д холбогдуулан гэрээний хариуцлага ногдуулах зүйл заалтыг хүчингүйд тооцуулах, ажлын хөлс 16,858,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:
1. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан гэрээ юм. Талууд гэрээ байгуулахдаа гэрээний зүйл заалт бүртэй танилцаж, харилцан тохиролцож, гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан. Ийнхүү харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхойлон гэрээндээ тусгасан. Гэвч И ХХК гэрээний төлбөр авах талаар заалтаа хүчин төгөлдөр гэж үзээд хариуцлага ногдуулах заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2. Манай байгууллагын санхүүгийн албанаас гаргасан И ХХК хоорондын санхүүгийн тооцоогоор 16,858,000 төгрөг олгох үндэслэлгүй байх ба талууд хоорондоо тооцоо нийлсэн акт үйлдээгүй байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1 дэх хэсэгт зохигчид хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж хуульчилсан. Гэвч нэхэмжлэгч “гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан ... хамгаалалтын албыг татан буулгасан” хэмээн дурдсан нь болж өнгөрсөн үйл явдлын бодит байдлаас зөрж байна.
Учир нь И ХХК-д хамгаалагч нартаа хяналт тавьж үүрэг гүйцэтгэж байхдаа архидан согтуурах зөрчлийг зогсоох, хамгаалалтын дүрэмт хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслээр хангаж өгөх, объектод гадны этгээдүүдийг зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхгүй байх гэх мэт шаардлагуудыг амаар болон бичгээр маш олон удаа гаргаж байсан. Улмаар И ХХК-аас бичгээр хариу ирүүлж байсан удаатай. Манай байгууллагын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженерээс барилгын талбайд архидан согтуурсан, тавьсан шаардлагыг биелүүлээгүй үйлдэлд нь удаа дараа торгуулийн хуудас бичиж, И ХХК-ийн удирдлагад хүлээлгэн өгч байсан.
Бодит нөхцөл байдал ийм байхад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан гэж шүүхэд мэдүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д заасан үүргээ зөрчиж, хэргийн бодит үнэнг нуун дарагдуулж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан гэрээний заалт хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний үүрэг, ажлын хөлс 16,858,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэрэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч И ХХК, хариуцагч М ХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдсан, гэрээ байгуулагдсан талаар зохигч маргаангүй.
Харин нэхэмжлэгч нь “гэрээний үүрэг харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхдээ зөрчил гаргасан” гэдэгт маргаангүй боловч тухайн гэрээний 7.3 дахь хэсэгт “Хамгаалалтын байгууллага болон ажилтан хамгаалалтын үйл ажиллагааг гурваас дээш удаа хангалтгүй биелүүлсэн тохиолдолд үйлчлүүлэгч тал гэрээг цуцалж хөлс, төлбөрийг олгохгүй” гэсэн заалтын “...хөлс, төлбөрийг олгохгүй” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, нэг сар долоо хоногийн гэрээт ажлын хөлс 16 858 000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Гэрээний 7.3 дахь заалтыг талуудын хооронд байгуулагдсан “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний Ес дэх хэсэг, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, дуусгавар болгох хэсгийн 7.3 дахь заалт гэж зохигч тайлбарласан болно.
Хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...талууд гэрээ байгуулахдаа гэрээний зүйл заалт бүртэй танилцаж, харилцан тохиролцож, гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхойлон гэрээндээ тусгасан... үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч өөрийн татгалзлыг нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж зааснаар талуудын хооронд хэлцэл хийгдсэн байна.
“Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 1.1 дэх хэсэгт харуул хамгаалалтын байгууллага нь үйлчлүүлэгч талын заасан хаяг, байршил, объектын аюулгүй байдлыг хамгаалах үйл ажиллагааг эрхэлж үйлчлүүлэгч нь гэрээгээр тохирсон хөлс, төлбөрийг төлөх үүргийг хүлээжээ.
Уг гэрээний гол нөхцлөөс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, гэрээ хүчин төгөлдөр байгуулагджээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага зөвхөн ... гэрээний 7.3 дахь хэсэгт заасан заалтын “...хөлс, төлбөрийг олгохгүй” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах байх тул гэрээний бусад заалт буюу зохигчийн маргаангүй хэсэгт шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэн заалт нь гэрээний чөлөөт байдлыг тодорхойлох хэдий ч гэрээний чөлөөт байдал нь хуульд нийцсэн, хуулийн хүрээнд байх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан үндсэн гэрээний “хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг” талуудын хооронд байгуулагдсан гэрээний заалтаараа үгүйсгэж, үүргээс чөлөөлөгдөхөөр заасан нь хуульд нийцээгүй байна.
Хариуцагчаас “гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхойлон гэрээндээ тусгасан” гэж тайлбарладаг боловч харуул хамгаалалтын гэрээгээр хүлээсэн үүргийг зөрчсөн үндэслэлд торгууль ногдуулсан талаар талууд тайлбарлаж, маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байх тул тухайн гэрээний 7.3 дахь хэсэгт заасан заалтын “...хөлс, төлбөрийг олгохгүй” гэсэн хэсэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж зааснаар талуудын маргаагүй хэсэг, гэрээний бусад заалт хүчин төгөлдөр хэвээр үлдэх тул хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ажлын хөлс төлөх, нэхэмжлэгч тал гүйцэтгэсэн ажил үүргийн хөлсийг шаардах эрхтэй.
Гэрээний дагуу шаардсан ажлын хөлсний хэмжээний талаар хариуцагч тал маргаж, тооцож үзэхэд 15 сая орчим төлбөр төлөгдөөгүй гэж шүүх хуралдаанд тайлбарлах боловч, нэхэмжлэгчийн нэхэмжилж буй ажлын хөлсний хэмжээг няцаах аливаа баримт, тооцоолол гарган өгөөгүй байна.
Иймд шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч И ХХК, хариуцагч М ХХК нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 7.3 дахь заалтын “...хөлс, төлбөрийг олгохгүй” гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, гэрээний үүрэг 16 858 000 төгрөгийг хариуцагч М ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,440 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 312,440 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА