Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/62

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч, хохирогч Л.Б,

шүүгдэгч, хохирогч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Л-н Б, Б овогт Д-н О нарт холбогдох эрүүгийн 2417000000057 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 19** оны 07 дугаар сарын 24-нд Д аймгийн Ө суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн операторчин мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ** аймгийн *** сумын ** дүгээр баг, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд

** аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ** дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх У овогт Л-н Б /РД: **/, 

Монгол Улсын иргэн, 19** оны 03 дугаар сарын 05-нд Д аймгийн С суманд төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт **аймгийн ** сумын 2 дугаар баг, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд

*** аймгийн Сум дундын ** дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан гэх Б овогт Д-н О /РД: ***/, 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *** аймгийн *** сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайн хажууд Д.О-тай үл ялих зүйлээр шалтаглан, уусан архиндаа согтуурхан маргалдаж, улмаар нүүр хэсэг нь гараараа цохих, газар унагах зэргээр зодож, биед нь баруун нүдний зовхинд, зүүн нүдний дээд зовхинд, баруун мөрөнд, баруун бугалганд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Яллагдагч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ** аймгийн *** сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайн хажууд Л.Б-той үл ялих зүйлээр шалтаглан, уусан архиндаа согтуурхан маргалдаж, улмаар нүүр хэсэг нь гараараа цохих, газар унагах зэргээр зодож, биед нь зүүн нүдний дээд зовхинд, салстанд, баруун нүдний доод зовхинд, зүүн хацарт цус хуралт, баруун хацарт, баруун эрүүнд, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б, Д.О нарт холбогдох эрүүгийн 2417000000057 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Л.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хоорондоо муудалцаад буруу юм хийсэн байна гэв.

  1. Шүүгдэгч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэмшиж байна гэв.

  1. Хохирогч Л.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2024 оны 04 дүгээр сарын 20-нд өглөө гараад 2 юм уусан байсан. Дахиад архи уух гээд О дээр очоод наадмын талбайн наана, цаана архи уух гэж байгаад муудсан байсан. Нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан гэв.

  1. Хохирогч Д.О шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2024 оны 04 дүгээр сарын 20-нд гараашдаа юм уусан байсан. Тэгтэл Б ганц юм ууя гээд хүрээд ирсэн. Гадаа салхитай өдөр байсан. Дэмий юм байна гараашд ороод ууя гээд тэрнээсээ болоод маргалдаад ноцолдсон. Нэг ухаан ороод болье гээд гэрт ирсэн. Эхнэр хараад яав ийв гэхээр нь Бтой уулзсан ийм болсон гэхэд эхнэр цагдаа дуудсан гэв.

5. Хохирогч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 04 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед би хамт ажилладаг Б ахынд орсон. Б ахын гэрт ороход Б ах гэртээ ганцаараа байсан бөгөөд бид 2 шил 0.75 литрийн савлагаатай архи хувааж уусан. Тэгээд Б ахын гэрээс архиа ууж дуусаад барагцаагаар 12 цагийн үед гараад О-ын гэрт очсон. О-ынх Шивээговь сумын 2 дугаар баг, гэр байранд амьдардаг. О-ын гэрт очиход О бас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан. Тэгээд О бид хоёр О-ын гэрээс гараад наадмын талбайн хажууд очиж нэг шил архи хувааж уухаар явж байснаа л санаж байна. Тэрнээс цааш юу болсныг санахгүй байна. Би хоёр шил архи уучихсан байсан болохоор салхинд цохиулаад согтчихсон юм шиг байна. Ямар ч байсан одоо бодоод байхад наадмын талбайн хажууд О бид хоёр өнхрөлдөөд дээр доороо ороод зодолдож байснаа санаж байна. Яг юунаас болж О-тай муудаад зодолдсоноо санахгүй байна. Нэг мэдэхэд би гэртээ ирчихсэн байсан бөгөөд Шивээговь сумын цагдаагийн дарга намайг гэрээс ирж аваад аймгийн төвд авчирч эрүүлжүүлсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

6. Хохирогч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14 цагийн орчим манай гэрийн гадаа Б хүрээд ирсэн. Тэгээд би гараад очтол Б архи уучихсан халамцуу байгаа бололтой надад хандан хоёулаа урагшаа гараад нэг шил архи хувааж ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд Б-ыг дагаад наадмын талбай руу чиглээд алхсан. Тухайн үед би гэртээ 5 ширхэг лаазтай пиво уучихсан бага зэрэг халамцуу байсан. Тэгээд наадмын талбай руу явж байх замдаа Б-д заавал ийшээ наадмын талбай руу явж уух шаардлага байна уу, манай гэрийн грашид ороод уучихад яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. Гэтэл Б согтуу байсандаа ч тэр юм уу миний хэлсэн үгэнд дургуйцсэн бололтой бид 2 муудалцаж маргалдаж эхэлсэн. Гэхдээ зарим хэлж ярьж байсан зүйлээ одоо би санахгүй байна. Ямар ч байсан одоо бодоод байхад Б бид хоёр жижигхэн асуудлаас болж муудалцсан. Би анх Б-той уулзахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор хэлсэн ярьсан зүйлээ нэг бүрчлэн санахгүй байна. Тэгээд наадмын талбайн хажууд Б бид хоёр ирээд хоорондоо харилцан зодолдсон, миний санаж байгаагаар бид хоёр дээр доороо ороод 5-10 минут орчим хоорондоо зодолдсон. Тэгээд бас бие биенээ гар хөлөөрөө цохиж байснаа л санаж байна. Ер нь харилцан зодолдсон. Тэгээд бид хоёр салаад би шууд гэр лүүгээ явсан. Б-той архи хувааж уугаагүй. Намайг гэртээ очиход эхнэр Э байсан бөгөөд Э намайг харчихаад Б-ыг намайг зодлоо гээд цагдаа дуудлага өгсөн байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

7. Гэрч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед наадмын талбайн зүгээс нэг хүн манай гэр лүү чиглээд алхаж байгаа харагдсан бөгөөд би алхаагаар нь нөхрийгөө болохыг таньсан. Тэгээд удалгүй О гэртээ орж нүүр ам нь нил цус болж хөхөрсөн хавдсан байдалтай байсан. Тэгэхээр би юу болсон талаар О-аас асуутал Б-той зодолдсон талаар надад хэлсэн. Тухайн үед би шууд энэ талаар цагдаагийн байгууллагад утсаар холбогдож гомдол гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

8. Гэрч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:

Л.Б нь Шивээ-Овоо уурхайд кранистын ажилтай. Б нь зан байдлын хувьд хүнд тусар хуу, нийтэч, ямар нэгэн дээрэлхүү илүү дутуу зангүй, жоохон яаруу санд руу талдаа, ажил мэргэжилдээ сайн, хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, дарга ахлахын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж танилцуулдаг. Ер нь олон жил кранистаар ажиллаж байгаа болохоор ажлын гүйцэтгэл сайтай. Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй. Ямар ч байсан би Б-ыг согтуу байхыг харж байгаагүй. Урьд нь хэрэгт төвөгт орж байгаагүй байх. Ажил дээрээ ажлын сахилга бат сайтай, ямар нэгэн хэл аманд өртөөд сахилга ёс зүйн зөрчил гаргаад байдаггүй хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,

9. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 131 дугаартай дүгнэлтэнд:

- Л.Б-ын биед зүүн нүдний дээд зовхинд, салстанд, баруун нүдний доод зовхинд, зүүн хацарт цус хуралт, баруун хацарт, баруун эрүүнд, зүүн тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Дээрх гэмтлүүд нь нийлээд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 132 дугаартай дүгнэлтэнд:

- Д.О-ын биед баруун нүдний зовхинд, зүүн нүдний дээд зовхинд, баруун мөрөнд, баруун бугалганд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

- Дээрх гэмтлүүд нь нийлээд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-н 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

11. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4 дүгээр хуудас/,

12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 65, 79 дүгээр хуудас/

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/14 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 68-71 дүгээр хуудас/

- Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 18/а дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-74 дүгээр хуудас/

- Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-83 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Л.Б, Д.О нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Л.Б, Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ** аймгийн ** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайн хажууд харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Л.Б, Д.О нарын мэдүүлэг, гэрч Л.Э-ын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн 131,132 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч нарын согтолтын зэрэг тогтоосон тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүхийн шатанд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч У овогт Л-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овогт Д-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг тус тус гаргаж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,  

шүүгдэгч Д.О гэм буруугийн шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр *** аймгийн *** сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайн хажууд хохирогч Д.О-тай үл ялих зүйлээр шалтаглан, уусан архиндаа согтуурхан маргалдаж, улмаар нүүр хэсэг нь гараараа цохих, газар унагах зэргээр зодож, биед нь баруун нүдний зовхинд, зүүн нүдний дээд зовхинд, баруун мөрөнд, баруун бугалганд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ** аймгийн ** сум, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Наадмын талбайн хажууд хохирогч  Л.Б-той үл ялих зүйлээр шалтаглан, уусан архиндаа согтуурхан маргалдаж, улмаар нүүр хэсэг нь гараараа цохих, газар унагах зэргээр зодож, биед нь зүүн нүдний дээд зовхинд, салстанд, баруун нүдний доод зовхинд, зүүн хацарт цус хуралт, баруун хацарт, баруун эрүүнд, зүүн тохойнд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Л.Б,  Д.О нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хоорондоо харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Л.Б, Д.О нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Л.Б, Д.О нарын мэдүүлэг, гэрч Л.Э-ын нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 131, 132 дугаартай дүгнэлтүүд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

Түүнчлэн гэрч Л.Э нь “...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 16 цагийн үед наадмын талбайн зүгээс нэг хүн манай гэр лүү чиглээд алхаж байгаа харагдсан бөгөөд би алхаагаар нь нөхрийгөө болохыг таньсан...” гэж мэдүүлсэн боловч тухайн гэмт хэрэг нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн болох нь хохирогч Л.Б, Д.О нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Харин гэрч Л.Э-ын мэдүүлэгт “...2024 оны 03 дугаар сарын 20-ны...” гэж бичсэн нь мөрдөгчийн зүгээс гаргасан техникийн шинжтэй алдаа байна гэж шүүхээс дүгнэлээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Л.Б, Д.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л.Б, Д.О нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Л.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Л.Б, Д.О нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба шүүх хуралдаанд хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Л.Б, Д.О нарыг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.         

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Л.Б, Д.О нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Л.Б, Д.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 100 000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Л.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.О эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “хэлэх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Б, Д.О нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Л.Б, Д.О нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүхээс улсын яллагчаас гаргасан “шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 100 000 төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ. Учир нь:

Шүүгдэгч Л.Б нь ** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн атлаа өөрийн засрал хүмүүжилд дүгнэлт хийлгүй дахин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд торгох ял оногдуулах боломжгүй байна.

Иймд шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 3 /гурав/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдлээ.

            Шүүгдэгч Л.Б, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч У овогт Л-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            шүүгдэгч Б овогт Д-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Шүүгдэгч Л.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

            шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ыг 3 /гурав/ сарын хугацаанд Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1 000 000 /нэг сая/  төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус  мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Л.Б, Д.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Д.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ЭНХМАНДАХ