Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баяраагийн Баярмаа |
Хэргийн индекс | 184/2021/02726/И |
Дугаар | 184/ШШ2021/02365 |
Огноо | 2021-09-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2021/02365
Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.У
Хариуцагч: Ц.Ц/,
Хариуцагч: Ч.Ц нарт холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47.565.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээх авч, мөн сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Т хариуцагч болон хариуцагч Ц.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Уранчимэгийн хариуцагч Ч.Ц Ц.Ц нартай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг цуцлах, зээлийн үндсэн зээлийн төлбөрт 35.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11.900.000 төгрөг, алдангид 665.000 төгрөг, нийт 47.565.000 төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэл нь С.Уранчимэг нь Ч.Ц натай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 35.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлийн хүүг сар бүрийн 21-ний өдөр төлөх, үндсэн зээл 35.000.000 төгрөгийг бүхэлд нь эргэн төлөх нөхцөлтэй зээлсэн. Талууд зээлийн барьцаанд барьцааны гэрээ байгуулж, Ч.Ц-ийн өмчлөлийн 30-25 УНЕ улсын дугаартай, Hino Dutro маркийн ачааны автомашин, Ц.Цэрэн-Очирын өмчлөлийн 49-09 УНЭ улсын дугаартай, Howo маркийн автомашиныг тус тус барьцаалсан. Тухайн үед Ч.Цэрэнжигмэд нь малчдад малын тэжээл худалдаж байгаа санхүүжилт хэрэгтэй байна гэсний дагуу Ч.Ц нарт итгэн зээлийн гэрээг байгуулж 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр С.Уранчимэг нь өөрийн эзэмшлийн “Төрийн банк” ХХК-ийн 346000868308 дугаартай данснаас Ч.Ц-ийн "Хаан банк" ХХК-ийн 5057027894 тоот данс руу 35.000.000 төгрөг шилжүүлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу ЧЦ нар нь сар бүрийн 21-ний өдөр зээлийн хүүгээ хугацаанд төлж байсан боловч зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 35.000.000 төгрөгийг төлөх боломжгүй байна гэсний дагуу талууд харилцан тохиролцож 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээний хугацааг дахин 6 сараар адил нөхцөлтэйгөөр сунгаж, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээг сунгасан тухай бичгээр гэрээ хийсэн. Тус зээлийн гэрээний дагуу Ч.Ц нар нь сар бүрийн 21-ний өдөр зээлийн хүүгээ төлж байгаад дахин гэрээний хугацааг санал гаргаж 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дахин гэрээний хугацааг адил нөхцөлтэйгөөр 6 сараар сунгасан байдаг. Гэрээнд заасны дагуу Ч.Ц нар 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх зээлийн хүүг төлсөн боловч 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр болон 03 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн хүү болон зээлийн хугацаа дуусахад төлөх ёстой байсан үндсэн зээлийн төлбөрт 35.000.000 төгрөг төлөх ёстой байсан үүргээ төлөөгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчид хандан үүргийн гүйцэтгэлийг шаардахад мөнгөний боломж муу байна, зээлийн гэрээг дахин байгуулах саналыг тавьдаг. Улмаар 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээг дахин шинэчлэн байгуулж зээлийн гэрээний хугацааг уг өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаагаар сунгаад сарын 2 хувийг хүүтэйгээр, үндсэн зээлээс сар бүр 2.500.000 төгрөгийг сар бүрийн 03-ны өдөр гэхэд төлөх, зээлийн хүүг дараа сарын 03-ны өдөр төлж байх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан. Гэтэл гэрээг шинэчилж байгуулснаас хойш Ч.Ц Ц нар нь зээл болон зээлийн хүүг огт төлөөгүй бөгөөд хамгийн сүүлд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 1.750.000 төгрөг төлснөөс хойш өнөөдрийг хүртэл огт төлөлт хийгээгүй байна. Зээлийн барьцаанд 2 ачааны автомашин барьцаалсан боловч өнөөдрийг хүртэл автомашинуудыг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлээгүй бөгөөд бусдад дамжуулан зарсан байдаг. Ч.Ц Ц нартай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний 1.1-т зээлдэгч нь зээлийн гэрээний төлбөрийг төлөөгүй хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцно гэж заасан. Ч.Ц Ц нар нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний зээлийн гэрээний сунгалтад заасан гэрээний төлбөрт 2020 оны 02 болон 03 дугаар сарын 21-ний өдөр төлөх байсан зээлийн хүүг төлөөгүй, мөн 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдөр зээлийн үндсэн төлбөрөө төлөх ёстой байсан боловч төлөөгүй. Иймд 2020 оны 02 болон 03 дугаар сарын 21-ний өдөр төлөх байсан зээлийн хүүд тооцогдсон 35.000.000 төгрөгөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцоход 358.000 төгрөгийн тооцоолол гарсан. Харин 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төлөх ёстой байсан зээлийн үндсэн төлбөр 35.000.000 төгрөгөөс алданги тооцоход 227.500 төгрөг нэг хоногийн алданги 17.310 төгрөг нийтдээ 665.000 төгрөгийн алданги төлөхөөр байна. Зээлийн хүүгийн төлбөрт 8.400.000 төгрөгийг төлөөгүй. Мөн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний сунгалтад зээлийн хүүд 3.500.000 төгрөг төлөөгүй. Иймд Ч.Ц нартай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг цуцлах, зээлийн үндсэн зээлийн төлбөрт 35.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11.900.000 төгрөг, алдангид 665.000 төгрөг, нийт 47.565.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 35.000.000 төгрөг авсан гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрч байгаа. Уг зээлийн үндсэн төлбөрийг төлөх үүрэг нь одоог хүртэл үргэлжилж байгаа бөгөөд тус үүрэг 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээн дээр тусгагдсан байгаа. Нэхэмжлэгч талын зүгээс хариуцагчийг эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн үүднээс алдангийг 0,05 хувиар тооцож, 2021 оны 05 болон 6 сарын хүүг тооцолгүй нэхэмжлэлээ гаргасан. Мөн хариуцагчид зээлээ төлөх маш олон боломжийг олгосон боловч хариуцагч тал зээлээ төлөхгүй байгаа гэв.
Хариуцагч Ц.Ц, Ч.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагч болон хариуцагч Ц.Ц итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ хийж 35.000.000 төгрөгийг авсан. Энэхүү мөнгөний төлбөрт сар бүр 1.750.000 төгрөг төлсөөр 28.000.000 төгрөг болсон. Энэ мөнгийг үндсэн зээлээс төлсөн гэж үзэж байгаа. Дараа нь бид цар тахлын улмаас манай үйл ажиллагаа зогссон тул зээлээ төлөх боломжгүй болсон. Ингээд 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр С.Уранчимэг, н.Ариунаа бид хэд уулзаад ярилцаж тохирсон. Тэр үед С.У нь 2 сарын хүүгээ танаас авахаа болъё, барьцааны машинаа зарчихсан юм чинь барьцаагүйгээр 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү зээлийн гэрээгээр би мөнгө төгрөг аваагүй бөгөөд хуучин мөнгөө төлөх талаар л тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Үлдэгдэл 7.000.000 төгрөгийг хүү алдангитай нь нийлүүлээд нийт 10.500.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч С.У хариуцагч Ч.Ц нарт холбогдуулан 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээг цуцлан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлийн төлбөрт 35.000.000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 11.900.000 төгрөг, алдангид 665.000 төгрөг, нийт 47.565.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь хариуцагч нартай 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж 35.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч хариуцагч нар зээлийг буцаан төлөх боломжгүй шалтгаанаар 3 удаа 2-6 сараар сунгалт хийж, арга буюу сүүлийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн огноотой зээлийн гэрээг байгуулсан нь үндэслэлтэй, зээлийн хүүнд төлөгдсөн төлбөрийг үндсэн зээлээс хасаж тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэл үндэслэлтэй гэжээ.
Хариуцагч Ч.Ц Ц нар нь 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр зээлийн гэрээгээр 35.000.000 төгрөг зээлдэж авсан нь үнэн, харин 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн зээлийн гэрээгээр 35.000.000 төгрөг аваагүй, сүүлд нөхөж байгуулсан гэрээ тул уг гэрээний үүрэгт нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй, нэхэмжлэлийн шаардлагаас 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 16 сарын хугацааны туршид сар бүр 1.750.000 төгрөгөөр нийт 28.000.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагын үндсэн зээлээс 7.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй, түүнд тохирох хүү, алдангийг л хүлээн зөвшөөрөх боломжтой гэж маргажээ.
Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн тус нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтаар зохигч талуудын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ”, 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ”-ний сунгалт, 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Зээлийн гэрээ”-ний сунгалт, 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “Зээлийн гэрээ” гэх 4 бичгийн хэлбэртэй гэрээ байгуулагдаж, эхний 3 гэрээний үндсэн зээлд 35.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй тохиролцсон үндсэн нөхцөлүүд ижил агуулгатай, харин сүүлийн гэрээгээр 35.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр мөн өдрүүдэд бичгийн гэрээнүүдийг байгуулан нотариатаар баталгаажуулсан байна.
Тус 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Зээлийн гэрээ”-ний үүрэгт мөн өдөр нэхэмжлэгч С.У -ийн “Төрийн банк” ХХК-ийн 34600086808 тоот данснаас Ч.Ц -ийн “Хаан банк” ХХК-ийн 5057027894 тоот харилцах данс руу 35.000.000 төгрөгийн зарлагын “Уранчимэгээс шилжүүлэв” утгаар гүйлгээ хийгдсэн талаар буюу мөн өдөр 35.000.000 төгрөг авсан талаар хариуцагч нар маргаагүй.
Харин 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 35.000.000 төгрөгийг аваагүй тул уг гэрээний үүргийг шаардах эрхгүй гэж тайлбар гарган татгалзжээ.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд хэлэлцэн тохиролцсон хүүгийн хамт буцаан өгөх үүргийг хүлээхээр заасан.
Мөн Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 283.3-т зааснаар талууд буцааж төлөх хугацаа тохиролцсон тул гэрээний хугацаа дууссаны дараа зээлдүүлэгчид зээлдэгч нараас мөнгөө буцаан шаардах эрх үүсэхээр заасан учраас зохигч талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 35.000.000 төгрөг авсан талаараа маргаагүй тул зээлийн гэрээний хугацаа дууссан 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш буцаан шаардах эрх үүссэн байна.
Уг хуулийн заалт зохицуулалтаас үзвэл хариуцагч талын 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Зээлийн гэрээгээр 35.000.000 төгрөг аваагүй гэх татгалзал үндэслэлгүй, зээлийн болон нэмэлт гэрээнүүдээр тогтоосон 20/6+6+6+2/ сарын хугацаа дууссан л бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хариуцагч нарт үүсэхээр байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуульд заасан 35.000.000 төгрөгийг зээлдэж, зээлдүүлсэн зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд өөрсдийн гэрээний агуулгыг хуулийн хүрээнд хоорондоо тохиролцон гэрээг байгуулсан төдийгүй сунгасан байна.
Хариуцагч нар 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх 16 сарын турш сар бүр 1.750.000 төгрөгөөр нийт 28.000.000 төгрөг төлсөн талаар нэхэмжлэгч тал маргаагүй.
Гагцхүү хариуцагч нар уг төлөлтүүд үндсэн зээлийн үлдэгдлээс хасагдан тооцогдох үндэслэлтэй гэж маргажээ.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр байгуулахаар гэрээний хэлбэрийн шаардлага тусгагдсан байдаг.
Талууд хэрэгт авагдсан бичгийн хэлбэртэй 4 өдрийн огноотой Зээлийн болон Зээлийн гэрээний сунгалт гэх гэрээнд үндсэн зээлийн 35.000.000 төгрөгийг сарын 2-5 хувийн хүүтэйгээр нийт 20/6+6+6+2=20/ сарын хугацаатайгаар байгуулж гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулж сунгасан.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн хэлбэртэй гэрээнүүдийн хүсэл зоригийн асуулгаас үзвэл хариуцагч тал 20 сарын туршид хүү төлөх нөхцөлтэйгээр 35.000.000 төгрөгийг ашиглахаар тохиролцон тохиролцоо бүрээ бичгийн хэлбэрээр талууд хэн аль нь баталгаажуулж, сунгаж байсан болох нь тогтоогдож байх тул хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл зээлдүүлэгчийн мөнгөн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг зээлдэгч тал удаа дараа хүлээн авснаар хүсэл зоргийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон.
Хариуцагч нар гэрээгээр хэлэлцэж тохирсон хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр гэрээ байгуулсан тул тохиролцсон 20 сарын хугацааны хүүг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй төдийгүй нийт 16 сарын туршид хүүнд төлсөн 1.750.000 төгрөгийн төлөлтийг үндсэн зээлийн төлөлтөөс хасан тооцуулах тухай татгалзал мөн үндэслэлгүй байна.
Иймээс хариуцагч талын сүүлийн гэрээний үүрэгт мөнгө зээлдэж аваагүй, хүүний төлөлтийг үндсэн зээлийн төлөлтөөс хасан тооцох үндэслэлтэй гэх татгалзал хангагдахгүй.
Иймд нэхэмжлэгч тал төлөгдөөгүй 4 сарын хугацааны хүүг буцаан шаардах эрхтэй тул сарын 5 хувийн хүүгээр тооцон 7.000.000/1.750.000*4=7.000.000/ төгрөгийг гаргуулан шийдвэрлэв.
Мөн нэхэмжлэлийн шаардлагын алдангийн тухайд хариуцагч тал 7.000.000 төгрөгт ноогдох алдангийг төлөхөөс татгалзаагүй. Талуудын хооронд байгуулсан эхний 3 гэрээ болон сунгалтад зээл болон зээлийн хүүг төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр бичгээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6, 232.6-д зааснаар хоногт 175.000 төгрөгийн алданги нэхэмжлэгч тал нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжилсэн 3-4 хоногийн 665.000 төгрөгийн хэмжээнд алдангийг гаргуулан шийдвэрлэв.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар хариуцагч Ч.Цэрэнжигмэд, Ц.Цэрэн-Очир нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 47.565.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 42.665.000/35.000.000+7.000.000+665.000/ төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 371.256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Уранчимэгт олгох нь зүйд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Ц нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 42.665.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.У олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.900.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 395.775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 371.256 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.У-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14-28 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА