Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/268

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0239/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Болортуяа,

Улсын яллагч Б.Наранмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт*******д холбогдох эрүүгийн 2218000000239 дугаартай хэргийг 2022 оны 06 сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, Боржигон овогт******* /РД:******* /, 2002 оны 06 сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, 02 дугаар баг, Ширээ нуруу*******,*******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

          Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн, Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын замын эсрэг талд иргэн*******тэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохих, толгой дээр нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, зүүн дух, чамархай, баруун духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцрал, тархины хаван, гавлын ясанд 2 хэсэгт цооллого хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч *******ын: Тухайн үед болсон зүйлийг одоо сайн санахгүй байна. Манай ах уулзаж хохирогчийн хохирол төлбөрийг төлсөн боловч энэ талаар баримт байхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

          “...2022 оны 04 сарын 23-ны өдрийн дуудлагын бүртгэлийн 1 дэх бүртгэлд 08:06 цаг гэж бүртгэсэн байх ба өвчтөн хэсэгт******* овогтой******* гэж, нас, хүйс гэсэн хэсэгт 27, эр гэж, утас гэсэн хэсэгт******* гэж, гэрийн хаяг гэсэн хэсэгт бракийн гадна гэж, дуудсан шалтгаан хэсэгт согтуу, ухаангүй гэж тус тус тэмдэглэсэн байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн дуудлага хүлээн авах бүртгэлийн дэвтэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4/,

          Хохирогч*******гийн: 2022 оны 04 сарын 23-ны өдөр брак байрныод *******, үл таних гэх эмэгтэй нартай архи, шар айраг ууж байхад ирээд бид 4 үргэлжлүүлээд архи, шар айраг уусан. Гэтэл ******* нь тэр эмэгтэй бид хоёрыг ална гээд орилоод байсан. Би яагаад орилоод байгаа талаар асуухад чамд ямар хамаатай юм, нэг удаа шоронд орсон юм чинь дахиад ороход яадаг юм гээд орилоод байсан. Энэ үед *******ыг унтчих гэхэд явлаа гэж уурлаж байгаад явсан. Тэгээд гадагшаа гарчхаад дуудаад орилоод байхаар нь би гараад очиход Толгойт руу явдаг нэг урсгалтай зам дээр яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан гэгээ тасарч харанхуй болсон байхад ******* нөгөө гэх эмэгтэйтэй хамт байж байсан. Ингэхдээ ******* ньйг “гичий, янхан, банзал” гээд байсан. Тэгэхээр нь би “яах гэж ингэдэг юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд миний нүүр лүү цохиод, хавирч унагаагаад толгой дээр дэвсэж өшиглөсөн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.

          Тэр үед миний толгой өвдөөд, мөн зодоон болоход согтуу байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байсан юм. Одоо бодоход брак байрнаас гараад Хүнсний уулзвараас доош уруудахад байдаг Шатахуун түгээх станцын замын эсрэг талд ******* намайг зодсон юм. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан намайг ухаан ороход хажууд хүн байгаагүй. Тэгээд би буцаад брак байр луу явсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 12-13/,

          Гэрчгийн: Манай брак байрныод одоогоос нэг сарын өмнөөс амьдарч байгаа. Өчигдөр буюу 2024 оны 04 сарын 22-ны өдөр,*******, 3 ирээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд шөнө 02:00 цагийн үед,*******, нар байрнаасаа гарч яваад хүний машин руу чулуу шидсэн гээд хэрүүл маргаан болоод байсан. Энэ үед түрүүлээд гараад явсан байсан. чанга чанга орилоод байсан, юу ярьж байсныг бол мэдэхгүй байна. Тухайн үед*******гийн биед нь бэртэж, гэмтсэн зүйл байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 17/,

          Гэрчын: ...Цагдаагийн байгууллагаас ирсэн дуудлагын дагуу очиход 30 орчим насны******* нэртэй залуу бөөлжсөн байдалтай, хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Тухайн залууг босоод ир гэхэд босож ирээд цагдаагаар түшүүлээд түргэний машинд суусан. Тэгээд Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 19/,

          Гэрчгийн: 102 дугаарт ирсэн “Дархан сумын 05 дугаар багийн брак байрны ойролцоо ухаангүй согтуу хүн байна” гэсэн дуудлагын дагуу очиход 25-30 орчим насны эрэгтэй хүн ухаангүй, гаднаа ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэхгүй доошоо хараад хэвтэж байсан. Амьсгалыг нь шалгахад амьсгалж байсан ба ярих чадваргүй, биеэ хөдөлгөж чадахгүй байхаар нь 7037103 дугаарт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

          Гэрчгийн: ... *******,******* бид 3 дахиж архи авъя гээд 24 цагийн дэлгүүр орохоор манай гэрээс гараад Хүнсний уулзварын хажуугийн Петровис шатахуун түгээх станцын эсрэг талаар явж байхад **************д хандаж “хамт Сэлэнгэ аймгийн Дулаахан тосгон руу явчхаад ирье” гэхэд******* “би согтуу байгаа болохоор намайг галт тэргэнд суулгахгүй шүү дээ, би явахгүй” гэж хэлсэн. Тэгтэл **************д уурлаад “та нар ийм болсон юм уу? намайг ганцаараа яв гэж байгаа юм уу” гэж хэлээд*******гийн нүүр лүү 2-3 удаа цохиод үүрч аваад газарт унагаад толгой дээр нь хөлөөрөө дэвссэн. Тэгэхээр нь би *******д зодуулж магадгүй гээд Хүнсний уулзвараас доошоо брак байруудын дундуур ороод зугтаасан гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

          Гэрчы: 2024 оны 04 сарын 23-ны өдөргийнд*******, *******, нарын хамт архи, шар айраг уусан. Би шар айраг дуусчихаар нь харихаар явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. Хэд хоногийн дараа нь намайг Улаанбаатар хотод байхад над руу залгаад “... **************г зодоод, толгой дээр нь дэвсээд,******* эмнэлэгт хэвтчихсэн” гэж хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 33/,

          Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 04-ний өдрийн дугаартай:*******гийн биед гавал тархины битүү гэмтэл, зүүн дух, чамархай, баруун духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцрал, тархины хаван, гавлын ясанд 2 хэсэгт цооллого хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно.*******гийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/,

          Хохирогч*******гийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн талаарх 7145 дугаартай өвчний түүх /хх-ийн 44-60/,

          Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 04-ний өдрийн дугаартай: шинжилгээнд ирүүлсэн “******* ” гэж хаягласан дугаартай хуруу шилтэй цусанд спирт илэрсэнгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/,

          Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 04-ний өдрийн дугаартай: шинжилгээнд ирүүлсэн “******* ” гэж хаягласан дугаартай хуруу шилтэй цусны бүлэг OI байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 сарын 23-ны өдрөөс 24-ний өдрийг шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт хохирогч*******тэй маргалдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны шатнаас хүлээн зөвшөөрч байсан. Гэм буруу дээр маргах зүйлгүй гэв.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 04 сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн брак байрныод,*******, нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, шөнө 00:00 цаг өнгөрч байхад дахин архи уух зорилгоор,******* нарын хамт дэлгүүр лүү явах замдаа буюу Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр авто замын Хүнсний уулзварын ойролцоох Петровис шатахуун түгээх станцын орчимд*******тэй маргалдаж түүний нүүр лүү цохиж, үүрч газарт унаган толгой дээр нь дэвсэж, эрүүл мэндэд нь гавал тархины битүү гэмтэл, зүүн дух, чамархай, баруун духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцрал, тархины хаван, гавлын ясанд 2 хэсэгт цооллого хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******гийн эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, зүүн дух, чамархай, баруун духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцрал, тархины хаван, гавлын ясанд 2 хэсэгт цооллого хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан боловч хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан түүний мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 1, хэрэг хариуцах чадвартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хувийн байдал нь иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг журамлан 01 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч нь согтуурсан үедээ хохирогч*******тэй маргалдаж, улмаар түүнийг цохиж, газарт унагааж, толгой руу нь дэвссэн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэхээр хуульчилсан.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 сарын 15-ны өдрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлж, түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаагийн байгууллага явуулж, 2024 оны 06 сарын 12-ны өдөр хаана байгаа газрыг нь олж тогтоон шүүхэд ирүүлсэн.

Энэ байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсандаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх журмыг хэрэглэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь 2024 оны 06 сарын 12-ны өдрөөс 2024 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 12 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.

Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******д оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР