Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/65

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Т.Түмэнжаргал,

шүүгдэгч ...., түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Г.Энхжаргал,

хохирогч ...., түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид, Г.Нямхүү нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .... овогт .... .... холбогдох эрүүгийн 2317000000102 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... овогт .... .... /РД:../, .. аймгийн .. суманд .. оны ... дугаар сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа тээвэрлэлт эрхэлдэг, ам бүл ..,..., ..н хамт ... хот, ... дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамж ... тоотод оршин суух бүргэлтэй, урьд Баянгол дүүргийн шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 78 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр түдгэлзэн тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч .... нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр .. аймгийн .. сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “..” ХХК-ийн гадна зогсоол дээр байсан ....улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн ....тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад маргалдаж ууж байсан архины шилээрээ ....ын толгойн тус газар 2 удаа цохиж, биед нь дагз ясны зөрүүтэй хугарал, тархины зулай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хүзүүнд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

            1. Шүүгдэгч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн хэрэг болсон гэх өдөр 4-5 ширхэг архи .... машинд уусан. .... яагаад маргалдсан талаар сайн мэдэхгүй, урьд нь өс хонзон байгаагүй. .... нэг тээвэрт цуг явдаг найзууд байсан. .... тухайн гэмтлийн би учруулсан. Маргалдсаны улмаас толгойд нь архины шилээр цохисон. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би шүүхийн гаргасан хохирлыг төлнө. Нэхэмжилж байгаа 60-70 сая төгрөг өгөх боломж яг үнэндээ надад байхгүй. Би анх .... эмнэлэгт очиж үзүүлэхэд нь цуг явж гарсан эмчилгээний бүх зардлыг нь төлсөн. Хохирол төлөх санаа байсан ч тохиролцоогүй учраас төлөөгүй. Хавтаст хэрэгт байгаа эмчилгээний зардлыг төлөөгүй. Тэрнээс бусад зардлыг төлсөн. 752 000 төгрөгийг Мөнгөн гүүр эмнэлэгт хэвтэж байхад нь төлсөн гэв.

2. Хохирогч .... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тээврээ хийгээд нүүрсээ буулгаад .... бид хоёр энэ хэд дээр сүүлд нь очсон. .... ахын найз нь намайг зам заагаад өг, том машин тавиад жижиг машин аваад ирье гэхээр нь би машины түлхүүрийг нь авах гээд ороход ...., ...., .... гурав уугаад сууж байсан. Би замыг нь зааж өгөөд тэд нартай цуг суугаад авсан байсан 2 шил архиа ууж дуусаад Шивээгээс архи захиж авч ирүүлж уусан. Тухайн үед муудалцаагүй, би голд нь сөн түшээд сууж байсан. Гэтэл гэнэт архины шилээр дагз руу цохисон. Та яаж байгаа юм бэ гэхэд чи намайг олон жолооч нар дунд эвгүй байдалд орууллаа гэсэн. Тээвэр явуулдаг .... гээд ах намайг чи .... дугуй, түлшний мөнгө гэж хэлээдэх, эсвэл ачаанд яв гэж хэлээрэй .... утсаа авахгүй байна гэсэн. Би тэр өдрөө таарсан хэлсэн. 2 дахь удаагаа таарахдаа намайг муу бууны нохой гэсэн. Уг нь машин тэрэг гэж яриагүй, эмчилгээний зардлыг нь ах нь төлнө, чи хэдийг авмаар байна гэж асуухаар нь би эхнэртэйгээ яриад хариу хэлье гэсэн. Ямар ч байсан 2, 3 сар эмчилгээнд явбал гайгүй болчих байлгүй дээ гэж бодоод 20-25 сая төгрөгийн хооронд байвал танд яаж байна вэ гэж асуусан. .... тэгье гэж хэлээд алга болсон. .... нийт 752 000 төгрөг өгсөн. Би машинаа 2023 оны 03 дугаар сард аваад 9 сар хүртэл явахдаа 73 000 000 төгрөг олсон нь миний дансаар тогтоогдсон. Бид нар тогтсон нэг хүнээс тээврийн хөлс авдаггүй янз бүрийн хүний тээвэрт явдаг. Нэрээр эсвэл машины дугаараар хийдэг. .... гээд тээвэр явуулдаг хүн болохоор уурхайн кодоороо 67 гэж тоо тавиад хийдэг. Тээвэрт явахаар сул зогсдог сар байдаггүй яаж ийж байгаад 7-10 удаа рейст явдаг. Би орлогоосоо хүн амын орлогын албан татвар төлж байгаагүй. Биеийн байдлын хувьд толгойн өвдөлт намдаагүй. Шинэ Зеландаас 2 эм захисан байгаа. Мөнгөн гүүр эмнэлгийн Хашхүү эмч ажил хийж болохгүй гэсэн. Хурсан цус нь шимэгдэхгүй бол унаж, татдаг өвчтэй болж магадгүй гэсэн. Том эмчилгээнд явбал тухайн зардлаа нэхэмжилнэ. Ямар ч байсан бүрэн гүйцэт эдгээгүй байгаа. Би их мартамхай болоод байгаа. Одоо 4 дэх харааны шилээ сольж байгаа. Нэг нүд -2 болоод нөгөөх нь -5 болсон гэв.

3. Гэрч Э..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “....” ХХК-ний хашаанд ачаагаа буулгаад зогсоол дээр нь тээврийн хэрэгслээ зогсооход ...., ...., ...., .... нарын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Бид нар унтахаасаа өмнө 1, 2 шил архи уугаад унтъя гэж яриад ....ийн эзэмшлийн жижиг тэрэгтэй бид 2 Шивээговь сумын дэлгүүр ороод Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи 2 шилийг идэж уух зүйлс хамт цуглуулаад буцаж очоод .... машины кабинд ороод хоол идээд архиа задлаад сууж байтал ...., .... 2 ороод ирсэн. .... бид 2 юм яриад сууж байтал гэнэт .... миний толгой руу цохичихлоо гээд орилохоор нь хартал архины шил хагарчихсан .... толгойгоо бариад сууж байсан. .... бид 2 машинаас буугаад нөгөө талын хаалгыг нээгээд ....ийг машинаас буулгаад юу болоод байгаа юм бэ та хоёр гээд ....ийг жижиг машинд нь суулгасан. Тухайн үед бид нар бүгд согтуу тасарсан байсан. Болсон үйл явдлыг бүдэг санаж байна. Нэг сэрсэн чинь хөдөө газар ...., .... нартай сэрсэн. Тухайн үед ...., .... хоёр ямар шалтгаанаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Өмнө нь тэр 2 маргалдаж байгаагүй. Тухайн үед ....ийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй харин ....ын толгойны арын хэсэг хавдсан байсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 22-23 хуудас/ 

4. Гэрч Б..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.... ХХК-ийн хашаанд ачаагаа буулгачхаад зогсоол дээр нь тээврийн хэрэгслээ зогсооход ...., ...., ...., .... нарын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Бид хэд амрахаар болоод би кабиндаа ороод хоол хийгээд сууж байтал ...., .... хоёр жижиг тэрэгтэйгээ хөдлөөд яваад өгөхөөр нь утсаар залгаад асуутал чи сайхан хоол хийгээд байж бай бид 2 хатуу юм аваад ирье гэсэн. Тэгээд хоолоо хийгээд дуусаж байтал тэр хоёр буцаж ирэхдээ 2 ширхэг 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад ирсэн. Бид 3 хоолоо идээд архиа задлааж ууж байтал гаднаас ...., .... хоёр орж ирээд бид 5 хамт уусан. Шивээговь сум руу ахиад 4 ширхэг шил архи хүнд захиад нэмсэн. Архиа ууж байгаад би тасраад унтаад өгсөн. Өглөө сэрэх үед цагдаа нар ирсэн, машинаар дүүрэн архины шил хагарсан байсан. Юу болсон талаар ....аас асуухад .... намайг архины шилээр толгой руу цохисон гэсэн. Би архины шилийг цэвэрлээд цагдаа нартай хамт явсан. Тухайн үед ...., .... 2 ямар шалтгаанаас болж маргалдсан талаар мэдэхгүй. Архи согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан болохоор тасраад унтсан байсан. Өмнө нь тэр 2 маргалдаж байгаагүй. Тухайн үед ....ийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй, ....ын толгойны арын хэсэгт хавдсан байсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 25-26 хуудас/ 

5. Гэрч Н..... мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.... ХХК-ийн хашаанд ачаагаа буулгаад зогсоол дээр нь тээврийн хэрэгслээ зогсооход ...., ...., ...., .... нарын тээврийн хэрэгсэл зогсож байсан. Бид амрахаар болоод .... бид хоёр хоол хийж идээд сууж байтал нөгөө гурав манай кабинд ороод ир, ганц хоёр юм ууя гэхээр нь бид хоёр очиж хамт уусан. Уух юм дуусаад .... Шивээговь сумаас архи захиж авч ирүүлсэн. .... ах би тасарч байх шиг байна унтлаа гээд арагшаа ороод унтсан. Бид хэд нэлээн согтсон байж байтал гэнэт архины шил хагарах чимээ гарахаар нь хартал машинд дүүрэн шил бутарчихсан ...., .... руу хандаад яагаад намайг архины шилээр цохиж байгаа юм бэ гэж хэлэхээр нь .... ах бид хоёр машинаас буугаад нөгөө талын хаалгыг нээгээд ....ийг машинаас буулгаад юу болоод байгаа юм бэ та 2 чинь гээд .... ах бид ....ийг аваад жижиг машинд суусан. Тэгээд унтаад өгсөн. Бид 3 өглөө хөдөө сэрсэн. Тухайн үед согтуу байсан болохоор юу болсон талаар сайн санахгүй байгаа. Тухайн үед ....ийн биед ямар нэгэн гэмтэл учраагүй ....ын толгойны арын хэсэг хавдсан байсан. Өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байгаагүй“гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 28-29 хуудас/ 

6. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай хүү .... нь .. аймгийн ... суманд тээвэр хийгээд ачаагаа буулгаад хамт тээвэр хийсэн хүмүүстэйгээ сууж архи уусан юм шиг байгаа юм. Тэгээд 1 залуу нь манай хүү .... араас нь архины шилээр толгойд нь цохиод гэмтээсэн гэж надад хэлсэн. Яг юунаас болж манай хүүг зодсон талаар мэдэхгүй байна. Зодсон гэх хүнийг би танихгүй. Манай хүү .... 2023 оны 01 сард Улаанбаатар хотоос Норд Бэнз маркийн автомашиныг чиргүүлтэй нь хамт авч байсан бөгөөд чиргүүл авахад нь мөнгө дутаад 18 000 000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь тэтгэврийн нөхөн олговор болгож авсан мөнгөнөөс 18 000 000 төгрөг чиргүүл авахад нь зориулж өгсөн. Надад тээвэрт яваад буцааж төлнө гэж байсан. Би 2022 оны 11 дүгээр сард “Outlander” маркийн машин 38 000 000 төгрөгөөр аваад тэтгэврийн нөхөн олговороос өгнө гэсэн тооцоотой байсан юм. Тэгсэн манай хүү зодуулсан асуудлаас болоод тээвэрт явж чадахаа байсан надаас авсан мөнгөө буцааж өгч чадахгүй болсон. Би машиныхаа зээлээс зөвхөн хүүгээ төлж байгаа. .... машин авахад нь зориулж машинаа барьцаанд тавьсан асуудал байхгүй. Харин 2023 оны 08 сард авсан машин нь эвдэрсэн гээд надаар тэтгэврийн зээлээр 6 000 000 төгрөг авсан. Тухайн зээлээ би өөрөө төлж байгаа. Манай хүү хүнд зодуулсанаас болоод тээвэрт явж чадахаа байгаад Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд байсан хашаагаа зараад банкны мөнгөний хүүнд өгсөн. Авсан машинаа түрээсийн жолоочоор бариулсан. Гэтэл тэр нь машиныг нь эвдлээд одоо машин нь явахгүй байгаа” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 25 хуудас/ 

7. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “.... нь том машин авч тээвэрт явна гээд надаас 23 000 000 төгрөг зээлсэн. 2023 оны 09 сард хүнд зодуулсан гээд тээвэртээ явж чадахгүй байгаа гэж сонссон. Юу болсон талаар бол сайн мэдэхгүй. Манай хүргэн .... ачааны автомашин 55 000 000 төгрөгөөр авч байгаа мөнгө зээлээч гээд би 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хадгаламжаасаа 22 000 000 төгрөг зээлээд өөрт байсан мөнгөө нэмэрлээд 23 000 000 төгрөгийг 5 хуваагаад ....ын дансанд шилжүүлсэн. .... нь манай төрсөн дүүгийн нөхөр учир гэр бүлд нь тус болохоор мөнгө зээлээд 1 жилийн дотор боломжоороо хувааж төлөөрэй гэсэн. Тэгээд машин авсан тээвэрт явж байгаа гээд бага багаар зээлсэн мөнгөө миний дансанд хийдэг байсан. 2023 оны 11 сараас эхлээд мөнгөө хийхээ болихоор нь юу болсон талаар асуухад хүнд зодуулаад толгойндоо бэртэл авсан машинаа барьж чадахгүй байгаа гэсэн. Сүүлд хашаагаа зарсан гээд миний дансанд 1 500 000 төгрөг хийсэн. Анх надаас мөнгө зээлэхдээ банкны хүү төлнө 30 000 000 төгрөг болохоор байна. Одоо бол надад цувуулаад 10 орчим сая төгрөг өгсөн байгаа үлдэгдэл 20 орчим сая төгрөг байгаа” /2-р х.х-ийн 27 хуудас/ 

8. Гэрч ....мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Манай нөхөр .... нь 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ ирэхдээ хамт тээвэр хийдэг .... гэх хүнд архины шилээр цохиулсан гээд толгойноос нь цус гарсан байдалтай ирсэн. Юу болсон талаар асуутал .... хүмүүстэй архи ууж байсан, би архи уугаагүй хамт сууж байгаад хүнээс авсан дугуй, түлшнийхээ мөнгийг өгөөч гэж .... хэлэхэд намайг архины шилээр цохисон гэсэн. Манай нөхөр .... нь 2023 оны 04 дүгээр сард өөрийнхөө тээвэр хийдэг машинаа 55 сая төгрөгөөр өөрийн дүү Балжиннямаас авсан бөгөөд 23 сая төгрөгийг манай ах Энхбаяраас зээлсэн. Үлдэгдэл мөнгөнд нь өөрийнхөө унаж байсан Портер маркийн машинаа зараад өгсөн. Тухайн машинаар Хөөт уурхайгаас Чойр чиглэлд нүүрс, жонш гэх мэт зүйлүүд тээвэрлэж мөнгө олдог байсан. .... нь зодуулснаасаа болоод толгойдоо өвчтэй болж хүнд хөдөлмөр эрхлэх  тээвэр хийж чадахгүй байгаа. .... сард 1 500 000 төгрөг, хадам аав .... сард 1 500 000 төгрөг төлөх байсныг төлж чадахгүй байгаа. Өрөө дарж чадахгүй болоод Шивээговь суманд байдаг хашаагаа зараад хадам аавд      5 000 000 төгрөг, ахад 1 500 000 төгрөг болох 1 сарын зээлийн төлөлтийг нь төлсөн. Мөн би банкнаас 10 000 000 төгрөгийн цалингийн зээл авч хадам аавын тэтгэврийн зээлийг хаасан” гэсэн мэдүүлэг /2-р х.х-ийн 31 хуудас/ 

9. Шинжээч Б.Долгормаа мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ....ыг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Дагз ясны шугаман хугарал гэмтэл авснаас хойш хүний толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх гэх мэт зовиур өгөх боловч энгийн үйлдэл хөдөлгөөн хийх, өөртөө бүрэн үйлчлэх, бусадтай харилцах, ярих боломжтой. Тархины цусан хураа нэмэгдэж тархи дарах хүртэл энгийн үйлдэл хөдөлгөөн хийж бусадтай харилцах боломжтой. Мөнгөн гүүр эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээгээр ....ын гавал тархины гэмтэл оношлогдсон. Мөнгөн гүүр эмнэлэг нь гэмтлийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг бөгөөд тусгай нарийн мэргэжлийн эмч компьютер томографийн зургийг уншиж дүгнэлт бичдэг тул үндэслэлтэй” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 42-43 хуудас/ 

10. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 249 дугаартай дүгнэлтэнд: “....ын биед дагз ясны зөрүүтэй хугарал, тархины зулай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хараа, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, Б.Долгормаа гэжээ. /1-р х.х-ийн 36-37 хуудас/

ээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай дүгнэлтэнд: “2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 249 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ....ын биед дагз ясны зөрөөтэй хугарал, тархины зулай, дагзны хэсгийн хатуу хальсан дээрх цусан хараа, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу гэмтлийн зэргийг тогтоож дүгнэлт гаргасан байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн дагзны хэсэгт хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. ....ын харааны өөрчлөлт нь гэмтэлтэй шалтгаан хамаарахгүй байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Э.Баасанжав, Н.Энхцолмон, Б.Цолмон гэжээ. /1-р х.х-ийн 195-197 хуудас/

12. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтэнд: “Цэрэндорж овогтой ....ын сэтгэцэд хор уршиг учирсан байна. Дээрх хор уршиг нь Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэл зүйн үйлчилгээнд хамрагдах.

Дүгнэлт гаргасан: Шинжээч Э.Мөнхнаран, Ц.Анхбаяр гэжээ. /1-р х.х-ийн 203-204 хуудас/

13. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 2-3, 4-10 хуудас/

14. ....ын эмнэлгийн үзлэг, оношлогооны баримт, эмчилгээний зардалтай холбоотой хохирлын баримтууд, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р х.х-ийн 74-85, 86-91, 92-102, 103-134, 2-р х.х-ийн 69-73, 84-90 хуудас/

15. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргалаас 3 хуудас баримт, хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжидээс хүсэлт 1 хуудас, барьцаат зээлийн гэрээ 3 хуудас, зээлийн гэрээ 6 хуудас, эмчилгээний баримт 4 хуудас, тархины цахилгаан бичлэгийн баримт 4 хууда

16. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /1-р х.х-ийн 44, 67-73 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч Т.Түмэнжаргал гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүгдэгч .... нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ... аймгийн .. сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ийн гадна зогсоол дээр байсан ....улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн ....тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа маргалдаж, ууж байсан архины шилээрээ ....ын толгойн тус газар нь 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь дагз ясны зөрүүтэй хугарал, тархины зулай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хүзүүнд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтлийг учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээнх авсан тэмдэглэл, ....ын бичгээр гаргасан гомдол, түүний мэдүүлэг, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч ...., ...., .... нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, хохирогч ....ад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаарх баримтууд болон бусад бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэг зэргээр шүүгдэгч .... нь хүний эрүүл хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Нямхүү гэм буруугийн шүүх хуралдаанд: Миний хувьд улсын яллагчаас шүүгдэгчийг зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Архины шилээр 2 удаа цохисны улмаас амь насанд нь аюултай хүнд гэмтэл учирсан гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт зэвсгийн чанартай зүйл гэдэг нь аж ахуйн зориулалт бүхий хайч, сэрээ, сүх, хүрз, сахлын хутга эсвэл хүний биед гэмтэл учруулж болохуйц бороохой, ташуур, төмөр, мод, чулуу, шил, зодооны хэрэгсэл, бүх төрлийн химийн бодис зэргийг заасан. Хуулийн заалтан дээр нь бэлтгэсэн гэсэн үг байгаа боловч Монгол Улсын хууль тайлбарлах эрхийг зөвхөн Улсын дээд шүүхэд олгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар хохирлын хэмжээг маш тодорхой тооцоолох шаардлага үүсэж байна. Гэтэл мөрдөгч бодитой тогтоогоогүй. Сэтгэцийн гэм хорын хувьд 4 дүгээр зэрэгт хамаарах гэмтэл нь хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай байдал бүхий гэмтэл. Сэтгэцийн хор уршгийг 15-30 хувь тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23-45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл гээд Улсын дээд шүүхийн тогтоолд тодорхой тусгаад. Гэтэл шинжээч хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 2 дугаар зэргийн гэмтэл учирсан гээд тогтоосон. Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаад зүйлчлээд байгаа нь ял завших үндэслэлийг бүрдүүлж хэргийг мөрдсөн мөрдөгч, хянасан прокурорын зүгээс бусдад давуу байдал үүсгэсэн тул миний хувьд шүүх хурлыг 30 хоногоор хойшлуулж зүйлчлэлийг хүндрүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид гэм буруугийн шүүх хуралдаанд: Миний хувьд өмгөөлөгч Г.Нямхүүгийн дүгнэлттэй ижил саналтай байна. Учир нь бүхэл бүтэн 2 архины шилээр толгойд нь цохисон үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байхад гараараа цохисон мэтээр хэргийг зүйлчилсэн нь үнэхээр хардлага төрүүлж байна. Зэвсгийн чанартай зүйл гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбарт тодорхой заасан. Өөрийнхөө үйлдэлдээ хүч нэмэгдүүлж шилээр толгой руу нь цохисон нь хүндрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Хохирлын хувьд нотлох баримтын хүрээнд тооцож гаргасан учраас дэмжиж оролцож байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, Г.Энхжаргал нар гэм буруугийн шүүх хуралдаанд: Шүүх хуралдаанд шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргах зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч .... нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “....” ХХК-ийн гадна зогсоол дээр ....улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгсэл дотор ....тай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад архины шилээрээ түүний толгойн тус газар 2 удаа цохиж, биед нь дагз ясны зөрүүтэй хугарал, тархины зулай, дагзны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, хүзүүнд зулгаралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь тогтоогдож байна.

Шүүгдэгч ....ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч ...., гэрч Э....., Б....., Н..... нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 249 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эмнэлгийн үзлэг, оношлогооны баримт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.

 Хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид, Г.Нямхүү нараас гаргасан шүүгдэгч ....ид холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэж хүндрүүлэн зүйлчилж өгнө үү гэх дүгнэлтүүдийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь: Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл гэдгийг тайлбарласан байна. Гэвч энэхүү тайлбар нь 2002 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тайлбар ба 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт: Энэ хуульд заасан "зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. "Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоногэж заажээ. Иймд шүүгдэгч ....ийн архины шилээр хохирогч ....ын толгойн хэсэгт цохиж хүнд хохирол санаатай учруулахдаа архины шилийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч .... нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдэж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж шүүхээс дүгнэж, Прокуророос хэргийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг шүүгдэгчийн үйлдэлд тохирсон, гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба түүний өмгөөлөгч Д.Баттөмөр, Г.Энхжаргал нар нь шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг тус тус дурдлаа.

Гэмт хэрэг гаргах болсон шалтгаан нөхцлийн тухайд шүүгдэгч .... нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй байна.

ХОЁР. Шүүгдэгч .... эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Т.Түмэнжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч ....ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох саналтай байна. Хохирол, хор уршгийн тухайд .... нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоосон 7 986 348 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан буюу 10 000 000 төгрөг төлсөн. Мөн 15 000 000 төгрөгийг ирэх 3 сард төлөхөөр харилцан тохиролцсон тул шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэх, шүүгдэгч ....ийн цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох гэсэн саналыг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Ял шийтгэлийн тухайд хэлэх зүйл байхгүй гэснийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Миний үйлчлүүлэгч ....ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, тохиролцсон 15 000 000 төгрөгийг 2024 оны 07, 08, 09 дүгээр саруудад төлөхөө илэрхийлж хэлцэл байгуулсан зэрэг болон гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, түүний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Төмөрбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч .... нь гэм буруугийн маргаан байхгүй, хүлээн зөвшөөрч байсныг болон шүүхээс тогтоосон хохирол 7 986 348 төгрөгийг хохирогч, шүүгдэгч нар нийт 25 000 000 төгрөг өгөхөөр тохиролцож, үүнээс 10 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсоныг шүүхээс харгалзан үзнэ үү. Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд торгуулийн хэмжээг бага хэмжээгээр тогтоож, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр шийтгэх тогтоолд зааж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

Шүүгдэгч ....ид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч ....ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулсан, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлж хохирогчтой хэлцэл байгуулсан зэргийг мөн улсын яллагчаас, шүүгдэгчийн өмгөөлөгч гараас гаргасан эрүүгийн хариуцлагыг саналыг тус тус харгалзан шүүгдэгч ....ийн 12 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч ....ийн цагдан хоригдсон 7 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 105 000  төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасахаар тогтоолоо.

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ....ын эрүүл мэндэд хүнд хохирол  учиржээ. Шүүгдэгч .... нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Шүүх хуралдаанд: Хохирогч ...., түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид, Г.Нямхүү нараас эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой зардалд 1 948 330 төгрөгийг, өмгөөллийн хөлс 4 900 000 төгрөгийг, олох байсан орлого 64 000 000 төгрөгийг тус тус нэхэмжилжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт хохирогч, түүний өмгөөлөгч нараас гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэж хохирлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 1-р х.х-ийн 89-91 хуудсанд авагдсан нотлох баримтаар 945 522 төгрөгийг, 2-р х.х-ийн 70-73 хуудсанд авагдсан нотлох баримтаар 1 062 708 төгрөгийг, шүүх хуралдаанд гаргасан бариамтаар 478 118 төгрөгийг, нийт 2 486 348 төгрөгийг эмчилгээний зардалд тооцож шүүгдэгч ....оос гаргуулах нь зүйтэй байна.

Мөн хохирогчийн өмгөөлөгч нараас сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн 2 дугаар зэрэглэл гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл буюу амь насанд аюултай гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн эмгэгийг 4 дүгээр зэрэглэлд хамрагдахаар тогтоосныг харгалзан сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь дээр дурдсан Улсын дээд шүүхийн тогтоол нь “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан байна. Тогтоолд заасан тухайлсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг хаамаарахгүй байх тул Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай дүгнэлтээр хохирогч ....ад гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна гэж тогтоосныг харгалзан үзэх нь үндэслэлтэй байна. Харин нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо учирсан гэм хор, гэмтлийн байдал, хохирогчид гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, сөрөг үр дагавар зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үед үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5 500 000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм бруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгчээс 7 986 348 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор тогтоосон хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч ....оос    10 000 000 төгрөгийг хохирогч ....ад төлж барагдуулан үлдэгдэл хохирлыг 15 000 000 төгрөгөөр харилцан тохиролцон тогтоож 2024 оны 07-09 сарын хугацаанд төлөхөөр гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирлүүлжээ.

Иймд шүүхээс шүүгдэгч .... нь гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг хохирогчид төлснийг дурдаж, 15 000 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч ....ад олгохоор шийдвэрлэлээ.

Харин хохирлоос өмгөөллийн хөлс 4 900 000 төгрөг нэхэмжилсэн нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд хамаарахгүй тул хэрэгсэхгүй болгож, хохирогч .... нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдлаа. 

Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч .... нь гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг төлснийг, хохирогч .... нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч .... овогт .... ....ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ....ийг 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....ид оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ....ийн цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож  105 000 /нэг зуун таван мянга/ төгрөгийг оногдуулсан торгох ялаас хассугай.

5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч .... нь гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг төлснийг, хохирогч .... нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч ....оос 15 000 000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр баг, 10 дугаар байрны 5-64 тоотод оршин суух хохирогч ....ад олгож, хохирлоос өмгөөллийн хөлс   4 900 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ....ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА