Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 109

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч М.Мөнхцэцэг

шүүгдэгч Б.Хасбаатар

шүүгдэгч Б.Айбек нарын өмгөөлөгчөөр О.Баярбаясгалан,

өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүгдэгч Б.Хасбаатарыг давхар өмгөөлж оролцон тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д заасан гэмт хэрэгт холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:                  

 

1.Монгол улсын иргэн, 1987 оны 8 дугаар сарын 23-нд Төв аймагт төрсөн, 30 настай, мэргэжилгүй, эрэгтэй, Цахим дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 21 дүгээр хороолол Разна импекс 35а байр 30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан  гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:УХ87082312/ Боржигон овогт Батбаатарын Хасбаатар.

 

2.Монгол улсын иргэн, 1992 оны 6 дугаар сарын 20-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо Хасбаатар гудамж 18/1 байр 18  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй /РД:МТ92062010/ Базаргуль овогт Нурланбекын Айбек нарт холбогдох 1 хавтас 201626021243 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Хасбаатар, Б.Айбек нар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Castle нэртэй баарны гадна нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн А.Тамирааг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Хасбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Холбогдсон хэргийн талаар шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид 1 сая төгрөгийн хохирол төлсөн. Ар гэр үр хүүхдүүдийг минь бодож хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Б.Айбек шүүхийн хэлэлцүүлэгт:  Мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1 сая төгрөгийн хохирол төлсөн. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Б.Хасбаатарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 60/, ял шалгах хуудас /хх-ийн 61/, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 90 /

гэрчээр Б.Мөнхцэцэг:..манай дүү Хасбаатар нь 3 хүүхэдтэй айлыцн дунд хүү. Одоо Улаанбаатар их сургуулийн программ хангамжийн ангид сурч байгаа эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Хасбаатар хичээлийн хажуугаар сургуулиасаа чөлөө авч ажил хийж эхнэр хүүхдээ тэжээдэг. Эхнэр нь хүүхдүүдээ хараад гэртээ байдаг. Зан байдлын хувьд илүү дутуу ааш зангүй, архи дарс уугаад байдаггүй тамхи татдаггүй. /хх-ийн 80/ гэсэн мэдүүлэг,

                                        

Н.Айбекын: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 63/, ял шалгах хуудас /хх-ийн 64/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

гэрчээр Э.Уянга:..манай нөхөр зан байдлын хувьд тайван уур уцааргүй эхнэр хүүхэддээ халамжтай хааяа нэг найз нөхөдтэйгээ уулзахдаа архи уудаг боловч агсам согтуу тавих зэрэг муухай авиргүй. Одоо манай нөхөр найзтайгаа хамтраад хувиараа Налайхад нүүрсний уурхайд ажилладаг гэсэн мэдүүлэг болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Хасбаатар, Б.Айбек нар бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Castle нэртэй баарны гадна нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн А.Тамирааг хүч хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчоор А.Тамираа:..2016 оны 4 дүгээр сарын 7-ны орой би өөрийн 4 найзтайгаа вокзалд байдаг кофе шофт уулзсан юм...Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Кастле нэртэй бааранд орж 1 шил 0,75 гр Эвок нэртэй архи 4 шил 0,33 гр пиво 2 авч уусан...би найз охин Номинтой хамт гадаа гарч тухайн баарны үүдэнд тамхи татаад зогсож байхад 5-6 залуучууд манай найз охиныг явган сууж байхад нь хажуунаас 1 залуу нь татаад нөгөө залуучууд нь шоолж инээгээд байсан. Тэгэхээр нь би манай найз охиныг татаад байсан залуу дээр очоод чи яагаад байгаа юм бэ бид хамт явж байна зүгээр бай гэж хэлсэн чинь тэр залуу үгийн зөрөөгүй миний нүүрэн хэсэгт нэг удаа мөргөж мөн гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний хамраас их хэмжээний цус гарсан мөн дээд уруул их хэмжээгээр хавдаад цус гарч байсан тэгээд би доошоо тонгойгоод найз охин Номинг цагдаа дуудаачээ гэж хэлсэн чинь тэдгээр залуучуудын нэг нь над дээр ирээд чи хөгшөөн цагдаа дуудаад хэрэггүй шүү хоорондоо учраа олцгооё эр хүмүүс байна гэж хэлсэн...цаанаас тэд нартай хамт явсан нэг залуу нь гүйж ирээд миний бэлэг эрхтэн рүү өшиглөчихөөд цаашаа буцаад гүйгээд явсан. Би гомдолтой байна. Эмчилгээний хохирол болон эд материалын хохиролоо нэхэмжилнэ. /хх-ийн 14-15/

Намайг зодсон гэх залуучууд 5-6 залуу байсан зарим нэг нь машиндаа суугаад байсан намайг эхлээд дунд зэргийн мах мярайтай шар залуу миний нүүрэн хэсэгрүү духаараа нэг удаа мөргөөд дараа нь гараараа  нэг удаа нүүрэн хэсэгрүү цохьсон. Намайг эхлээд нэг залуу нь нүүрэн хэсэгрүү духаараа мөргөөд угсруулаад гараараа нэг удаа цохьсон. Дараа нэг залуу нь миний бэлэг эрхтэн рүү өшиглөсөн. Нийт 2 залуу цохиж зодсон. /хх-ийн 33/

Намайг цохиж зодсон Айбек, Хасбаатар нар надтай уулзаж уучлалт гуйж надад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан миний эмчилгээний зардал болон бусад зардлыг өгсөн. Цаашид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 35/

 

гэрч Э.Номин:..2016 оны 4 дүгээр сарын 7-ны орой би...бааранд байхад миний толгой эргээд би найз залуу Тамираатай уулзаад хамтдаа гарсан. Намайг баарны үүдэнд сууж байхад хэдэн залуучууд ирээд намайг өдөж хоргоогоод байсан энэ үед манай найз залуу Тамираа цаанаас ирээд тэдгээр залуучуудтай юм ярьж байсан тэгэхэд нэг залуу нь манай найз залуугийн нүүрэн хэсэг рүү мөргөөд мөн гараараа нэг удаа цохиод хамарнаас нь цус гаргасан. /хх-ийн 18/

 

гэрч Э.Анхбаяр:.. 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө өөрийн гэр рүүгээ явж байхад манай найз Айбек над руу залгаад Баянгол дүүргийн 12-р хороо Кастел нэртэй бааранд байна хүрээд ирээч машин бариад өг гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө унаж явсан автомашиныг гэрийнхээ гадна аваачиж тавьчихаад таксигаар дээрх бааранд нь яваад очсон юмаа. Намайг очиход манай найз Айбек, Хасбаатар, Нандинцог гэх 2 залуутай хамт 1 шил архи задалчихсан ундаа ус, пиво тавьчихсан сууцгааж байсан. Тэгээд би дээрх Хасбаатар, Нандинцог гэх залуучуудтай нь танилцаж хамт юм ярьж сууж, бүжгийн талбай дээр нь бүжиглэж байгаад гарцгаасан. Хэдэн цагийн үед гарсанаа мэдэхгүй байна би автомашин барих учраас согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй. Тэгээд бид 4-үүлээ машиндаа суугаад хөдөлж байхад баарны үүдэнд нэг залуу нэг эмэгтэйг өшиглөж унагаагаад алгадаад зодож байсан энэ үед манай машины урд сууж байсан Нандинцог машины цонх онгойлгоод дээрх залууд нь чи эмэгтэй хүн зодож болохгүй ш дээ гэж хэлсэн энэ үед нөгөө залуу нь чамд ямар хамаатай юм бэ? чи хэн юм бэ? гэж хэлсэн тэгэхэд Айбек, Хасбаатар, Нандинцог 3 уулаа машинаас буугаад дээрх залуутай хэрэлдэж маргалдаад үлдсэн тухайн үед баарны хамгаалагч нар нь автомашинаа холдуул гээд байсан тэгээд би тус баарны хашаанаас гарчихаад эргэж тойроод баарны үүдэнд ирэхэд хашааруу нь автомашин оруулахгүй байсан тэгэхээр нь би найзуудаа авах гэсэн юм гэж хэлж ороод машинтайгаа тус баарыг бүтэн тойроод гарахдаа 3 найзыгаа суулгаж аваад тус баарны үүднээс явсан юм.

Дээрх залуу бид нарыг машиндаа суугаад хөдөлж байхад нэг эмэгтэйг өшиглөж унагаагаад алгадаад хэл амаар доромжлоод байсан. /хх-ийн 36-37/

Тэгээд буцаад баарны үүдэнд очиход Хасбаатар, Айбек бөөн залуучуудтай хамт зодолдсон байдалтай байсан, дуудлагын жолооч ч ирчихсэн байсан. Нандинцог наадуул чинь хүн аллаа гээд буугаад л Хасбаатар, Айбек хоёрыг машинд суулгаад хөдөлсөн. Тэр хоёр машинд орж ирээд Айбек нь мөнгөн гинж алга болчихлоо гэсэн ба хамраас нь цус гарсан байсан, харин Хасбаатар нь куртик урагдсан гээд байсан. Куртик нь урагдсан байхыг бол би өөрөө хараагүй. Биднийг баарны үүдэнд буцаж очиход ер нь олон бужигнасан залуучууд байсан, энд тэнд л бужигнаад байсан. Тэр үед яах аргагүй нэг залуу нэг эмэгтэйг жиигээд байхыг харсан, тэр нь Хасбаатар, Айбек нарын муудалцсан залуучууд мөн эсэхийг би мэдэхгүй, би өөрөө л тэр зүйлийг харчихаад тэрнээс болоо биз гэж таамагласан. /хх-ийн 88/

 

гэрч Э.Отгонбаатар... Би 2016 оны 4 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед найз Тамираа, Шинэбаяр, Буманжаргал нартай төмөр замд уулзаад бид 4-үүлээ Баянгол дүүргийн 12 дугаар хороонд байрлах Кастел нэртэй бааранд орсон юмаа. Дээрх бааранд ороод архи пиво уугаад байж байхад Тамираа манай найз охин Номин энэ бааранд ирчихсэн гэнээ би гарч уулзчихаад ирье гээд гарчихаад орж ирэхгүй удаад байхаар нь би Тамираагийн араас гадагшаа гарсан чинь баарны үүдэнд Тамирааг танихгүй 3 залуу тойроод зогсчихсон зодож байсан. Тэгээд би дундуур нь орж салгасан юмаа. Энэ үед цаанаас Ниссан Патрол маркийн автомашинтай залуучууд ирээд нөгөө 3 залууг машиндаа суулгаад хөдлөөд явсан. Хамт явж байгаа хүмүүс нь юм шиг байна лээ. Тэр 3 залуу дээрх Ниссан Патрол маркын автомашинд суучихаад бид 2-ыг суучих учраа олцгооё гэж байсан. Тэгэхээр нь би тэдгээр залуучуудад хэрэггүй цагдаа ирээд учрыг нь олоод өгөх байлгүй гэж хэлсэн чинь дээрх залуучууд машинтайгаа хөдлөөд явчихсан. Тамираа, Номин нар хоорондоо хэрэлдсэн эсэхийг нь би мэдэхгүй байна. Намайг зодоон салгах гээд очиход Тамираагийн хамарнаас нь цус гарчихсан 3 залуу тойроод зогсож байсан. Миний биеийн өндөр 177 см орчим байгаа дээрх 3 тзалуугийн 2 залуу нь туранхай өндөр намаараа надархуу залуучууд байсан. Нэг залуу дээрх 2 залуугаасаа арай намхан махлаг шар залуу байсан санагдаж байна.Би дээрх тэмдэглэлийн 7 хүний пото зургийг үзлээ. Ямар ч гэсэн 6 дугаартай залуу тэр үед Тамирааг зодож байсан бусдаасаа арай намхан махлаг шар залуу нь мөн байна. 3 дугаартай залууг би ямар гэсэн тэр үед харсан Тамирааг зодсон эсэхийг нь мэдэхгүй байна. /тэр үеийн юмыг одоо сайн санахгүй байна/ бусад залуучуудыг нь мэдэхгүй байна./хх-ийн 99/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн 5028 дугаартай: Тамираагийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт дээд уруулын дотор талын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 1 дүгээр шүдний эмтрэл, зулайн хуйхны зулгаралт, цавины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь 2016 оны 4 дүгээр сарын 7-ноос 8-нд шилжих шөнө үүсгэгдсэн байх боломжтой /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт,   зураг таньж олуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 30-32/, яллагдагч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Б.Хасбаатар, Н.Айбек нарт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчдийн  гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Хасбаатар, Н.Айбек нарыг бүлэглэн үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журам зөрчиж догшин авирлаж танхайрах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар хорих ял оногдуулах хуулийн  үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Хасбаатар, Н.Айбек нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

 

Энэ хэрэгт Прокурор 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 358 дугаартай  тогтоолоороо Г.Нандинцог бусадтай бүлэглэн догшин авирлаж танхайрсан гэх  үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн /хх-ийн 73/.

Мөн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 65 дугаартай тогтоолоор Э.Анхбаярт холбогдох мөрдөн байцаалтанд гэрч зориуд худал мэдүүлэг өгсөн гэх хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн  208.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурьдаж байна.