| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/270 |
| Огноо | 2024-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/270
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0063/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Түвшинжаргал,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт*******д холбогдох эрүүгийн 2418000000035 дугаартай хэргийг 2024 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт******* /РД:******* /, 1978 оны 11 сарын 06-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хамтран амьдрагч болон хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт 03 дугаар баг, Ойчид*******,*******од оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч*******йг 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт баг, Ойчдын*******,*******од гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч*******ыг “бааранд оруулахгүй” гэх шалтгаанаар галын хайчаар зодож эрүүл мэндэд нь зүүн мөр, бугалга, шуу сарвуу, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч*******йн: 2023 оны 12 дугаар сарын 24-нд хөрш айлын эмэгтэй манайд орж ирсэн. Бид нар 1 шил архи уусан. “бааранд орлоо” гэж хэлээд гараад явсан.******* “би бааранд орно” гэсэн. Би явуулахгүй гэснээс болж маргалдсан. Миний уур хүрээд галын хайчаар*******ыг цохисон... гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 2/,
Хохирогч*******ын: ... үл таних залуугийн хамт манайд ирээд ******* бид 4 архи, шар айраг уусан. Тэгээд 23:00 цагийн орчимд нөгөө залуугийнхаа хамтаар “Оргил” бааранд орж суулаа гээд манайхаас гараад явсан. Би энэ үед “тэдний араас бааранд очиж сууна” гэж хэлтэл манай хамтран амьдрагч ******* “бааранд орж яадаг юм бэ?” гээд уурласан. Тэгэхээр нь би үгнээс зөрөхөд ******* зуухны хажууд байсан галын хайчийг аваад миний зүүн гарын булчин руу 2-3 удаа цохисон. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 3-4, 49/,
Насанд хүрээгүй гэрчийн: ... эгч, тэр ах хоёрыг манай гэрээс гарсны дараа аав, ээж хоёр хэрэлдээд байсан. Тэгээд аав ээжийг дагуулж гараад буцаад орж ирэхэд ээжийн хамраас цус гарсан байсан. Аав ээжийг “наад цусаа арилгаач” гээд хараалын үг хэлээд дээрээс нь савтай ус асгасан. Удалгүй зуухны хажууд байсан галын хайчийг аваад зүүн гар луу нь цохисон. Би яг тэр үед ус уух гээд хажууд нь зогсож байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
Гэрчгийн: ...2024 оны 12 сарын 24-нд найзын хамтйнд очсон. Тэднийд сууж байгаад бид хоёр “Оргил” бааранд орохоор явсан. Баарнаас гараад шөнө 03:00 цагийн орчимд*******йн гэрт ганцаараа очиход миний найз*******ын зүүн гарын булчин, бугуй хэсэг нь хөхөрсөн хавдсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад******* “та хоёрын араас Оргил баар луу явах гэлээ гээд галын хайчаар зодсон” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 7/,
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн дугаартай: “*******ын биед зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19/,
“Зүүн гар, дал, мөр нэлэнхийдээ хөхөрсөн, ил шархгүй, зүүн өвдөгний гадна хэсэгт 3х3 сантиметр хөхөрсөн, баруун өвдөгний доор 2х3 сантиметр хөхөрсөн, нуруу хөндүүр эмзэглэлтэй, зүүн гар дал мөр дагаж өвдөнө” гэх хохирогч*******ын Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд үзүүлсэн бичиг /хх-ийн 21/,
Шүүгдэгч*******йг 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 03:10 цагаас 2023 оны 12 сарын 25-ны өдрийн 09:10 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-30/,
“Уг галын хайч нь металл хийцтэй, хар өнгийн их биетэй, 50 сантиметр урттай, бариул болон их биеийн хэсэг дэлгэгддэг, дунд хэсгээр мурийсан байв” гэх шүүгдэгч*******йн цохихдоо ашигласан гэх галын хайчинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-33/,
Хохирогч*******ын гэмтсэн байдлын гэрэл зураг /хх-ийн 34/,
Хохирогч*******оос галын хайч хүлээн авсан тэмдэглэл, уг галын хайчийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 45-47/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болон эд мөрийн баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2023 оны 12 сарын 24-ний шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч*******ын зүүн гар луу галын хайчаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна гэв.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба улсын яллагчаас гаргасан дүгнэлттэй холбогдуулан тусгайлсан санал гаргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2023 оны 12 сарын 24-ний орой 23:00 цагийн орчимд Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт 03 дугаар баг, Ойчид*******,******* гэртээ хамтран амьдрагч*******ыг “Оргил” баар луу явна гэхэд нь дургүйцэж маргалдсан, улмаар галын хайчаар түүний зүүн гарын булчин, мөр, дал хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч *******, хохирогч******* нар нь хамтран амьдрагч буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор, 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор тус тус хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******йн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******ын эрүүл мэндэд зүүн мөр, бугалга, шуу, сарвуу, хүзүүний зүүн хажуу хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан боловч хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан мэдүүлэг, хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 5, хамтран амьдрагч болон хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, өмнө нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох*******ыг зодож эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/******* дугаартай шийтгэх тогтоол, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч *******д 6 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч нь Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн засварын ажил дээр туслах ажилтнаар ажиллаж байгаа. Энэ байдлыг минь харгалзан үзнэ үү гэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг 06 сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь 2024 оны 06 сарын 05-ны өдрөөс 2024 оны 06 сарын 24-ний өдрийг хүртэл 19 хоногийн хугацаанд цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанаас 19 хоногийг хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 05 сар 11 хоногоор тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдвал зохино.
Эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн их биетэй, 50 сантиметр урттай, дунд хэсгээрээ мурийсан 1 ширхэг галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт*******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******йг 06 /зургаа/ сарын хугацаагаар Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******йн цагдан хоригдсон 19 /арван ес/ хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүнд оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 05 /тав/ сар 11 /арван нэг/ хоногоор тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг галын хайчийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шүүгдэгч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР