| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2024/0060/э |
| Дугаар | 2024/ШЦТ/66 |
| Огноо | 2024-06-26 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Т.Түмэнжаргал |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Р.Ариунаа,
улсын яллагч Т.Түмэнжаргал,
хохирогч Л.С-ийн өмгөөлөгч Х.У,
шүүгдэгч Б.Б, Б.Г, тэдгээрийн өмгөөлөгч Б.Б, Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Б, Б овогт Б-н Г нарт холбогдох эрүүгийн 2317000550027 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 07 дугаар сарын 18-нд *** аймгийн Х суманд төрсөн, яс үндэс халх, 38 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүүч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ***хот **** дүүргийн *** дугаар хороо, *** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо ** дүүрэг, ** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н Б /РД:/,
Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 14-нд ** аймгийн Х суманд төрсөн, яс үндэс халх, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт **хот ** дүүрэг, ** дугаар хороо, ***** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо *** дүүрэг, **дүгээр хороо, ** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н Г /РД: /,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Б.Б нь өөрийн төрсөн дүү болох Б.Г-тай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ** аймгийн ** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайд байрлах “С” ХХК-ийн 3312 тонн нүүрсийг БНХАУ руу вагоноор тээвэрлэж гаргахаар “Д” ХХК-тай холбогдон, тээвэрлэлтийн хөлсийг 390,000,000 төгрөгөөр тохиролцож, тээвэрлэлтийн хөлс болох 390 000 000 төгрөгөөс 210 000 000 төгрөгийг төлж, 180 000 000 төгрөгийг төлж барагдуулсны дараа 50 вагоныг Эрээн боомт руу хөдөлгөх талаар “Д” ХХК-иас мэдэгдэхэд дээрх төлбөрийг төлж барагдуулахгүйгээр 50 вагонд ачсан нүүрсийг Эрээн боомт руу тээвэрлэхийн тулд, үлдэгдэл төлбөр болох 180 000 000 төгрөг буюу 350 000 юанийг БНХАУ-ын “Т” компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг “Д” ХХК-д өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж 180 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах,
Яллагдагч Б.Г нь өөрийн төрсөн эгч болох Б.Б-тай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ** аймгийн ** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайд байрлах “С” ХХК-ийн 3312 тонн нүүрсийг БНХАУ руу вагоноор тээвэрлэж гаргахаар “Д” ХХК-тай холбогдон, тээвэрлэлтийн хөлсийг 390,000,000 төгрөгөөр тохиролцож, тээвэрлэлтийн хөлс болох 390 000 000 төгрөгөөс 210 000 000 төгрөгийг төлж, 180 000 000 төгрөгийг төлж барагдуулсны дараа 50 вагоныг Эрээн боомт руу хөдөлгөх талаар “Д” ХХК-иас мэдэгдэхэд дээрх төлбөрийг төлж барагдуулахгүйгээр 50 вагонд ачсан нүүрсийг Эрээн боомт руу тээвэрлэхийн тулд, үлдэгдэл төлбөр болох 180 000 000 төгрөг буюу 350 000 юанийг БНХАУ-ын “Т” компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг “Д” ХХК-д өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж 180 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б, Б.Г нарт эрүүгийн 2317000550027 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Сая прокурорын танилцуулсан яллах дүгнэлттэй холбоотой хэд хэдэн тайлбар байна. 1-рт: Энэ нүүрс тээврийн процедурын талаар би тайлбарлахгүй бол энэ хэрэг шийдэгдэхгүй байх гэж бодож байна. “Д” ХХК-тай анх холбогдож ярьсан гээд байгаа. 390 000 000 төгрөг гэдгийг би “Д” ХХК-ийн өмч байна, “Т” ХХК –ийн өмч гэдгийг би хаана ч нотлоно. 125 000 000 төгрөгийг шилжүүлж өгөөд үлдэгдлийг нь гаалийн бичиг нь гарахаар нь төлнө гэж хэлсэн. Тэрийг би Хятад талтай тохирсон, Монгол талтай ч тохирсон. Энд нэг ийм ялгаа байгаад байгаа юм. Намайг хуурамч баримт үзүүлээд вагоноо хөдөлгөөд Эрээнд очуулчихсан гээд би 125 000 000 төгрөгийг “Д” ХХК-д анх өгөхдөө “Д” ХХК надаас авахдаа гол замын төлбөрөө төлнө гэж хэлээд надаас авсан. 125 000 000 төгрөгийг урьдчилж төлөөд вагон тавигдаад ачилт хийгээд дууссан. Тэгээд ачилт хийгээд дуусчихлаа, намайг үлдэгдэл төлбөрөө өгөөч гээд Х ярьсан. Ярихад нь би гаалийн бичиг нь гарна гэсэн болохоор Хятадаас гаалийн бичиг нь гарахаар л мөнгөө өгнө та гаалийн төлбөрөө төлчих гэсэн. 2 хоног вагон зогссон гэж яриад байгаа юм. Тэр 2 хоног вагон зогссон асуудал нь урьдчилж авсан 125 000 000 төгрөгөөсөө “Д” ХХК УБТЗ-д байршуулдаг гол замынхаа төлбөрийг байршуулаагүй байсан учраас төмөр зам дээр тооцоо нь бодогдохгүй зогссон юм. 125 000 000 төгрөгийг төлчихөөд би өөрөө хувиасаа 85 000 000 төгрөгийг УБТЗ-ын дансанд төлж байж тэр гаалийн бичиг нь гарч энэ вагон хөдөлсөн. Тэр хуурамч бичиг баримт дээр би одоо тайлбар хэлэхэд би өмнө нь өөрийнхөө мэдүүлэг дээр тайлбарлаад байсан. Тэгэхдээ дараа нь бодоод байхад миний хэрэгт хамаатай байсан уу?, үгүй байсан уу?, би мэдэхгүй байна. “Д” ХХК-аас анхнаасаа эхлээд надтай гэрээ байгуулаагүй. Гэхдээ надад гэрээгээ үзүүлэх шаардлагатай, тэгж байж итгэл үнэмшил төрнө, тэгж байж вагон тавигдана. Манай ажил ингэж явагддаг. Гэтэл би өөрөө Монголд байхгүй байсан нь үнэн. Тэгээд Х гэдэг хүн манайхыг төлөөлөөд манай бүрдүүлэлтийг гааль төмөр зам дээр хийгээд тэр хүнд итгээд би шууд 125 000 000 төгрөгийг нь шилжүүлээд энэ ажил эхэлсэн. Тэгээд тэр явж байх замд ерөөсөө компанийнхаа дансаар нэг ч удаа мөнгө аваагүй, Хятадуудаас ч байсан дандаа хувь хүний данс, тэгээд тэр данснууд нь дандаа өөрчлөгддөг. 3 хувь хүний данс руу мөнгө шилжүүл гэсэн. Н, М, Б-гийн М гэдэг хүмүүсийн данс руу мөнгө шилжүүл гээд би дамжуулаад Хятад тал руугаа хэлж байгаад энэ данс руу ингээд төлбөрөө барагдуул гээд. Тэр гэрээ баримт гээд байгаа юм бол Хятад талаас ямар шийдвэр гарсан бэ? гэхээр бид нар “Д” ХХК-нд үлдэгдэл төлбөрийг нь төлөх ёстой бол ном журмынх нь дагуу шилжүүлье. Тэр нүүрс манайх руу орж ирсэн ирээгүй хамаагүй бид нар ямар нэгэн худалдах худалдан авах гэрээгээр энэ мөнгийг компани руу нь шилжүүлье гэдэг асуудлыг яриад би тэрийг нь дамжуулж хэлээд, тэгээд энэ гэрээ баримт гэдэг асуудал үүсэж байгаа. Энэ асуудалд би хувийнхаа зүгээс “Д” ХХК-д энэ мөнгийг нь гаргаад өгчихье гэдэг байдлаар хандсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр би өөрөөсөө 85 000 000 төгрөгийг нь гаргаад гол замынх нь төлбөрийг нь төлөөд гаалийн бүрдүүлэлт бичгийг нь гаргаж өгөөд явуулсан хүн чинь би өөрөө байхгүй юу. Тэрнээс биш хуурамч баримт гаргаж өгөөд, чи энийг өгчих чи 85 000 000 төгрөгөө төлөөд гаалийн бүрдүүлэлтээ хийчих гэдэг юм ерөөсөө яриагүй. Дараагийн асуудал нь болохоор Ф гээд Б-ийн мэдүүлгээр тэр Ф гэдэг хүн яриад байгаа юм. Тэр Ф гэдэг хүн бол “Т” ХХК-ийг төлөөлөөд надтай гэрээ хэлцэл өнөөдөр байгуулаад үйл ажиллагаа хийгээд явж байгаа. Энэ хүн ийм асуудал үүсээд яагаад энэ төлбөрийг төлөөгүй вэ? гэдэг дээр надад ийм тайлбар өгсөн. Вагон төмөр замтай холбоотой асуудалдаар манай Монгол Улсад янз бүрийн хууль хяналт, шүүхийн байгууллагуудаар хэлэлцэгдээд шийдэгдээд явж байгаа асуудал. Гэтэл анх “Д” ХХК маань надад юу гэж Х гоор дамжуулж хэлсэн бэ? гэхээр бид нар хувийн вагонтой. Бид нар түрээсэлж орлого орж ирдэг хувийн чингэлэгтэй вагонтой гэж надад хэлсэн. Би дахиад урагш нь дамжуулаад л хэлсэн. Энэ Оросоос орж ирсэн түрээсийн чингэлэгтэй вагонтой ийм айл байна. Тэгээд яаралтай ачааг чинь ачаад өгч болно гэж байна гээд хэлсэн. Тэгээд яаралтай ачиж байгаа болохоор үнэ нь 390 000 000 төгрөг шүү гэхэд ойлголоо гээд тохиролцсон. Гэтэл яг талбай дээр тавигдсан эхний 20 вагон ачихад намайг урд явж байхад над руу хэн ч яриагүй. 20 вагон ачигдаад бөөн хэл ам асуудал үүсээд талбай дээр ачигдаж байгаа вагоны зураг харсан чинь задгай вагон байсан. Энэ ямар учиртай, хэний вагон бэ? гэсэн “Г” ХХК-руу Ц геологийн нүүрсийг ачих гэж байсан вагоныг “А” ХХК-ийн талбай руу манай нүүрсийг ачих гээд хаяглаад оруулчихсан. Би өмнө нь өөрөө Оросоос түрээсэлсэн 50 вагонтой байсан хүн УБТЗ дээр тушаал яаж гардаг, вагоны тушаал яаж өгдөг, “Б” ХХК-тай ямар гэрээтэй яаж хийгддэг гэдгийг би мэднэ. Тэгээд прокурорын танилцуулсан хэрэгт хэллээ. Танайх над руу гэрээгээ явуулаач би мөнгөнийх нь асуудлыг шийдэж өгье гээд. Би Хятад улс “Б” ХХК вагон байсан нь ямар хамаатай юм бэ? та нар тээвэрлэлтээ хийчихлээ. Энэ вагоныхоо төлбөрийг төл гэсэн чинь үгүй ээ, бид нар энэ хэрэгт холбогдохгүй. Одоо манай дээр Б дээр ч ийм асуудал байна. Сая Б хэрэг гарчихсан байна. Яагаад Хятадууд ингэж байгаа вэ? гэхээр энэ вагоныг нь яг энэ гол замын төлбөрт авна гээд байгаа хувь хүний дансаар авах гээд байгаа мөнгө нь авлигын мөнгө юм уу, эсвэл яг вагон төлөлтийнх нь мөнгө юм уу мэдэхгүй. Тэд нар яг гол замдаа төлөх гээд байгаа мөнгө юм уу, “Б” ХХК-д төлөх гээд байгаа мөнгө нь юм уу, ийм ойлгомжгүй байдал үүссэн учраас энэ мөнгө төлөгдөөгүй гэж би ойлгоод, тэгээд би тэр хятадуудад баримтыг нь үзүүлэхийн тулд би “Д” ХХК-аас гэрээгээ өгөөч гэж би гуйсан гэв.
2. Шүүгдэгч Б.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Сая прокурорын хэлсэн дээр эгчтэйгээ нийлээд “Д” ХХК-аас вагон авъя гэж тохиролцоод, тэгээд зохиомлоор хуурамч баримт бичиг ашиглаж залилсан гээд байна. Ер нь тийм дүгнэлтээр залилах сэдэлтэй байсан гэж байна. Яг үндсэндээ вагон авах талаар яригдахад би Д гэж компани руу огт холбоо бариагүй. Ер нь вагон ачилтын талаар бол би холбогдоод шийдвэрлээд яваад байдаггүй. 2-т нь болохлоор “Т” ХХК-иас мөнгө нь орж ирэхээр би тэрийг нь шилжүүлнэ гэдэг үүднээс би албан бичиг гаргаж өгсөн. Ер нь үндсэндээ бол надад яг энэ 180 сая төгрөгийг хулхидъя, залилъя гэх санаа ч байгаагүй, шаардлага ч байхгүй. Ер нь надад тийм хүмүүжил, ёс суртахуун огт байхгүй. Тэгэхээр намайг ингэж яллагдагчаар татаж байгааг би үнэхээр гайхаж байна. Ойлгохгүй байна гэв.
3. Гэрч В шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Ф бол миний олон жилийн найз байгаа юм. Коронагийн үед нүүрсний наймаа хийе гэж санаачлага гаргаад Б-тай холбож гэрээ хийсэн. Дунд нь коронагийн үе таараад ажиллаж чадаагүй. Тэгээд хөл хорио тавигдаад хил нээгдээд тэгээд энэ хүн орж ирээд бид нар гэрээ шинээр байгуулж ажилд орсон. Тухайн үед Ц гээд өөрийнхөө компанид захирлаар ажилладаг байсан. “Т” ХХК над руу шилжүүлээд би дамжуулж шилжүүлсэн. Нийтдээ 950 000 юань миний дансаар орж ирсэн. Монгол мөнгөөр тухайн үедээ 500 гаруй сая төгрөг байсан байх. Би Б руу 400 гаруй сая төгрөг шилжүүлсэн байх гэв.
4. Хохирогч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр манай компанийн Говьсүмбэр аймаг дахь төлөөлөгч менежер Э.М-тай “С” ХХК-ийн төлөөлөгч Х гэх хүн холбогдоод 50 вагон нүүрс тээвэрлүүлэхээр тохиролцсон. Тухайн үед ямар нэгэн гэрээ хийгээгүй бөгөөд Х гэх хүн манай компанийн менежер М-тай амаар тохиролцсон юм байна лээ. Тэгээд тохиролцсоны дагуу манай компаниас 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг замын баруун талд үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн талбайгаас 50 вагонд “С” ХХК-ийн нүүрсийг ачиж эхэлсэн. Тухайн үед тээврийн хөлсийг 390,000,000 төгрөгөөр тохиролцож, манай компани “С” ХХК-иас 125,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож М-ы Хаан банкны дансаар авсан байсан мөн “С” ХХК-иас Улаанбаатар төмөр зам ХХН-д тээврийн төлбөр болох 85,000,000 төгрөгийг төлж үндсэндээ манай компанид 180,000,000 төгрөгийг төлөх дутуу үлдсэн.
Гэтэл “С” ХХК-г төлөөлж байсан Б гэх эмэгтэй БНХАУ-ын нүүрс худалдан авагч “Т компани тээврийн үлдэгдэл 180,000,000 төгрөгийг төлөхөөр болсон, ингэхийн тулд танай компани “Т-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах шаардлагатай байна, тэгвэл үлдэгдэл 180,000,000 төгрөгийг Хятад “Т компаниас төлнө гэж хэлсэн. Үүний дагуу манай компаниас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Т-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээ дээр манай захирал Г.Б нь гарын үсэг зурж, тамга даран Б-гийн мэйл рүү гэрээ шилжүүлсэн, хариуд нь Б “Т талаас тамга даруулсан гэрээг буцааж явуулсан бөгөөд мөн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай байгууллагын данс руу “Т-иас 350,000 юань шилжүүлсэн баримтыг Б явуулсан.
Манай компаниас тус 350,000 юаний баримтыг хүлээн авч 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “С” ХХК-ийн нүүрсийг ачсан 50 вагоноо Говьсүмбэр аймгийн Чойр өртөөнөөс хөдөлгөж урагшаа хилээр 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр “Т-д хаяглан гаргаж өгсөн. Гэтэл тус шилжүүлсэн гэх 350,000 юань манай компанийн дансанд орж ирэлгүй 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүрсэн. Тэгээд Б руу залгахаар утсаа авахгүй болсон бөгөөд мөн тухайн үед “С” ХХК-ийн захирал Г гэх хүн вагоний тээврийн үлдэгдэл төлбөр болох 350,000 юанийг БНХАУ-аас шилжүүлсэн, дээрх төлбөр шилжиж ороогүй тохиолдолд “С” ХХК төлбөрийг бүрэн хариуцна гэсэн албан бичиг гаргаж өгч байсан юм. Тэгээд мөн Г руу залгахаар утас нь холбогдохгүй байсан. Тэгээд М тай холбогдоод энэ талаар хэлэхэд М Х гэх хүнийг анх М тай холбогдуулсан Чойр Өртөөний дэд дарга У гэх хүнтэй уулзаад холбож өгсөн хүмүүс чинь мөнгөө шилжүүлэхгүй алга болчихсон талаар хэлэхэд У миний утсыг ч авахгүй бас алга болчихлоо, мөн гаалийн баримт бичгээ авахгүй үлдээсэн талаар хэлсэн байсан.
Тэгээд “Т гэх хятад компанитай холбогдохоор манай байгууллагатай байгуулсан нүүрс худалдах, худалдан авах гэрээ дээр байх утас руу залгахад тухайн гэрээн дээр байсан утасны дугаар нь буруу дугаар байсан ба гаалийн мэдүүлэг дээр “Т-ийн дугаар луу залгаж тус компанитай холбогдсон. Тэгээд “Т гэх хятад компаниас хэлэхдээ манайх 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “С” ХХК-тай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу “С” ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нүүрс хүлээн авсан гэвч тус нүүрс нь манай гэрээнд заасан илчлэгийг хангаагүй илч муутай нүүрс байсан талаар хэлсэн. Мөн манай компаниас 350,000 юанийг танай байгууллага руу шилжүүлээгүй, дээрх шилжүүлсэн баримтын утга, QPR код нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр манай байгууллагаас 5219158770 дугаарын данс руу шилжүүлсэн баримтыг ашигласан байгаа талаар хэлсэн. ...Манай компаний зүгээс тээврийн үлдэгдэл 180,000,000 төгрөгийг Б гаас нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 58-59 дүгээр хуудас/,
5. Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би Говьсүмбэр аймгийн Төмөр замын өртөөний дэд дарга Г-ыг 10 жилд нэг сургуульд сурдаг болохоороо таньдаг юм. 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр би Чойр өртөөн дээр явж байгаад Г-той тааралдаад ойр зуурын юм ярьж байхдаа вагоноор тээвэр хийлгэх хүн байна уу гэж асуусан. Гэтэл Г өчигдөр нэг хүн тээвэр хийх вагонтой хүн байна уу гэж сурж байсан талаар надад хэлсэн. Тэгэхээр би Г-т тэр хүн чинь одоо тээвэр хийх юм болов уу асуугаад өгөөч гэсэн. Г намайг Х гэх хүнтэй уулзуулсан. Тухайн үед Х нүүрс урагшаа тээвэрлүүлье гэхээр нь эхлээд тээврийнхээ хөлсийг аваад дараа нь тээврээ хийнэ гэтэл Х надад гар утсаараа Хаанбанкны апплекшин руу орж дансныхаа үлдэгдлийг харуулсан бөгөөд дансанд нь 132 000 000 төгрөг байсан. Тэгээд Х надад хэлэхдээ тээврийн төлбөрт нийт 390,000,000 төгрөгийг танай компанид өгье эхлээд урьдчилгаа 125,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 265,000,000 төгрөгийг гаалийн бичиг гарангуут шилжүүлье гэсэн. Тэгээд Х бид хоёр тохиролцоод урьдчилгаа болох 125,000,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний хаан банкны 5990236317 дугаарын данс руу, 5003441717, 5219158770 дугаар дансуудаас 2 хувааж шилжүүлсэн байсан. Тэгэхээр нь Х-гийн урагшаа тээвэрлүүлэх 3,312,300 нүүрсийг Сүмбэр сумын 1 дүгээр баг, замын баруун талд үйл ажиллагаа явуулдаг “А” ХХК-ийн талбайгаас 50 вагонд 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд ачиж дууссан. Х “С” ХХК-г төлөөлж байсан бөгөөд Улаанбаатар төмөр зам ХХН-н тээврийн төлбөр болох 85 000 000 төгрөгийг шаардахад “С” ХХК тус мөнгийг төлсөн. Уг нь Улаанбаатар төмөр зам ХХН-д тээврийн төлбөр болох 85 000 000 төгрөгийг манай байгууллагаас төлөхөөр тохирч тээвэрлэлтийн зардлаа тус 85 000 000 төгрөгийг оруулаад нийт 390,000,000 төгрөгийг “С” ХХК-с манайд төлөх байсан. Гэвч “С” ХХК тус 85 000 000 төгрөгийг өөрсдөө төлчихсөн болохоор манай компанид 180 000 000 төгрөгийг төлөх дутуу үлдсэн. Гэтэл “С” ХХК-н захирал Б Х-гоор дамжуулан надтай холбоо барьж танай компаниар тээвэрлүүлж байгаа нүүрсийг худалдан авч байгаа БНХАУ-ын “Т” /Т/ компани тээврийн үлдэгдэл 180 000 000 төгрөгийг төлөхөөр болсон, ингэхийн тулд танай компани “Т” /Т/ компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах шаардлагатай байна. Тэгвэл үлдэгдэл 180 000 000 төгрөгийг Хятад “Т” /Т/ компаниас шилжүүлнэ гэж хэлсэн. Үүний дагуу би компанийхаа хуулиын зөвлөх С-өд энэ талаар хэлж манай компаниас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр “Т” /Т/ компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм байна лээ. Тухайн гэрээг яаж байгуулсан нарийн процессийг С мэдэж байгаа. Мөн Х нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай байгууллагын данс руу “Т” /Т/ компаниас 350 000 юань шилжүүлсэн баримтыг явуулсан. Гэвч тус мөнгө нь тухайн өдрөө орж ирэхгүй байсан бөгөөд Б руу ярихад надад хандан улс хоорондын гүйлгээ 2-3 хоног хонодог юм гэж надад хэлсэн. Тэгээд мөнгө нь манай байгууллагын данс руу орж ирэх байлгүй дээ гэж бодоод 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хүлээсэн боловч мөнгө орж ирэхгүй байсан. Тэгээд Х, Б нар руу залгахаар утсаа авахаа больсон... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-67 дугаар хуудас/,
6. Гэрч О.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Би 2023 оны 04 дүгээр сарын эхээр Улаанбаатар төмөр зам Чойр өртөөний дарга Г болон М гэх хүнтэй таарсан. Тухайн үед “С” ХХК-ийн захирал Б гэх эмэгтэй надад урагшаа нүүрс ачих вагон олоод өгөөч гэж хэлж байсан. Би “Д ХХК”-д нүүрс вагонд ачилтын бүрдүүлэлтийн хийж өгдөг юм. Б надад хэлэхдээ би урд БНХАУ-д байна та нүүрс вагонд ачих бүрдүүлэлт хийгээд өгөөч гэхээр нь хийж өгсөн. Тус өдөр М хэлэхдээ 50 вагон байна нүүрс ачуулах уу гээд бид танилцсан. Танилцсан өдрөө машин дотор М 50 вагон нүүрсийг 390,000,000 төгрөгөөр ачуулах талаар “С” ХХК-ийн захирал Б-тай утсаар яриад тохиролцож байсан. Эхлээд урьдчилгаа мөнгө болох 125,000,000 төгрөгийг Б өөрийн данс /хэний дансаар шилжүүлснийг мэдэхгүй/ Мы данс руу шилжүүлсэн. Түүний дараа Сүмбэр сумын 1 дүгээр баг Аяганы хонхорт байх А ХХК-н талбай дээр байх нүүрсийг 50 вагонд 2-3 хоногийн дотор ачиж дуусгасан. Нийт 3312 тонн нүүрс ачуулсан байх. Мөн Улаанбаатар төмөр зам ХНН-д 85 000 000 төгрөгийг С ХХК-н захирал Б шилжүүлсэн. Уг нь 390 000 000 төгрөг дотор Улаанбаатар төмөр зам ХНН-н мөнгө багтах ёстой байхад С ХХК-н захирал Б мөнгийг нь өгсөн. Үлдэгдэл 180,000,000 төгрөгийг өгсөн үгүйг би мэдэхгүй байна. Мөнгө гүйцэт өгөөгүй гээд М хоёр хоног вагоныг явуулаагүй юм. Тэгээд “С” ХХК нь үлдэгдэл мөнгө болох 180,000,000 төгрөгийг өгнө гэсэн албан бичиг хийж өгөөд тухайн нүүрстэй вагон урд хил рүү явсан... гэх мэдүүлэг /1 дугаар хх-ийн 81 дүгээр хуудас/,
7. Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:
Найз М нь Олон-Овоо болон Чойр өртөө дээр вагон түрээслэж нүүрс тээвэрлэдэг юм. 2023 оны 4 сарын эхэн үед найз М-тай Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын өртөөн дээр таараад ойр зуурын юм ярьж суусан. М надад хэлэхдээ өөрийнхөө нүүрсийг гаргах гэсэн лабораторын дүгнэлт гардаггүй. Манай вагонд нүүрс тээвэрлэх хүн байна уу гэж асуусан. Би тэгэхээр нь асууж тодруулж байгаад буцаад хэлье гэж хэлээд салсан. Тэгээд Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гоё амтат зоогийн газар хоол идэж байхад зүс мэдэх Х-той таараад ойр зуурын юм ярьж байхад Х нүүрс ачуулах гэсэн юм, вагонтой хүн таньж мэдэх үү гэж асуусан. Тэгээд Мд нүүрс ачуулах хүн байна гэж хэлээд Х, М хоёрыг Сүмбэр сумын 1 дүгээр баг, Чойр өртөөний гадаа машинд танилцуулсан. Тэгээд тэр хоёр нүүрс тээврийнхээ үнэ ханшийг тохирсон байх... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 83-84 дүгээр хуудас/,
8. “С” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/37 дугаартай албан бичиг /1 дүгээр хх-ийн 13 дугаар хуудас/,
9. М” ХХК, “Д” ХХК нарын хооронд байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн В-23/25 дугаартай Ачааны хагас вагон ашиглах тухай гэрээ /1 дүгээр хх-ийн 30-32 дугаар хуудас/,
10. “С” ХХК, “Т нарын хооронд байгуулсан 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах тухай 23/05 дугаартай гэрээ /1 дүгээр хх-ийн 33-39 дүгээр хуудас/,
11. “Д” ХХК, “Т нарын хооронд байгуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ /1 дүгээр хх-ийн 40-44 дүгээр хуудас/,
12. Хаан банкны 5062231576 тоот “Д” ХХК-ийн данс руу 350,000 юань шилжүүлсэн гэх 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 0058-5062-8901-1100 тоот баримтын хуулбар /1-р хх-ийн 45 дугаар хуудас/,
13. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Төлөөлөн төлбөр хүлээн авах гэрээ /1 дүгээр хх-ийн 95-96 дугаар хуудас/,
14. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хамтран ажиллах тухай хэлэлцээр /1 дүгээр хх-ийн 101 дугаар хуудас/,
15. 23/05 тоот гэрээний дагуу “Т компаниас шилжүүлсэн мөнгийг “Ц” ХХК-иар дамжуулж “С” ХХК-ийн захирал Б.Б-д шилжүүлсэн гүйлгээний жагсаалт /1 дүгээр хх-ийн 107 дугаар хуудас/,
16. Арилжааны банкнуудаас авсан дансны хуулгууд /1 дүгээр хх-ийн 137-198 дугаар хуудас/,
17. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хх-ийн 21, 160 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд шүүгдэгч Б.Б, Б.Г нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.
НЭГ. Гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Б нь өөрийн төрсөн дүү болох Б.Г-тай бүлэглэн, шүүгдэгч Б.Г нь өөрийн төрсөн эгч Б.Б-тай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайд байрлах “С” ХХК-ийн 3312 тонн нүүрсийг БНХАУ руу вагоноор тээвэрлэж гаргахаар “Д” ХХК-тай холбогдон, тээвэрлэлтийн хөлсийг 390,000,000 төгрөгөөр тохиролцож, тээвэрлэлтийн хөлс болох 390 000 000 төгрөгөөс 210 000 000 төгрөгийг төлж, 180,000,000 төгрөгийг төлж барагдуулсны дараа 50 вагоныг Эрээн боомт руу хөдөлгөх талаар “Д” ХХК-иас мэдэгдэхэд дээрх төлбөрийг төлж барагдуулахгүйгээр 50 вагонд ачсан нүүрсийг Эрээн боомт руу тээвэрлэхийн тулд, үлдэгдэл төлбөр болох 180 000 000 төгрөг буюу 350 000 юанийг БНХАУ-ын “Т” компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг “Д” ХХК-д өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж 180 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
хохирогч Л.С-ийн өмгөөлөгч Х.У гэм буруугийн шүүх хуралдаанд “С ХХК болон Д ХХК нь 50 вагон нүүрсийг БНХАУ-ын Эрээн боомт руу тээвэрлүүлэхээр харилцан тохиролцсон. Тээвэрлэлийн хөлсөнд С ХХК нь 390 000 000 төгрөгийг Д ХХК-д төлөхөөр болж уг төлбөрөөс 210 000 000 төгрөгийг төлж, 180 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Энэ төлбөрийн асуудал дээр шүүгдэгч нар маргахгүй байна. Харин шүүгдэгч Б.Б-гийн зүгээс 180 000 000 төгрөгийг БНХАУ-ын “Т” компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг манай Д ХХК-д үзүүлэн Чойр өртөөн дээр байсан 50 вагоныг Эрээн боомт руу татуулсан. Ийнхүү вагон татуулсны дараа уг 180 000 000 төгрөг Д ХХК-ийн дансанд орж ирээгүй, манай компанийг бизнесийн эрсдэлд оруулсан. Шүүгдэгч Б.Г-гийн хувьд уг мөнгийг орж ирэхгүй байсныг урьдчилан мэдэж байсан. Мэдсэн хэрнээ С ХХК буюу Б.Г-гийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/37 дугаартай албан бичгийг Д ХХК-нд өгсөн. Түүнчлэн шүүгдэгч Б.Б нь тээвэрлэлтийн хөлсийг урьдчилаад авсан нь тогтоогдсон. Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь бүлэглэн залилах гэмт хэргийг үйлдэж Д ХХК-ийг бизнесийн эрсдэлд оруулсан тул тэднийг гэм буруутайд тооцож, хохиролыг гаргуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б, Б.Г нарын өмгөөлөгч Б.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад үзэхээр хуурамч баримт бичиг ашигласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.П-н тогтоолоор олон улсын мөнгө шилжүүлгийн баримтыг хуурамч эсэхийг тогтоолгоор шинжээч томилсон боловч Шүүх шинжилгээний ерөнхий газраас тухайн баримтыг эх хувиараа ирээгүй тул дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. Улсын яллагчийн зүгээс тухайн баримтыг хуурамч эсэхийг тогтоогоогүй байж хуурамч баримт бичиг ашигласан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв хуурамч баримт бичиг ашигласан гэж үзэж байгаа бол энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тусдаа гэмт хэрэг. Шүүгдэгч Б.Г-гийн хувьд тухайн гаргаж өгсөн албан бичиг нь Иргэний хуулинд заасан баталгаа гаргаж өгсөн гэж үзэж байна. Мөн прокурорын яллах дүгнэлтэд төөрөгдөлд оруулсан гэж дүгнэсэн. Төөрөгдөлд оруулсан зүйл тогтоогдоогүй. БНХАУ-ын “Т” компани болон Д ХХК-ийн хооронд байгуулсан “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” хэрэгт авагдсан байгаа. Тэр баримтыг “Т” компаниас Б.Б-д өгсөн. Олон улсын мөнгө гуйвуулгын баримтыг өгсөн талаар БНХАУ-ийн хуулийн фирмээс Ф-ийн гарын үсэгтэй гэрчлэл ирсэн. Түүнчлэн Д ХХК нь тухайн вагоныг өөрсдийн хувийн өмч гэж худлаа хэлсэн. Тэр вагон нь Б ХХК-ийн вагон байсан. Иймд шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг цагаатгаж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б, Б.Г нарын өмгөөлөгч Г.Э гэм буруугийн шүүх хуралдаанд “өмгөөлөгч Б.Б гаргасан дүгнэлттэй санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Г нарын өмгөөлөгч Б.Б, Г.Э нараас гаргасан “шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг цагаатгаж, тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ. Учир нь:
Шүүгдэгч Б.Б нь өөрийн төрсөн дүү болох Б.Г-тай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайд байрлах “С” ХХК-ийн 3312 тонн нүүрсийг БНХАУ руу вагоноор тээвэрлэж гаргахаар “Д” ХХК-тай холбогдон, тээвэрлэлтийн хөлсийг 390,000,000 төгрөгөөр тохиролцож, тээвэрлэлтийн хөлс болох 390 000 000 төгрөгөөс 210 000 000 төгрөгийг төлж, 180 000 000 төгрөгийг төлж барагдуулсны дараа 50 вагоныг Эрээн боомт руу хөдөлгөх талаар “Д” ХХК-иас мэдэгдэхэд дээрх төлбөрийг төлж барагдуулахгүйгээр 50 вагонд ачсан нүүрсийг Эрээн боомт руу тээвэрлүүлэхийн тулд, үлдэгдэл төлбөр болох 180 000 000 төгрөг буюу 350 000 юанийг БНХАУ-ын “Т” Co.,Ltd компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг “Д” ХХК-д өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж 180 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан,
шүүгдэгч Б.Г нь өөрийн төрсөн эгч болох Б.Б-тай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “А” ХХК-ийн нүүрс ачиж буулгах талбайд байрлах “С” ХХК-ийн 3312 тонн нүүрсийг БНХАУ руу вагоноор тээвэрлэж гаргахаар “Д” ХХК-тай холбогдон, тээвэрлэлтийн хөлсийг 390,000,000 төгрөгөөр тохиролцож, тээвэрлэлтийн хөлс болох 390 000 000 төгрөгөөс 210 000 000 төгрөгийг төлж, 180 000 000 төгрөгийг төлж барагдуулсны дараа 50 вагоныг Эрээн боомт руу хөдөлгөх талаар “Д” ХХК-иас мэдэгдэхэд дээрх төлбөрийг төлж барагдуулахгүйгээр 50 вагонд ачсан нүүрсийг Эрээн боомт руу тээвэрлүүлэхийн тулд, үлдэгдэл төлбөр болох 180 000 000 төгрөг буюу 350 000 юанийг БНХАУ-ын “Т” компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх хуурамч баримтыг “Д” ХХК-д өгч зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулж 180 000 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан үйл баримт тус тус тогтоогдож байна.
Хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргээр илэрнэ. Тодруулбал шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь Д ХХК-д 180 000 000 төгрөгийг төлөхгүйн тулд Д ХХК-ийг БНХАУ-ын “Т” компанитай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулуулан, олон улсын мөнгө гуйвуулгын баримтыг хуурамч баримтыг ашиглан 180 000 000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Л.С-ийн “...тэгвэл үлдэгдэл 180 000 000 төгрөгийг Хятад Т компаниас төлнө гэж хэлсэн. Үүний дагуу манай компаниас 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Т-тэй нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, тус гэрээн дээр манай захирал Г.Б гарын үсэг зурж тамга даран Б-гийн майл рүү гэрээгээ шилжүүлсэн, хариуд нь Б Т компани талаас тамга даруулсан гэрээг буцааж явуулсан бөгөөд мөн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр манай байгууллагын данс руу Т компаниас 350 000 юань шилжүүлсэн баримтыг Б явуулсан...” гэх мэдүүлэг,
гэрч Э.М-ы “...Гэтэл С ХХК-ийн захирал Б гэх эмэгтэй Х-гоор дамжуулан надтай холбоо барьж тус компаниар тээвэрлүүлж байгаа нүүрсийг худалдан авч байгаа БНХАУ-ын Т компани тээврийн үлдэгдэл 180 000 төгрөгийг төлөхөөр болсон, ингэхийн тулд танай компани Т компанитай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах шаардлагатай байна, тэгвэл үлдэгдэл 180 000 000 төгрөгийг Хятад Т компаниас төлнө гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
гэрч О.Х-гийн “...Мөн Улаанбаатар төмөр зам ХНН-д 85 000 000 төгрөгийг С ХХК-ийн захирал Б мөнгийг нь өгсөн. Үлдэгдэл 180 000 000 төгрөгийг өгсөн үгүйг нь мэдэхгүй байна. Мөнгө гүйцэт өгөөгүй гээд М 2 хоног вагоныг явуулаагүй юм. Тэгээд С ХХК-ийн үлдэгдэл мөнгө болох 180 000 000 төгрөгийг өгнө гэсэн албан бичиг хийж өгөөд тухайн нүүрстэй вагон урд хил рүү явсан...” гэх мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь БНХАУ-ын Т компаниас нүүрс тээврийн төлбөрийг урьдчилж авсан, уг урьдчилж авсан мөнгөөрөө орон сууц худалдан авч зориулалтын бусаар зарцуулсан, Д ХХК-д төлөх 180 000 000 төгрөгийг төлөх санаа зорилгогүй байсан болох нь гэрч В-гийн “...Мөн надаас дээрх тээврийн зардал болох 434,000,000 төгрөгийг Б.Б л авч байсан...” гэх мэдүүлэг,
гэрч Г.Г-н “...Тэгээд удалгүй Б над руу залгаад “Би Хятад улсад байна. Нөгөө байраа худалдан авахаар болсон. Хилээр нэвтрээд сүлжээ орохоор мөнгө шилжүүлье. Өөр хүн очиж гэрээ хийнэ шүү” гэж хэлсэн. Тэгээд тухайн байрны мөнгө болох 127 138 000 төгрөгийг миний 5041567827 дансны дугаар рүү өөрийнхөө 5003441717 дугаарын данснаас шилжүүлсэн. Тэр сонгосон байр нь Л.Г эгчийн байр байсан болохоор би мөнгийг нь Л.Г эгчийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,
гэрч Л.Г-ийн “...Б 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байр худалдан авахаар Г.Г гэх хүнээр дамжуулан 127 138 000 төгрөгийг миний худалдаа хөгжлийн банкны 420000898 дугаарын данс руу шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг, Арилжааны банкнуудаас авсан дансны хуулгууд зэрэг нотлох баримтууд, хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Өмгөөлөгч Б.Б нь “...Шүүгдэгч Б.Г-гийн хувьд тухайн гаргаж өгсөн албан бичиг нь Иргэний хуулинд заасан баталгаа гаргаж өгсөн гэж үзэж байна...” гэж байгаа боловч шүүгдэгч Б.Г-гийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/27 дугаартай Д ХХК-д гаргасан “Вагон тээврийн үлдэгдэл төлбөр болох 350 000 юанийг БНХАУлсаас шилжүүлсэн. Дээрх төлбөр шилжиж ороогүй тохиолдолд С ХХК /5606225/ нь төлбөрийг бүрэн барагдуулна” гэх агуулга бүхий албан бичгийг гаргаж өгсөн үйлдэл нь баримт бичиг ашиглаж бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт хамтран оролцсон байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг хуульчилсан. Харин залилах гэмт хэргийн хувьд хуурамч баримт бичиг үйлдэх ашиглах нь уг гэмт хэрэгт ашиглагддаг нэг арга юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б-гаас тухайн нүүрсийг Эрээн боомт руу тээвэрлүүлэхийн тулд, үлдэгдэл төлбөр болох 180 000 000 төгрөг буюу 350000 юанийг БНХАУ-ын “Т” компанийн олон улсын мөнгөн гуйвуулгаар шилжүүлсэн гэх “Д” ХХК-д гаргаж өгсөн баримтыг харьцуулан шинжлэн судлахад уг баримт дээрх код нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн гүйлгээ хийсэн баримтын кодтой тохирч байх тул хуурамч баримт бичиг ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн өмгөөлөгч Б.Б-ээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр БНХАУ-ын Т компанийн захирал Ф-гийн гэрчлэл гэх баримтыг гаргаж өгснийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, эд хөрөнгө хураан авах болон энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах шаардлагатай бол уг асуудлыг эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай болон олон улсын бусад гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ.” гэж заасан. Уг харилцаатай холбогдуулан 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын олон улсын гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байна. Харин өмгөөлөгч Б.Б-ээс гаргаж өгсөн баримтууд нь уг Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж авсан нотлох баримт биш байна гэж шүүхээс дүгнэлээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Б, Б.Г нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г “бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар,
шүүгдэгч Б.Г-г “бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас Д ХХК-нд 180 000 000 /нэг зуун наян сая/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүх хуралдааны явцад шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь 140 000 000 /нэг зуун дөчин сая/ төгрөгийг Д ХХК-нд нөхөн төлж, үлдэгдэл 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нараас 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж “Д” ХХК-д олгох нь зүйтэй байна.
ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага тооцох үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Б-г уг зүйлд зааснаар 13000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 13 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Г-г 12000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг,
хохирогч Л.С-ийн өмгөөлөгч Х.У эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь шүүхээс тогтоосон хохирол болох 180 000 000 төгрөгөөс 140 000 000 төгрөгийг Д ХХК-нд нөхөн төлсөн. Харин үлдэлдэл 40 000 000 төгрөгийг тохиролцсон хугацаандаа нөхөн төлөх боломжтой юм байна гэж ойлголоо. Одоо хохирогч талаас ямар нэгэн гомдол санал байхгүй тул шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг заавал нийгмээс тусгаарлахгүйгээр өөр төрлийн ял оногдуулах боломжтой гэж харж байна. Иймд улсын яллагчаас санал болгосон торгох ялын хувьд татгалзаад байх зүйл байхгүй” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б, Б.Г нарын өмгөөлөгч Г.Э эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Б, Б.Г нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нар нь учруулсан хохиролын дийлэнх хувийг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзаад шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар торгох ялын доод хэмжээгээр буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б, Б.Г нарын өмгөөлөгч Б.Б эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “өмгөөлөгч Г.Э-ын гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нэг байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүхээс шүүгдэгч Б.Б, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Б, Б.Г нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Харин шүүгдэгч Б.Б, Б.Г нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Д” ХХК-нд 180 000 000 /нэг зуун наян сая/ төгрөгийн хохирол учирснаас шүүх хуралдааны явцад 140 000 000 /нэг зуун дөчин сая/ төгрөгийг нөхөн төлсөн байдлыг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд,
шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нарын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Б, Б.Г нарт холбогдох хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б овогт Б-ийн Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 12 000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12 000 000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нарын цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.
6. Шүүгдэгч Б.Б, Б.Г нар нь хохирогч Д ХХК-д 140 000 000 /нэг зуун дөчин сая/ төгрөг нөхөн төлсөн, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Г нараас 40 000 000 /дөчин сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч тус бүрээс 20 000 000 /хорин сая/ төгрөгийг гаргуулж “Д” ХХК-д олгосугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Б.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ