Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 150/2021/00079/И |
Дугаар | 79 |
Огноо | 2021-07-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Скайтел плазад байрлах “С-а К-и” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай 17-9 тоотод оршин суух хаягтай, Боржигон овогт Д-н Ю-н РД:ЧЕ00000000/-д холбогдох,
246,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Н.Наранцай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С-а К-и” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорж овогтой Ю-н нь 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 88021 тоот Скаймедиа гурвалзсан үйлчилгээг гэрээнд заасан нөхцөлөөр авч, үйлчилгээний төлбөрийг гэрээний төлөх харилцааг зохицуулах зорилгоор байгуулсан. Гэтэл Д.Ю-н нь гэрээний дагуу авсан үйлчилгээний төлбөрийг төлж барагдуулаагүй тул үйлчилгээг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.8.1, 5 дугаар зүйлийн 5.5.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.7-д заасны дагуу 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр тасалбар болгон С-а К-и ХХК-иас зогсоосон. Гэсэн хэдий ч 2019 оны 03 дугаар сар болон 04 дүгээр сарын үйлчилгээний төлбөр болох 86,700 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл болох 156,000 төгрөг нийт 242,700 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд Д.Ю-с үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үлдэгдэл төлбөрт нийт 242,700 төгрөг, нотариатын зардалд 4,000 төгрөг, нийт 246,700 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
Нэхэмжлэгч “С-а К-и” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ нь шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “С-а К-и” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Юмсүрэнд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанд хариуцагч Ю-н нь ирэхгүй байгаа тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ю-н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Д-ж овогтой Ю-н миний бие нь “С-а К-и” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
1. Тухайн үед энэ кабелийг тавиулахдаа төхөөрөмжийн үнэ гэж тусад нь төлөх ёстойг ойлгоогүй. Кабель тавиулаад сар бүрийн хэрэглээг төлөөд явах юм байна гэж ойлгосон.
2. 2018 оны 1 дүгээр сарыг дуустал бид энэ байранд байгаагүй. Хааяа агаарт гарах маягаар л энд ирдэг. Тэгээд хэрэглээ хийгээгүй болохоор мөнгө төлөгдөхгүй гэж бодож байсан.
3. Ямар ч кабелийн газар 2 сар дараалан кабелийн төлбөр төлөөгүй байхад хэрэглээг хангадаггүй шүү дээ. Яагаад дараалсан хоёр сарын төлбөр бид төлөх ёстой вэ гайхаж байна. Боломжгүй зүйлээр мөнгө нэхэмжилж байна.
4. 2021 оны 04 сарын 07-нд Хөтөлд ирээд 2020 оны үеэр кабель сунгуулах гээд очиж уулзахад /хүнээр асуулгасанд/ одоо төхөөрөмж хуучирч хоцрогдсон гэх юм ярьсан байсан. Тэгээд бид хэрэглээгүй кабелийн төлбөр төлөх боломжгүй. Одоо хуучирсан хоцрогдсон гэх төхөөрөмжийн мөнгийг төлөх боломжгүй. “С-а К-и” ХХК гэх энэ байгууллага гэрээ хийсэн надтай уулзаж учир зүйгээ тайлбарлаагүй байж шүүхэд хандсанд гайхаж байна. Дарамталж байгаа явдал гэж бодож байна.
5. Эзэнгүй байдаг байранд хэрэглээний болоод төхөөрөмжийн үнэ мөнгө төлөх асуудлаар ярилцаж шийдвэрлэх ёстой байх гэж бодож байна.
6. Хэрэглээ хийгээгүй байхад мөнгө нэхэж байгаа асуудлаар энэ байгууллагын мэддэг ажилтантай уулзаж ярилцахгүй бол энд байгаа эмэгтэй би шинэ хүн юм мэдэхгүй гэж хэлсэн байдаг...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч “С-а К-и” ХХК нь хариуцагч Д.Ю-с үйлчилгээний төлбөр 86,700 төгрөг, төхөөрөмжийн үнэ 156,000 төгрөг, нотариатын зардал 4,000 төгрөг нийт 246,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч Д.Ю-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно. /хх-31 тал/,
Хариуцагч Д.Ю-н нь төхөөрөмжийн үнийг тусад нь төлөхийг ойлгоогүй, тухайн байранд оршин суугаагүй, хэрэглээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.
“С-а К-и” ХХК болон Д.Ю-н нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 88021 тоот “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулагдсан.
Дээрх гэрээгээр үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн шилэн кабелийн хамрах хүрээнд хэрэглэгчид АйПи телевиз, суурин интернэт, АйПи утас бүхий гурвалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөхөөр, мөн HD бокс, WiFi цацагч төхөөрөмжийг 195,000 төгрөгөөр худалдах, худалдан авах, үнийг 36 сарын хугацаанд 1 сарын 5,000 төгрөгөөр төлж дуусгахаар харилцан тохиролцсон байна. /хх-4-5 тал/,
Хэрэглэгч буюу Д.Ю-н нь 2019 оны 03-04 дүгээр сарын үйлчилгээний төлбөр 86,700 төгрөг, төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 156,000 төгрөгийг төлөөгүй болох нь төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна. /хх-38-39 тал/,
Талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-д хэрэглэгч гэрээг цуцлах өдрийг хүртэл хугацаанд ашигласан үйлчилгээний төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж заасан.
Иймд Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Ю-с үйлчилгээний төлбөр болон төхөөрөмжийн үнэ нийт 242,700 төгрөгийг гаргуулан “С-а К-и” ХХК олгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан нотариатын зардал 4,000 төгрөгийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 4,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Д.Ю-н “С-а К-и” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний өргөдлийн маягт хэсэгт төхөөрөмжийн үнэ 195,000 төгрөгийг 36 сарын хугацаанд 5,000 төгрөгөөр төлөхөөр тусгасан байх бөгөөд хэрэглэгчийн гарын үсэг хэсэгт хариуцагч Д.Ю-н гарын үсэг зурсан байна.
Мөн хэрэглэгч Д.Ю-н нь үйлчилгээг түр зогсоолгох хүсэлтийг гаргаж байсан нь тогтоогдохгүй байх тул түүний тухайн байранд оршин суугаагүй, төлбөр төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Боржигон овогт Д-н Ю-с 242,700 төгрөгийг гаргуулан “С-а К-и” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ю-с улсын тэмдэгтийн хураамжид 7,931 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С-а К-и” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА