Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 86

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай 18-р байр, 8 тоотод оршин суух, Хоньчин овогт Д-н Л-р /АЗ-00000000/-ын нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Гавшгай 18-р байр, 41 тоотод оршин суух, Боржигон овогт Ц-н Б-р /НО00000000/-д холбогдох

 Автомашины гражийг хариуцагч Ц.Б-н хууль бус эзэмшлээс   чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Л-р, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа, хариуцагч Ц.Б-р, хариуцагчийн өмгөөлөгч Б.Үржинханд, нарийн бичгийн дарга О.Номин нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Л-р нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Д.Л-р миний бие 2010 оны 03 сарын 25-ны өдөр иргэний газар эзэмших эрхийн 000001116 дугаартай гэрчилгээг авто машины граж барих зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар авсан юм. Манай нөхөр маань Ц.Б-рт гражаа түр хэрэглүүлэхээр өгсөн ба нөхөр маань 2017 онд гэнэт нас барсан ба одоо болохоор Ц.Б-р нь танай нөхөр надад 1,500,000 төгрөгөөр зарсан гээд одоог хүртэл чөлөөлж өгөхгүй байна. Эхнэр нь хүртэл намайг хэл амаар доромжлоод би цагдаад хүртэл хандсан. Иймд Ц.Б-раас миний машины гражийг албадан чөлөөлж өгнө үү. Ц.Б-р тэр мөнгийг оруулж өгөхөд би байгаагүй. Би наймаа хийсэн үгүйг ч мэдэхгүй байна. Би 206, 207 тоот хоёр гражийн өмчлөгч нь бөгөөд хариуцагч 207 тоот гражийг эзэмшиж байгаа тул уг гражийг чөлөөлүүлж өгнө үү...” гэв.

Хариуцагч Ц.Б-р нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Би уг гражийн дутуу баригдсан торхыг 2011 онд М.Бат-Очироос 1,000,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед талийгаач М.Бат-Очир нь Сайхан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт ЗДТГ-ын арын үерийн далангийн ард граж барихаар 3 талын ханыг нь блокоор өрөөд орхисон байсан. Үүнийгээ дээвэр хаалгыг нь хийж гүйцээж зарахаар харилцан тохиролцож Хөтөлийн Цемент шохой ХК-д ажиллаж байсан Д.Даваахүү захирлаас 2008-2009 оны үед 1,000,000 төгрөг авчхаад гүйцээж өгөөгүй байсан юм байна лээ. М.Бат-Очир нь надад энэ талаараа хэлж Даваахүү захирал ЦТП-ын хажууд Валяхүүгийн Сансар-Эрдэнээс дулаан граж худалдаж авсан, би наад дутуу баригдсан гражийг чинь авахаа больсон, чи жил гаруй гүйцээж барьж өгнө гэж худлаа хэлж явлаа. Мөнгөө өг гэж нэхээд байна та аваад гүйцээгээд бариад авчхаач гэхээр нь би түүнээс уг дутуу баригдсан гражийг нь 1,000,000 төгрөгөөр худалдан авч мөнгийг нь эхнэрийнхээ хамт гэрт оруулж өгсөн. Би 2011 оны 11 дүгээр сард банкнаас 2,000,000 төгрөгийн зээл авсан байсан бөгөөд намайг гэрт нь орох үед Бат-Очирын эхнэр Лхагвабаяр нь гэртээ хамт байсан. Ж.Түмэн-Ододоос 150 ширхэг блок, дээврийн материалын төмрийг автын засварчин Алтансүхээс, банзыг биеийн тамирын арга зүйч Д.Ганбаатараас худалдан авч, хаалганы төмрийг Дархан-Уул аймгаас худалдан авч уг гражийг гүйцээн барьж ашиглаж байна. Уг гражийг би өөрөө дундуур нь тусгаарлан хана өрж гүйцээн барьсныг материал худалдсан дээрх иргэд, хамт барилцсан Т.Анхбаяр болон тэнд байрлалтай гражийн эзэд цөм мэдэж байгаа. 2013 онд Хөтөлд төр, захиргааны байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр болоход би граждаа гэрчилгээ авахаар өөрийн нэр дээр материалаа бүрдүүлж өгч бүртгүүлсэн боловч гэрчилгээ гаргаж өгөөгүй тул үүнээс хойш удаа дараа ЗДТГ-ын газрын албанд хандаж байсан болно. Гэтэл Бат-Очирын эхнэр өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авчхаад 2019 онд надаас 500,000 төгрөг нэхээд улмаар газрын гэрчилгээний маргаан үүсгэж Цагдаагийн байгууллагад хандаж байсан боловч Цагдаагийн байгууллага уг асуудлыг авч хэлэлцээгүй юм. Би тухайн үед нь сумын Засаг дарга О.Буянаа, газрын даамал Гантөгс нарт хандаж гомдол гаргаж байсан. Миний хувьд М.Б-р болон эхнэрт нь ямар ч өргүй. Харин Лхагвабаяр нь газрын гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөх үүрэгтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2012 онд хоосон байсан эд хөрөнгөд бүх юмаа зарцуулаад засан сайжруулалт хийж байхад яагаад Д.Л-р татгалзаагүй юм вэ? Намайг граж барьж хаалга, дээвэр, хана өрж байсныг бүгд мэдэж байсан. Би эд хөрөнгөөрөө хохироод үлдмээргүй байна. Энэ хүн бүх зүйлийг мэдэж байгаа. Миний алдаа бол дансаар мөнгөө шилжүүлээгүй бэлнээр гэрт нь оруулж өгсөн, худалдах, худалдан авах гэрээгээ бичгийн хэлбэрээр  хийж аваагүй нь миний алдаа байсан. М.Б-т 1,000,000 төгрөг өгсөн нь он сартайгаа байгаа. Хэн нь луйвар хийгээд байгаа вэ гэдгийг ялгаж салгаж өгөхийг хүсэж байна...” гэв.

 

         Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлав.          

ҮНДЭСЛЭХ нь :

 

Нэхэмжлэгч Д.Л-р нь автомашины гражийг хариуцагч Ц.Б-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ц.Б-р нь тус гражийг зөвхөн 2 талын хана босгосон байхад нь нэхэмжлэгч Д.Л-рын нөхөр М.Бат-Очироос 1,000,000 төгрөгөөр 2011 онд худалдан авч, хаалга, дээвэр гэх мэт зүйлийг хийж, нийт 1,815,000 төгрөгийн хөрөнгө зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүх нэхэмжлэгч Д.Л-р нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар шаардах эрхтэй гэж үзлээ.

 Маргааны зүйл болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Төв гудамж, Засаг даргын тамгын газрын ард байрлалтай 206, 207 тоот, 45м2 талбайтай авто машины гражийн өмчлөгчөөр Д.Л-рыг бүртгэж, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000808970 дугаартай гэрчилгээ олгосон байна. /хх-102/

 Мөн нэхэмжлэгч Д.Л-р нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Төв гудамж, Засаг даргын тамгын газрын ард байрлалтай 206, 207 тоот, 45м2 газрыг автомашины гражийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшиж байгаа болох нь газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 000001116 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна. /хх-24/ 

Хариуцагч нэхэмжлэгчийн өмчлөлийн граж өмчлөлийн маргаантай байгаа гэж тайлбарлаж байх боловч тэр талаар нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр Д.Ганбаатар, Д.Алтансүх, Д.Даваахүү, Э.Түмэн-Одод, Л.Анхбаяр,Ц.Гантөгс нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд хариуцагч Ц.Б-р нь маргааны зүйл болсон гражийг хэрхэн өөрийн эзэмшилд шилжүүлсэн талаар мэдүүлээгүй, эрүүгийн журмаар цуглуулсан /114-115/ гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүй гэж үзэх боломжгүй юм.

 Иймд хариуцагч Ц.Б-р өөрийн эзэмшиж буй гражийн хууль ёсны эзэмшигч гэдгээ нотолж чадаагүй тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг гражийг чөлөөлж шийдвэрлэв.

 Хариуцагч Ц.Б-р нь нэхэмжлэгч Д.Л-рт холбогдуулан уг гражид зарцуулсан зардлыг гаргуулахаар нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.  

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-раас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Л-рт олгож шийдвэрлэлээ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь: 

 1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Л-рын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2-р баг, Төв гудамж, Засаг даргын тамгын газрын ард байрлалтай 207 тоот автомашины гражийг Ц.Б-н хууль бус эзэмшлээс чөлөөлсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-раас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Л-рт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.АЛГИРМАА