| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00226/И |
| Дугаар | 152/ШШ2021/00332 |
| Огноо | 2021-08-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 152/ШШ2021/00332
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т овогт Б-н М-ийн,
Хариуцагч: НААҮ Ч-У ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ч-У ХХК-д 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар дотоод аудит, IT хариуцсан үндсэн ажилтнаар томилогдож, жирэмсэн болон амаржсаны амралттай Я.Цын ажлыг түр хавсран гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалт, Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 311 дүгээр тогтоолыг үндэслэж байгууллагын аудитын нэгжийг байгуулсан мөн дотоод хяналт шалгалтын журмыг батлуулсан. Орон сууцны байцаагч нарыг нэгдсэн борлуулалтын программд бүрэн шилжүүлсэн бөгөөд өөрөө борлуулалтаа хариуцан айл өрхүүдээ программдаа бүрэн шивж, төлбөр болон Засгийн газрын хөнгөлөлтийн мессэжийг сар бүр тогтмол айл өрхүүд рүү явуулдаг байсан бөгөөд сар бүр Хот суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд тайлангаа тогтмол явуулдаг байсан. Ажиллаж байх хугацаандаа ажлаа цаг тухай бүрт нь хийж гүйцэтгэсээр ирсэн. Би үндсэн ажлаа хийхийн зэрэгцээ туслах нягтлан бодогчийн ажил хавсран гүйцэтгэсний 7-10 сар хүртэлх хугацааны 4 сарын 40% буюу 960.000 төгрөгийг байгууллагаас надад гаргаж өгөөгүй тул нэхэмжилж байна. Улмаар 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар тогтоолд миний ажлын байрны нэрийг өөрчилж ажлын байрны бусад үүрэгг хамаарах үйл ажиллагаа хэвээр байсаар байтал миний ажлыг Б.Г-т хүлээлгэн өгч, намайг 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/40 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Миний ажлын байрны орон тоо хасагдаагүй бөгөөд одоо ч нэр нь өөрчлөгдсөн боловч үүрэг, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. Миний ажлыг хүлээн авсан ажилтны ажлын байрны зорилго үйл ажиллагаа миний эрхэлж байсан ажлын үндсэн болон бусад үүрэгг хамаарагдаж байсан юм. Тиймээс намайг ажлын байранд үлдээж өгнө үү гэх өргөдөл, хүсэлтийг захирал Б.Ц-д гаргасан боловч хүлээж аваагүй. Орон тоо хасагдсан гэх ажлын нэр өөрчлөгдсөн боловч үндсэн үүрэг болон бусад үйл ажиллагаа нь хэвээр үргэлжилж шинэ ажилтан надтай ажил хүлээлцэж байгаа нь ажлын байр хасагдаагүйг нотолж байгаа юм. Мөн би 16 долоо хоног буюу 4 сартай жирэмсэн бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн нь сэтгэл санаа болон эрүүл мэндийн хувьд хүнд дарамтад оруулж байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.1 дэх заалтыг зөрчсөн ба манай байгууллага татан буугдаагүй, үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа болно. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэж намайг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргасан боловч шинэ орон тоо үүсгэж өөр хүнийг миний ажилд томилж, надаас ажил хүлээлцсэн нь орон тоо хасагдсан үндэслэлгүй байна гэдгийг нотолж байгаа тул намайг ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М манай байгууллагад 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар 6 сарын туршилтын хугацаагаар, сарын 550.000 төгрөгийн цалинтай, дотоод аудит, IT хариуцсан ажилтнаар томилогдон ажиллаж байгаад мөн оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар түүнийг үндсэн ажилтнаар ажиллуулж, жирэмсний болон амаржсаны амралттай байгаа Я.Цын ажлыг түр хавсран гүйцэтгүүлэхээр сарын 600.000 төгрөгийн цалинтай байхаар томилсон. Ч-У ХХК-ийн ТУЗ-ын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн "Бүтэц орон тоог шинэчлэн батлах" тухай 08 дугаар тогтоолоор манай байгууллагын бүтэц орон тоог өөрчлөн 59 орон тоотойгоор баталсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан. Шинэчлэн батлагдсан бүтэц орон тооны өөрчлөлтөөр эдийн засагч, дотоод аудит хариуцсан ажилтан 1, мэдээллийн технологи, автомажуулалтын инженер 1 гэсэн ажлын байр бий болж уг ажлын байранд мэргэжлийн болон ажлын туршлагатай хүнийг томилох шаардлага гарсан. Б.М нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд дотоод аудит, IT хариуцсан ажилтанаар ажиллаж байсан. Б.Мийн ажлын байрны тодорхойлолтод "...салбар хэсгүүдэд санхүүгийн аудитыг төлөвлөх, аудитын хөтөлбөр боловсруулах, дотоод хяналтын журам зохицуулалтыг дагаж мөрдүүлэх, компанийн хөрөнгийн хамгаалах, компанийн үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг гүйцэтгэж мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөрчил дутагдлыг залруулах, IT, цахим худалдан авах ажиллагаа хариуцан ажиллана" гэж заасан боловч дээрх шаардлагыг хангаж ажиллаагүй. Мөн байгууллагын дотоод аудит нь байгууллагынхаа үйл ажиллагааг сайжруулах, байгууллагын зорилго, зорилтыг биелүүлэх, зөв, үр дүнтэй ажиллаж байгаа эсэхийг хараат бусаар хянаж, зөвлөх, туслах үүрэгтэй оролцдог. Б.М ажиллах хугацаандаа дотоод аудитын чиглэлээр "Дотоод хяналт шалгалтын журам"-ыг ажлын хэсэгтэй хамтран боловсруулан батлуулснаас өөр ажлын байрны тодорхойлолт заасан ажил үүргийг гүйцэтгэж байгаагүй. Б.Мийг дотоод аудит, IT хариуцсан ажилтнаар томилсон боловч мэргэжлийн бус, мэргэжлийн ур чадвар, ажлын туршлагагүйн улмаас цалин олгохын тулд ажлын байрны тодорхойлолт заагаагүй дуудлага хүлээн авах жижүүр, туслах нягтлан бодогч, борлуулалтын программд байцаагч нарын гаргасан мэдээг нэгтгэх, төлбөрийн мессеж илгээх ажлуудыг гүйцэтгүүлж байсан. IT хариуцсан ажилтнаар ажиллаж байсан Б.М нягтлан бодогч мэргэжилтэй учраас уг мэргэжлийн ажлыг хийж гүйцэтгэхэд мэргэжил, мэргэжлийн ур чадварын хувьд тус ажлын байрны шаардлагад тохирохгүй байсан тул IT хариуцсан ажилтны хувьд компьютерийн хэрэглээний программ дээр ажиллаж, борлуулалтын мэдээллийг шивж, сар бүр холбогдох тайланг Хот суурин, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлд илгээж, хэрэглэгчдэд Засгийн газраас төлсөн төлбөрийн мэдээллийг мессежээр илгээх ажлуудыг хийж байсан. Нэхэмжлэгч нь түүний ажлыг Б.Г-т хүлээлгэн өгсөн гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Хөнгөн үйлдвэрийн инженер, нягтлан бодогч мэргэжилтэй Б.Г-ийг бүтцийн шинэчлэлтээр борлуулалт хяналтын инженерийн ажилтнаар томилж, Б.М-ийн хариуцан ажиллаж байсан борлуулалтын программд мэдээлэл оруулах, тайлагнах, мессеж илгээх ажлыг ажпын байрны тодорхойлолт заасны дагуу хариуцан ажиллах болсон. Бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан түүнд мэдэгдэх хуудсыг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр танилцуулан гардуулсан бөгөөд 3 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэлтэй холбогдуулж надад хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Б.М-тэй уулзаад бүтэц орон тооны шинэ өөрчлөлтөөр дотоод аудитыг эдийн засагчтай нэгтгэж, IT хариуцсан ажилтныг мэдээллийн технологи, автомажуулалтын мэргэжлийн инженер ажиллахаар болсон тул манай байгууллагад дотоод аудит IT хариуцсан ажилтаны ажлын байрны орон тоо хасагдсан гэдгийг танилцуулсан. Б.М-ийн ажлын байрны орон тоо хасагдсан учраас Хөдөлмөрийн хуулийн 40.1.1 дэх хэсэг, Байгууллагын дотоод журмын 3.9 дэх заалтыг үндэслэн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, мөн 2023 онд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орж, шинээр ажлын байр бий болоход ажлын байраар хангана гэж хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5 дах хэсэгт зааснаар Б.М-ийн хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийн хугацаа дуусаж, 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр "Ажлаас чөлөөлөх" тухай Б/40 дүгээр тушаалаар түүнийг чөлөөлсөн. Манай байгууллагаас 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ажлаас халагдсны тэтгэмжид Б.М-т 1.950.000 төгрөг олгосон. Б.М-ийг 2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар туршилтын хугацаагаар ажиллуулж байгаад мөн оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс үндсэн ажилтнаар томилж, туслах нягтлан бодогчийн ажлыг түр хугацаагаар хавсран гүйцэтгүүлсэн байна. Б.М-т туршилтын хугацаанд 1 сарын цалин 550.000 төгрөгөөр олгож байсан бөгөөд 7 дугаар сарын 10-ны өдрөөс үндсэн ажилтнаар ажиллуулахаар болж, туслах нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгүүлж, 1 сарын цалинг 600.000 төгрөгөөр тогтоожээ. 2020 оны 7 дугаар сарын 10-наас эхлэн туслах нягтлан бодогчийн ажлыг хавсран гүйцэтгүүлсний ажлын хөлсөнд сарын цалинг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлж 600.000 төгрөгийн цалин олгож байсан. Иймд ажлыг хавсран гүйцэтгүүлэхэд цалинг 50.000 төгрөгөөр нэмэгдүүлэн олгосон учраас нэхэмжлэлд дурдсан 960.000 төгрөгийг нэмж олгох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч НААҮ Ч-У ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 960.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна.
Хариуцагч Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
НААҮ Ч-У ХХК-ийн захирлын 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр Б.Мийг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг үндэслэн Б.Мийг 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон дотоод аудит, IT хариуцсан ажилтны ажлаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан байх ба мөн зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэдэгт тухайн хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлговол зохино.
НААҮ Ч-У ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар Бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тогтоолоор тус компанийн бүтэц, орон тоог 60 орон тоотой байсныг 59 орон тоотой байхаар баталсан байна.
Дээрх тогтоолын хавсралтаас үзэхэд эдийн засагч, дотоод аудит гэсний дотоод аудит гэх албан тушаал хэвээр хадгалагдаж байх тул нэхэмжлэгч Б.М-ийн ажиллаж байсан дотоод аудит, IT хариуцсан ажилтны ажлын байр байхгүй болсон гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.М ажлаас халагдах үед жирэмсний 4 сартай байсан болох нь түүний тайлбар болон жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөч картаар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэж заасан байх ба хариуцагч нь Б.М-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргахдаа хуулийн энэ заалтыг зөрчсөн байна.
Иймд нэхэмжлэгч Б.М-ийг 2021 онд бүтэц, орон тоо шинэчлэн батлах тухай тогтоолоор баталсан эдийн засагч, дотоод аудит гэх ажлын байранд ажиллуулахаар тогтоох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 960.000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан.
НААҮ Ч-У ХХК-ийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/33 дугаар Б.М-ийг үндсэн ажилтнаар ажиллуулж, ажил хавсран гүйцэтгүүлэх тухай тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх заалтыг тус тус үндэслэн дотоод аудит, IT хариуцсан ажилтнаар ажиллаж байгаа Б.Мийг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс үндсэн ажилтнаар ажиллуулж, жирэмсний болон амаржсаны амралт авсан Я.Ц-ын ажлыг түр хавсран гүйцэтгүүлж, Б.М-т сар бүр тогтмол 600.000 төгрөгөөр бодож цалинжуулахыг ерөнхий ня-бо-д зөвшөөрсөн байна.
Б.М дээрх тушаалыг мөн өдрөө мэдсэн гэж тайлбарласан, нэхэмжлэгч тухайн тушаалыг зөвшөөрөөгүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар гомдлыг 2020 оны 10 дугаар сарын 10-ны дотор шүүхэд гаргах эрхтэй.
Гэвч ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 960.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын хамт 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг 6 сар 17 хоногоор хэтрүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т овогт Б-ын М-ийг НААҮ Ч-У ХХК-ийн эдийн засагч, дотоод аудитын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 960.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.М-ийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 960.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул уг шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 27.590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч НААҮ Ч-У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Т овогт Б-ын М-ийг НААҮ Ч-У ХХК-ийн эдийн засагч, дотоод аудитын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.590 /хорин долоон мянга таван зуун ер/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч НААҮ Ч-У ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ