| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00139/И |
| Дугаар | 152/ШШ2021/00333 |
| Огноо | 2021-08-17 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 152/ШШ2021/00333
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ГТ ХЗХ-ны,
Хариуцагч: Б овогт М-ын Б,
Хариуцагч: Б овогт М-ын О нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 12.094.000 төгрөг, нотариатын төлбөр 10.500 төгрөг, нийт 22.104.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П, хариуцагч М.О /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ГТ ХЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.Б, М.О нар "ГТ" ХЗХ-той 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/6314 тоот зээлийн гэрээ, БГ/6314 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 3.000.000 төгрөгийн зээлийг сарын 5,0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд: Хувийн сууц: Увс аймаг, Улаангом сум, 9-р баг, 4-10 тоотод байрлах 180 м.кв талбайтай хувийн сууц, Ү-1520002680, Гд-000347810, газар өмчлөх эрх: Увс аймаг, Улаангом сум, 9-р баг, 4-10 тоотод байрлах 1981.6 м.кв талбайтай газар өмчлөх эрх, Г-1520003419, ГД-000317910 зэрэг болно. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр зээлийн зээлдэгчийн хоршооны дансанд олгож, түүний хүсэлтийн дагуу 30.000 төгрөгийн зээлийн шимтгэлийг олгосон зээлээс суутгаж үлдэгдэл 2.970.000 төгрөгийг харилцагчид олгосон. Зээлийн гэрээний дагуу 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр зээлийн зээлдэгчийн хоршооны дансанд олгож, түүний хүсэлтийн дагуу 70.000 төгрөгийн зээлийн шимтгэлийг олгосон зээлээс суутгаж үлдэгдэл 6.930.000 төгрөгийг харилцагчид олгосон. Зээлдэгч нь ЗГ/6314 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар огт төлбөр төлөөгүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч "ГТ" ХЗХ-нд ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгч зээлийн гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 0 /тэг төгрөг/ төгрөг, зээлийн хүүнд 1.168.000 төгрөг төлсөн бөгөөд 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 10.000.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 12.094.000 төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1. 453-р зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/6314 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 12.094.000 төгрөг, нотариатын төлбөр 10.500 төгрөг, нийт 22.104.500 төгрөг болно. Иймд хариуцагч М.Бтэй байгуулсан ЗГ/6314 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 22.104.500 төгрөгийг хариуцагч М.Б, М.О нараас гаргуулж хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч М.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие дээрх зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч М.Б зээлийг захиран зарцуулсан тул хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийг хэрхэн төлөх талаар сайн мэдэхгүй байна. Надад энэ зээлээс хэрэглэсэн зүйл байхгүй. Иймд уг зээлийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ГТ ХЗХ нь хариуцагч М.Б, М.О нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 12.094.000 төгрөг, нотариатын төлбөр 10.500 төгрөг, нийт 22.104.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч М.Б-д нэхэмжлэлийн хувийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-д Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу хариу тайлбараа ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох нь зүйтэй.
Харин хариуцагч М.О-д нэхэмжлэлийн хувийг 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гардуулж, эрх үүргийг тайлбарлан өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд тайлбараа ирүүлээгүй хэдий ч шүүх хуралдаанд оролцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбар гаргасан байна.
Хариуцагч М.Б, М.О нар ГТ ХЗХ-той 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/6314 дугаар зээлийн гэрээ, мөн өдрийн БГ/6314 дугаартай барьцааны гэрээ тус тус байгуулж, 3.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдсэн байх ба зээлийн барьцаанд эрхийн улсын бүртгэлийн Ү-1520002680 дугаартай, Увс аймгийн Улаангом сумын 9-р багт байрлах, 180 м.кв талбай бүхий хувийн сууц, ажлын байр, Увс аймгийн Улаангом сумын 9-р багт байрлах, 1981,6 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-1520003419 дугаартай өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалжээ.
Мөн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/6314/01 дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 7.000.000 төгрөгийг нэмж олгож, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ/6314 дугаар зээлийн гэрээний бусад зүйл, заалтыг хэвээр үлдээхээр тохиролцсон байна.
Дээрх үйл баримтаас дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр дууссан байх боловч хариуцагч М.Б, М.О нар зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлэхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж, эргэн төлөлт хийхгүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Б, М.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 12.094.000 төгрөг, нотариатын төлбөр 10.500 төгрөг, нийт 22.104.500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГТ ХЗХ-нд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ГТ ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.472,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Цэнд- М.Б, М.О нараас 268.472,50 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГТ ХЗХ-нд олгох нь зүйтэй.
Хариуцагч М.Б-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 227 дугаар зүйлийн 227.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч М.Б, М.О нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 12.094.000 төгрөг, нотариатын төлбөр 10.500 төгрөг, нийт 22.104.500 /хорин хоёр сая нэг зуун дөрвөн мянга таван зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГТ ХЗХ-нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ГТ ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.472,50 /хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Б, М.О нараас 268.472,50 /хоёр зуун жаран найман мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч ГТ ХЗХ-нд олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ