| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0095/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/99 |
| Огноо | 2024-05-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
улсын яллагч А.Лхагваа /томилолтоор/
хохирогч К.*******л,
шинжээч Р.Ням-Осор,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ийн *******т холбогдох эрүүгийн 2407000000087 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д төхөөрөх цэгийн ажилтан, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Налайх дүүрэг, *******,*******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,
******* овогт ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн урд талын зам дээр намайг миний ардуур мууллаа, хор хутгалаа” гэх шалтгаанаар К.*******ллатай маргаж, түүний нүүр рүү нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
Улсын яллагчийн зүгээс: хохирогч К.*******лын мэдүүлэг /хх-5-6/, гэрч н. мэдүүлэг /хх-8/ , хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт /хх-12-13, 17-18/, гэрчийн н.н дүгнэлт /хх-31-32/, гэрч н.т мэдүүлэг /хх-35-36/, гэрч н.гийн мэдүүлэг 39-40, гэрч н.дийн мэдүүлэг /хх-43-44/, гэрч н. /хх-47-48/, Гэрч н. /хх-54/, хохирогч К.*******лаас гаргаж өгсөн хохирлын баримт /хх-57-59/, Налайх дүүргийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан бичиг /хх-64-65/, Налайх дүүргийн эрүүл мэндийн даатгалын өвчтөний түүх /хх-73-74/,
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: шинжээчийн дүгнэлт /хх-13/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой лавлагаа /хх-109/, өнөөдрийн шүүх хуралдаанд хохирол төлбөр төлсөнтэй холбоотой 4 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч, шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Супермаркет гэдэг дэлгүүрийн урд таарсан. Тэгэхдээ гээд залууг Казакстан явчихсан байна гэж хэлэхэд үүнийг н.гийн ээж рүү хэлсэн байсан. МТ-ийн салдаг уулзвар дээр таараад маргалдсан. Би машинтай явж байсан ба К.*******л хоргоноос уруудаж явсан ба би хойноос нь сигналдаад очоод хажууд нь зогссон. Тэгээд бид хоёр маргалдаад би нүүр лүү нь цохисон. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэв.
Хохирогч К.*******лла нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тэр өдөр 20:30 цагийн үед найз охин руу гаа Оргил руу явж байсан. Хоргын уулзвар дээр явж байхад араас аймар сигналдаад урдуур хашиж зогсоод бууж ирээд “-Чи юу яриад байгаа юм бэ пясда минь гэж хэлээд намайг 2-3 цохисон. Энэ асуудлыг цагдаагаар шийдүүлчихье гэж хэлсэн. Тэгээд би шууд гэртээ харихад ээж маань нүүр чинь аймар болчихсон байна, эмнэлэг явъя гэж хэлээд гартал гадаа 2 машинтай ирчихсэн над руу дайраад байсан ба ээж бид нарыг салгаж авсан. Б.******* надад “-Би чамайг Налайхаар явуулахгүй за юу” гэж хэлсэн. Харин тэр адууны тухай зүйл яриад байна. Би энэ зүйлтэй ямар ч хамааралгүй...” гэв.
Шинжээч З.Ням-Осор нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мэдрэлийн үзлэг болон хэсэг газрын үзлэг, зовууриас шалтгаалж тархи доргилтыг оношлох боломжтой. Мэдрэлийн үзлэг хийж байхад нүдний алимын хөндлөн чичирхийлэл, хүзүүний булчингийн хөшилт зэрэг шинж илэрсэн. Мэдрэлийн шинж тэмдэг илрээгүй тул тархи доргилт гэж үзээгүй. Тархи доргилтын 1-2 шинж илрэх тохиолдолд миний зүгээс компьютер томографын шинжилгээ юм уу рентген зураг авхуулахыг зөвлөдөг ч шинж тэмдэг илрээгүй учраас би зөвлөөгүй. Өөрөө хувиараа хийлгэсэн байх. Тархи доргилтын гэмтэл авсан даруйд шууд шинж тэмдэг илрэх боломжтой. Ер нь 24 цагийн дотор илэрнэ. Дотор муухай оргих, суулгах, гүйлгэх, нүдний алимын хөндлөн чичирхийлэл, хүзүүний хөшилт, толгой өвдөх зэрэг шинжилгээ үндэслэнэ. Нэг шинжээр тархи доргилт гэсэн онош тавихгүй. 3-4 түүнээс дээш шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тухайн оношийг тавьдаг. Үзлэг, багаж хоёр хоорондоо зөрөх тохиолдол байхгүй. Жишээ нь эмчид үзүүллээ гэхэд тархи доргилт гээд урьдчилсан оношоо тавьчихдаг. Нэг хоёр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд нь багажийн шинжилгээ аваад оношоо бататгаж тавьдаг. Компьютер томографт тархи доргилт гэх шинж тавьчихсан тохиолдолд энэ нь нэг шинж. Мэдрэлийн талаас өөрчлөлт байхгүй бол үүнийг тархи доргилт гэж авахгүй гэсэн үг. ...” гэв.
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заасан тохиолдлын шинж чанартай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг барагдуулсан зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ. Шүүгдэгчийн хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажил, хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгож, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал гаргаж байна...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний ялыг оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 20 цагийн үед Налайх дүүргийн *******ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрийн урд талын зам дээр намайг миний ардуур мууллаа, хор хутгалаа” гэх шалтгаанаар К.*******ллатай маргаж, түүний нүүр рүү нь цохиж, зүүн, баруун дээд зовхинд цус хуралт, баруун шанаа, эрүү, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч К.*******ллагийн нүүр рүү гараараа цохин, зодсон болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 140 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч К.*******ллагийн биед хөнгөн хохирол учирч хохирогчийн зүгээс 447,644 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүү мэндийн даатгалын санд 205,000 төгрөгийг хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь шүүх хуралдааны өмнө хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшихгүй байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...хохирогч бид хоёр 5-6 жил найзалж байгаа... Хүмүүсээс сонсоод тэгж дүгнэсэн. Би үнэн зүйлийг ярьж байна...Би уучлалт гуйх гэж очсон. Машинаас буухад урдаас К.*******лын ээж нь гарч ирээд дайрсан.Бас н. дайрсан... Би К.эд хандаж “-Би хэзээ тэгж хэлсэн юм бэ” гэхэд хуцаад бай пязда минь гэж хэлэхээр нь би К.ийг цохисон. К. миний цамцыг урсан. Тэгээд маргалдаж эхэлсэн...” гэх тайлбар, хохирогч К.*******ллагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Жаахан аархаад, том яриад байдаг. Яриан дундаа та нарыг үл хүндэтгэдэг, дээрэнгүй байгаа зүйл илэрхийлэгддэг. Харьцахгүй алга болоод, уурлаад байдаг. Юм ярихдаа дээрэлхээд байгаа юм шиг мэдрэгддэг. Машинаас шууд бууж ирээд цамцаа тайлаад над руу дайрсан. Надад хандаж “Чамайг Налайхаар зүгээр явуулахгүй пясда минь. Цагдаа дээр очоод шийдчихье” гээд байсан. т эгч шүүгдэгчийг загначихсан юм шиг байна лээ. Гэртээ ороод ирсэн чинь н.т эгч надад хандаж “Аниа нь Б.*******ыг загначихсан. Чамайг ирээд зодоод явчих вий дээ” гэж хэлсэн. Тэгээд тэр орой нь яг тийм зүйл болсон Энэ хүн дараа нь дахиж ингэх үү гэдгийг мэдэхгүй байна...” гэх тайлбар болон гэмт хэрэг гарах болсон шалтгаан гаргаж байгаа хандалга зэргээс үзэхэд улсын яллагчийн “...800 нэгжтэй тэнцэх буюу 800.000 төгрөгөөр торгох...” гэх, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох...” гэх санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
Харин шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 245 /хоёр зуун дөчин тав/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ