Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 183/2023/00591/И |
Дугаар | 001/ХТ2024/00155 |
Огноо | 2024-06-25 |
Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2024/00155
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/00470 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00743 дугаар магадлалтай,
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“Б” ХХК, “М” ХХК-д тус тус холбогдох,
Тээвэр зуучийн гэрээний үүрэг болон алдангид 141,401,369 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хохирол 191,339,431.45 төгрөг гаргуулах тухай “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бо, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бо, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц, С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Б” ХХК, “М” ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн гэрээний үүрэг болон алдангид 141,401,369 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч “М” ХХК нь хохирол 191,339,431.45 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/00470 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-аас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 13,624,993 төгрөг, хариуцагч “Б” ХХК-аас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 127,776,376 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А” ХХК-иас гэрээнээс учирсан хохиролд эд ангийн үнэ 130,826,420.30 төгрөгийг гаргуулж, хариуцагч “М” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 61,513,011.15 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,022,907 төгрөгийг, хариуцагч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,114,647.15 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 226,075 төгрөгийг, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 796,832 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “А” ХХК-д олгож, нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 812,082 төгрөгийг гаргуулж, хариуцагч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00743 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/00470 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...13,624,993” гэснийг “...13,372,065” гэж, “...127,776,376” гэснийг “...125,404,378” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “226,075 төгрөг” гэснийг “224,810 төгрөг” гэж, “796,832 төгрөг” гэснийг “784,972 төгрөг” гэж тус тус өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 812,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,101,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бо хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Маргаан бүхий ачааг “М” ХХК-ийн зүгээс 2022.07.05-ны өдөр 014981 дугаар бүхий 47.36 кг, 2 хайрцаг, 2022.07.20-ны өдөр 0175933 дугаартай 1173.42 кг 7 хайрцаг, 2022.08.03-ны өдөр 014981 дугаартай 93.98 кг 7 хайрцаг, нийт 16 хайрцаг ачааны мэдээллийг манай компанид өгсөн.
Уг 16 хайрцаг ачааг нэг үйлдвэрээс буюу нэг газраас авах ёстой байсан бөгөөд тухайн ачааг нэг явалтаар авахаар болсон. Учир нь “М” ХХК-ийн зүгээс хэдхэн хонгийн зайтай ачаа нэмж байсан, мөн ачаа авах зөвшөөрөл өгөхгүй байсантай холбоотой. Ачаа авах зөвшөөрлийг 2022.08.03-ны өдөр өгсөн.
Уг зөвшөөрлийн дагуу нийт 16 хайрцаг ачааг авахаар очсон боловч 9 хайрцаг ачааг өгч, 1173.42 кг 7 хайрцаг ачааны сав баглаа боодлын хувьд асуудал үүссэн учраас өгөөгүй. Харин ачааны дагах бичиг баримтыг сольж, өгсөн бөгөөд манайд хүлээлгэн өгсөн 9 хайрцаг ачаа нь дагалдах бичиг баримтгүй ирсэн буюу өөр бичиг баримттай ирсэн. Уг баримтыг манайх гарган өгч учрыг нь олох гэсэн боловч барааг хүлээн авсан болж, төлбөрт унаад байна.
Дээрх нөхцөл байдал нь дараах нотлох баримтаар тогтоогдож байгаа. Үүнд: Ачаа авах зөвшөөрлийг 2022.08.03-ны өдөр өгсөн. Үүнээс өмнө болон дараа ямар нэг ачаа авсан зүйл байхгүй, харин өөр тээвэр зууч ачаа авсан асуудал үүссэн. Энэ нь талуудын цахим шууданд үзлэг хийсэн нөхцөл байдлаар бүрэн тогтоогдоно.
1173.42 кг ачаа хүлээн авсан гэх тухай баримт нь манай зүгээс гаргаж өгсөн баримт бөгөөд бид энэ баримтын дагуу ачаа хүлээн аваагүй, энэ баримтад заасан ачааг авах хэрэгтэй байгаа, уг ачааг хүлээн аваагүй болох нь баримтгүй ирсэн 9 ачаа зэргээр нотлогдож байна буюу ирээгүй ачааг авах зорилгоор уг баримтыг гаргаж өгсөн ба бөгөөд үүнээс хойш асуудал бүүр хүндэрч манай хариу өгөхгүй болсон бөгөөд ачааг хүлээлгэн өгсөн тухай албан бичиг хийж өгсөн байсан.
Илгээгчээс дээрх ганц баримтыг үндэслэн ачааг 2022.07.28-ны өдөр бүрэн хүлээлгэн өгсөн тухай албан тоот үйлдсэн байх бөгөөд бусад ачааг хэрхэн хүлээлгэн өгсөн тухай баримт болон мэдээллийг дурдаагүй байсан.
Гэтэл бүх ачааг авах гэж 2022.08.03-ны өдөр очсон энэ нь ачаа авах зөвшөөрлөөр нотлогдоно. Мөн ачаа авсны дараа дутуу авсан ачаагаа хэрхэн авах талаар цахим шуудангаар харилцаж байх үед 1173.42 кг ачааг сав баглаа боодлыг дахин засах шаардлага үүссэн тухай мэдэгдсэн бөгөөд дахин ачуулна гэж хэлсэн энэ нь цахим шууданд хийсэн үзлэгээр тогтоогдоно. Бид уг ачааг алдаагүй, энэ талаар шалгуулсан. Бид хамтын ажиллагаагаа хүндэтгэж боломжит бүх зүйлийг хийх гэж үзсэн боловч дангаараа ямар нэг үр дүнд хүрэхгүй. Учир нь бидний аваагүй ачааг авсан гэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл.
Анхан болон давж заалдах шатны шүүх ачааг алдагдсан гэж үзсэн. Гэтэл хэрэгт ачаа алдагдсан тухай ямар ч баримт байхгүй.
Нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа байна гэж үзсэн. Гэтэл хэрэгт нэхэмжлэгчийн буруутай ямар үйл ажиллагааг тогтоосон баримт байхгүй.
Харин хариуцагч талын гаргаж өгсөн ачаа хүлээн авсан тухай гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эх хувь нь хаана ч байхгүй, бусад илгээгчээс ирүүлсэн баримт нь ч мөн эх хувь нь байхгүй, ямар байдлаар баталгаажуулсан нь тодорхой бус.
Эргэлзээгүй үнэн баримт бол талуудын цахим харилцааны баримт энэ баримтаар ачаа сав, баглаа боодолтой холбоотой асуудал үүссэн учраас агуулах руу буцаасан нь тогтоогдсон гэж үзэж байгаа.
Сөрөг нэхэмжлэлтэй холбоотой анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг үнэлсэн асуудал нь ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалын сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзлээ.
Тухайлбал, анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтаар хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан ачааг тээвэрлүүлэхтэй холбоотойгоор “Ди Эйч Эл” ХХК-д төлсөн 10,038,160 төгрөг, “Монложистикс ворлдвайд” ХХК-д төлсөн 31,882,988.50 төгрөгийн зардал нотлогдож байна хэмээн нотлох баримтыг зөв дүгнэсэн атлаа шийдвэрийнхээ 10.2 дахь хэсэгт “Харин нэхэмжлэгч тал алга болсон гэх 5 хайрцаг ачааны тээврийн зардлыг манай компани аваагүй гэж тайлбар гаргасныг хариуцагч мараагүй...” гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийн дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.5 дахь хэсэгт нийцээгүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
017593 дугаартай захиалгын ачааны тээврийн зардлыг нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “М” ХХК-аас нэхэмжлээгүй бөгөөд уг захиалгад хүргэгдэн ирэх байсан 5 хайрцаг ачаа тээвэрлэлтийн явцад алга болсон учир тээврийн зардал төлөх үүрэг хариуцагч “М” ХХК-д, зардал нэхэмжлэх эрх “А” ХХК-д үүсэхгүй юм.
Энэ талаар хоёр шатны шүүх зөв дүгнэсэн атлаа тухайн алга болсон барааг дахин шинээр захиалан өөр тээврийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагаар тээвэрлэн ирүүлэхтэй холбоотойгоор хариуцагч “М” ХХК-аас гарсан 41,921,148 төгрөгийн зардлыг нэхэмжлэгч “А” ХХК-иас шаардах эрх Иргэний хуулийн 227 дугаар зүйлд зааснаар үүсээгүй хэмээн хуулийг буруу хэрэглэн дүгнэсэн гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно”, 227.5-д “Үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “М” ХХК-ийн 2022.07.20-ны өдөр тээвэрлүүлэхээр захиалсан 017593 дугаартай захиалгын ачааг тээвэрлэлтийн явцад алга болгож, гэрээний үүргээ зөрчсөнөөр хариуцагч “М” ХХК нь уг үүргийг гуравдагч этгээд буюу “Ди Эйч Эл” ХХК болон “Монложистикс ворлдвайд” ХХК-аар гүйцэтгүүлж, үүнтэй холбоотойгоор тус компанид төлсөн төлбөр нь нэхэмжлэгч “А” ХХК нь буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор гарсан хохирол гэж үзэх учир нэхэмжлэгч уг зардлыг нөхөн төлөх нь хуулийн дээрх заалтад нийцнэ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “А” ХХК-аас гэрээний дагуу 017593 дугаартай захиалгын тээврийг бүрэн гүйцэтгэсэн бол хариуцагч “М” ХХК нь тээвэртэй холбоотой дээрх зардал гарахгүй байсан бөгөөд гарах ёсгүй байсан зардал гарсан учир энэ хэмжээнд буюу 41,921,148 төгрөгийг нэхэмжлэгч “А” ХХК-аас гаргуулж, “М” ХХК-д олгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 227.5 дахь хэсэгт заасантай нийцэх юм.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн 10.2 дахь хэсэг “Тодруулбал, дээрх зардлууд болон гаалийн татвар нь хуульд заасан төлөх ёстой төлбөр ба энэ нь хариуцагчаас гарах зардал байх тул хохиролд тооцохгүй” гэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, ...хохиролд тооцно” гэж заасантай нийцээгүй, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хууль хэрэглээний энэ алдааг залруулаагүй нь хоёр шатны шүүх Иргэний хуулийн дээрх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд тус тус сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 41,921,148 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч “А" ХХК-аас нийт 172,747,568 төгрөгийг гаргуулан, хариуцагч “М” ХХК-д олгосон шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
6. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бо, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нарын гаргасан гомдлыг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.06.13-ны өдрийн 001/ШХТ2024/00785 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч “А” ХХК хариуцагч “Б” ХХК, “М” ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн гэрээний үүрэгт 141,401,369 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ: “...2019.05.09-ний өдөр хариуцагч нартай тус тус Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хамтран ажилласан. 2022.11.30-ны байдлаар 2022 оны төлбөр тооцоог нийлж акт үйлдсэн бөгөөд “Б” ХХК нь 31,837.5 евро буюу 2023.01.16-ны өдрийн Монгол банкны албан ханш 3,752.56 төгрөгөөр тооцвол 119,472,129 төгрөг, дотоод зардал 5,370,460 төгрөг, нийт 124,842,589 төгрөгийн өглөгтэй байна. Гэрээний 4.1.1, 5.1, 7.9 дэх хэсэгт заасны дагу тооцоо нийлснээс хойш 47 хоногийн алданги тооцвол 2,933,787 төгрөг болж байна, ингээд нийт 127,776,376 төгрөгийг, “М” ХХК нь 3,279.6 евро буюу 12,308,021 төгрөг, дотоод зардал 1,004,140 төгрөг, алдангийн хамт 13,624,993 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарласан,
Хариуцагч нар тайлбартаа: “...“А” ХХК нь манай компаниудын захиалгад заасан ачааг тогтоосон чиглэл, хугацааны дотор Монгол Улс болон гадна улс хооронд усан, хуурай болон агаарын замааар бүрэн бүтэн тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалт, тээврийн байгууллагатай хамтран ажиллах, түүнтэй холбоотой тээвэр зуучийн цогц үйлчилгээг үзүүлэх үүргийг хүлээсэн. Гэтэл “М” ХХК-ийн 2022.07.20-ны өдөр өгсөн 017593 дугаартай ачаанаас мотор болон бусад эд анги бүхий 73.42 кг ачаааг тээвэрлэлтийн явцад алдсан тул тээврийн үйлчилгээний хөлс төлөх хугацааг хойшлуулсан буюу алга болсон ачааг олж хүлээлгэн өгөх эсхүл ачаатай холбоотой хохирлыг барагдуулах хүртэл тээврийн хөлс төлөхөөс татгалзаж байна. ...Гэрээ 2022.12.09-ний өдөр цуцлагдсан тул алданги төлөх үндэслэлгүй...” гэж маргажээ.
9. Хариуцагч “М” ХХК нэхэмжлэгчид холбогдуулан 191,339,431.45 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...2022.07.20-ны өдөр манай компани тээврийн 017593 дугаартай 1,173.42 кг 7 хайрцаг ачаа тээвэрлүүлэхээр “А” ХХК-д захиалга өгсөн, гэтэл дээрх захиалгын ачаанаас 2ш ачаа тээвэрлэгдэн ирсэн боловч үлдэх 5 хайрцаг бүхий мотор болон бусад эд анги болох ачаа ирээгүй. Энэ талаар “А” ХХК-тай уулзалт хийж ачааг олж хүлээлгэж өгөх, эсхүл ачааны үнийг төлөх талаар бүхий л арга хэмжээг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд “М” ХХК нэмэлтээр “В” ХХК-тай тээврийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, алга болсон ачааг дахин шинээр захиалан авчирсан. Үүнтэй холбоотой тээврийн зардалд 47,248,625.64 төгрөг, барааны үнэ 130,826,420.30 төгрөг, мөн нэг төрлийн барааг 2 удаа захиалснаас валютын ханшны зөрүүд 13,264,385.51 төгрөгийн зардал гарсан. Ингээд нийт 191,339,431.45 төгрөгийн хохирол учирсан тул дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэж тайлбарласан,
Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: “...“М” ХХК 2022.07.05-нд 014981 дугаартай 47.36 кг 2 хайрцаг, 2022.07.20-нд 017593 дугаартай 1,173.42 кг 7 хайрцаг, 2022.08.03-ны өдөр 014981 дугаарын захиалга дээр нэмж 93.98 кг 7 хайрцаг ачааг тээвэрлүүлэхээр захиалга өгсөн. Эдгээрээс манай гэрээт зуучийн ажилтан 7 хайрцаг ачааг хүлээн авсан. Ачаануудыг хүлээн авсны дараа захиалагч талын менежер Энхбаяраас 116.18 кг 8 хайрцаг ачааны баримт ирдэг, захиалгын дугаар нь 014981 буюу өмнө нь өгсөн 7 хайрцаг 93.98 кг ачаа, 2 хайрцаг 47.36 кг ачааны захиалгын дугаартай адил боловч тоо, ширхэг, жин нь өөр байсан. Ингээд тоо, ширхэг, жингийн зөрүүтэй баримт хүлээн авсны дараа захиалагчид мэдэгдсэн, энэ үед зарим ачааг нэмж оруулсан, үлдсэн ачаануудыг хүлээн аваагүй бол нэмэх болно гэсэн хариу өгсөн. Олон улсын замналын хуудаст дурдсан 1,173.42 кг 7 хайрцаг ачаа нь бодит байдалд хүлээн авсан 7 хайрцаг ачаатай жингийн хувьд хэт зөрүүтэй тохирохгүй байгаа талаар удаа дараа илгээгчид хандаж, бичлэгийг илгээсэн боловч энэ талаар ямар нэг хариу өгөөгүй. Бидний хувьд бодит байдал дээр ачааг хүлээн аваагүй тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
10. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 130,826,420.30 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсэгт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.
11. Нэхэмжлэгч тал шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, шүүх нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, бид ачааг хүлээн аваагүй тул ачааг алдаагүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулгатай гомдол гаргасан бол хариуцагч тал “...сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дутуу шийдвэрлэсэн, ...нэхэмжлэгч гэрээний дагуу тээврийг бүрэн гүйцэтгэсэн бол дахин барааг ачуулж тээвэрлэх зардал гарахгүй, гэтэл тээврийн зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хохирлыг буруу тодорхойлсон, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул тээврийн зардлыг нэмж гаргуулахаар шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн агуулгатай байна.
12. Хяналтын шатны шүүх шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн зохигчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
13. Шүүх үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн талаар зохигч маргаагүй, харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж шийдвэрлэхдээ. “...маргаж буй ачааг “А” ХХК-ийн гэрээт диллер З компанийн ажилтан хүлээн авсан болох нь Атлас копко компаниас “М” ХХК-д ирүүлсэн албан бичиг, хавсаргасан мэйл... зэрэг баримтуудаар, мөн “З” компанийн ажилтан Наомигийн 2022.10.03-ны өдөр “М” ХХК-д илгээсэн мэйлээр нотлогдсон, түүнчлэн нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа баримтаар нотлоогүй...” гэсэн дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэрэгт цугларсан баримтын хүрээнд зохигчийг хангалттай мэтгэлцүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд шаардлагатай нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзнэ.
Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулалгүй сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдох шийдлийг хэвээр үлдээсэн нь буруу болжээ.
14. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар хэргийн баримтаас үзвэл “А” ХХК, “М” ХХК-уудын хооронд 2019.05.09-ний өдөр Тээвэр зуучийн гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээгээр тээвэр зуучлагч “А” ХХК нь үйлчлүүлэгч “М” ХХК-ийн захиалгад заасан ачааг, түүнд заасан чиглэлийн дагуу, тогтоосон хугацаанд Монгол улс дотор болон гадна, эсвэл улс хооронд усан, хуурай, агаарын замаар тээвэрлэх, тээвэрлэхэд шаардлагатай зохион байгуулалт, тээврийн байгууллагатай хамтран ажиллах, түүнтэй холбоотой тээвэр зуучийн цогц үйлчилгээ үзүүлэх, үйлчлүүлэгч нь тохирсон төлбөр тооцоог төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
15. Гэрээний дагуу үйлчлүүлэгч буюу “М” ХХК нь 2022.07.05-ны өдөр 014981 дугаартай 47.36 кг 2 хайрцаг ачаа, 2022.07.20-ны өдөр 017593 дугаартай 1,173.42 кг 7 хайрцаг ачаа, 2022.08.03-ны өдөр 014981 дугаарын захиалга дээр нэмж 93.98 кг 7 хайрцаг ачааг тус тус Бельги улсын Виллебрук хотоос Улаанбаатар хүртэл тээвэрлүүлэхээр захиалга өгсөн байна.
Нэхэмжлэгч “А” ХХК дээр дурдснаар 16 хайрцаг ачааг хүлээн авах байсан боловч 9 хайрцаг ачааг хүлээн авсан гэж маргасан. Гэтэл хариуцагч нь 16 хайрцаг ачааг илгээгчээс хүлээлгэн өгсөн байхад 5 хайрцаг ачаа ирээгүй гэж маргасан.
Ийнхүү үйл баримт эхнээсээ ойлгомжгүй, талуудын хүлээн авсан, хүлээлгэн өгсөн гэх барааны тоо хэмжээ тодорхойгүй, хариуцагчийн хүлээж авсан бараа нь захиалсан бараа, ачааны дагалдах бичигтэй тохирсон эсэх, хүлээж аваагүй гэх 7 хайрцаг ачааны 2 хайрцагт байх бараа ирсэн эсэх, эдгээрийн баримт хүлээлгэн өгсөн барааны код, багцын жин, хэмжээтэй таарч байгаа эсэх, улмаар маргааны зүйл болох 5 хайрцаг барааг илгээгч хүлээлгэн өгсөн, тээвэрлэгч хүлээн авсан үйл баримт тогтоогдоогүй, маргаантай байхад шүүх зохигчийг хангалттай мэтгэлцүүлээгүй, шаардлагатай баримтыг талуудаас тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж үзэхгүй.
Тухайлбал, тээвэрлэгч барааг 2022.08.02-ны өдөр ачих гэхэд зөвшөөрөл өгөөгүй гэж илгээгч ачаа өгөөгүй үндэслэлээр 2022.08.03-ны өдөр ачааг хүлээж авсан гэж нэхэмжлэгч тайлбарлаж, тухайн тайлбараа имэйлээр нотлогдоно гэж маргасан байхад илгээгч 2022.07.28-ны өдөр ачааг тээвэрлэгчид өгсөн гэх баримтыг хариуцагчид 2023.02.03-ны өдөр имэйлээр ирүүлснийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангах нэг үндэслэл болгосон байна. Гэтэл ачаа ачигдсан эсэх, барааны жин хэмжээ зөрүүтэй байгаа үйл баримтын талаар худалдагч, тээвэрлэгч, зуучлагч талууд ачааг хүлээн авснаас хойш имэйлээр мэтгэлцэж байхад хариуцагч компани баримтыг тухайн үед өгөлгүй 2023 оны 02 дүгээр сард нотлох баримтыг ирүүлсэн байдал, улмаар тухайн хуулбар баримтыг хэрхэн үнэлсэн талаараа шийдвэрт тусгаагүй байна.
Түүнчлэн тээвэрлэгч 1,172 кг 7 хайрцаг бүхий ачааг илгээгчээс авсан нь 2022.10.03-ны өдрийн Наомигийн имэйлээр нотлогдсон гэж шүүх дүгнэсэн. Тухайн имэйлд зураг хавсаргасан гэх ба шүүх хавсаргасан баримтыг үзээгүй, үнэлээгүй нь учир дутагдалтай болжээ.
Талууд илгээгчээс 16 хайрцаг ачааг бүрэн авсан эсэх талаар маргасан, хэрэв хариуцагч 16 хайрцаг ачааг илгээгчээс өгсөн гэж үзэж байгаа бол үндэслэлээ нотлох үүрэгтэй. Түүнчлэн 16 хайрцаг ачааг илгээгчид нэг дор эсвэл хэсэгчлэн, хэрхэн хүлээлгэн өгсөн нөхцөл байдлыг тодруулаагүй нь буруу байна.
Ийнхүү эргэлзээ бүхий баримтыг бусад баримттай харьцуулан судалсны үндсэн дээр үнэлэх байтал энэ үүргээ биелүүлээгүй байна.
Улмаар ачаа дутсан талаар ачаа илгээгч тодруулж, өөрийн агуулахаас хайх талаар мэдэгдэж байсан байх ба өөрийн хүлээн авсан хайрцагнуудын ID-г илгээнэ үү гэсэн байхад зохигч ямар ID-тэй хайрцаг хүлээж авсан, ямар нь ирээгүй талаар баримтаар мэтгэлцээгүй, түүнчлэн нэхэмжлэгч буюу “А” ХХК сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбараа нотолж, ачаа бүрийн мэдээлэл, фото зураг, бичлэгийг үйлчлүүлэгч, илгээгчид илгээж, мэдэгдэж байсан гэх боловч хэрэгт маргаантай үйл баримтыг нотлосон фото зураг, бичлэг авагдаагүй, хүлээн авсан, хүлээлгэн өгсөн ачаа тус бүрийн замын хуудас, дагалдах бичиг баримт тодорхойгүй байхад тодруулаагүй, энэ талаар мэтгэлцүүлээгүй байна.
16. Анхан шатны шүүхийн дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байх бөгөөд хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Дээр дурдсан үндэслэлээр хэргийг эцэслэн шийдвэрлүүлэхийг хүссэн зохигчийн гомдлыг хангахгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2024/00470 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 210/МА2024/00743 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бо-гээс 2024.05.29-ний өдөр төлсөн 812,083 төгрөгийг, хариуцагч “М” ХХК-аас 2024.05.24-ний өдөр төлсөн 367,556 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД