Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн,

улсын яллагч Т.Оюунжаргал

шүүгдэгч Ц.Сүрэнжав,

шүүгдэгч Ц.Батцоож тэдгээрийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

1.Монгол улсын иргэн, 1977 оны 8 дугаар сарын 22-нд Баянхонгор аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн 2 дугаар багийн малчин, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 7-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

2008 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 303 дугаартай  шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, /РД:ВЛ77082211/ Боржигон овогт Цоодолын Сүрэнжав.

 

2.Монгол улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 19-нд Баянхонгор аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Сэлбийн 24-568а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:ВЛ87071911/ Боржигон овогт Цоодолын Батцоож нарт холбогдох 201726020182 дугаартай эрүүгийн  хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Ц.Сүрэнжав, Ц.Батцоож нар бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо 14 дүгээр гудамжны 264 тоот хашаанд иргэн С.Галхүүг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

шүүгдэгч Ц.Сүрэнжав шүүхийн хэлэлцүүлэгт: Би хөдөө Аргалант суманд мал малладаг. Эхнэр хүүхдүүд маань хотынхоо гэрт би байдаг. Би хөдөө, хотын хооронд ирж очоод явдаг юм. 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ байж байтал манайд эхнэрийн дүү Галхүү орж ирсэн. Галхүүг орж ирэхээр нь би мэнд ус солиод байж байтал манай хүү Бат-Оргил ширээн доогуур гүйгээд орчихсон. Энэ хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө  манай хүү Бат-Оргилыг нурууг  Галхүү индүүний ишээр ороолгоод явуулсан байсан болохоор би хүүгээ өмөөрөөд Галхүүтэй муудалцсан юм. Тэгсэн чинь Галхүү намайг ална гэж босч ирээд зодоон хийсэн. Миний хамарнаас цус гарсан. Галмандах ер нь агсам согтуу их тавьдаг, их дээрэлхүү зантай хүн байгаа юм. Би гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

 

шүүгдэгч Ц.Батцоож шүүхийн хэлэлцүүлэгт: 2016 оны 12 дугаар сарын 25-ны орой манай ах Сүрэнжавын хүүхэд Бат-Эрдэнэ над руу утсаар яриад “аав Галхүү ахтай зодолдоод байна та такси бариад хүрээд ир” гэсэн. Тэгэхээр нь би такси барьж явж очоод ах Сүрэнжав, Галхүү нарын зодооныг салгасан. Галхүүг би зодоогүй гэв.

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор:

Ц.Сүрэнжавын ял шалгах хуудас /хх-ийн 58/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/,  хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60, 61/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 62/, жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 63/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 67/

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 303 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-72/,

гэрчээр С.Галмандахын:..” Манай нөхөр зан араншингийн хувьд түргэн ааштай, хүнд тусархуу, ажилсаг, нийтэч, хурдан уурлаад хурдан уур нь гарчихдаг цайлган, үр хүүхэд хань ижилдээ түшигтэй, гэр бүлээ хүнээс дутахааргүй авч явж чаддаг ба өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрөхгүй үедээ их шазруун өөртөө итгэлтэй хүн ба архаг хууч өвчингүй, ял шийтгэл биеэр эдлэж байгаагүй, 1996 онд Барилгын 073-р ангид 1 жилийн хугацаатай цэргийн алба хаасан ба морь уядаг боловч одоогоор авсан шагнал алга байна. /хх-ийн 35/

Ц.Батцоожийн ял шалгах хуудас /хх-ийн 84/, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 85/ оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 91/,

гэрчээр У.Ариунтуяагийн:..” Их дээд сургуульд сураагүй, цэргийн алба хаасан гэдэг яг хэзээ хаана хаасан гэдгийг нь мэдэхгүй, урьд 1 удаа цагдаа дээр шалгагдаж байсан гэсэн, Ц.Батцоож архи уудаггүй ба архи уухаар цусаар бөөлжөөд байдаг юмаа. Манай нөхөр зан араншингийн хувьд жоохон түргэн ааштай, гэр бүлдээ халамжтай, тэр болгон уурлаж уцаарлаад байдаггүй хүн дээ. Өөрөөр тийм ийм гэж хэлж мэдэхгүй байна. /хх-ийн 43/ гэсэн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Сүрэнжав, Ц.Батцоож нар бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо 14 дүгээр гудамжны 264 тоот хашаанд иргэн С.Галхүүг хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

хохирогч С.Галхүүгийн”...2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн орчимд би гэрээсээ аавтай уулзах гэж гараад аавын гэрт очих замдаа дэлгүүр ороод 1 шил 0,33 граммын архи аваад замдаа ганцаараа уугаад аавын гэрт очоод халамцуу унтаж байгаад 20 цагийн орчимд сэрээд гэр рүүгээ хүргэн Батболдоор хүргүүлэх санаатай байж байгаад аавын гэрээс гараад аавын урд гудамжинд амьдардаг өөрийн эгч болох Галмандахын гэрт ороод хүүхдүүдийнх нь гацуур модон дэр мөнгө тавих гээд орсон чинь гэрт нь эгч Галмандах, хүргэн ах Сүрэнжав, 2 хүүхэд нарын хамт байсан. Тэр үед хүргэнийх ёолкоо засаагүй байхаар нь би бага хүүг нь ёолкоо засахгүй яасан юм ах нь мөнгө тавих гэсэн юм гэж хэлсэн. Тэгтэл бага хүү нь болох Бат-Оргил та мөнгө тавих гэж байгаа юмуу, мөнгөө өгчих гэсэн. Тэгтэл Сүрэнжав чиний мөнгөөр яадаг юм пизда минь гээд над руу уурлаад мах эвдээд сууж байсан хутгаа аваад над руу дайрсан. Тэр үед би Сүрэнжавын хутгатай гарыг нь бариад хавсарч газар унагаачихаад гараад явчихсан. Тэгээд би буцаад аавын гэр рүү ороод болсон асуудлын талаар аав, ээж хоёрт хэлчихээд аавынхаас гараад зам дээрээс такси барих гээд зогсож байтал Сүрэнжав машинтайгаа гудамжнаасаа гарч ирээд замын нөгөө талд гарч зогссон. Тэгэхээр нь би такси бариад өөрийн гэр рүү буюу Баянгол дүүргийн 16-р хороо Туулын 14-р гудамжины 264 тоотын гадаа очоод таксины жолоочид задгай 8000 төгрөг өгчихөөд таксинаас буугаад хашааны хаалгаа онгойлгох гээд хашаа руугаа хараад зогсож байтал араас гэнэт гар орж ирээд миний нүүрэн тус газар нэг удаа цохисон чинь нүүрнээс цус гарсан ба уруулны дээд хэсгээс их хэмжээний цус гараад байсан. Тэгээд би эргээд харсан чинь миний хойд талд Сүрэнжав, Батцоож 2 хамт зогсож байсан ба Батцоож баруун гартаа богинохон металь өнгөтэй хутга барьсан байсан. Тэгэхээр нь би айгаад хашааныхаа хаалгыг өшиглөөд хашаа руугаа орсон. Сүрэнжав намайг араас боогоод газар унагаагаад тавихгүй байсан ба Батцоож миний толгой, нуруу, хөл  рүү өшиглөөд байсан. Тэр үед манай эхнэрийн дүү Сайханбилэг гэрээс гарч ирчихээд буцаад орсон ба удалгүй манай эхнэрийн хамт гарч ирээд салгасан. Тэгтэл манай хашаанд Сүрэнжавын том хүү Бат-Эрдэнэ буюу Монхор хочтой хүү нь орж ирээд аавыгаа Батцоожтой хамт аваад гарсан. Тэгээд би гэртээ ороод толинд харсан чинь уруул орчимд зүсэгдээд ангайчихсан байсан ба бүх бие өвдөөд цамц, өмд 2 урагдсан байсан. /хх-ийн 16/

 

насанд хүрээгүй гэрчээр Ц.Сайханбилэг”...2016 оны 12 дугаар сарын 25-ны орой би өөрийн аав Цэгмидийн төрсөн дүү болох Урангарав эгчийн гэрт эмээ Сүрэн, Галхүү ахын 2 хүүхэд нарын хамт байж байтал 20 цагийн орчимд шиг санагдаж байна. Намайг зурагт үзээд сууж байтал гадаа хашааны хаалга дуугараад юм түжигнэх, эрэгтэй хүн  орилох чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би ганцаараа гүйгээд байшингаас гартал жорлонгийн хажууд буюу гаднах хаалганы дотор талд Галхүү ах газар өвдөглөөд суучихсан Галаа ахыг Сүрэнжав ах гараараа боочихсон, Батцоож ах баруун талынхаа гарт богинохон хутга барьчихсан Галхүү ахын нүүр рүү өшиглөөд байсан. Сүрэнжав нь Батцоождоо наадахаа гүйцээчих гэж хэлээд байсан. Тэгэхээр нь би айгаад буцаж гэр рүү ороод Галхүү ахын эхнэр Урангарав эгчид Галхүү ахыг Батцоож ах, Сүрэнжав ах 2 нийлээд зодож байна гэж хэлсэн. Тэгээд Урангарав эгч бид 2 хамт гүйж гараад Урангарав эгч болиоч та нар гээд гээд орилсон чинь хашааны хаалга онгойгоод Сүрэнжав ахын хүү болох Монхор орж ирсэн чинь Батцоож , Сүрэнжав ах 2 зөрөөд гүйгээд явчихсан. Тэгээд бид 2 Галхүү ах дээр очтол Галхүү ахын хамарны доод хэсгээс цус гараад нүүр нь нийтдээ цус болчихсон, бүх хувцас нь шороо болчихсон, газар хэвтэж байсан. Тэгээд Галхүү ах бид хоёртой хамт гэр рүү орсон ба Монхор шууд нөгөө хоёрын араас гүйгээд явчихсан. /хх-ийн 37/

 

гэрчээр Ш.Урангарав:..” 2016 оны 12 дугаар сарын 25-ны 14 цагийн үед манай нөхөр Галхүү аавынхаа гэрт очно гээд гараад явсан. Тэгтэл шөнө 23 цагийн үед би гэртээ дүү Сайханбилэг, 10 сартай охин Аззаяа нарын хамт байж байтал гадаа хүмүүс орилох чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би Сайханбилэгийг гараад хараадах гэсэн. Тэгтэл Сайханбилэг гарчихаад буцаж гүйж орж ирээд Галхүү ахыг Сүрэнжав ах боочихсон Батцоож ах гартаа хутга барьчихаад Галхүү ахыг өшиглөөд байна хутга барьчихсан болохоор нь би айгаад буцаад ороод ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би гүйгээд гартал Батцоож Галхүүгийн нуруу орчим руу гараараа цохиод Сүрэнжав хажууд нь зогсож байсан. Тэгэхээр нь би тэд нар дээр ойртож очоод та нар болиоч гээд орилсон чинь Батцоож манай нөхрийг цохихоо больсон. Тэгээд би нөхрөө аваад гэр рүүгээ орох гэж байтал гадаа хашааны хаалга онгойгоод Сүрэнжавын хүү Бат-Эрдэнэ манай хашаанд орж ирсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм аавыгаа аваад яваач гэсэн чинь Бат-Эрдэнэ Батцоож ахаа явъя гээд байсан. Удалгүй тэр 3 манай хашаанаас гараад явсан. Би нөхрөө гэр рүүгээ Сайханбилэгтэй хамт аваад орсон. Тэгээд би нөхрөө аваад гэр рүүгээ ортол уруулны дээд орчимд нь зүсэгдчихсэн, нүүр нь хавдаад, хувцас болон нүүр нь цус болчихсон, цамц, өмд нь урагдчихсан байсан. Миний харснаар Батцоож манай нөхрийн нуруу руу гараараа 2-3 удаа цохисон. /хх-ийн 39/

 

гэрчээр С.Содномдамба”... 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би гэртээ байж байтал манай хүү Галхүү гаднаас халамцуу орж ирээд унтсан. Тэгээд би гарч ороод байж байгаад эргээд ороод иртэл Галхүү гэрт байхгүй байсан ба удалгүй миний утас дуугараад Галхүүгийн эхнэр Урангарав залгаад аав Галхүүг Сүрэнжав, Батцоож 2 хутгалаад зодож байгаад зугатаад явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би эхнэрийн хамт Галхүүгийн гэрт очтол Галхүүгийн уруулны дээд хэсэгт ярагдчихсан, нүүр ам нь хавдаад танихын аргагүй болчихсон, цамц, өмд нь урагдаад хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд би хүүгээ гэмтлийн эмнэлэг авч яваад оёдол тавиулсан.

Тэгээд би өөрийнхөө утасаар Сүрэнжав руу яриад та нар зодолдох мөрөөрөө зодолдохгүй яаж байгаа юм гэхэд Сүрэнжав би 3 хүүтэй хүн ахиад ч 8 хүү байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Батцоож руу яриад яаж байгаа юм гэхэд Сүрэнжав ах 30.000 төгрөг хүнд өгөөд хутгалуулсан ш дээ, харин би очоогүй юу яриад байгаа юм гэж хэлсэн.../хх-ийн 42/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон

шүүх шинжилгээний үндэсний 804 дугаартай шинжээчийн: “С.Галхүүгийн биед хамрын баруун угалзны доор болон дотор салстад шарх, цус хуралт, баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт, баруун чихний дэлбээнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт, зулгаралт, баруун сарвуунд зулгаралт, хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шарханд анхдагч цэгцлэлт хийгдсэн тул ямар зүйлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна. бусад цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-ийн 9/ гэсэн дүгнэлт болон эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 19-20/,  эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 33/, хохиролд 170.000 төгрөг хүлээн авсан гэх баримт /хх-ийн 92/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд Боржигон овогт Цоодолын Сүрэнжав, Боржигон овогт Цоодолын Батцоож нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Сүрэнжав, Ц.Батцоож нарт ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал  зэргийг харгалзан  тэдгээрт албадан ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Батцоожийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагаас”...Батцоож энэ гэмт хэрэгт холбогдолгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт бүхий тайлбар гаргалаа.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Баянголын 7-11 тоотод оршин суух хүргэн ах Ц.Сүрэнжавын гэрт С.Галхүү очиж маргалдсанаас тэдгээрийн дунд хувийн таарамжгүй харьцаа үүссэн байна.

 

Улмаар С.Галхүү хүргэн ах Ц.Сүрэнжавын гэрээс гарч таксигаар гэр рүүгээ явахад араас нь Ц.Сүрэнжав автомашинаа жолоодон очиж Баянгол дүүргийн 16 дугаар хороо 14 дүгээр гудамжны 264 тоот хашааных нь үүдэнд С.Галхүүг өөрийн төрсөн дүү Ц.Батцоожийн хамт бүлэглэн зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь хэргийн үйл баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон.

 

Шүүгдэгч Ц.Батцоож өөрийн төрсөн ах Ц.Сүрэнжавтай бүлэглэж хохирогч С.Галхүүгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь:

хохирогч С.Галхүүгийн”...Сүрэнжав намайг араас боогоод газар унагаагаад тавихгүй байсан ба Батцоож миний толгой, нуруу, хөл  рүү өшиглөөд байсан...” /хх-ийн 16/, гэрч Ц.Сайханбилэгийн”...Галхүү ах газар өвдөглөөд суучихсан Галаа ахыг Сүрэнжав ах гараараа боочихсон, Батцоож ах баруун талынхаа гарт богинохон хутга барьчихсан Галхүү ахын нүүр рүү өшиглөөд байсан. Сүрэнжав нь Батцоождоо наадахаа гүйцээчих гэж хэлээд байсан./хх-ийн 37/, гэрч  Ш.Урангаравын”...Батцоож Галхүүгийн нуруу орчим руу гараараа цохиод Сүрэнжав хажууд нь зогсож байсан...Миний харснаар Батцоож манай нөхрийн нуруу руу гараараа 2-3 удаа цохисон. /хх-ийн 39/ гэсэн мэдүүлгүүд болон шүүх шинжилгээний үндэсний 804 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 9/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Иймд өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн гаргасан хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.