Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч А.Лхагваа,

гэрч Г., Н.,

шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч Б.Хэнмэдэх,

шүүгдэгч В.*******а, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 215 дугаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******, овогт гийн *******а нарт холбогдох эрүүгийн 2307002860345 дугаартай хэргийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ШЗ/71 дугаар захирамжаар прокурорт буцаасан,

мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 73 дугаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг дахин 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, *******-ны өдөр дүүрэгт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ******* Их сургуульд суралцдаг, ам бүл 1, дүүргийн ******* тоотод оршин суух, урьд

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, уг ялыг эдэлж дууссан,

******* овогт *******ын ******* /РД:*******/

 

  1. Монгол Улсын иргэн, ******* Нийслэлийн дүүрэгт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суух, урьд

Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн,

овогт гийн *******а /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч В.*******а нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн 6 дугаар хороо, Шугуй гэх газарт байрлах өөрийн эзэмшлийн газрын хашааны орчимд “хүүхэд дээрэлхлээ” гэх шалтгаанаар хохирогч А.ын толгойн тус газарт модоор цохиж, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

яллагдагч А.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн 6 дугаар хороо, Шугуй гэх газарт байрлах В.*******ын эзэмшлийн зуслангийн хашааны орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас В.*******ын нүүрэн тус газарт цохиж түүний духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

Улсын яллагчийн зүгээс: хохирогч В.*******ын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-7/, В.*******ын дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл гомдол /хх-2/, хохирогч А.ын мэдүүлэг /хх-10/, гэрч Н.ын /хх-16, 20-21/, гэрч Н.ын дахин өгсөн мэдүүлэг /хх-20/, гэрч Б.н өгсөн мэдүүлэг /хх-28-29/, гэрч Б.н өгсөн мэдүүлэг /хх-24-25 ,25-29, 151/, насанд хүрээгүй гэрч Д.ийн мэдүүлэг /хх-32-33/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №384, 394 дугаартай  хохирогч В.*******ын биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-38-39/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын хийсэн хохирогч А.ын биед хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-41-42/, эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламж авсан баримт,

Шүүгдэгч В.*******ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн зүгээс: Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргаж оролцож байгаа. Учир нь яллах дүгнэлтэд дурдагдаад байгаачлан үйлдэл холбогдол нь тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Тиймээс цагаатгах байр суурьтай оролцоно. Ингэхдээ дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-2/, /хх-7/, /хх-10/, /хх-12-13/, /хх-16-17/, /хх-20-21/, /хх-24-25/, /хх-28-29/, /хх-30-33/, /хх-39-40/, /хх-67-68/, /хх-81-85/, /хх-151/, /хх-155/, /хх1-56-158/ зэрэг талуудад авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлуулна гэв.  

Шүүгдэгч А.ын өмгөөлөгч Б.Хэнмэдэхийн зүгээс: Шүүгдэгч А.Алтантулыг цагаатгах байр сууринаас оролцож байна. Ингэхдээ хавтаст хэргийн 32,  /хх-69/, /хх-8/, /хх-12/, /хх-28-29/, /хх-16/, /хх-20/, /хх-42/, /хх-45 /зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нар нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч В.*******а нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Би тэр өдөр хүүхэдтэйгээ Шугуйд байрладаг амралтын газар очсон. Тэгээд дэлгүүр явчхаад ирэх хооронд миний хүү өөрийг нь танихгүй хүмүүс дээрэлхсэн талаар надад хэлсэн. Хүүгээсээ нэг нэгээр тодруулсан. Тэгээд би тэр хүмүүст би очиж шаардлага тавихдаа мод барьж очоогүй. Тухайн үед шар айраг биш 3 ширхэг 0.75 Хараа нэртэй архи уучихсан сууж байсан. Тэгээд хашаа руу гаа ортол араас хэрүүл хийж ороод ирсэн. Хөөсөн чинь гарахгүй байсан ба хашаанаасаа гаргатал А.******* гэдэг залуу миний толгой руу чулуу шидсэн. Би толгой дээрээ 4 оёдол тавиулсан. Тэр өдөр яг юу болсныг санахгүй байна. Миний пудболка урагдчихсан, тухайн үедээ манараад газар суучихсан, байсан. Тэгээд хүүхдэдээ хэлээд цагдаа дуудуулсан. Гол нь миний 14 настай хүүхдийг дээрэлхэхээр би эсэргүүцэж, шаардлага тавьсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд байж байхад Г. гэдэг залуу “-Чи ганц цохиулчхаад юун сүртэй юм” гээд намайг нэг цохичихсон. Тэгэхэд А.******* гэдэг залуу одоо гоё юм болно гэж хэлээд надаас зуурчихсан. 3 залуу надад дайрч байхад надад бичлэг хийхээс өөр арга байгаагүй. Энэ А.******* гэдэг залуу миний хөлөөс зуураад, баашлаад газар унаад хэвтсэн. Нөгөө Г. гэдэг залуу намайг хэл амаар доромжлоод,  цохих гээд дайрсан. Тийм л зүйл болсон. 14 настай хүүхдийг минь хашаан дотроо ганцаараа байхад нь дээрэлхсэн байсан. Би хүүхдийнхээ төлөө бат зогсоно. Би хийсэн үйлдэл, хэлсэн үгэндээ бат зогсоно. Энэ 3 нөхөр хуйвалдаж, намайг миний эсрэг мэдүүлэг өгч, намайг модоор цохисон байна гэсэн. Хэд хэдэн удаа хувирч мэдүүлэг өгч байна. Би А.*******д нэг ч гар хүрээгүй, нэг ч удаа толгой руу нь цохиогүй. Харин Б. гэж хүнийг өшиглөсөн нь үнэн. Би толгой дээрээ 4 оёдол тавиулсан. Би үр хүүхдүүдийнхээ төлөө хаана ч юу ч хэлнэ. Тэд нар минь миний үр үндэс. Өнөөдөр би эд нартай архи ууж, эсвэл гудамжинд мөргөлдөөд өнгөрсөндөө хэрэлдэж маргалдаагүй. Би хүүхдийнхээ төлөө явж байгаа эцэг хүн байна...” гэв.

            Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би нэг зүйлийг ойлгохгүй. Бид 3 нэгэн зэрэг зохиогоод ярина гэж байхгүй шүү дээ. Бид В.*******а ахын хашааны гадаа шар айраг уугаад байж байсан. Би хүүхэдтэй холбоотой ямар асуудал болсныг нь мэдэхгүй. Гэнэт нэг ах мод барьж ирээд цохисон. Би бол өөрийнхөө хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ба энэ хүн намайг цохичхоод яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ...” гэв.

Гэрч Н. шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр В.*******а гэж хүнтэй маргалдсан байна. Тухайн үед хэрүүл маргаан болохоос өмнө В.*******ын хашаанд орж, насанд хүрээгүй гэрч Д.э гэж хүнтэй муудалцсан зүйл байхгүй. Би түрүүлж хашаа руу орсон. Тэгэхдээ машин тэрэгний үнэ сонирхож орсон. Би В.*******ын найз гэх залуу н.Ганболдыг таньдаг. А.*******, Г. 2 хашааны гадаа сууж байсан...Бид 3 гадаа хүн хүлээж байсан. Хашааных нь гадаа шар айраг уугаад байж байтал хүүхдийн аав нь ирээд “-Та нар айлын хашааны гадаа шар айраг уулаа, одоо яв” гэсэн... В.*******а гэж хүн А.ын нуруу луу нь нэг удаа цохисон гэж харж байгаа. Нуруу луу нь нэг удаа цохисон гэж харж байгаа. Тухайн үед А.******* миний толгой өвдөөд байна, толгой руу цохичихлоо гээд байсан...” гэв.

Гэрч Г. шүүхийн хэлэлцүүлэгт: “...В.*******ынх хашаандаа A tv, U tv түрээсэлдэг байсан хэдээр түрээсэлдэг талаар асуух гэж орсон. Эхлээд Н. орсон. Тэгэхэд В.*******ын хүүхэд нь та согтуу байна гээд хашаанаас яв гэсэн байсан. Хүүхэд нь Н. ахыг хашаанаас хөөгөөд байхаар нь бүдүүлэг өнгө аясаар яриад байхаар нь ам зөрсөн. Тухайн үед хүүхдийг айлгасан, сүрдүүлсэн өнгө аясаар хэлсэн зүйл байгаа байх. Сайн санахгүй байна. В.*******а надтай ярж байгаад намайг өшиглөөд авсан. Юу гэж хэлснийг нь сайн санахгүй байна.  Юу ч гэсэн хүүхэд яагаад байгаа юм гэж ирээд өшиглөсөн. Намайг цохихдоо юу ч бариагүй байсан. В.*******ын А.ыг модоор нуруу, толгой хэсэг рүү нь цохиж байхыг харсан. Би нэг цохилтоос нь бултахад тэрэнд нь А.******* цохигдсон. А.ын 1-2 удаа цохисон. Зодооны дараа толгой нь шархалчихсан байсан. Би бодохдоо хүн намайг өшиглөж болж байхад би яагаад цохиж болдоггүй юм бэ гээд цохисон. Гараараа цохиход нь В.*******ын дух хэсгээс бага зэргийн цус гоожсон байсан... Миний харснаар нуруу руу нь цохисон. Н.ыг салгахад модоо шидсэн ба тэр нь А.ын толгой руу хүрсэн...” гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд В.*******а, А.******* нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч В.*******а нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн 6 дугаар хороо, Шугуй гэх газарт байрлах өөрийн эзэмшлийн газрын хашааны орчимд “хүүхэд дээрэлхлээ” гэх шалтгаанаар хохирогч А.ын толгойн тус газарт модоор цохиж, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч А.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн 6 дугаар хороо, Шугуй гэх газарт байрлах В.*******ын эзэмшлийн зуслангийн хашааны орчимд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас В.*******ын нүүрэн тус газарт цохиж түүний духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор В.*******ын өгсөн: “...дэлгүүр явчхаад ирэхэд манай хүү над дээр ирээд “аав манай хашаанд танихгүй хөгшин хүн орж ирээд тойроод алхаад байхаар нь айлын хашаанд орж ирчхээд юу хийгээд байгаа юм гэхэд юу ч дугарахгүй байж байснаа цаанаасаа хоёр согтуу залуу ирснээ намайг дээрэлхээд байна” гэж хэлсэн...тэр хүмүүс дээр явж очоод “та нар айлын хашаанд дураараа орж ирчхээд яагаад насанд хүрээгүй хүүхэд дээрэлхээд байгаа юм наад архиа хол очиж ууцгаа гээд хашаа руугаа орсон. Тэгтэл удалгүй араас хашаанд орж ирэхээр нь “та нар яах гээд байгаа юм бэ” гээд хөөгөөд гаргатал нэг махлаг залуу шууд чулуу аваад шидсэн. Миний толгойноос цус гараад хэсэг толгой эргэсэн. Тэр үед нөгөө хоёр залуу ирээд чи ямар бааштай юм гээд нүүр рүү цохисон...” гэх, /хх-7 дугаар тал/
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.ын өгсөн: “...Би , гэх хоёр ахтайгаа хүн ирэхийг хүлээгээд байж байсан. Тэгтэл ах хажууханд байсан хашаа руу дөхөж очоод хүнтэй уулзаад байсан...*******а гэх ах гартаа мод барьчихсан гарч ирээд “та нар яагаад хүүхэд дээрэлхээд байгаа юм” гээд шалтгаангүй гартаа барьсан модоороо миний толгой руу цохисон. Дараа нь ахын төмсөг рүү өшиглөөд ах газар уначихсан. Би хариуд нь уурлаад нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд ах дундуур орж ирээд салгасан...” /хх-10 дугаар тал/
  3. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.ын өгсөн: “...*******а гэх залуу мод барьж ирээд ын нуруу хэсэг рүү нэг удаа цохих үед би очиж салгасан. *******а гийн төмсөг хэсэг рүү өшиглөөд дараа нь ын гэдэс рүү нэг удаа өшиглөсөн зөрүүлээд *******, *******ыг нэг удаа цохих үед *******ын хүүхэд бид хоёр зодоосныг салгасан...хашааны гадна болон тэр хавьд камер байхгүй, харин би өөрийн гар утсаар бичлэг хийсэн...В.*******а нь модоор А.ын нуруу хэсэг рүү нэг удаа цохиод дараа нь толгой руу нь нэг удаа цохихоор нь би модыг нь булааж аваад салгасан. Г.гийн төмсөг рүү нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-16-17, 20-21 дугаар тал/
  4. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.гийн өгсөн: “...*******а ах эхлээд ыг гэдэс рүү нэг удаа өшиглөсөн зөрүүлээд ******* *******а ахыг нэг удаа цохисон. Би *******а ахад төмсөг рүүгээ өшиглүүлсэн болохоор доош тонгойгоод өндийх үед *******а ах гартаа мод бариад ******* хойшлох үед дал хэсэг рүү нэг удаа модоор цохисон...тухайн үед би өшиглүүлээд маш их өвдсөн боловч тэгээд зүгээр болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх,

         ны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...би тэр хашаанд 4 дугуйтай мотоцикл хэдэн төгрөгөөр түрээсэлдэг талаар асуух гэж орсон. Тэгтэл нэг эрэгтэй жаахан хүүхэд “манай хашаанаас гар, согтуу юм байж” гээд намайг хашаанаасаа хөөсөн. Тэгэхээр нь миний уур хүрээд тэр хүүхэдтэй маргалдаад хашаанаас нь гарсан. Хашаанаас нь гараад холдоогүй байхад *******а гэх хүн хүрч ирээд “чи нааш ир” гэсэн би маргалдаж байгаад очтол миний эмзэг эрхтэн рүү өшиглөж, би тонгойгоод зогсож байтал цаанаас ******* иртэл *******а нэг модоор ын нуруу болон толгой руу нь нэг нэг удаа цохиж харин ******* *******ын нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон тэгээд ах бид хоёр тэр хоёрыг салгасан. Тэгээд бид нар маргалдаж *******ын хашаанд орж хэрүүл хийж байгаад гарсан...” гэх мэдүүлэг /хх-24-25, 28-29, 151 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Д.ий өгсөн: “... гэх танихгүй ах гэрүүдийн хаалга татаад байхаар нь та яах гэж байгаа хүн бэ гэхэд амралтын газар юм уу машин тэрэг унуулах уу гэж надаас асуусан. Тэр үед цаанаас нь *******, гэх хоёр хүн гүйж ирээд нь намайг зодох гэж дайраад “чи миний ахтай яаж харилцаад байгаа юм” гэхэд гэх хүн нь намайг зодуулаагүй болиулж тэд нар манай хашааны гадна очиж архи ууцгаасан. Үүний дараа болсон явдлын талаар аав *******ад хэлэхэд уурлаад хаана байна, яадаг хүмүүс юм гээд тэд нар дээр очиж маргаан үүсгэсэн. Тэгээд тэр хүмүүс аавтай маргалдаж хашаа руу орж ирэхээр нь аав уурлаж хөөгөөд айлгах гэж мод барьж далайж хашаанаас гаргасан. Тэгтэл ******* гэгч нь манай аавын толгой руу чулуу шидэж хагалахаар нь аав толгойгоо бариад суухад нь гэх хүн ирээд аавтай заамдалцаж аавын шанаа руу нэг удаа цохиход гэх хүн нь тэд нарыг салгасан. Тухайн үед ******* гэгч нь өөрийнхөө толгойг модоор 4-5 удаа цохиж байсан. Учир нь аавыг цагдаад дуудлага өгсөн гэдгийг нь мэдээд адилхан цагдаад дуудлага өгнө гээд өөрийгөө цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33 дугаар тал/,
  2.  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 384 дугаар “...В.*******ын биед духанд шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл 30 буюу түүнээс дээш хоногийн өмнө учирсан байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-38-39 дүгээр тал/
  3.  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 396 дугаар “...А.ын биед духанд шархнаас үлдсэн сорви тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-41-42 дугаар тал/
  4. 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-156-158 дугаар тал/
  5. Шүүгдэгч В.*******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-81-84 дүгээр тал/
  6. Шүүгдэгч В.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-85, 88-92 дугаар тал/
  7. Шүүгдэгч А.ын биед хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-93-96 дугаар тал/
  8. Шүүгдэгч А.ын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-99-102, 149 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч В.*******а нь 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн 6 дугаар хороо, Шугуй гэх газарт байрлах өөрийн эзэмшлийн газрын хашааны орчимд “хүүхэд дээрэлхлээ” гэх шалтгаанаар хохирогч А.ын толгойн тус газарт модоор цохиж, духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Шүүгдэгч А.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дүүргийн 6 дугаар хороо, Шугуй гэх газарт байрлах В.*******ын эзэмшлийн зуслангийн хашааны орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас В.*******ын нүүрэн тус газарт цохиж түүний духанд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

Шүүгдэгч А.ын өмгөөлөгч Б.Хэнмэдэх: “...Шүүгдэгч В.*******а нь нөхцөл байдлыг ухамсарлан, ойлгох чадвартай хүн. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна гэж үзэж байна. Мөн В.*******а нь толгой хэсэгтээ 4 удаа оёдол тавиулсан гэдэг боловч холбогдох нотлох баримтуудыг ирүүлээгүй. Гар утсан дээрээ авсан бичлэгийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 35 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Гэвч янз бүрийн  зөрүүтэй мэдүүлэг болон үйл явдлын талаарх бүрэн гүйцэт биш бичлэгийг шалгуулахаар удаа дараа хүсэлт гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж, төвөгтэй байдал үүсгэж байгаа нь миний үйлчлүүлэгчийн ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хөндөж байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хэрэг хариуцах чадваргүй байсан ба Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлж байсан. Мөн хэрэг явдал 2023 оны 09 дүгээр сард болсон байдаг ба манай үйлчлүүлэгчийн өөрийнхөө ээжийг алдаад 49 хоног дээрээ байсан. Прокурор нь яллах дүгнэлт үйлдэхдээ манай үйлчлүүлэгчийг хэрэг хариуцах чадвартай эсэхийг бүрэн гүйцэт шалгаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл А.******* нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд зааснаар хэрэг хариуцах чадваргүй байсан нь онолыг хувьд гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөрийн үйлдлийг хариуцах буюу хэрэг хариуцах, өөрийгөө удирдан жолоодох  чадваргүй байсан. Тус яллах дүгнэлт болон гэрчийн мэдүүлэгт тодорхой байдаг.  В.*******а нь өөрийн хохирогч болоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ямар нэгэн зүй бус үйлдэл хийгээгүй байсан бол эргээд ямар нэгэн хариу үйлдэл хийхгүй байх байсан...” гэх,

Шүүгдэгч В.*******ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл: “...Өнөөдрийн байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3-т зааснаар мэдүүлэг өгсөн хүн эх сурвалжаа зааж чадаагүй. Гэрч Г.н мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2-3 удаа өөрчлөгдөж байна. Цохих гэж байгаа үйлдэл гаргасан нь нэг талд нь оногдсон гэдэг байдлаар ярьж байна. Хэргийн материалд А.ыг В.*******а цохсон гэсэн зүйл байхгүй байна. А.ын нурууг цохиогүй байгааг гэрч мэдүүлээгүй байхад. Гэрчээр өгсөн мэдүүлэгт нуруу дээр нь цохисон гэдэг. Гэрч Н. нарын хамгийн анхны мэдүүлэгт А.ыг модоор цохисон зүйл яригдаагүй байтал 20 хоногийн дараа дахин мэдүүлэг өгөхдөө өөрсдөдөө ашигтай байдлаар өгсөн байдаг. Энэ бичлэгийг хийх болсон шалтгааны хувьд толгой дээрээ цохиулаад үз л дээ, хүн ямар байдлаар байх уу. Цохиулчхаад нүүрээр нь дүүрэн цус урсаж байхад хүн өөрийгөө хамгаалахын тулд бичлэг хийсэн. А.ын толгой хэсэгт шарх болон цус харагдахгүй байсан /08 минут 43 секунд/. Тиймд А.ыг цохиогүй гэдэг нь нотлогдож байна. Миний үйлчлүүлэгч нь очиж хэрүүл хийдэг нь буруу ч бусдын өмчлөл, эзэмшил, ашиглах эрхэд халдаж, хашаа руу орсон ба үүний үр дагавар нь тухайн хүн дайрах давшлах сэтгэл зүйтэй очсон. Өөрөөр хэлбэл согтуурлын зэрэг өндөр байсан нь дүрс бичлэгт авагдсан гэрч Б.н өөрийгөө хянах боломжгүй байсан нь тогтоогдож байна. Иймд миний үйлчлүүлэгчийн цагаатгаж шийдвэрлэж өгнө үү. Гэрч Г.н оёдлын хувьд холбогдох баримтуудыг бүрдүүлэн Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үздэг ба гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь тухайн тохиолдолд үүссэн хэргийн нөхцөл байдал, өөрийн үйл явцаар, гадны ямар нэг нөлөөгүйгээр тэр хор уршгийг бодитойгоор учруулсан, түүнд шууд хүргэсэн байх учиртай.

Тухайлбал, гэмт хэргийн хор уршиг нь зөвхөн тухайн этгээдийн гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас, чухамхүү түүний шууд үйлчлэлээр зайлшгүй үр дагавар нь болж учирсан байх нь гэмт хэргийн шалтгаант холбооны үндсэн шинж болно.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг тухайн этгээд хийсэн эсэх, үүссэн хор уршиг нь үүнтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг нотлох, гэмт хэргийг зүйлчлэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх зэрэгт онцгой ач холбогдолтой юм.

Иймээс шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Н., Г. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр шүүгдэгч В.*******а хохирогч А.*******д хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан шалтгаант холбоотой байна гэж үзэн шүүгдэгч В.*******ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэлийн дүгнэлтийн шатанд хэлсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Тиймээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч В.*******ад хөнгөн хохирол,

Шүүгдэгч В.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.*******д хөнгөн хохирол тус тус учирсан ба хохирогч нар гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь А.******* гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, В.*******а гэм буруугийн талаар маргаж байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, мөн  зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******, овогт гийн *******а нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******, В.*******а нарыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалагдах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ