| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00220/И |
| Дугаар | 152/ШШ2021/00342 |
| Огноо | 2021-09-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 152/ШШ2021/00342
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З овогт Б-ын Г-ын,
Хариуцагч: УА-ын МЭГ-т холбогдох,
Тус газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс УА-ын МЭГ-т жолооч, ариутгагчаар ажилд орсон. Ажиллах хугацаандаа миний бие ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, нийгмийн идэвхтэй, хамт олонтойгоо нийцтэй эвтэй ажиллаж ирсэн. Гэтэл 2020 оны 11 дүгээр сараас эхлэн манай байгууллагын дарга М.А намайг ямар нэгэн ажилд оролцуулахгүй, эс тоосон байдал гаргаж, ажлаас минь холтгох байр сууринаас хандаж эхэлсэн. 2021 оны 2 дугаар сард ХХАА-ын сайдын тушаал гарсан гээд халах үйл ажиллагаа явагдаж эхэлсэн. Улмаар Бат-Очир овогтой Ганболдыг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс шинээр жолоочоор авч ажиллуулсан. Энэ хугацаанд 2 жолоочийн ур чадварыг шалгуулах гэж Замын цагдаагийн газарт бичиг хүргүүлсэн. 20 хоногийн дараа замын цагдаагийн бичиг харгалзахгүйгээр миний талаар янз бүрийн явуулга явуулж, улмаар энэ ажиллагаа нь бүтэлгүй болж ирэнгүүт хамт олны дотор санал хураалтыг нууцаар явуулж тухайн санал хураалтыг хамт олны дунд тоолохгүйгээр авч гарч, сольж оруулж ирж тоолсон. Энэ санал хураалт луйврын санал хураалт байсан тул би хүлээн зөвшөөрөхгүй хурлаас гарч явсан юм. Манай газрын дарга, манай байгууллагын нягтлан бодогч 2 сүүлд авсан Б-ын Г-ыг авч үлдэх гэж улайран зүтгэж, надаас өө сэв хайсан ч миний бие архи тамхи хэрэглэдэггүй, зөрчил гаргаж байгаагүй тул санал хураалт нууцаар явуулж будлиан үүсгэж, дээрх 2 хүн ашиг сонирхлын зөрчил гаргаж, намайг ажлаас шударга бусаар чөлөөлсөн гэж үзэж байна. Манай байгууллага дээр яамнаас орон тооны цомхотгол явуулах талаар ямар нэгэн тушаал заавар ирээгүй байхад байгууллагын дарга М.А, нягтлан бодогч Ц.Ө нар хууль зүйн үндэслэлгүй цомхотгол нэрээр 2 жил ажилласан намайг ажлаас чөлөөлж, шинээр ажилд авсан 2 сар хүрэхгүй хугацаанд ажиллаж буй Б-ын Г-ыг үлдээж, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Иймд 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаартай Увс аймгийн МЭГ-ын даргын тушаалыг хүчингүй болгож, намайг тухайн газрын жолоочоор эгүүлэн томилж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор соёрхон батлагдсан. Энэ хуулийн хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 267 дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газар, аймаг нийслэлд Мал эмнэлгийн газар, суманд Мал эмнэлгийн тасаг шинээр байгуулагдаж, ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А/174 дүгээр тушаалаар аймаг нийслэлийн Мал эмнэлгийн газар, сумдын Мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоо батлагдаж ирсэн. Энэ бүтцээр аймгийн Мал эмнэлгийн газарт 2 жолоочийн орон тоо батлагдаж, Б овогтой Г нь 2019 оны 2 дугаар сарын 01-нээс УА-ын МЭГ-т жолоочоор /ариутгагч/ газрын даргын тушаалаар томилогдон ажилд орсон. ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А/174 дүгээр тушаал хүчинтэй байх хугацаанд манай байгууллагын жолоочоор ажиллаж байсан Б.Ба өндөр насны тэтгэвэрт гарсан тул Б овогтой Г-ыг 2021 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс өөрийнх нь хүсэлтийн дагуу жолоочоор томилон ажиллуулсан. ХХААХҮ-ийн сайдын 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн А/13 тушаалаар Увс аймгийн Мал эмнэлгийн газрын бүтэц, орон тоо батлагдаж, нэг жолоочийн орон тоо хасагдаж ирсэн. Манай байгууллагад ажил үүрэг гүйцэтгэх 3 автомашин байгаа бөгөөд эдгээр автомашинуудыг жолоодох, эвдэрсэн үед нь засаж, засварлах, мэргэжлийн ур чадвартай, жолооч шаардлагатай болсон. Иймд энэ 2 жолоочийн ур чадварыг шалгаж өгөх талаар 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 47/28 тоот албан бичгээр Увс аймаг дахь Цагдаагийн газарт хандсан. Гэтэл тус газраас албан тоотын хариу хүсэхэд манай газрын Архив, байгууллагын нууц, бичиг хэрэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаа Э.Бат-Эрдэнэд манай байгууллагаас танай 2 жолоочийн ур чадварыг шалгах боломжгүй, байгууллагын дотоод ажилд хөндлөнгөөс оролцохгүй, танай байгууллага өөрсдөө дотооддоо шийдэх асуудал гэдэг хариултыг амаар хэлсэн. Манай байгууллагад 2 жил ажилласан, 2 сар ажилласныг үл харгалзан мэргэжлийн ур чадвартай, хамт олондоо нэртэй, хүндтэй, ажилдаа хариуцлагатай, санаачлагатай жолооч шаардлагатай байсан тул хамт олны дунд энэ 2 жолоочийн талаар санал асуулгыг комисс томилж, зохион байгуулсан. Санал хураалтын үед 18 албан хаагч байсан бөгөөд шинээр ажилд томилогдсон 2 албан хаагч энэ 2 жолоочийн талаар сайн таньж, мэдэхгүй тул санал хураалтад оролцуулахгүй гаргаж, санал хураалтад 16 хүн оролцсон. Санал хураалтын хуудсыг ЗСА-ны дарга хүний нөөц Б.Б, мэргэжилтэн О.Х нар тоолсон. Миний бие саналаа өгчихөөд саналын дүнг хамт олонд танилцуулаад, дараа нь газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ гэж хэлчихээд би өрөөндөө орсон. Намайг өрөөндөө орсны дараа МАЭМА-ны дарга Д.Г орж ирж ажил танилцуулаад сууж байтал нягтлан бодогч Ц.Ө орж ирсэн. Энэ үед ЗСА-ны дарга хүний нөөц Б.Б саналын хуудсыг барьж орж ирээд даргаа саналын хуудсыг хаана тоолох бэ? гэж асуухад хамт олны нүдэн дээр ил тоол гэж хэлээд гаргасан. Ингээд санал хураалтаар 16 албан хаагчаас 4 нь Баатарын Ганболдод, 11 нь Б-ын Г-д, 1 санал нь хоосон санал өгөөгүй хуудас байсан гэж тооллогын комисс Б.Б, О.Х нар танилцуулсан. Б.Г-ыг ажиллаж байх хугацаанд байгууллагын даргын зүгээс ёс суртахуууны болон ажлын ямар нэгэн дарамт, шахалт үзүүлж байгаагүй. Б.Г нь ажиллах хугацаандаа байгууллагын даргатай төрийн албан хаагчийн ёс зүйгүй харьцаж байсан. Албан ажлаар дуудахад хаалганы босгоны наана, цаана хөлөө тавьж, их бие нуруугаараа хаалга налж, эс тоосон байдал гаргаж, харьцсан бөгөөд би шаардлага тавихад орж ирж хуц, пязда гэх зэргээр төрийн албан хаагчаас гарах ёсгүй зан авир гаргаж байсан. Шаардах хуудас танилцуулж орж ирэхдээ амандаа дуу аялж, төрийн албаны үйл ажиллагааг эс тоосон байдал гаргасан. Б.Г намайг ямар нэгэн ажилд оролцуулахгүй, эс тоосон байдал гаргаж, ажлаас минь холтгох байр сууринаас хандаж эхэлсэн гэж байна. Б.Г хэдийгээр байгууллагын даргатай ёс бус харьцаж байсан хэдий ч энэ хүнийг ажлаас нь хөндийрүүлэх, ажлын дарамт, шахалт үзүүлэх санаа гаргаж байгаагүй бөгөөд энэ хүн өөрөө дуртай цагтаа ажилд ирж очдог, жолооч нарын ажлын цагийг тэр болгон бүртгээд, шахаад байдаггүй байсан. Жолоочийн авах ёстой цалинг цаг тухайд нь бүрэн гүйцэт олгож байсан. Иймд Б овогтой Га-ыг ажилд нь эгүүлэн авах боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч УА-ын МЭГ-т холбогдуулан тус газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан хугацааны дотор ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нь хуульд нийцсэн байна.
Хариуцагч Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/13 дугаар тушаалыг үндэслэн Б.Гыг 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгон жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ гэж, Төрийн албаны тухай хуулийн 40 дүгээр зүйлд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зохицуулсан байх ба тус хуулийн 40 дүгээр зүйлд 40.1.1 гэх заалтгүй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2021 оны А/13 дугаар тушаалаар аймаг нийслэлийн Мал эмнэлгийн газар болон сум, мал бүхий дүүргийн Мал эмнэлгийн тасгийн бүтэц, орон тоог баталсан байх ба УА-ын МЭГ-т жолооч /шуурхай үйлчилгээ/, ариутгагч жолооч гэсэн тус бүр 1 орон тоотой байсныг жолооч /сантехникч/ гэх 1 орон тоотой болсон байна.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл бүхий тушаал гаргах ёстой бөгөөд ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх ёстой.
Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д Ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2 -т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсаны улмаас ажилтнуудыг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчдөд 45 хоногийн өмнө мэдэгдэж, энэ хуульд заасны дагуу хэлэлцээ хийнэ гэж заасан ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг хуулийн хугацаанд нэхэмжлэгчид мэдэгдэж, гардуулан өгсөн байх боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй байна.
Б.Г нь УА-ын МЭГ-т ариутгагч жолоочоор ажиллаж байсан үйлчилгээний ажилтан байх тул нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Төрийн албаны тухай хууль бус Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулдаг.
Хариуцагч жолоочийн орон тоог цөөрүүлсэн гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар ариутгагч жолоочийн орон тоо хасагдсан байна. Энэ тохиолдолд хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заалтыг баримтлах нь зүйтэй.
Түүнчлэн Увс аймгийн Мал эмнэлгийн газрын даргын 2019 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дүгээр Ажилд томилох тухай тушаалаар Б.Г-ыг ариутгагч жолоочоор ажилд томилсон байх ба тус даргын 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Б/13 дугаар Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар нэхэмжлэгчийг жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлснийг ариутгагч жолоочийн үүрэгт ажлаас бүрэн чөлөөлсөн гэж үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З овогт Б-ын Г-ыг Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ариутгагч жолоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ажилд эгүүлэн тогтоох бөгөөд ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл байх тул ажлаас халсан тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч Б.Г-ын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцдэг нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Увс аймгийн Мал эмнэлгийн газраас уг шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч З овогт Б-ын Г-ыг Увс аймгийн Мал эмнэлгийн газрын ариутгагч жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Б.Г улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Мал эмнэлгийн газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ