Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнербол,

Улсын яллагч Г.Ганзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 104 дугаартай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******ид холбогдох эрүүгийн 240700000130 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Налайх дүүрэг, *******,******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******н ******* /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр согтуурсан үедээ Налайх дүүргийн *******, , тоот, гэртээ өөрийн төрсөн хүү 11 настай Ц.*******ийг “гэрийн ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар түүний толгой, нүүр хэсгийг нь алгадаж, модон сандал, модон сандлын хугарсан хөлийг авч шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: насанд хүрээгүй хохирогч *******ийн мэдүүлэг /хх-79-80/, насанд хүрээгүй гэрч ын мэдүүлэг /хх-74-75/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-14-15/, яллагдагч Б.*******ийн мэдүүлэг /хх-97-98/, гэрч *******ийн мэдүүлэг /хх-101-102/, Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 5 сарын 28-ны өдрийн 29/24 дугаартай албан бичиг, түүний хавсралт /хх-69-70/, яллагдагч Б.*******ийн Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 90.000 төгрөгийг нөхөн төлсөн баримт /хх-71/, яллагдагч Б.*******ийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээж авсан эсэхийг шалгах хуудас /хх-62/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Б.*******ийн хувийн байдлыг тодруулсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, захиргааны шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Налайх дүүргийн *******ны Засаг даргын тодорхойлолт, мөн хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...4 дүгээр сарын 24-ний өдөр ажилдаа өглөө явсан. Ажил хийх гээд хот руу каргонд явсан. Тэгээд цас их орсон байсан болохоор каргоны ачааны машин маань орж чадахгүй ухарч орж чадахгүй. Тэгээд ажлынхаа 4 хүнтэй нийлж 0.75 литрийн архи хувааж уучхаад тэгээд би наашаа Налайх руу гэртээ ирсэн. Харин хүүхдүүд маань усаа аваагүй, гэр орноо цэвэрлээгүй байсан. Тэрнээс болж би хүүхдээ зодсон нь үнэн. Тэгэхдээ тэр 3 бухимдлаа хэтрүүлж гаргасан байна лээ. Урьд нь ингэж зодож байсан юм байхгүй. Тэгээд энэ үйлдэлдээ маш их гэмшиж байгаа. Дахиж ийм үйлдэл гаргахгүй. Хүүхдээсээ уучлалт гуйсан. Дахиж ийм үйлдэл гаргахгүй...”  гэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал:

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр согтуурсан үедээ Налайх дүүргийн *******, , тоот, гэртээ өөрийн төрсөн хүү 11 настай Ц.*******ийг “гэрийн ажил хийсэнгүй” гэх шалтгаанаар түүний толгой, нүүр хэсгийг нь алгадаж, модон сандал, модон сандлын хугарсан хөлийг авч шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчоор Ц.*******ийн өгсөн: “...аав Б.******* нь архи уусан үедээ заримдаа цохиж зоддог...04 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн орчимд аав согтуу намайг түлхэж унагаад хуванцар сандлаар зүүн хөл хэсэг рүү 2-3 удаа цохиж хугарсан хэсгээр нь нүүр рүү цохиж, мөн гараараа баруун шанаа хэсэг рүү нэг удаа цохисон бөгөөд дүү болиулаад намайг зугт гэхэд би гэрээсээ гарч зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-6-7 дугаар тал/

дахин хохирогчоор 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр өгсөн: “...аав намайг гэрийнхээ ажлыг хийсэнгүй, гэртээ ус авсангүй зүгээр гэртээ хэвтээд байж байх юм уу гээд над руу манай гэрт байдаг цэнхэр өнгийн модон сандал 2-3 удаа авч шидээд сандал хугарахад хугарсан хөлийг нь над руу авч шидээд миний хацар нүүр хэсэгт оносон...” гэх мэдүүлэг /хх-79-80 дугаар тал/

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Ц.Дүүрэнцацралын өгсөн: “...том ах ******* рүү нэг удаа содон сандал авч шидээд сандлыг хөл хугарч байсан...өөр цохиж байгаагүй...бид нарыг хааяа гэрээ цэвэрлэсэнгүй гэж загнадаг...” гэх мэдүүлэг /хх-74-45 дугаар тал/
  2. Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрчээр Э.*******ийн өгсөн: “...*******ийн зүүн шанаа орчимд жижиг хөхөрсөн, баруун шанаа хэсэгт бага зэргийн хөхөрсөн байхаар нь эмээгийнх нь хамт хувцсыг нь тайлуулаад биеийг нь харахад хоёр мөр, зүүн гар хөхөрсөн зүүн хөлийн шагай орчим хавдсан байдалтай байсан. Тэгээд би сургуулийн нийгмийн ажилтан, цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-101-102 дугаар тал/
  3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 221 дугаартай "...Ц.*******ийн биед дух, баруун хацар, зүүн мөр, бугалга, шуу, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар тал/
  4. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-19-21 дүгээр тал/
  5. Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-44-48, 91-95 дугаар тал/
  6. Налайх дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 29/24 тоот “...Ц.*******т эрүүл мэндийн даатгалын сангаас 134,540 төгрөгийн тусламж, үйлчилгээ олгосон...” гэх албан бичиг, хавсралт /хх-69-70 дугаар тал
  7. Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30 дугаар тал/
  8. Захиргааны шийтгэх хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-31 дүгээр тал/
  9. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-33-43, 64-68 дугаар тал/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:

Улсын яллагч:...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох, нийтэд тустай ажил хийх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар хуульчилснаас шүүгдэгч Б.*******ид торгох ял оногдуулах нь нийцнэ гэж үзэж хуульд заасан дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тогтоосноос 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр заасан боловч шүүгдэгч Б.*******ид оногдуулсан торгуулийн ялыг түүний амьдралын түвшин, ажил мэргэшил, санхүүгийн тогтмол орлого болон шүүгдэгчийн торгуулийн ялыг төлж барагдуулах хугацааны талаарх хүсэлт, ял шийтгэлийн биелэгдэх боломж зэргийг харгалзан үзэж 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Б.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.******* нь насанд хүрээгүй хохирогч Ц.*******ийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хавтаст хэрэгт хохирлын баримт авагдаагүй, хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учир түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдвал зохино.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, ,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв

Харин шүүгдэгч Б.*******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзориг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хариуцлагаас чөлөөлүүлэх” саналтай хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/240 дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж зааснаар тус хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоосон болохыг дурдвал зохино.

Бусад асуудлаар

Шүүгдэгч нь энэ хэрэгт эд  мөрийн баримтаар болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ