| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2021/00276/И |
| Дугаар | 152/ШШ2021/00361 |
| Огноо | 2021-09-09 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 152/ШШ2021/00361
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, 1570001094 улсын бүртгэлийн дугаартай, 9065679 регистрийн дугаартай, УА-ын ПГ-ын,
Хариуцагч: Т овогт Ц-ийн С-д холбогдох,
Хохирол 1.802.432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц.С Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг зөрчиж, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр А/35 дугаартай захирамж гарган 32.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй наадмын талбай барих ажлыг тендер зарлахгүйгээр төсөвт өртгийг 4 хэсэг хувааж иргэдийн бүлэгтэй шууд гэрээ байгуулан хийж гүйцэтгүүлсэн. Тухайн наадмын талбайн гүйцэтгэлийн ажлыг Засаг даргын 2017 оны А/43 дугаартай захирамжийн дагуу ажлын хэсэг хүлээн авахад 91 хувийн гүйцэтгэлтэй буюу нийт төсөвт өртөгт ажлаас 1.802.432 төгрөгийн ажил гүйцэтгээгүй байна. Дээрх үйлдэлд прокуророос 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 193500165 дугаартай хэрэг нээн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд хэрэг бүртгэлтийн хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 217 дугаартай тогтоолоор хааж шийдвэрлэжээ. Хэдийгээр хэрэг бүртгэлтийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн байх боловч иргэн Ц.С нь тус аймгийн Өндөрхангай сумын Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг зөрчиж 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр А/35 тоот захирамж гарган 32.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй наадмын талбай барих ажлыг тендер зарлахгүйгээр төсөвт өртгийг 4 хэсэг болгон хувааж иргэдийн бүлэгтэй шууд гэрээ байгуулан олгож, улмаар нийт 32.000.000 төгрөгийн төсөвт өртөгт ажлаас 30.197.568 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн, орон нутгийн төсөвт хийж гүйцэтгээгээгүй ажлын үнийн дүн буюу 1.802.432 төгрөгийн хохирол учруулсан тул Орон нутгийн төсвөөс гарсан дээрх мөнгийг буруутай этгээдээс гаргуулах нь зүйтэй гэж үзэн, Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор прокурорын нэхэмжлэл гаргаж байна. Иймд иргэн Ц.Сгийн төрд учруулсан 1.802.432 төгрөгийг гаргуулж, Өндөрхангай сумын орон нутгийн төсөвт оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие УА-ын ПГ-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Гэхдээ энэ ажлыг хийхдээ орон нутагт бага мөнгөөр сэтгэлээрээ л хийх гэж өөрөө өөрөөсөө хүртэл мөнгө гаргасаж зүтгэсэн. Харин миний зүтгэлийг төр үнэлж чадахгүй байгаад харамсаж байна. Үүнийг шударгаар шүүж харин ч хохирлыг гаргаж өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлага 1.802.432 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх боломж байхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УА-ын ПГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э нь хариуцагч Ц.Сд холбогдуулан хохирол 1.802.432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Ц.С Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын орлогч нь Ж.Л-ын ахлагчтай иргэдийн бүлэгтэй тус сумын наадмын талбай барих ажлыг 32.000.000 төгрөгөөр хийж гүйцэтгэн, ажлаа 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр эхэлж 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор барьж дуусгахаар тохиролцсон байна.
Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг даргын орлогч болон Ж.Л ахлагчтай иргэдийн бүлгийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ.
Ж.Л ахлагчтай иргэдийн бүлэг наадмын талбайн ажлын үр дүнг 91 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан наадмын талбайн ажлын хэсгийн тайлан, Гэрэгэ-Эстимэйт ХХК-ийн мэргэшсэн үнэлгээчний 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 18/85 дугаар дүгнэлтээр тогтоогдож байна.
УА-ын ПГ нэхэмжлэлийн шаардлагаа хохирол 1.802.432 төгрөг гаргуулах тухай гэж тодорхойлсон байх боловч дээрх үйл баримтаас үзвэл ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэж үзэхээр байна.
УА-ын ПГ-ын 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 193500165 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоолоор Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С нь төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж 32.000.000 төгрөгөөр наадмын тайлбай бариулсан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн шинжтэй байх тул гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгажээ.
Гэвч УА-ын ПГ-ын 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 217 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай прокурорын тогтоолоор хэрэгт авагдсан баримтуудыг үнэлж дүгнэхэд Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С нь наадмын үйл ажиллагаа өнгөрсний дараа 2017 оны 11 дүгээр сард Засаг даргын нөөц хөрөнгөөс хурдан морины шагнал нэрээр "Баян хан хөхий" сан руу 5.000.000 төгрөг шилжүүлж албан үүрэг, бүрэн эрхийн байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна. Харин эрх мэдлээ хэтрүүлэн төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийг зөрчиж 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр А/35 тоот захирамж гарган 32.000.000 төгрөгийн төсөвт өртөгтэй наадмын талбай барих ажлыг тендер зарлахгүйгээр төсөвт өртөгийг 4 хэсэг хувааж иргэдийн бүлэгтэй шууд гэрээ байгуулан бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлийг шалгахад иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зориулалтаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр баригдсан талбайн ажлыг Засаг даргын 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/43 дугаартай захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүлээн авсан тайлангаар нийт ажлын 91 хувийн гүйцэтгэлтэйгээр наадмын талбайг хүлээн авсан, уг наадмын талбайн зах зээлийн үнэ ханш, зарцуулагдсан материал, ажлын хөлс зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр наадмын талбайг барихад зарцуулагдсан материал, ажлын хөлс нийт 30.197.568 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд орон нутгийн хөгжлийн сангаас гарсан 32.000.000 төгрөгөөс 1.802.432 төгрөгийн ажил гүйцэтгэгдээгүй болох нь тогтоогдож байна. Иймд Засаг дарга Ц.Сгийн үйлдийн улмаас үлэмж хэмжээний хохирол учраагүй байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.
Иймд Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.С-д холбогдох хэрэг бүтгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байх тул дээрх ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүргийг хариуцагч Ц.С хариуцах үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.С-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.802.432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч УА-ын ПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Дээрх ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга нь ажил гүйцэтгэгч Ж.Л ахлагчтай иргэдийн бүлгээс ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.802.432 төгрөгийг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар УА-ын ПГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдах нь зүйтэй.
Хариуцагч Ц.С-д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.С-д холбогдох, ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 1.802.432 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч УА-ын ПГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч УА-ын ПГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ