Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/141

 

2024       06          26                                        2024/ШЦТ/141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Б,

Шүүгдэгч: Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Доос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ггийн Бд холбогдох эрүүгийн 2435000000094 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... оны 8 дугаар сарын 16-нд Увс аймгийн ........... суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн ............сумын 8-р багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан Б овогт Ггийн Б /РД:.............................../.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 12 дугаар сард иргэн А.Дны 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж 2’700’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгч Г.Быг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм

буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 12 дугаар сард иргэн А.Дны 2 тооны үхрийг нууц далд аргаар  авсан болох нь:

Хохирогч А.Дны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх 2023 оны 12 дугаар сарын 17-ны үед өөрийн үхрээс 2 тооны үхэр малын бэлчээрээс алдсан зүйл байгаа. Манайх тухайн үед одоо байгаа газар болох Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Довжоот гэх газар өвөлжиж байсан. Манай үхрээс 2023 оны 12 дугаар сарын 17-ны үед алдагдсан үхэр нь 1.Мухар саарал зүсмийн хоёр чих нь он имтэй, 8 настай сувай эх үхэр, 2. Мухар саарал зүсмийн баруун чих урдаасаа он, зүүн чих нь араас нь 2 кодтой, 5 настай сувай эх үхэр нийт 2 тооны үхэр алдагдсан юм. Уг хоёр үхэр нь миний өөрийн унаган үхрүүд юм. Г.Бтай утсаар холбогдож 2 тооны үхрийн талаар асуухад миний алдсан 2 тооны үхрийг авснаа хүлээн зөвшөөрч миний 2 тооны үхрийн хохирлыг төлж барагдуулж өгнө гэж ярьснаас хойш өнөөдрийг хүртэл төлүүлж авсан зүйл байхгүй байна...миний эзэмшлийн үхрүүд Г.Бын эзэмшлийн үхэртэй нийлж байсан удаа байхгүй. Хулгайд алдсан хоёр үхрийг 11 дүгээр сарын сүүл үеэс эхэлж нэмэлт тэжээлээр хооллож байсан тул орой болгон гэртээ гүйж ирж, тэжээлээ иддэг байсан, уг үхрүүд өөр айлын үхэртэй нийлж өөр айлын хотонд очих боломжгүй. Би Г.Баас миний 2 тооны үхрийг хаанаас авсан талаар асуухад надад хандаж миний малын хотонд өөрөө гүйж ирсэн гэж худал хэлээд байгаа. Миний үхрийн бэлчээр Г.Бын бэлчээрээс 10 км зайтай, мөн эх үхэр ижил буруу сүрэгтэй нийлж явна гэж ерөөсөө байхгүй, миний бодлоор Г.Б нь миний 2 тооны үхрийг Түргэн сумын Цагаан арал нэртэй газарт бэлчээрлэж байхад нь хулгайлж авсан байх. Би түүнээс 500.000 төгрөг авчихсан байгаа, одоо 4.300.000 төгрөг төлөх ёстой бөгөөд төлж барагдуулаагүй байна. Сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-9, 11 дэх тал),

Гэрч М.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "А.Дны алдагдсан 2 тооны үхрийг Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Ггийн Б гэх залуу тухайн үед хулгайлж авсан талаараа манай хүү Дтай утсаар ярьж уучлалт гуйж энэ хавартаа тугалтай үхэр өгч хохирлыг бүрэн барагдуулна гэж ярьсан...тухайн 2 үхэр алдагдах цаг хугацаанд цастай байсан ба алдагддаг тэр шөнө шинээр цас орсон юм, тухайн 2 тооны үхрийг хайхад Тээг гэх газарт морьтой хүн 2 үхэр туусан ул мөр байснаас өөр ямар нэгэн ул мөр байгаагүй...манай худ болох Батсүх гэх хүн танай үхрийг Г.Б гэх залуу авсан байж болзошгүй гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-15 дахь тал),

Гэрч Б.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн алдагдсан хоёр тооны үхэр нь урь өмнө нь бэлчээрээс гүйж алга болж байгаагүй үхэр юм. Манай нөхөр тухайн 2 үхрийг авсан хүн нь Г.Б гэх залуу авсан байсан талаар хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-19 дэх тал),

Гэрч Т.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Нөхөр Г.Б нь цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн үеэс А.Дны эзэмшлийн 2 тооны үхрийг нөхөр Г.Б нядалж өвлийн идшиндээ хэрэглэсэн талаар мэдсэн, хэрэв энэ талаар эрт мэдсэн бол тухайн үхрийн махыг өвлийн идшиндээ хэрэглэхгүй байсан юм. Тухайн 2 тооны үхрийн махыг бүгдийг нь идэж дуусгасан бөгөөд бусдад худалдаж мөнгө авсан зүйл байхгүй юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25, 27 дахь тал),

Шинжээч Я.Нгийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай “2023 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймгийн Түргэн суманд 6, 8 настай сувай эм үхрийн зах зээлийн үнэлгээ нийт 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40 дэх тал),

Шүүгдэгч Г.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 12 дугаар сарын дунд үе 19-ний өдөр юм уу? 20-ны өдрийн аль нэг өдөр байх өдрийг сайн санахгүй байна. Улаангом сум 8 дугаар баг Тарланд бэлчээрлэж байсан миний эзэмшлийн үхэртэй ижил цагаан зүсмийн мухар 2 тооны үхэр дагаж ирсэн бөгөөд тухайн ижил зүсмийн цагаан, мухар 2 тооны үхэр миний эзэмшлийн үхэртэй 3 хоног бэлчээрт хамт явж, орой хамт ирж байсан бөгөөд хүн хайж ирэхгүй байхаар нь эзэнгүй үхэр юм байна гэж бодоод өөрийн малын хотондоо нядалж, өвлийн идшиндээ хэрэглэж идэж дуусгасан. Түүний дараа А.Д надтай ирж уулзаад миний эзэмшлийн үхрийг чи хулгайлж нядалсан байна гэж хэлэхээр нь үхэр нядалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч хоёр тугалтай үхэр, 3 настай үхэр буюу нийт-5 үхэр дээр 500.000 төгрөг өгөхөөр тохиролцож 500.000 төгрөгөө 2024 оны 04 сарын 09-ний өдрийн үед өгч, 5 тооны үхрээ 2024 оны 04 сарын 20-ны өдрөөс 2024 оны 05 сарын 20-ны өдрийн хооронд өгөхөөр тохиролцсон. Надаас манайх өвлийн идшиндээ хэрэглэсэн үхрийг хулгайн үхэр болохыг мэдээгүй, ганцхан би л мэдэж байсан. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал)-үүдээр шүүгдэгч Г.Б нь Увс аймгийн Түргэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 12 дугаар сард иргэн А.Дны 2 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан үйл баримт тогтоогдож байна.

 “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч А.Дгийн 2 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчийн нүднээс далдуур, бэлчээрээс авч, идшиндээ хэрэглэсэн үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “олон тооны мал хулгайлж” гэж энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбар: “Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна”, “олон тооны мал” гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно” гэж тус тус тодорхойлсон тул 2 тооны үхэр нь олон тооны мал болно.

Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршгийн талаар:

Шинжээч Я.Нгийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай “2023 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймгийн Түргэн суманд 6, 8 настай сувай эм үхрийн зах зээлийн үнэлгээ нийт 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг болохыг тогтоолоо.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 40 дэх тал)-ээр хохирогч А.Дны хулгайд алдсан 2 тооны үхэр  2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг болох нь тогтоогдож байна.

Хохирогч А.Дны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Г.Б нь надад учирсан хохирлыг төлж барагдуулна гэж хэлсэн бөгөөд би түүнд хандаж 1 үхрийг 1’200’000 төгрөгөөр тооцож 2 үхрийн хохирол 2’400’000 төгрөг болох ба түүнийг 1 нугалж 4’800’000 төгрөг өг гэж хэлсэн ба би түүнээс 500’000 төгрөг авчихсан байгаа. Одоо 4’300’000 төгрөг төлөх ёстой бөгөөд төлж барагдуулаагүй байна. Миний сэтгэцэд хохирол учраагүй тул сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй" гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-9, 11 дэх тал)-ээр хохирогч А.Д нь 1 тооны үхрийг 1’200’000 төгрөгөөр тооцож 2 тооны үхрийн хохирол 2’400’000 төгрөг болох ба түүнийг 2 нугалж 4’800’000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэв.

Тодруулбал, шинжээч Я.Нгийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 80 дугаартай дүгнэлтээр хохирогч А.Ды 2 тооны үхэр 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг болох нь тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Г.Б нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.Дд 500’000 төгрөг өгсөн мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч А.Ды хаан банкны 58..........42 тоот дансанд 2’200’000 төгрөгийг үхрийн төлбөр шүүх гэх утгаар шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Г.Быг хохирогчид учирсан 2 тооны үхрийн хохирол 2’700’000 төгрөг төлж барагдуулсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Баас шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

2. Шүүгдэгч Г.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч Г.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б урьд нь Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол (хавтаст хэргийн 64, 66-69 дэх тал)-оор тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн зан байдлын талаар: Гэрч Т.Тгийн өгсөн: “Нөхөр Г.Б нь зүрх өвддөг учир тогтмол эм уудаг, модон материалаар гэрийн хана хийдэг, сэтгэцийн хувьд эрүүл, элдэв муу зуршил байхгүй, согтууруулах ундааны зүйл баяр ёслолын үеэр тааруулж хэрэглэдэг, тамхи татдаггүй, нийгмийн идэвх сайтай, хүнд худлаа хэлдэггүй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв зүй сайтай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, сайхан сэтгэлтэй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал), Гэрч Б.Тын өгсөн: “Г.Б нь төрөлхийн тархины даралттай учир толгой нь өвддөг их ядрахаар ухаан алдаж унадаг. сэтгэцийн хувьд эрүүл, элдэв муу зуршил байхгүй, согтууруулах ундааны зүйл баяр ёслолын үеэр тааруулж хэрэглэдэг, тамхи татдаггүй, нийгмийн идэвх сайтай, хүнд худлаа хэлдэггүй, найз нөхдийн дунд нэр хүнд сайтай, шулуун шударга зантай, аливаа ажилд гарын эв зүй сайтай, бусадтай зөв боловсон харилцдаг, олон нийтийн дунд биеэ зөв боловсон авч явдаг, ажилсаг, бусдад тусархуу, эелдэг, зөөлөн, сайхан сэтгэлтэй, аливаа зүйлийн эв эеийг олох гэж хичээдэг, огцом түргэн ааш авир байдаггүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал)-үүд  хэрэгт авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан, 1 (нэг) жил (1) нэг сар хорих ял оногдуулж,  оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ггийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т заасан “бусдын олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г.Бад 1 (нэг) жил 1 (нэг) сар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Бад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.  Шүүгдэгч Г.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.

5. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ