Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/56

 

                  

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга  М.Э                                                      

Улсын яллагч Д.З 

Хохирогч Э.О 

Шүүгдэгч А.Ш  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т  овогт А.Ш холбогдох эрүүгийн 242.0000.0000.70 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны ... дугаар сарын .-..ны өдөр Д  аймгийн Д   суманд төрсөн, яс үндэс захчин, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамтаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   дугаар багийн Борхойн   дугаар гудамжны    тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын- Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2018/ШЦТ/104 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/01 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 470 нэгжтэй тэнцэх хэмжээний 470,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Т  овогт А.Ш  /РД:  /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ш  нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хасын гудамжны 1-1 тоотын гадаа 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.О  гар утсаараа яриулсангүй гэх шалтгаанаар уурлаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт гэмтлийг үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                               

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ш  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 03 дугаар сарын 26-ны орой найзтайгаа хамт гэрт нь 1 шил 0.75 литрийн Хараа, дахин нэг шил 0.5 литрийн Хараа архи хувааж уусан. Тэгээд би найзынхаа гэрээс гарч гэртээ харих зорилгоор алхаж яваад замд байдаг. “Мини маркет” дэлгүүрт орсон тухайн үед дэлгүүрт худалдагч эмэгтэй 2 залуугийн хамт байж байсан. Би их архи уусан байсан тул явж чадахгүй болохоор нь эхнэрээ дуудах зорилгоор тухайн худалдагч эмэгтэйгээс “гар утсаараа нэг удаа яриулаач” гээд гуйтал тэр эмэгтэй надад хандан “би гар утсаараа яриулахгүй” гэж хэлсэн. Тэгээд би тэнд байсан хоёр залуугийн нэг зүс таних залуу болох О-с “гар утсаараа яриулаач” гээд гуйтал О “нэгжгүй” гэж хэлсэн. Тэр үед миний уур хүрээд О-г “гараад ир” гээд дуудтал Одсэргочоо миний араас гарч ирсэн бөгөөд би уурандаа О-н нүүрний хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөсөн. Тэгээд О  бид хоёр заамдалцаж аваад дэлгүүрийн урд талд зодолдсон тэр үед би их согтуу байсан тул зарим зүйлийг санахгүй орж гараад байсан. Тэгээд байж байтал цагдаа болон манай эхнэр ирсэн. Би Э.О-д учруулсан хохирол мөнгөө төлж барагдуулаагүй байгаа бөгөөд би одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа тул надад гаргаад өгөх бэлэн мөнгө байхгүй байна. Би Э.О-н хохирол мөнгийг ажил хийж байгаад олсон мөнгөөрөө бүрэн төлж барагдуулна. Би өөрийн хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, би энэ үйлдэлдээ маш их харамсаж байна дахин ийм үйлдэл гаргахгүй гэжээ. /хх-ийн 73-74/   

Шүүгдэгч А.Ш шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.   

Хохирогч Э.О  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 03 дугаар сарын 25-ны орой 20 цагийн орчим Замын-Үүд сумын 3 дугаар баг Хасын 1-1 тоотод байх хүнсний дэлгүүр дотор сууж байтал ул таних залуу гаднаас орж ирээд гар утсаараа нэг яриулчих гэж хэлсэн тэгээд би тэр хүнд хандан ахаа надад нэгж байхгүй гэж хэлтэл тэр хүн надтай хамт байсан манай эгчид хандан тэгвэл чи яриулчих гэж хэлсэн тэгтэл манай эгч Ө  би утсаар яриулахгүй ээ шөнө орой хүн амьтан залгаад байдаг юм гэж хэлтэл тэр үл таних эрэгтэй хүн сүртэй муу хар гичийнүүд вэ? гэж хэлээд дэлгүүрээс гараад явахдаа намайг чи гараад ир гэж хэлсэн. Тэгээд би тэр хүний араас гараад очтол тэр хүн үгийн зөрүүгүй миний үүдэн шүдний хэсэгт нэг удаа мөргөсөн тэгээд би өөдөөс нь түлхээд бид хоёр зодолдоод намайг заамдаж чирээд дэлгүүрийн хажуу талын модон доор унагааж байгаад толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна. Би тэр хүнийг танихгүй өмнө нь харж байгаагүй хүн байсан. Харин тухайн үед би царайг нь сайн харж авсан тул одоо дахиад харвал танина. Тухайн үед тэр үл таних залуу намайг гар утсаараа яриулсангүй гээд уурласан уурандаа намайг цохиж зодсон. Тэр залуу эхлээд миний нүүрний үүдэн шүдний хэсэгт нэг удаа мөргөсөн. Тэгээд заамдаж чирээд модны хажууд авч очиж байгаад газарт унагаад толгой хэсэг рүү хэд хэдэн удаа хөлөө өшиглөсөн. Би тэр хүнээс өөрийн биеэ хамгаалах гэж нэг удаа хөл рүү нь хавирч унагасан өөр цохиж зодоогүй. Тухайн манай эгч Ө  мөн дэлгүүрээр үйлчлүүлж байсан Э  гээд ах байсан. Би эрүүл мэндийн хувьд хохирсон тул гомдолтой байна. Би А.Ш-н хүүхэдтэй хамт нэг газарт ажилладаг байсан, тэр үеэс хойш буюу 2022 оноос хойш мэддэг болсон. Би А.Ш-тай ойр дотно харилцаатай байгаагүй зүгээр зүс таньдаг байсан. А.Ш-т зодуулснаас үүдэлтэй миний 1 шүд хугарч унасан, 1 шүд хөдөлгөөн орсон бөгөөд тэр шүд нь салхинд ил гаргах үед их янгинж өвддөг. Би одоо ямар нэгэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, амбулаторийн хяналтад ороогүй байгаа. Миний шүдийг эмчлэхэд 3.000.000 төгрөг болно гэж шүдний эмнэлгээс надад бичиг хийж өгсөн би тэр мөнгийг нэхэмжилж байна. А.Ш  надад ямар нэгэн эмчилгээний зардал мөнгө төлж барагдуулаагүй. Би эрүүл мэндийн хувьд хохирсон тул гомдолтой байна гэжээ. /хх-ийн 06-07, 79-80/

Хохирогч Э.О  шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэгтээ: Хохирол төлбөрөө барагдуулаад авбал санал гомдолгүй гэв.

Гэрч Б.Ө  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдрийн орой 19 цагийн үед би дэлгүүртээ О-н хамт байж байтал гаднаас нэг үл таних залуу орж ирээд надаас “гар утсаараа яриулчих” гэсэн. Тэр үед нь би “утсаараа яриулахгүй” гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу надад хандан “сүртэй гичий вэ” гэж хэлээд гарахдаа О-г “гараад ир” гэж хэлээд гараад явсан. Тэр үед манай дэлгүүрээр үйлчлүүлж байсан ах араас нь гараад явсан бөгөөд би дэлгүүртээ үлдсэн. Тэгээд хэсэг хугацааны  дараа би дэлгүүрээс гараад хартал тэр үл таних залуу дэлгүүрийн зүүн талд нилээн зайтай О-г зодсон байсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн гэжээ. /хх-ийн 14-15/

Гэрч У.А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн О  гэх хүн нь манай эмнэлэгт шүдээ унагаасан шүд хийлгэх гэсэн юмаа гэж хэлээд үзүүлсэн. Тэгээд би эмчилгээний хувилбаруудыг үнийн саналын хамт танилцуулсан. Тэгтэл тэр хүн өөрөө дундаж үнэ бүхий шүдийг сонгосон. Тэр хүний сонгосон шүд нь авагддаггүй гүүрэлсэн шүдийг сонгосон бөгөөд тэр шүд нийт эмчилгээ үйлчилгээ суулгац нийлээд ойролцоогоор 3.040.000 төгрөг болсон. Тэр хүнийг би ямар учраас шүдээ унагаасан юу болсон талаар би огт мэдээгүй мэдэх ч шаардлага надад байхгүй. Тэр хүн эмчилгээний аль ч хэлбэрийг сонгож болно би зөвхөн танилцуулах үүрэгтэй. Энэ хүний шүдийг үзээд бичиг хийж өгөөд явуулсны дараа миний нэг үл таних эмэгтэй залгаад намайг бичиг өсгөн гэж загнаж дарамталсан ийм учраас би энэ хүмүүстэй дахин уулзмааргүй байна гэжээ. /хх-ийн 95-96/

Шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ний өдрийн 04/47 дугаартай дүгнэлт: 1.Э.О-н биед зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал, хүзүү орчмоор цус хуралт, баруун өвдгөнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4.Э.О-н биед үүссэн зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 19-20/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42, 47/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2024 оны 04 сарын 16-ны өдрийн прокурорын тогтоол /хх-ийн 66-68/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 97-98/

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс татгалзах тухай 2024 оны 05 сарын 02-ны өдийн 07 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 103/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч А.Ш  нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хасын гудамжны 1-1 тоотын гадаа 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 20 цаг орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.О-г гар утсаараа яриулсангүй гэх шалтгаанаар уурлаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж биед нь зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт гэмтлийг үүсгэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.О-н мэдүүлэг /хх-ийн 06-07, 79-80/, гэрч Б.Ө  /хх-ийн 14-15/, гэрч У.Алтаннавч /хх-ийн 95-96/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04/47 дугаартай дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч А.Ш-н гэм буруутай үйлдэл, хохирогч Э.О-д учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Э.О  нь эрүүл мэндэд учирсан хохиролд 3,000,000 төгрөгөөр шүд хийлгэн гэж шүүгдэгчээс нэхэмжилдэг боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Харин "Сэтгэцэд учирсан хор уршиг" гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно. Хохирогчид учирсан зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт, баруун дээд 1 дүгээр шүдний сулрал нь хохирогчийн биед өвдөлт, зовуурь, шаналалыг бий болгож амьдралын хэвийн байдалд сөргөөр нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт, Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 сарын 03-ны өдрийн 25 дугаартай хуралдааны тогтоолын хавсралтын 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал зэргээр тооцож   хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэдүүлсэнтэй тэнцэх хэмжээний /660,000х5/ тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийг шүүгдэгч А.Ш-с гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 сарын 13-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор хөдөлмөр хөлсний доод хэмжээг сард 660,000 төгрөг байхаар тогтоосон болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч А.Ш-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн хувийн байдал, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзээд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн 2024 оны 05 сарын 22-ны өдрөөс 2024 оны 05 сарын 29-ныг хүртэл нийт цагдан хоригдсон 7 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцов. Шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт А.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А. Ш-г 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш  нь оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч А.Ш-с 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.О-д олгож, 3,040,000 төгрөгийн эмчилгээний зардлаа хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ш  цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ш-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.БОЛОРМАА