Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/00164

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00765 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00777 дугаар магадлалтай,

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох,

155,257,806 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 155,257,806 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00765 шийдвэрээр: Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 413.11, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 82,831,288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 72,426,518 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,092,480 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 572,106 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00777 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00765 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч "М” ХХК-аас тээвэр зуучийн гэрээний үүрэгт 101,910,226 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, үлдэх 53,347,580 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...56.1...” гэснийг хасч, “...572,106 төгрөгийг...” гэснийг “...667,501 төгрөгийг...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч талын хэн алины гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “П” ХХК-аас 2024 оны 03 сарын 26-ны өдөр урьдчилан төлсөн 520,090 төгрөг, хариуцагч “М” ХХК-аас 2024 оны 03 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 574,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны журмаар гомдол гаргаж байна.

Шүүхийн үйл ажиллагаа Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно, нөгөө талаас иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн хүрээнд талуудын шударгаар шүүлгэх эрхийн тэнцвэртэй байдлыг хангах нь бүх шатны шүүх, нэн ялангуяа шүүх эрх мэдлийн шатлалын дээд байгууллага хяналтын шатны шүүхийн үүрэг билээ. Шүүх бүр хэрэг маргааныг шийдвэрлэгчийн хувьд талуудын хоорондын үл ойлголцлыг хуулийн дагуу шударга ёсыг дээд зэргээр хэрэгжүүлж байвал бид бүхэн ийнхүү түвэг учруулахын хэрэг юу байх билээ. Гэвч энэхүү маргааны хувьд хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, хуулийг зөрүүтэй, буруу хэрэглэж байна.

Иймд энэхүү алдаа мадагтай асуудлыг хавтаст хэргийн материал, хоёр шатны шүүхийн шийдвэр, бидний гаргасан давж заалдах гомдол болон хариу тайлбар, энэхүү гомдолтой минь нэг бүрчлэн танилцаж үзсэний үндсэн дээр хянан шийдвэрлэж өгөхийг шударга ёсны үүднээс хүсэж байна.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухайд.

4.1.1.     Анхан шатны шүүх “маргаан бүхий чингэлэг ачааг авчирсны дараа хүлээлгэж өгөх хүртэл хугацаа (2022.07.30-2022.09.06)-нд “И” ХХК-ийн талбайг ашиглаж, “Б” ХХК-ийн чингэлэгийг түрээсэлж байсан болох нь тогтоогдож байна” хэмээн нэхэмжилсэн нэмэлт зардлын талыг манай компаниас гаргуулахаар шийдвэрлэсэн байдаг. Бидний зүгээс давж заалдах гомдолдоо шүүхийн нотлох баримтаар тооцож байгаа хэрэгт авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй баримт болохыг дурдаж, нотлох баримтаар үнэлж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчиж байгаа талаар гомдол гаргасан.

Гэтэл давж заалдах шатны шүүх эдгээр байдлыг анхаараагүй төдийгүй манай компаниар бүх зардлыг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Бичгийн нотлох баримт нь гарын үсэг бүхий эх хувь эсхүл нотариатаар баталгаажуулсан хуулбар байж нотлох баримтаар үнэлэгдэх учиртай. Гэтэл хоёр шатны шүүхээс нотлох баримтаар тооцож байгаа баримт нь дээрх шаардлагын алийг нь ч хангаагүй болно.

4.1.2. Хэрэв нэхэмжлэгч дээр дурдсан нэр бүхий байгууллагуудын талбай, эд хөрөнгийг ашиглаж байсан тэр тусмаа холбогдох зардлыг өөрсдөөсөө гаргаж төлсөн бол энэхүү зардлаа санхүүгийн анхан шатны баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл зөвхөн нэхэмжлэхийн хуулбар хавсаргасан байгаа нь хангалтгүй юм. Зүй нь нэхэмжлэгч бусдад төлсөн зардлаа албан ёсны нотлох баримтаар нотолж байж биднээс шаардах учиртай. Хоёр шатны шүүх дурдсан байдлыг анхаарч үзэлгүй нэхэмжлэгч компанид нэмэлт зардлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж байна.

Ийнхүү нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг хууль бусаар нотлох баримтад тооцсон байдал нь шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гаргахад хүргэж, үр дагаварт нь шударга ёс зөрчигдсөн төдийгүй манай компанийн эрх ашгийг хохирооход хүргэж байна.

4.1.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” гэх үндэслэлүүд нь зөвхөн анхан болон давж заалдах шатны шүүхийн хамаарлыг тогтоогоогүй гэж үзэж байгаа. Учир нь Улсын дээд шүүх нь Шүүхийн тухай хуульд зааснаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, эрх зүйг хөгжүүлэх чиг үүргийнхээ хувьд нөгөө хоёр шүүхээсээ ялгарч, шүүхийн шинэчлэлийн хүрээнд онолын шүүхийн чиглэлд эргэлт буцалтгүй орсон билээ. Энэ үүднээсээ шатлалын хувьд адил түвшний шүүхүүд ижил төстэй хэрэг маргаанд хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг гомдол гарсан тохиолдолд нэг бүрчлэн хянан үзэх, засаж залруулах эрх хэмжээ бий, ингэж ч байж хуулийн нэгдмэл хэрэглээ тогтоогдох учиртай.

Иймд бидний маргаан бүхий тохиолдолтой ижил төстэй хэрэг болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.12.12-ны өдрийн 181/ШШ2022/02941 дугааргай шийдвэр, мөн хэргийг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/МА2023/00383 магадлалтай хэрэгт асуудлыг шийдвэрлэсэн байдлыг товч танилцуулах шаардлага байна.

Хоёр маргааны ижил нөхцөлүүд:

- Хоёр маргаан хоёул Зуучлал (тээвэр)-ын гэрээнээс үүдэлтэй.

- Хоёр маргаанд нэхэмжлэгч нь нэг этгээд буюу “П” ХХК.

- Ачаа тээвэрлэсэн байдал цаг хугацааны хувьд ойролцоо буюу 2021 оны 11 сар, 2022 оны 01 сар.

- Үндсэн нэхэмжлэл нь тээврийн зардал болон нэмэлт зардал гаргуулах.

Хоёр маргаанд дараах яг ижил зүйл, зохицуулалтаар тохиролцоо хийсэн. Үүнд:

- Тээвэр зуучийн гэрээний 3.1.11-д заасан Тээврийн хөлс нэмэлт зардлаас үүдэн өөрчлөгдөх тохиолдолд бодит шалтгаан нөхцөлийг тодорхойлсон баримтыг 3 хоногийн дотор нэхэмжлэгч тал хариуцагч талд хүргүүлж баримтаар баталгаажуулж тооцоо нийлж байж гэрээний үндсэн төлбөр дээр нэмэгдэх.

- Мөн гэрээний 1.7-д заасан үйлчлүүлэгчийн ачилтын захиалгыг “мэйл хаягаар”, (Хавсралт 2)-ын дагуу авсны дараа ажлын 2 хоногийн дотор тээврийн хөлс, бусад холбогдох нэмэгдэл зардал хураамж болон зуучийн үйлчилгээний хөлсийг оруулан үйлчлүүлэгчтэй бичгээр тохирч гарын үсэг зуруулсан “Үнийн санал-н дагуу нэхэмжлэх өгөх.

- Мөн гэрээний 3.2.3-д үйлчлүүлэгч нь зуучийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлс, нэмэлт зардлууд болон зуучлалын хөлсийг хавсралт №2 “үнийн санал”-д заасан хугацаанд төлөх гэх мэт.

- Маргааны зүйлд хийсэн шүүхийн дүгнэлт: чингэлэг ачааг тээвэрлэхэд нэмэлт зардал гарсан нь үндэстэй эсэх, нэхэмжлэгч шаардах эрхтэй эсэх, тээвэрлэлтийн хугацаа хоцорсонд нэхэмжлэгч буруутай эсэх, учирсан гэх хохирлыг хариуцах эсэх.

Ийнхүү тус хоёр хэргийн нэхэмжлэгч нь нэг этгээд буюу “П” ХХК бөгөөд бидний маргаанаас өмнө энэхүү дурдсан төстэй хэргээр маргаж байсан нь ач холбогдолтой болно.

Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч талаас нэмэлт зардалд 11,990,022 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх “...чингэлэг ачаа тээврийн зардал ямар шалтгаанаар нэмэгдсэн талаар мэдэгдсэн баримт хэрэгт авагдаагүй..., нэмэлт хөлсийг баримтаар баталгаажуулан хөлс нэмэгдэх болсон бодит шалтгаан нөхцөлийг тодорхойлсон баримт мэдээлэл тогтоогдоогүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй буюу ИХШХШтХ-ийн 25.2.2 болон 38.1-д заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй” гэж үзэж нэмэлт тээврийн хөлс гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх тээврийн хөлс нэмэгдсэн болох нь баримтаар нотлогдоогүй, ийнхүү нотлох үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй, цугларсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна гэж дүгнээд шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээжээ.

Маргааны хувьд ижил төстэй хэргийг тэр тусмаа хуулийн адил шаардлага тавигдаж байгаа үйл баримтад шүүхүүд хоёр өөрөөр шийдвэр гаргаж байгаа нь хяналтын шатны шүүхийн шүүлтүүрээр зайлшгүй орж нэг тийш шийдэгдэх нь хууль хэрэглээний нэгдмэл байдал төдийгүй хуулийн өмнө шударгаар шүүлгэх эрхийн бодит хэрэгжилт болно гэж үзэж байна.

4.2. Шүүхүүд хуулийг зөрүүтэй хэрэглэсэн тухайд.

Нэгдүгээр хэсэгт дурдсан үндэслэлүүд бол хэргийн ижил төстэй байдал дээр нотлох баримтыг үнэлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөр шийдвэр ялгаатай байдлаар гарахад нөлөөлсөн фактууд бол энэ хэсгийн үндэслэл нь хэргийн ялгаатай байдал бүхий нөхцөлд хуулийн ижил заалтыг хэрэглэснээр шүүхийн алдаатай шийдвэр гарахад нөлөөлсөн фактын талаар юм. Аливаа маргаан түүний үйл баримт яг ижил гэж юу байхав, өөрийн өвөрмөц онцлог байж л таараа, энэ ч үүднээс ижил төстэй хэрэг гэж бичих, түүнд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах гэж ярьж байгаа билээ. Иймээс дурдсан хоёр хэрэгт энэхүү гомдолд ач холбогдол бүхий зайлшгүй анхаарвал зохих дараах ялгаатай талууд байгаа юм. Үүнд:

Хоёр маргааны ялгаатай нөхцөлүүд:

- Манай маргааны хувьд талууд гэрээний 5-р зүйлдээ давагдашгүй хүчин зүйлийн зохицуулалтыг тусгаж, нөгөө талдаа даруй мэдэгдсэн тохиолдолд үүрэг биелүүлэх хугацаа энэ хүчин зүйлийн үргэлжлэх хугацаагаар хойшилно гэсэн бол нөгөө хэргийн маргааны хувьд гэрээндээ давагдашгүй хүчин зүйлийн зохицуулалтыг тусгаагүй.

-  Мөн манай маргааны хувьд талуудын тохирсон замналаар тээвэрлэлтийн нийт хугацааг 55-65 хоногоор тогтоосон бол нөгөө маргаанд тодорхой хугацаа тохироогүй.

Ийнхүү хоёр маргаанд зарчмын зөрүүтэй зохицуулалтууд үйлчилж байхад хоёр маргааныг шийдсэн шүүхүүд тус бүртээ “...тухайн цаг хугацаанд халдвар цар тахлын нөхцөл байдал, ...хорио цээрийн... улмаас хил гаалийн хэвийн үйл ажиллагаа алдагдсан, ...ачаа тээвэрлэлт удааширсан нь нийтэд илэрхий үйл баримт...” хэмээн үзэж, хугацаа хэтэрсэн хохирлыг нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй гэсэн адил дүгнэлтэд хүрсэн байдаг. Гэвч энэ дүгнэлтийг тээвэрлэлтийн хугацаа тохироогүй, гэрээндээ давагдашгүй хүчин зүйлийн зохицуулалтыг тусгаагүй нөгөө маргааны хувьд хэрэглэх нь байж болох зүйл хэдий ч манай маргааны хувьд гэрээндээ ачаа оруулж ирэх хугацаагаа тодорхой зааж, давагдашгүй хүчин зүйлийг хэрхэн даван туулахаа талууд тодорхой тохиролцсон байхад шүүх нийтлэг жишиг баримтлах нь гэрээний чөлөөт байдалд халдаж, хууль хэрэглээний зөрүүг бий болгож байна.

Дээр дурдснаар бидний байгуулсан гэрээнд давагдашгүй хүчин зүйл бий болсон тохиолдолд нэн даруй мэдэгдэх, энэ тохиолдолд үргэлжлэх хугацаагаар үүрэг биелүүлэх хугацаагаа хойшлуулахаар туйлын тодорхой байсан. Шүүх ийм тохиолдолд гэрээг биелүүлэх явцад дурдсан зүйл үүссэн үү, бий болсон уу, хэрэв бий болсон бол нөгөө талдаа нэн даруй мэдэгдсэн үү, тэр давагдашгүй хүчин зүйлийн хугацаагаар гэрээний үүрэг сунгагдсан уу гэдгийг л үнэлэх байлаа. Талууд энэхүү гэрээг 2022 оны 1-р сард байгуулсан, тэгвэл энэ үед дэлхий нийтийг хамарсан хорио цээр байсан байхад талууд ингэж гэрээндээ тусгасны учир юу вэ, ямар утгатай байх вэ, гэдгийг шүүх анхаарч үзсэнгүй.

Тодруулбал энэ тохиолдолд нөгөө маргаантай адил хэргийг шийдвэрлэж Иргэний хуулийн 222-р зүйлийг баримтлах нь хуулийн нэгдмэл хэрэглээ бус харин эсрэгээрээ хууль хэрэглээний зөрүү бий болгож байна, өөрөөр хэлбэл хуулийн энэ зохицуулалт манай маргаанд хэрэглэгдэхгүй гэсэн үг юм.

4.3. Бусад үндэслэл.

Нэхэмжлэгч нь 2023.09.21-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ “...тээвэрлэгчийн шаардсан хөлсийг цаг тухай бүрт нь төлөөгүйн улмаас ачаа бараа саатах шалтгаан бий болсон...” гэж тайлбарладаг. Гэтэл тээвэрлэгч үйлчлүүлэгчээс  хөлс шаардах, хариуцлага тооцох зохицуулалт гэрээнд байхгүй, харин гэрээний 4.2-т зааснаар ачаа Улаанбаатар хот дахь Гаалийн хяналтын бүсэд ирсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор “П” ХХК-ийн нэхэмжлэлээр тээврийн хөлсийг шилжүүлэх үүрэг хүлээсэн. Үүнээс үзэхэд зөвхөн зуучлагч, үйлчлүүлэгч нарын хооронд гэрээний харилцаа үйлчлэх учраас ачаа бараа саатсан шалтгааны талаар нэхэмжлэгч огт үндэслэлгүй тайлбар хийж байна. Харин маргаан бүхий хоёр хэрэгт нотлох баримтаар авагдсан дараах баримтуудад анхаарал хандуулах нь зүйтэй. Үүнд:

Манай маргааны хавтаст хэргийн 89-92 талд “D” ХХК-аас 2022.04.19-ний өдөр хариуцагчид цахимаар ирүүлсэн: “...тээвэрлэлтийн төлбөрийг П-с 100% бүрэн авах байсан ...харамсалтай нь олон удаа хэлэлцэж ...мэдэгдэж, албан бичиг явуулаад ч одоог хүртэл ямар ч төлбөр аваагүй байна... төлбөрийн асуудлаас болоод бид чингэлгийг илгээх боломжгүй байна...” гэсэн шүүхийн үзлэгээр орж нотлох баримтаар авагдсан и-мэйл,

Нөгөө ижил төстэй маргаан буюу “П” ХХК-ийн нэхэмжлэгчээр оролцсон хэргийн шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2 дэх хэсэг, хариуцагч талын гаргасан тайлбарт “...манай компани руу БНХАУ-ын олон улсын тээвэр зууч C гэгч компаниас байнга утсаар залгаж танай харилцагч “П” ХХК манай C компанид их хэмжээний өртэй, тиймээс бид барьцаа болгож хэд хэдэн чингэлгийг Монгол руу явуулахгүй байгаа, та бүхэн “П” ХХК-д нөлөөлж шахаж өгнө үү гэж хэлдэг байсан. Тэр болгонд нь “П” ХХК-ийн удирдлагуудад нь мэдэгддэг байсан” гэжээ.

Дурдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “П” ХХК нь БНХАУ-ын Тяньжин боомтод үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанид өр төлбөртэй байсны улмаас энэхүү маргаан бүхий хоёр хэргийн хувьд үйлчлүүлэгч нарын ачаа барьцаалагдсанаас ачаа тээвэрлэлт хугацаандаа Монголд ирж чадахгүй байсан нь үндсэн шалтгаан болж байжээ. Энэхүү байдал нь мөн чанартаа Хятадын компанид “П” ХХК өртэй байсныг давхар нотолж буй хэрэг юм. Түүнээс цар тахлын нөлөөллөөс шууд болоогүй гэж үзэж байна.

Дээр дурдсан байдлыг шүүхүүд тал бүрээс нь бүрэн бодитой үнэн зөвөөр дүгнэж чадаагүй нь тун харамсалтай байх тул дээрх үндэслэлүүдээр Улсын дээд шүүхэд хандсан билээ. Иймд энэхүү гомдлыг хүлээн авч “П” ХХК-ийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус бүр хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэлэлцээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.06.13-ны өдрийн 001/ШХТ2024/00783 дугаар тогтоолыг гаргажээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч “П” ХХК хариуцагч “М” ХХК-д холбогдуулан тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр болон нэмэгдэл зардал нийт 155,257,806 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ: “...2022.01.17-ны өдөр байгуулсан Тээвэр зуучлалын үйлчилгээний гэрээний дагуу хариуцагчийн  6 чингэлэг бүхий ачааг БНСУ-аас БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан Улаанбаатар чиглэлд тээвэрлэх үйл ажиллагаанд зуучийн үүрэг гүйцэтгэж, ачааг хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь тээврийн хөлсийг төлөөгүй, түүнчлэн ачааг Монгол улсад авч ирсний дараа ачаагаа хүлээж авахгүй удааж, нэмэлт чингэлэг түрээсэлж, ашиглалтын зардал бодогдож манай компанид хохирол учруулж байна. Иймд тээвэрлэлтийн төлбөр 17,910 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 62,157,371.4 төгрөг, мөн гаалийн талбайн ажил үйлчилгээ, талбайн зардал, чингэлэгийн түрээс зэрэг нэмэлт зардлын төлбөр 41,347,833 төгрөг, нийт 103,505,204.68 төгрөг болж байна. Талууд гэрээнд төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол алданги тооцохоор харилцан тохиролцсон, алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 51,752,602 төгрөг болж байх тул нийт 155,257,806 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна...” гэж тайлбарласан,

Хариуцагч тайлбартаа: “...тээврийн төлбөр 17,910 ам.долларыг нэхэмжлэлд дурдсан өдрийн ханшаар тооцож 2022.09.20-ны өдөр 58,456,628 төгрөгийг нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн, нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон хугацаанд барааг хүргэж ирээгүй бөгөөд гэрээний хавсралт дахь тээврийн үнийн саналд тусгаснаар гаалийн талбайн зардал, түрээс зэрэг зардлууд нь тээврийн үнийн дүнд багтсан, ачаа удаан хүлээлгэсэнд манай компани буруугүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.

8. Анхан шатны шүүх “...зохигчийн хооронд тээвэр зуучлалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь гэрээнд заасан ачааг тээвэрлэх, тээвэр зуучийн үйлчилгээг үзүүлж ачааг үйлчлүүлэгч буюу хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн тул гэрээгээр тохирсон төлбөрөө шаардах эрхтэй, талууд гэрээний үүргийг хэрхэн биелүүлсэн талаар болон хугацаа хэтрүүлсэн, түүнчлэн алданги тооцох үндэслэл байгаа эсэхийг харилцан тооцоо нийлж баталгаажуулаагүй тул хариуцагчийн гэрээний үнэд 17,910 ам.долларыг төлж тооцоог дуусгасан гэх тайлбар үндэслэлгүй. Тээврийн хөлс нийт 35,820 ам.доллараас хариуцагч нь 17,910 ам.долларыг төлсөн тул үлдэгдэл 17,910 ам доллар төлөх үүрэгтэй, ачааг Улаанбаатарт ирсний дараа хүлээлгэн өгөх, хүлээж авах үед талууд хэн аль нь хугацаа хэтрүүлсэн буруутай тул нэмэлт зардлын шаардлагын 50 хувь болох 20,673,165 төгрөгийг хариуцагчаас гаргуулна, харин зохигч гэрээг цуцалсан, тээвэрлэлтийн хугацаа болон зардал, үлдэгдэл төлбөрийн талаар гэрээг дүгнэсэн баримтгүй, түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсанаас хойш нэг жилийн дараа нэхэмжлэл гаргаж, алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй...” гэж дүгнэн, хариуцагчаас нийт 82,831,288 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол,

Давж заалдах шатны шүүх: “...анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, зуучлуулагч нь ачааг бүрэн, доголдолгүй хэлээж авсан тул гэрээгээр тохирсон хөлсийг төлнө, иймд үлдэгдэл хөлс 17,910 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 62,157,371 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д нийцсэн байна. Тээврийн зуучлалын гэрээнд зуучлуулагч нь тээвэр зуучлалын хөлснөөс гадна бусад нэмэлт зардал, хохирлыг зуучлагчид төлөх үүрэг хүлээсэн, 6 чингэлэг бүхий ачаа Улаанбаатар хотод ирснээс хойш зуучлуулагч ачааг авах хүртэл хугацаанд нэмэлт зардал гарсан нь “И” ХХК-ийн нэхэмжлэхээр нотлогдож байх боловч эдгээрээс гаалийн талбайн дотоод зардал буюу ажил үйлчилгээний хөлс, чингэлэг ариутгалын зардал, вагон тавилт, таталт, ашиглалтын хөлс тээврийн үнийн саналд тусгагдсан байх тул хасч, үлдэх талбайн зардал болон түрээсийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэгтэй, алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв...” гэсэн дүгнэлт хийж, хариуцагчаас нийт 101,910,226 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

9. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.

10. Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан тээвэр зуучлалын төлбөр 17,910 ам.доллар буюу 62,157,371 төгрөг, нэмэлт зардал 41,347,833 төгрөг, алданги 51,752,602 төгрөг, нийт 155,257,806 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Зохигч 2022.01.17-ны өдөр Тээврийн зуучлалын үйлчилгээний гэрээ байгуулж, тус гэрээгээр зууч буюу нэхэмжлэгч нь  үйлчлүүлэгч буюу хариуцагчийн захиалгын дагуу үнийн саналд заасан тээврийн замналаар 6 чингэлэг ачааг БНСУ-аас Улаанбаатар чиглэлд тээвэрлэх үйл ажиллагаанд зуучийн үүрэг гүйцэтгэж, ачааг үйлчлүүлэгчид хүлээлгэж өгөх,  үйлчлүүлэгч буюу хариуцагч нь тээвэрлэгдэж ирсэн ачааг шилжүүлэн авч, хөлсийг үнийн саналд заасан хугацаанд төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

Хариуцагчийн захиалсан 6 чингэлэг ачаа 2022.02.24-ний өдөр БНСУ-ын Бусан хотоос гарч, 2022.02.25-ны өдөр БНХАУ-ын Тяньжин боомтод хүрч, 2022.07.05-ны өдөр Замын-Үүд, 2022.07.30-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн, ачааг захиалагчид 2022.09.06-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогджээ.

11. Зохигчийн хооронд тээвэр зуучлалын гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, гэрээ хуулийн шаардлага хангасан талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-д нийцжээ.

Нэхэмжлэгч нь барааг захиалагчид хүлээлгэн өгч, тээврийн хөлс 35,820 ам.долларын нэхэмжлэх үйлдэж 2022.09.05-ны өдөр илгээсэн, хариуцагч төлбөрт 17,910 ам.долларыг 2022.09.20-ны өдрийн ханшаар тооцож 58,456,628 төгрөгийг төлсөн бөгөөд тухайн үед ачааг харилцан тохиролцсон хугацаанд ирүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн тул алданги тооцож, төлөх ёстой төлбөрөөсөө хассан гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч үлдэгдэл төлбөрийг шаардсан ба талууд харилцан тооцоо нийлээгүй, хариуцагч нь дээрх төлбөрийн тооцоог баримтаар нотлоогүй үндэслэлээр хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үлдэгдэл 17,910 ам.долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож, 62,157,371 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв, хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн байна.

12. Харин алдангид 51,752,602 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба гэрээгээр тохирсон алдангийн зохицуулалт хуульд нийцээгүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, улмаар шүүхийн дээрх шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

13. Нэхэмжлэгч нь нэмэлт зардалд 41,347,833 төгрөг гаргуулахаар шаардсаныг хоёр шатны шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, шүүх нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж маргажээ.

Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба судалж болно гэж, 38 дугаар зүйлийн 38.5-д нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол тэдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус зохицуулжээ.

Нэхэмжлэгч нь нэмэлт зардлаа нотолсон гэх баримтыг шүүхэд хуулбараар өгсөн боловч тэдгээр нь нотариатчаар гэрчлүүлээгүй байх тул хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримт гэж үзнэ.

Хэрэг шүүхэд хянагдах явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр тэдгээр баримтын хадгалагдаж байгаа гэх нэхэмжлэгчийн ... имэйл хаягт үзлэг хийлгэж, бэхжүүлсэн талаар үзлэгийн тэмдэглэл үйлдсэн байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2-т үзлэг, туршилт хийх, таньж олуулах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагаа гүйцэтгэхэд тэмдэглэл үйлдэнэ, 51.5-д тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ... гэжээ.

Хэргийн 106-108 дугаар талд авагдсан үзлэгийн тэмдэглэлд үзлэг хийсэн газар тодорхойгүй, үзлэг эхэлсэн, дууссан цаг бичигдээгүй, техникийн шинжтэй алдаа байгаа боловч үзлэгийн ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүний овог, эцгийн нэрийг бичээгүй, үзлэг эхэлсэн огноо засвартай, улмаар үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг, өөрөөр хэлбэл үзлэгээр нотлуулах гэж буй баримтуудыг хэрэгт байгаа баримттай хэрхэн харьцуулсан талаараа тодорхой тусгаагүй байх тул тэмдэглэл хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

Хоёр шатны шүүх дээрх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй байна.

Ийнхүү үзлэг хийсэн тэмдэглэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нь нэмэлт зардалд 41,347,833 төгрөг шаардсан үндэслэлээ өөр баримтаар нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийн холбогдох шаардлагыг хангахгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчил шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул ноцтой зөрчил гэж үзэхгүй.

15. Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 210/МА2024/00777 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2024/00765 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...82,831,288...” гэснийг “...62,157,371...” гэж, “...72,426,518...” гэснийг “...93,100,435...” гэж, 2 дахь заалтын “...572,106...” гэснийг “...468,736...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийн гомдлын заримыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-аас 2024.05.20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 674,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

                           ШҮҮГЧИД                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                  Н.БАЯРМАА

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД