Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 132

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Н.Мөнхцэцэг

хохирогч Ц.Маралмичид түүний өмгөөлөгч Ж.Батбаяр

шүүгдэгч Э.Оюунгэрэл түүний өмгөөлөгч А.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 7-нд Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, 27 настай, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо 29 дүгээр байрны 108 тоотод одоо түр оршин сууж байгаа,   Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 1 дүгээр баг, Тавин ерөө гол гудамж 15-69 тоотод оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, /РД:МЕ90110704/ Боржигон овогт Энэбишийн Оюунгэрэлд холбогдох  201726020625 дугаартай эрүүгийн  хэргийг 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Э.Оюунгэрэл нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их-Улс” нэртэй зочид буудлын 1 давхарт “буудлын төлбөр тооцоон дээр  новширлоо” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар Ц.Маралмичидийг түлхэн унагаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхэд талуудын гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Оюунгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт: 2017 оны 2 дугаар сарын 13-нд би Их-Улс нэртэй зочид буудалд найз Маралмичидтэй орсон. Буудлын өрөөнд ороод Маралмичид бид хоёр пиво ууцгаасан. Маралмичид пиво уучихаад явлаа гэхээр нь би 2-лаа энд хамт хоноё гэснээс, мөн буудлын тооцооноос болж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Маралмичид миний хажууд ирж сууснаа намайг хүзүүдэж аваад заамдсан чинь миний зүүн талын чихний өрөөсөн ээмэг унасан. Тэр ээмгээ олоогүй. Тэгээд Маралмичид өглөө хүрээд ирье гэж хэлээд буугаад  явсан. Би араас нь хувцсаа өмсөөд буусан. Буудлын үүдний ресепшн дээр очоод би урьдчилж өгсөн байсан 20000 төгрөгнөөсөө 3 пивоны мөнгийг суутгаад авчих гээд яриад байж байтал намайг үлдээгээд Маралмичид буудлын үүд рүү шууд гараад явах гэхээр нь би Маралмичидийн цээж хэсэг рүү нь жаахан түлхсэн чинь хойшоо хөл алдаад буудлын шилэн хаалга мөргөхөд шилэн хаалга хагарч Маралмичид  унасан. Маралмичидтэй эмчилгээний зардлыг нь төлөх талаар би уулзахад надаас 15 сая төгрөг нэхэмжилнэ гээд байсан болохоор би хүлээн зөвшөөрөхгүй байсан юм гэв.

 

Хохирогч Ц.Маралмичид шүүхийн хэлэлцүүлэгт:  Оюунгэрэл бид хоёр өмнө нь Сөүл паб бааранд  хамт ажиллаж байсан 8 жил найзалж байна. 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр намайг гэртээ байж байхад  Оюунгэрэл манайд нөхрөөрөө хүргүүлээд хүрээд ирсэн.  Тэгээд Оюунгэрэл намайг “найзындаа Оюунгэрэлтэй хамт бууз хийж хонох гэсэн юм гэж хэлээд өгөөч” гээд гуйгаад байхаар нь би нөхөрт нь “манай найзынд хамт бууз хийж хонох гэсэн юм” гэж хэлэхэд нөхөр нь зөвшөөрсөн. Тэгээд тэр шөнөө Оюунгэрэл бид хоёр Оюунгэрэлийн найз Мөөгийгийнд хамт хоносон. Маргааш нь буюу 2017 оны 2 дугаар сарын 13-нд 13-14 цагийн орчим Мөөгийгийнхөөс гарч яваад Оюунгэрэл бид хоёр манай найз Энэбиштэй уулзаж хамтдаа Богд-Ар хорооллын Хятад ресторанд орж хоол идсэн. Хоол идэж дуусаад Оюунгэрэл караокед орж дуулмаар байна гэхэд манай найз Энэбиш тэгье гэсэн. Тэгээд Оюунгэрэлийн таньдаг эгчийнх нь караокед хамт орж 2-3 цаг болсон. Биднийг караокед байж байхад бидэн дээр манай найз охин, Энэбишийн хоёр эрэгтэй найз нь нэмэгдэж ирсэн. Манай найз охин удаагүй яваад өгсөн. Тэгээд караокегоос 23 цагийн орчим гарсан чинь Оюунгэрэл надад “би нөхөртэйгээ хирэлдсэн, гэртээ харимааргүй байна, хамт буудал ороё” гэсэн.  Тэгэхээр нь би “надад мөнгө байхгүй” гэхэд Оюунгэрэл “надад 20000 төгрөг мөнгө байгаа” гэхээр нь хамт Их-Улс нэртэй буудалд орсон. Би Оюунгэрэлд 2-лаа мөнгө төгрөг байхгүй юм чинь 20000 төгрөгөндөө уусан пивоныхоо мөнгийг тооцоолоод эндээс явъя гэр, гэртээ харъя гэж хэлэхэд Оюунгэрэл энд хоноё өглөө ямар ч байсан хүн амьтан руу яриад мөнгө төгрөг болох байлгүй гэхээр нь би ямар ч байсан явлаа гэж хэлээд буудлын өрөөнөөс гарахад Оюунгэрэл араас гарч ирээд миний араас нилээн ууртай түлхсэн. Би буудлын шилэн хаалгыг мөргөж унаад дээрээс  шил хагарч би гэмтсэн. Миний эмчилгээтэй холбогдох бодитоор 946.450 төгрөгийн зардал гарсан. Өмгөөлөгчид би 100.000 төгрөг төлсөн. Надаас бодитоор нийт 1.046.450 төгрөгийн зардал одоогоор гарчихсан байгаа. 5 дугаар сарын 15-нд хагалгаанд ороход 800.000 төгрөг хэрэгтэй байгаа.  одоо Оюунгэрэлээс нийт 1.846.450 төгрөг нэхэмжилж байна. Би өмнө нь эрх зүйн мэдлэггүйгээс болоод Оюунгэрэлээс 15 сая төгрөг нэхэмжилж байсан юм гэв.     

 

Шүүгдэгч Э.Оюунгэрэлийн хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа / хх-ийн 47/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Э.Оюунгэрэл нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их-Улс” нэртэй зочид буудлын 1 давхарт хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй маргалдаж улмаар Ц.Маралмичидийг түлхэн унагаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Маралмичидийн”...2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр манай найз Оюунгэрэл би хүнтэй уулзах гэж байна би нөхөртөө чамтай уулзаж танайд бууж хийж байгаа гээд хэлсэн байгаа шүү асуувал тэгж хэлээрэй гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн тэгээд маргааш нь 2 дугаар сарын 12-ны өдөр манай гэрт Оюунгэрэл 20 цагийн орчим ирээд намайг ирээд авчихаарай гэсэн бөгөөд ирэхийнхээ өмнө манай найз  Ээгийгийн гэрт бууз хийх гэж байгаа шүү нөхөрт тэгж хэлээрэй гээд нөхөр Ганзоригоор хүргүүлэн ирэхээр нь би манай найзынх хойно байдаг юм бид хоёр алхаад  орчихъё бууз хийх гэж байгаа гэсэн. Тэгээд бид хоёр манайд орж хувцасаа сольчихоод Оюунгэрэлийн таньдаг нэг эрэгтэйгийн гэрт Баянзүрх дүүргийн “Home Plaza”-ын хажууд байрлах байранд байдаг Мөөгий гэдэг залуугийнд очиж нэг хоноод маргааш өдөр нь 2 дугаар сарын 14-ний өдөр ..23 цагийн орчим гараад гараад зочид буудал ороё гээд Оюунгэрэл дагуулаад үүд рүү гарсан. Тэгсэн би гэр рүүгээ харихгүй ээ би нөхөртэйгээ хирэлдчихсэн байгаа надад байгаа нь 20.000 төгрөг байна юу ч гэсэн 2-уулаа эхний ээлжинд 20.000 төгрөгөө өгөөд маргааш гарахдаа тооцоогоо гүйцээгээд өгчихье  би хүмүүстэй яриад мөнгө олчихье гээд бид хоёр буудалд 3 шил пиво аваад орсон. Тэндээ байж байгаад би хоёулаа  энд хонох шаардлага байна уу 20.000 төгрөг нь цагийн мөнгө болчих байлгүй 2-уулаа гэр гэр рүүгээ харьцгаая гэж хэлсэн чинь Оюунгэрэл чи новшроод байхын намайг хаяж явах гэлээ гээд байхаар нь би буудлын өрөөнөөс гараад явсан чинь араас гарч ирээд хэрүүл хийгээд чи мөнгөн дээрээ новширлоо гээд хэрэлдсэн. Би текний хажууд зогсож байсан чинь намайг явуулахгүй зулгааж байгаад намайг түлхсэн чинь би хойшоогоо савж толгойгоороо шилэн хаалгыг мөргөж хаалга хагарч дээрээс унаж нүүр толгой, уруул хэсэг зүсэгдсэн. /хх-ийн 15/ гэсэн,

 

гэрч Г.Түвшин-Эрдэнийн”...би тухайн үед Их-Улс зочид буудалд ресепшнээр ажиллаж байсан бөгөөд текний урд өндөр шардуу царайтай, жирэмсэн намхан 2 эмэгтэй маргалдаж жирэмсэн нь чи намайг орхиж явах гэлээ гээд өндөр шар царайтай эмэгтэй нь баруун гараараа цээж хэсэг рүү нь түлхсэн чинь нөгөө эмэгтэй нь арагшаа хоёр алхаад унахдаа  шилэн хаалганы доод хэсэгт мөргөөд унасан чинь хаалга хагарч эрүү, уруул хэсэгт дээрээс нь шил унасан.

..жирэмсэн түлхэж унагадаг эмэгтэй нь зогсож байгаад баруун гараараа нөгөө эмэгтэйн цээж хэсэгрүү айхтар хүчтэй түлхээгүй гар хүрээд больсон юм. ...унадаг эгч нөгөөхөө бодоход согтолттой байсан /хх-ийн 19/

 

сэжигтэн Э.Оюунгэрэлийн:..”2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ...бид хоёр ярилцаад буудлын өрөө рүү орохоор болцгоосон. Би надад байсан 20.000 төгрөгөө өгөөд 50.000 төгрөгийн  өрөөнд орсон.  Ороод байж байтал араас 3 ширхэг пиво ресепшин нь оруулж ирсэн тэгэхээр нь би юун пиво бэ гэсэн чинь танай найз захиалсан гэж хэлсэн. Тэгээд бид нэг нэг ширхэг пиво уугаад гарахаар болсон чинь намайг байж бай би өглөө мөнгө аваад хүрээд ирнэ гээд байхаар нь маргалдаад доошоо гараад Маралмичид буухаар нь араас нь дагаад буусан. Бид хоёр ресепшины урд очоод пивоны чинь  мөнгө хэд юм бэ буудлаа хүлээгээд авчих чи намайг тооцоон дээр орхиж явах гэлээ гээд Маралмичидийг цээж хэсэг рүү нь түлхсэн тэгсэн арагшаагаа унахдаа рестораны шилэн хаалгыг мөргөөд унасан чинь шилэн хаалга хагараад дээрээс нь унасан. /хх-ийн 38/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон, 

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2894 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:Ц.Маралмичидийн биед доод уруул зүүн завж, эрүүнд гүн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, хуйханд шарх, баруун хонгонд цус хуралт, бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх-ийн 22/ гэсэн дүгнэлт, хохиролын баримт /хх-ийн 25, 28-31/, эмчид үзүүлсэн гэх баримт /хх-ийн 26/ зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Иймд Боржигон овогт Энэбишийн Оюунгэрэлийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан ял оногдуулж шийдвэрлэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Э.Оюунгэрэлд ял оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэв. 

 

Шүүгдэгч Э.Оюунгэрэл жирэмсэн болох нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн магадлагаагаар нотлогдсон тул баривчлах ял оногдуулахгүй, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 240.000х5=1.200.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.  

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Маралмичид  “эмчилгээтэй холбогдох 946.450 төгрөгийн бодит зардал, өмгөөлөгчид би 100.000 төгрөг төлсөн, хагалгаанд ороход 800.000 төгрөг хэрэгтэй байгаа нийт 1.846.450 төгрөг нэхэмжилж байна гэж мэдүүллээ. 

 

Хохирогч Ц.Маралмичид өмгөөллийн хөлсөнд 100.000 төгрөг нэхэмжилснийг шүүх хэрэгсэхгүй болгов.

Учир нь өөрийн сонгож авсан өмгөөлөгчтэй харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр төлсөн өмгөөллийн хөлсийг шүүгдэгч Э.Оюунгэрэлээс гаргуулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Харин, шүүгдэгч Э.Оюунгэрэлээс 946.450 төгрөг гаргуулж хохирогч Ц.Маралмичидэд олгож, хохирогч цаашид хийгдэх эмчилгээтэй холбогдох 800.000 төгрөгийн нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.