Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1017

 

 

М.Нд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Зориг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Энхболд,  

шүүгдэгч М.Нгийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Удвал,    

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Мижиддоржийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай прокурорын эсэргүүцлийг үндэслэн М.Нд холбогдох эрүүгийн 1910000000664 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 9-нөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-нд шилжих шөнө 24-01 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 348 тоотод Х.Улаанхүүтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож биед нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалтууд, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины эрс хаван, дух, зулайн хуйх ба дух ясны гадна хальсны цус хуралт бүхий гэмтлийг учруулсны улмаас амь насыг нь хохироосон буюу хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас:

М.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:    

Хан-Уул дүүргийн Прокуророос М.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчлөн зүйлчилж, М.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт зааснаар М.Нд 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Нд оногдуулсан 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Нгийн цагдан хоригдсон 242 /хоёр зуун дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт М.Н нь 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгийг хохирогчийн ар гэрт нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогчийн нэхэмжлэлээс үлдэх амь хохирогчийг оршуулахтай холбоотой баримтгүй гарсан зардал гэх 3.313.500 төгрөгийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Удвал нь амь хохирогчийг оршуулах зардалтай холбоотой хохиролд нэхэмжилсэн шаардлагад хамаарах нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлаж, энэ хэрэгт М.Нгийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор Г.Мижиддорж эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул хүлээн авах боломжгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ “...Шүүгдэгч М.Нгийн үйлдсэн гэмт хэргийн тухайд, хохирогчийн амь насыг хороох санаа зорилго агуулаагүй хэдий ч хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ санаатай хандсан...” гэжээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол гэмт хэрэг шууд бус санаатай үйлдсэн гэж үздэг.

М.Н нь амь хохирогч Х.Улаанхүүтэй маргалдан, нүүрэн тус газар нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх, хана пийшин мөргүүлэх зэрэг санаатай үйлдлээрээ Х.Улаанхүүгийн амь насыг нь хохироох нөхцөл байдалд хүргэсэн буюу гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан болох нь гэрч Э.Бямбын “...Нямцэрэн Улаанхүү ахыг элэгдэж унагаад, ханан пийшин нуруугаараа налаад сууж байхад нь нүүрэнд нь 4-5 удаа өшиглөсөн. Бас сууж байхад нь гараараа нүүрэнд нь цохиод байсан. Энэ үед Улаанхүү ах толгойн ар хэсгээрээ ханан пийшин мөргөөд байсан... Нямцэрэн нь л зодоод ийм болгосон. Зөв зүгээр эрүүл саруул байсан. Гэхдээ Нямцэрэн аймаар хүчтэй нүүрэнд нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг, /хх 28/, гэрч Б.Отгонцэцэгийн “...Тэр залуу орж ирээд Улаанаа буюу Бямбааг хардаад байх шиг байсан. Орж ирээд учиргүй Улаанхүүг зодоод эхэлсэн. Улаанхүү байшинд орж ирээд диванархуу юман дээр суусан. Тэр хамт орж ирсэн залуу...хажууд суусан байсан. Хамт орж ирсэн залуу эхлээд толгой, тархи руу цохиод авсан ба Улаанхүүг газар унах үед өшиглөөд эхэлсэн. Бямбаагийн хуучин нөхөр гэх залуу Улаанхүүг чирээд жижиг өрөө рүү аваад явсан. Тэнд оруулаад өшиглөөд байсан. Би харж байсан...эхлээд толгой, нүүр ам хэсэгрүү цохиод байсан. Олон удаа цохиод байсан. Таарсан газар руу толгой тархи, бие цээж рүү өшиглөөд байсан Би их л зэрлэг залуу байна гэж бодож байсан” гэх мэдүүлэг /хх 30-31/ ШШҮХ-ийн ШЭШХ-ийн шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 10 дугаар сарын 3-ны өдөр гаргасан 1976 дугаартай “...талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан...” гэх дүгнэлт /хх 56-60/ зэргээр тогтоогдож байна.

      Түүнчлэн шүүх шийдвэртээ “хүнийг санаатай алах болон хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн ялгаа нь...гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсч нас барсан зэргээр тус тус ялгагдана” гэжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн шүүх эмнэлгийн цогцост шинжилгээ хийсэн 1976 дугаартай “...гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэсэн...” гэх дүгнэлт болон гэрч Э.Бямба, Б.Отгонцэцэг нарын мэдүүлгээр М.Н нь Х.Улаанхүүгийн нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, дэвсэх, пийшин мөргүүлэх зэргээр тодорхой үргэлжилсэн хугацаанд буюу 10 орчим минут зодсоны улмаас талийгаачийн гавал тархинд хүнд хохирол учирсны улмаас нас барсан болох нь тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохироосноор төгс үйлдэгдсэнд тооцогдох ба хохирогч гэмтэл авсан даруй нас барсан, эсхүл хэсэг хугацааны дараа нас барсан байдал хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

Өөрөөр хэлбэл гэмт этгээдийн үйлдэл нь хохирогч нас барсан үр дагавартай шалтгаант холбоотой байдаг нь хүнийг алах гэмт хэргийн шууд санаатай байх шинж бөгөөд хохирогч хэзээ нас барсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй.

      Шууд бус санааны хүсэл зоригийн шинж нь өөрийн үйлдэл, эс үйлдлийн улмаас учрах хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнийг зориуд бий болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдэл, эс үйлдлийнхээ хор уршигт яасан ч яахав гэсэн идэвхгүй байр сууринаас харьцдаг ба хор уршиг учруулахыг хүсээгүй боловч үйлдлээрээ түүнд зориуд хүргэсэн байх нь шууд бус санааны хүсэл зоригийн гол шинж болдог.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.   

 

Прокурор П.Энхболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Г.Мижиддоржийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй. ... гэв.

 

Шүүгдэгч М.Нгийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд хэргийн зүйлчлэлийг зөв дүгнэж шийдвэрлэсэн. Иймд прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Удвал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан гэж үзэж байна. Хүний амь насыг хохироосон байхад 9 жилийн хорих ял оногдуулсан нь үндэслэлгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

 Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг М.Нд холбогдох эрүүгийн 1910000000664 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.   

 

М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 9-нөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-нд шилжих шөнө 24-01 цагийн үед Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 14 дүгээр гудамжны 348 тоотод Х.Улаанхүүтэй маргалдан, нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож, Х.Улаанхүүгийн биед “...тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалтууд, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины эрс хаван, дух, зулайн хуйх ба дух ясны гадна хальсны цус хуралт...” гэсэн хүнд гэмтлийг учруулсан, тус гэмтлийн улмаас хохирогч Х.Улаанхүү нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Удвал /1хх 20-22/, гэрч Э.Бямба /1хх 25-29/, гэрч Б.Отгонцэцэг /1хх 30-31/, гэрч Х.Отгончимэг /1хх 32-34/, гэрч Д.Ганзориг /1хх 35-36/, гэрч С.Болороо /1хх 39-40/, гэрч Б.Мөнхнасан /1хх 41-42/, гэрч Б.Одгэрэл /1хх 53-55/, шинжээч эмч Б.Ундармаа /1хх 76-77/ мэдүүлгүүд,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн №1976 дугаартай цогцост хийсэн шинжилгээ /1хх 56-60/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын 1160 тоот дүгнэлт /1хх 67/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтас хэргийн материалаах хийсэн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №2 дугаартай, хавтас хэргийн нэмэлт материалаар хийсэн 2020 оны 2 дугаар сарын 5-ны№228 дугаартай /1хх182-187, 236-241/ дүгнэлтүүд,

 

хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч С.Одонхүүгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 11-12, 13-18, 19-25, 26-30/, Амь хохирогч Х.Улаанхүүгийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 13-15/  зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

 

Анхан шатны шүүхийн “М.Нгийн Х.Улаанхүүтэй маргалдан, нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож, Х.Улаанхүүгийн биед хүнд гэмтэл учруусан, тус гэмтлийн улмаас хохирогч Х.Улаанхүү нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нас барсан...” гэж хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Шүүгдэгч М.Нгийн хохирогч Х.Улаанхүүгийн биед хүнд хохирол санаатай учруулж, уг гэмтлийн улмаас хохирогч Х.Улаанхүү нас барсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах...” гэмт хэргийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн  шинжийг бүрэн агуулсан буюу уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэж, гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй. 

 

Прокуророос “М.Нгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алах” гэмт хэргийн шинжтэй байхад шүүх үндэслэлгүйгээр зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон зүйлчилсэн...” гэсэн агуулга бүхий улсын яллагчийн эсэргүүцэл бичжээ.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч М.Н нь 2019 оны 9 дүгээр сарын 9-нөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-нд шилжих шөнө 24-01 цагийн үед Х.Улаанхүүтэй маргалдан, нүүрэн тус газар нь цохих, өшиглөх, дэвсэх зэргээр зодож, түүний биед “...тархины зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны дэлбэнгийн хатуу хальсан доорхи цусан хураа, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалтууд, баруун, зүүн тал бөмбөлгийн суурийн хэсгийн тархины эдийн няцрал, тархи дарагдал, тархины эрс хаван, дух, зулайн хуйх ба дух ясны гадна хальсны цус хуралт...” гэсэн хүнд гэмтэл учируулсан, уг гэмтэл нь үүсгэгдсэн даруй эмнэлгийн тусламж авсан бол амь нас нь хохирохгүй байх боломжтой байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 1976 дугаартай /1 хх 56-60/, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2 дугаартай /1хх 182-187/ шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Мөн хохирогч Х.Улаанхүү нь Х.Нямцэрэнд 2019 оны 9 дүгээр сарын 9-нөөс 2019 оны 9 дүгээр сарын 10-нд шилжих шөнө зодуулан амь насанд аюултай хүнд гэмтэл авсан боловч 2019 оны 9 дүгээр сарын 13-ний өдөр хүртэл эмнэлгийн тусламж аваагүй болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Удвалын “...Сураг сонсоход миний төрсөн ах Улаанхүү нь бусдад зодуулж, улмаар гэмтлийн эмнэлэгт хүргэгдэн очоод гэмтлээ даалгүй нас барсан гэж дуулсан...” /1хх 20-22/,

 

гэрч Х.Отгончимэгийн “...2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр унтаж байхад 07 цагийн үед гаднаас Х.Улаанхүү бага зэрэг архи үнэртүүлсэн байдалтай орж ирсэн. Тухайн үед нүд нь хөхөрсөн байдалтай, хамарнаас нь цус гарчихсан байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “намайг шар Нямка зодчихлоо” гэхээр нь би “тэгвэл цагдаад хэлээч дээ” гэтэл “за яахав гайгүй байлгүй дээ, нүд юм харахгүй байна” гэж байсан. ... Ингээд би дэлгүүр дээр байж байтал 11 цагийн үед Х.Улаанхүү гаднаас орж ирсэн бөгөөд надад хандан “аниа миний толгой аймаар өвдөөд байна аа, нүд бас л юм харахгүй байх юм” гэж хэлсэн. Мөн би гэрэлтэйд сайтар хартал хоёр нүд нь хөхөрч нэлээн хавдсан, хамар нь мурийсан харагдаж байсан. ... ажил дээр байж байтал манай нөхөр Ганзориг 09 цагийн үед ирээд “Х.Улаанхүү эвгүй болчихсон байна, гар нь татаад байна” гэж хэлэхээр нь яараад шууд гэрт иртэл Х.Улаанхүү ухаангүй байдалтай юм ярихгүй өмдөндөө шээчихсэн, хурхираад байсан. Ингээд л бид нар 86241877 дугаараас 103 дугаарт 12 өнгөрч байхад дуудлага өгтөл удалгүй түргэн ирж үзээд “биеийн байдал муу байна, зүрхний пульс муу байна” гэж хэлээд шууд гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Улмаар толгойн томографи зураг авахуулсан. Ингээд тасагруу орж амжаагүй амилахуйн тасагт байхад 12 цаг 30 минутад дүү маань нас барсан...” /1хх 32-34/,

 

гэрч Б.Одгэрэлийн “...би тухайн үед Нийслэл түргэн тусламжийн төвийн ХУД дэх салбарт дуудлагын эмчээр ажиллаж байсан. 2019-09-13-ны өдөр ХУД-ийн 8 хорооны нутаг дэвсгэрт 40 орчим насны эрэгтэй ухаангүй байна гэсэн дуудлагын дагуу очиход байшин дотор диванархуу оронд хойшоо гэдийж налаад суусан ухаангүй бүр хөхөрсөн байдалтай байсан. Хойшоо хэвтүүлж хэлийг гаргаж амьсгалын замыг чөлөөлөхөд амьсгалсан. Амин үзүүлэлт нь муу багассан байсан. Хэвтүүлээд машинд насылкаар оруулж ГССҮТ-д сэхээн амьдруулах тасагт хүргэж өгсөн. Энэ талаар цагдаад мэдэгдэж дуудлага өгсөн...төрсөн эгч гэх эмэгтэй уйлаад байсан. “...энэ эмэгтэй хүүхдүүд нь архи ууж байхдаа 2 хоногийн өмнө зодуулсан гэж байсан...” /1хх 53-55/,

шинжээч эмч Б.Ундармаагийн “...ямар хугацаанд амьд явахыг нарийвчлан тогтоох боломжгүй...гавал тархины гэмтэл нь биеийн гадна хэсэгт үүссэн гэмтэлтэй нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой...” /1хх 76-77/ гэх мэдүүлгүүд,

 

гэмтэл согог судлалын үндэсний төвийн “...эмнэлэгт үзүүлсэн он, сар, өдөр: 19.09.13 -12.00” гэсэн тохиолдлыг бүртгэх хуудас /1 хх 197/,

 

эмнэлгийн яаралтай тусламж 103-ийн “...яаралтай тусламжид ирсэн огноо: 2019-09-13 өдөр. 12 цаг 15 минут.  ...1230  цагт нас барав...” гэсэн яаралтай тусламжийн хуудас /1 хх 198-199/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

 

2015 оны Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг:

2.1 дүгээр зүйл. Гэмт хэргийн ойлголт шинж

...2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

2.4 дүгээр зүйл. Гэм буруугийн холимог хэлбэр

1. Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ.

2. Энэ хуулийн тусгай ангид гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдсэн гэмт хэргийн шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг тусгайлан заана.

 

2.5 дугаар зүйл. Гэмт хэргийн хохирол, хор уршиг

1. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.

2. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно. ...” гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг ялгаж үзэх талаар тодорхой заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн

 

“...11.1 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах.

1. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан...

 

...2.5. энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэж хүний эрүүл мэндэд хүн хохирлыг санаатай учруулсан хохирлын улмаас үүссэн үр дагавраас шалтгаантайгаар хохирогч нь нас барсан хор уршиг учирсан бол тус зүйлд заасан гэмт хэрэг болохыг, хор уршиг нь тус гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохыг тодорхой заажээ.

 Иймд шүүгдэгч М.Нгийн хохирогч Х.Улаанхүүг зодсон үйлдэл нь шууд санаатай үйлдэгдсэн “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг”  бөгөөд харин уг хүнд хохирлынхоо улмаас хохирогч Х.Улаанхүү нас барсан нь хүнд гэмтэл гэсэн хохирлын улмаас үүссэн хор уршиг нь байна гэж үзнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнээд прокуророос шүүгдэгч М.Нгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн ирүүлсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно. ...” гэж зааснаар хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан” Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн хүндрүүлэх шинжээр зүйлчилснийг үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял  шийтгэнэ.” гэж зааснаар М.Нд 9 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн арга зэрэгт болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцжээ.  

 

Иймд прокурор Г.Мижиддоржийн бичсэн “...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. ...” гэсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.  

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/305 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Мижиддоржийн бичсэн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 37 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.  

  

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.БАТСАЙХАН

              ШҮҮГЧ                                                         Б.ЗОРИГ

              ШҮҮГЧ                                                         Д.ОЧМАНДАХ