Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2117

 

О.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02057 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Мгийн ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч О.Мгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч О.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ховд аймгийн Мөст сумын нефть агуулахад тоног төхөөрөмжийн засварчингаар 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1997 оныг дуустал ажилласан. Нийгмийн даатгалын дэвтэр алга болсон учир шүүхэд хандаж байна. Иймд ажиллаж байсан үеийн тушаал шийдвэр, улсын хяналтын байцаагчийн дүгнэлт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг үндэслэн тухайн үед хамт ажиллаж байсан П.Норолхоо, Б.Цэцэгбаяр нарыг гэрчээр асууж Ховд аймгийн Мөст сумын нефть агуулахад тоног төхөөрөмжийн засварчингаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү  гэжээ.

 

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан /РД:ПИ68042605/ Буур овогтой Ойдовын Мөнхтүвшин 1995 оноос 1997 он хүртэл Ховд аймгийн Мөст сумын нефть агуулахад тоног төхөөрөмжийн засварчингаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч О.М давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие О.М нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохоор 1995 он, 1996 он, 1997 он гэж нэхэмжлэхэд шийдвэр нь 1997 он хүртэл гэж гарсан байна. 1997 оныг оруулж өгсөн. Иймд 1998 он хүртэл гэж гаргаж өгнө үү. Иймд миний нотлох баримтыг үндэслэн 1997 оныг оруулан гүйцэд гаргаж өгч тусална уу гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

        Нэхэмжлэгч О.М нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. /хх.1/

 

      Нэхэмжлэгч О.М нь Ховд аймгийн Мөст сумын нефть агуулахад тоног төхөөрөмжийн засварчингаар 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 1997 оныг дуустал ажиллаж байсан болох нь гэрч П.Норолхоо /хх.18-20, 28/,  Б.Цэцэгбаяр /хх.21-23, 29/ нарын мэдүүлэг, 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Ховд аймгийн Нефть баазын даргын 16 дугаартай тушаал /хх.5/ 1989 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Ховд аймгийн Нефть баазын даргын 24 дугаартай тушаал /хх.7-8/, Ховд аймгийн онцгой байдлын хэлтсийн гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч С.Өлзийхишигийн 1997 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 102 дугаар дүгнэлт /хх.9/ 1995 оноос 2006 он хүртэлх хугацаанд О.М нь тус аймгийн Нефть хангамжийн баазад ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэлийн талаар гаргасан Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн архивын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн лавлагаа /хх.10-11/, Ховд аймгийн Мөст сумын Нефть бааз “Резервуарын техникийн пасспорт” /хх.12-13/, нэхэмжлэгч О.Мгийн ажиллаж байсан Нефть баазыг уг хугацаанд хугацаанд үйл ажилллагаа явуулдаг байсан гэдгийг тодорхойлсон 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Ховд аймгийн Мөст сумын Засаг даргын 1/55 дугаартай тодорхойлолт /хх.14/, “НИК” ХХК Ховд аймаг дахь нефть хангамжийн салбарын даргын 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 90 дугаартай тодорхойлолт /хх.15/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

           

         Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгч О.Мг Ховд аймгийн Мөст сумын нефть агуулахад тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэсэн нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан ажилласан жилийн хугацааг нэг жилээр дутуу тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 1997 оныг дуустал ажилласан гэж бичсэн болон хэрэгт авагдсан баримтуудаар 1997 оныг дуустал ажилласан болох нь тогтоогдож байхад шүүх 1997 оныг хүртэл гэж бичсэн нь алдаатай болжээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/02057 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...1997 он хүртэл...” гэснийг “1997 оныг дуустал” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Мөнхүвшингийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО    

           

                                   ШҮҮГЧ                                     А.ОТГОНЦЭЦЭГ

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ