Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/58

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Болормаа даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э 

Улсын яллагч Д.З 

Шүүгдэгч А.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны  1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт А.Ар  холбогдох эрүүгийн 242.0000.5700.78 тоот хэргийг 2024 оны 05 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ....... оны ....дүгээр сарын... .-ний өдөр Дорноговь аймгийн . ........суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, Замын-Үүд шилжүүлэн ачих ангид пүүлэгч ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум  ... дүгээр баг ........ тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 сарын 14-ний өдрийн 2021/ШЦТ/34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт А.А  /.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.А  нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 22-ны шөнийн 22 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг заан зоогийн уулзвар дээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан (1.22%) үедээ Тоёото кровн маркийн 33-04 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.А  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа согтуурсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 22-ны шөнийн 22 цагийн орчимд Тоёото кровн маркийн 33-04 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Замын-Үүд сум 1 дүгээр баг заан зоогийн уулзвар дээр замын хөдөлгөөнд оролцсон болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 04/, Цагдаагийн ерөнхий газар бүртгэл хяналтын төвийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 24/860 дугаартай албан тоот /хх-ийн 12/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 14/, шүүгдэгч А.А-н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 51-52/, гэрч Б.Г-н мэдүүлэг /хх-ийн 57-58/, гэрч Э.Одбилэгийн мэдүүлэг /хх-ийн 65-66/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б  овогт А.А-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 3,500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 3,500,000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А  нь оногдуулсан 3,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 584,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.БОЛОРМАА