| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2024/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/64 |
| Огноо | 2024-06-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Х
улсын яллагч Г.Г
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Э овогт Н.Б холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 242.000.092.0095 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1 оны 05 дугаар сарын 28-ны өдөр аймгийн т суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, өртөөний жижүүр мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамтаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын дугаар баг тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Э овогт Н.Б
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны хажуугийн зам дээр тоёота приус-40 маркийн 05-28 УЕУ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Н.Б мэдүүлсэн: “...Найз нартайгаа пиво уугаад машин барьсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчимд найз Дулмаагийн гэрт найз Огторгуй нарын хамт 0.5 литрийн 9 ширхэг Сэнгүр нэртэй лаазтай пиво хувааж уусан. Тэгээд өөрийн эзэмшлийн 05-28 УЕУ дугаартай тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад төв Хаан банкны уулзвараар ертөнцийн зүгээр зүүн талаас орж ирээд хаан банкны зүүн талд байрлах хүнсний дэлгүүрийн харалдаа засмал замын боржур даваад зогсох үед цагдаагийн алба хаагч ирээд бичиг баримт, жолооны үнэмлэх шалгаж, цагдаагийн хэлтэс дээр ирж согтолтын зэрэг шалгуулахад 0.97 хувьтай гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 5х/,
- Тоёота Приус-40 маркийн 05-28 УЕУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 39х/,
-Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 05 сарын 06-ны өдөр 11 цагийн орчим найз Н.Б , О нар манай гэрт орж ирээд бид гурав 0,5 литрийн 9 ширхэг сэнгүр нэртэй лаазтай пиво хувааж уусан... 14 цагийн орчимд манай найз Н.Б гэртээ харих гээд миний амьдардаг 36А байрны гаднаас өөрийн эзэмшлийн 05-28 УЕУ улсын дугаартай Тоёота приус-40 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад төв Хаан банкны уулзвараар ертөнцийн зүгээр зүүн талаас хөдөлгөөн хийж орж ирээд Хаан банкны зүүн талд байрлах хүнсний дэлгүүрийн харалдаа засмал замын боржур даваад зогсох үед цагдаагийн албан хаагч нар ирээд манай найзын тээврийн хэрэгсэл бичиг баримт, жолооны үнэмлэхийг шалгаж бид гурав цагдаагийн хэлтэс дээр ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/,
-Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд: “...2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчимд миний бие Цагдаагийн хэлтсийн замын чиглэлээр өдрийн эргүүлийн үүрэг гүйцэтгээд Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хаан банкны уулзварын засмал замын боржурыг 05-28 УЕУ улсын дугаартай Приус 40 маркийн тээврийн хэрэгсэл даваад зогсох үед очоод шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолооч Н.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар шалгахад 0,97 хувийн согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд саатуулж, материалыг бүрдүүлж ажилласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15х/,
- Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 36х/,
- Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 0298117 дугаар шийтгэлийн хуудас /хх-ийн 43х/,
- Шүүгдэгч Н.Бямбацэцэгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44х/ болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Бямбацэцэг нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Б.Д гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар Тоёота приус-40 маркийн 05-28 УЕУ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв Хаан банкны хажуугийн замын боржур мөргөөд зогсоход цагдаа очиж шалгасан үйл баримт болжээ.
Шүүгдэгч Н.Б нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан зөрчил үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 400,000 төгрөгийн торгох шийтгэлээр шийтгүүлсэн болох нь шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 12 сарын 04-ний өдрийн 0298117 дугаар шийтгэлийн хуудас зэргээр тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул түүнийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн хувьд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулах нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э овогт Н.Б -ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н. Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь дээрх торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ