Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 152/ШШ2021/00391

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т овогт П-ын Д-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн х сумын Засаг даргад холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 15.241.442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг дарга С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д би 1976 онд төрсөн, 44 настай. Миний бие 2002-2004 онд Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академид суралцан Төрийн захиргааны удирдлага мэргэжлээр дипломын дээд боловсрол, 2006-2007 онуудад мөн тус сургуульд суралцан Нутгийн удирдлагын бакалаврын зэрэг, 2010-2011 онуудад мөн Удирдлагын академид дахин суралцаж төрийн удирдлагын магистрын зэрэг тус тус хамгаалсан. 2018-2020 онуудад Хөдөлмөрийн дээд сургуульд эчнээгээр суралцан нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Би 2005-2006 оны 11 дүгээр сар хүртэл Х сумын Засаг даргын Тамгын газарт дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр, 2006 оны 11 дүгээр сараас тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласан. Би 2006 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажлын байранд зарласан сонгон шалгаруулалтад орж тэнцсэн. Х сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 66 дугаар захирамжаар тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдсон. Д би Х сумын Засаг даргын Тамгын газрын даргаар 14 жил ажилласан байх ба төрийн албыг шударгаар биелүүлж, хоёргүй сэтгэлээр зүтгэж байсан. Үүний баталгаа нь манай сум ажлын үзүүлэлтээр аймагтаа 2011 онд тэргүүн байр, 2012 оны ажлаар 3 дугаар байр, 2015 оны ажлаар 2 дугаар байр эзэлж байсан явдал юм. Энэхүү нэр хүндтэй ажлыг хийж байхдаа 2015 онд Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар Дэслэгч цол хүртсэн. Төрийн ажлыг сайн хийж гүйцэтгэж аймгийн засаг даргын шийдвэрээр зэрэг дэв авч байсан ба аймгийн засаг даргын 2020 оны А/290 дугаар захирамжаар Ахлах түшмэлийн тэргүүн зэрэг хүртэн ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэтэл сумын засаг дарга С нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/18 дугаартай захирамжаар намайг ажлаас халсан. Улмаар миний бие Төрийн албаны зөвлөлд гомдол, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны зөвлөл намайг ажлаас халсан захирамжийг хууль бус гэж үзэн хүчингүй болгосон боловч Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэхгүй байсан учир Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тухайн эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл гаргасан. Ийнхүү миний бие 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсон юм. Би тус шүүхэд хандаж ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 15.241.442 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Иймд миний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг дарга С.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С.Д нь Х сумын Засаг даргаар 2020 оны 12 дугаар сард томилогдсон. Нэхэмжлэгч П.Д-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Намайг ажилд орох үед нэхэмжлэл гаргасан Д нь ажлаас чөлөөлөгдсөн байсан. Төрийн албаны зөвлөлөөс Захирамж хүчингүй болгох тухай тогтоолыг ирсэн даруйд нь холбогдох албан тушаалтнууд болох Хууль эрх зүйн мэргэжилтэн М, нэхэмжлэгчтэй холбоотой гомдол гаргасан гэх Ц, эрх бүхий албан тушаалтан болох өмнөх Засаг дарга байсан С, Доос ажлыг нь хүлээн аваад байсан Г, тухайн үед ажиллаж байсан Сумын хэсгийн төлөөлөгч Г нартай уулзалт хийж, болсон үйл явдал, шийдвэр гарах болсон үндэслэл зэргийг судлах, тодруулга авах шаардлагатай болсон. Тухайн асуудлыг судлан үзэхэд:

1. Дээрх албан тушаалтнуудын танилцуулснаар Д нь Тамгын даргаар ажиллаж байх үедээ буюу 2020 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагын үеэр нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн ялтан Т-г ялаас зайлсхийхэд нь мэдсээр байж, зөрчлийг нуун дарагдуулсан. /Энэ хэрэгт 2021 оны 2 дугаар сард Увс аймаг дахь ШШГГ-аас шийтгэл оногдуулсан байсан нь мөн оны 3 дугаар сард мэдэгдсэн/.

2. Мөн иргэн С-с өөрийг нь Засаг даргаар ажиллаж байх үед Д нь эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр/Засаг даргын захирамжгүйгээр/ илүү цагийн цалин болон үр дүнгийн урамшуулал авсан байх тул дээрх асуудлыг мэргэжлийн байгууллага, албан тушаалтнаар хуулийн дагуу тогтоож өгөхийг хүссэн өргөдөл ирүүлсэн. Тиймээс Аймгийн Санхүүгийн хяналт аудитын газар болон ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэст удаа дараа хүсэлт тавьсны эцэст шалгалтаар үнэн болох нь тогтоогдож, Дид төрийг хохиролгүй болгож, үр дүнгийн урамшуулал болох 500 гаруй мянган төгрөгийг төлөх тухай акт тавигдсан. /Энэ хэрэг нь 2021 оны 5 дугаар сард тогтоогдсон/

3. Гомдол гаргасан гэх Ц-ын хувьд дарамталсан асуудал байсан нь үнэн бөгөөд өргөдлөө буцаахыг удаа дараа шаардаж, гуйж, таньдаг хүмүүсээр яриулсаар, яах ч аргагүй байдалд орж гомдолгүй гэсэн өргөдөл бичиж өгсөн гэх мэт олон тайлбар, нөхцөл байдал, нотлох баримтууд гарч ирж байсан. Эндээс үзэхэд Д-ийн хувьд ажлаас чөлөөлөгдөхөөр хэмжээний алдаа дутагдал зөрчил гаргасан байгаа нь илэрхий байна гэж үзсэн. Тиймээс бид дээр дурдсан Төрийн албаны зөвлөлийн тогтоолын харьяалах Захиргааны хэргийн шүүхэд тухайн шийдвэрийг хянан үзэж, хүчингүй болгуулах хүсэлт тавьсан боловч, хүлээн авч шийдвэрлээд боломжгүй гэсэн хариу ирсэн тул эгүүлэн ажилд нь томилсон билээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 14 жил Сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж, ажлын үзүүлэлтээрээ дээгүүрт ордог байсан тухайгаа дурдсан байна. Тамгын газрын даргаар олон жил ур чадвар гарган ажиллахдаа Захиргааны шийдвэр гаргах үйл явц, ажиллагаа явуулах тухай хангалттай мэдлэгтэй байх нь зүй ёсны асуудал бөгөөд үүнийг мэддэг боловч санаатайгаар зайлсхийсэн байж мэдэх тал Сонсох ажиллагааны тэмдэглэл-ээс харагдаж байна гэж бодож байна. Мөн нэхэмжлэгч Д нь 2016 онд мөн адил ажлаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдож байсан тул эрсдлийг мэдсэн ч санаатайгаар хохирол үүсгэсэн байх магадлалтай. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3 дахь зүйлд зааснаар хариуцлагаас чөлөөлүүлэх хүсэлт гаргаж байна. Нэмж хэлэхэд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх заалтад зааснаар "Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учирсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ" гэж заасан бөгөөд дээрх шийдвэрийг гаргасан тухайн үеийн Засаг дарга С нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зуурдаар нас барсан. Дээрх үүссэн гэнэтийн нөхцөл байдлын улмаас миний бие сумын Засаг даргынхаа хувьд нэхэмжлэл гаргасан Д-тэй уулзаж, үүссэн нөхцөл байдал, талийгаачийн ар гэр зэргийг харгалзан үзэж, төрд бага хохирол үүсгэх үүднээс нэхэмжлэлээ буцаах болон нэхэмжлэлийн дүнг багасгах тухай хүсэлт тавьсан боловч Д нь хүлээн зөвшөөрөөгүй, авч хэлэлцэхгүй байгаа нь ёс зүйгүй байсан гэдгийг мэдэгдэх нь зүйтэй байх. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д нь нь хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргад холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 15.241.442 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргаж байна.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 12 тоот Захирамж хүчингүй болгох тухай захирамжаар Увс аймгийн Х сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/18 дугаар захирамж Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэг, Монгол улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.2, 2.4, 2.6 дахь заалтын тус тус зөрчсөнийг тогтоож, Увс аймгийн Х сумын Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/18 дугаар захирамжийг хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгосон ба Дийг өмнө ажиллаж байсан Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахыг сумын Засаг даргад үүрэг болгожээ.

Увс аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Б/13 тоот Дийг ажилд эгүүлэн томилох тухай захирамжаар Д-г Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд томилжээ.

Нэхэмжлэгч Дийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл нийт 15.241.442 төгрөгийн цалингийн тооцоог нягтлан бодогч Г гаргасан ба энэ талаар маргаагүй. Иймд Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 15.241.442 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д-ийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 234.157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 234.157 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т зааснаар хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 15.241.442 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д-д олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Дийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн 234.157 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газраас 234.157 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д-д олгосугай.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            П.БОЛОР