Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 111/ШШ2021/0018

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Эрдэнэд холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Эрдэнийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0002339 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч Д.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Эрдэнэ би аймгийн Цагдаагийн газраас харьяаллын дагуу 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 29.5\2912 тоот албан бичгээр шилжүүлэн ирсэн Л.Мөнхбаяр нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг зохицуулах талаар тогтоосон журам зөрчсөн гэх 05040114\67 дугаартай зөрчилд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж холбогдогч “Эко номин бөмбөгөр”  зохион байгуулалттай нөхөрлөлд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0002339 шийтгэлийн хуудсаар Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх буюу 1500.000 төгрөгийн шийтгэл оногдуулж ажилласан.

 Тус зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас 2021 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 11 дугаартай Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтэд холбогдох санал, гомдолгүй болохыг илэрхийлж байна.

Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 13 дугаартай Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан дүгнэлтэд холбогдох санал, гомдолгүй бөгөөд Прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг дэмжиж байна....”гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Эрдэнэд холбогдуулан гаргасан “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Эрдэнийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0002339 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдол гаргажээ. 

Хариуцагч  Д.Бат-Эрдэнээс шүүхэд 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0002339 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Бат-Эрдэнийн 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0002339 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

 ШҮҮГЧ                               Ч.ОЮУНСАЙХАН