Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 133

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

улсын яллагч Н.Ням-Очир

шүүгдэгч Г.Гүен, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн 1990 оны 1 дүгээр сарын 9-нд Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, хадам эх, эхнэрийн нарын хамт Сүхбаатарын дүүргийн 9 дүгээр хороо, Нуурын 7 дугаар гудамж, 55 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 55 дугаар байрны 08 тоотод оршин сууж байгаа, Худалдаа хөгжлийн банкинд нөөцийн ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ШУ90010931/ Галзуут овогт Ганбаатарын Гүенд холбогдох 201626022749 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Г.Гүен 2016 оны 10 дугаар сарын 16-наас 2016 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын орчим нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн П.Билгүүнд үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн нүүрэн тус газарт цохиж бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Г.Гүен шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Шүүхэд мэдүүлэх зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэндээ үнэхээр их гэмшиж байна гэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 54/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 74/, дипломын хуулбар /хх-ийн 75/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 76/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 117/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

                                                                                                

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Гүен 2016 оны 10 дугаар сарын 16-наас 2016 оны 10 дугаар сарын 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” кинотеатрын орчим нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, бусдыг илтэд үл хүндэтгэн иргэн П.Билгүүнд үл ялих зүйлээр шалтаглан хүч хэрэглэн нүүрэн тус газарт гараараа цохиж бие махбодид нь баруун гайморовын урд хана, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч П.Билгүүний...” 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай ажил болох Мишээл экспогийн ажил оройн 20 цагийн  үед тараад найз Баярбаатар буюу Баатараатай хамт манай эхнэрийн эгчийн гэр болох Бичил хороололд очоод тэр оройноо кино үзэхээр болоод гэрээс нь 21 цагийн орчим гараад манай эхнэр Энжаргал Баатараа бид 3 хооолонд ороод Өргөө кино театрт  22:10 цагийн киног үзсэн. Кино 23:50 цагийн орчим тараад бид 3 гараад Өргөө кино театрын зогсоолд үлдээсэн байсан Кроун маркийн машинаа би бариад зогсоолын мөнгө гэж 2000 төгрөг өгсөн. Зогсоолд мөнгөө өгөхийн өмнө миний урд ямар нэгэн машин байгаагүй бөгөөд мөнгө хураагч нь байхгүй болохоор би нэг удаа дуут дохио өгч дуудсан байгаа. Тэгээд мөнгөө өгчихөөд гарч ирээд урд төв зам руу орохоор туслах зам руу 2-3 метр орчим явж байхад 6 хүн явж байсан бөгөөд 5 хүн нь зам хөндлөн брожур давчихсан хамгийн ард нь нэг охин хоцорчихсон зам хөндлөн явж байхаар нь би тэр эмэгтэй рүү дуут дохио өгөөд хажуугаар нь гартал “ямар сүртэй гөлөг, пизда вэ” гээд хэл амаар доромжилсон. Ингэж хэлсэн хүн нь болохоор хэнийг нь сайн танихгүй эрэгтэй, эмэгтэй хүний дуу гарсан. Тэгэхээр нь би эргэж төв зам руу зогсоод цонхоо онгойлгоод “юу яриад байгаа юм бэ ямар сүртэй юм бэ яасан юм” гэхэд нөгөөх гурван залуу миний машин руу түрүүлж гүйж ирээд Гүен болон хамт явж байсан залуу нь “яагаад байгаа юм бэ бацаан минь ална шүү зайл” гэхээр нь би машинаасаа буугаад “та нар ер нь юу гээд байгаа юм бэ” гэхэд Гүен миний куртикны захаар намайг боогоод заамдаад би бас заамдалцаад манай эхнэр Энхжаргал болон Баатараа нар больцгоо гээд голоор ороод салгасан. Гүенг нөгөөх 2 залуу татаж салгаж байсан. Тэгээд яг энэ үед Гүентэй би зууралдаж байсан болоод манай эхнэр Энхжаргал Баатараа нар салгаж байсан харин нөгөөх 2 залуу Гүенг салгаж байсан. Энэ үед салгалцаж байхдаа манай эхнэрийг хэн нь юм сайн анзаарч хараагүй нэг нь түлхчихээр нь би манай эхнэрийг цааш нь түлхчихлээ гэж бодоод “чи яагаад жирэмсэн хүн түлхэж байгаа юм бэ” гэж хэлээд тэр ах нь бололтой өндөр туранхай залууг түлхтэл тэр залуу миний хоёр гарыг хавчаад намайг тэвэрчихсэн. Тэгтэл Гүен миний баруун талын нүд рүү нэг удаа маш хүчтэй цохисон. Тэгсэн чинь хамарнаас шууд цус гараад хамар далийсан мэдэгдсэн. Тэгээд би тонгойгоод манараад хамраа дараад байж байтал Гүен миний хамар руу 2 удаа өвдөгдсөн тэгтэл Гүенг нөгөө хамт явж байсан охидууд нь татаад цааш нь авсан. Тэгтэл тэр намхан биетэй хар ноосон малгай өмссөн залуу миний нүүр рүү нэг удаа өшиглөхөд хамар бүр ихээр хавдаад цус ихээр гарсан. Тэгээд босч ирээд машиныхаа толинд харахад хамар аймаар далийсан байсан. Дараа нь Гүентэй ярилцаж байхад манай ахыг цохичихлоо гэж хараад чамайг эхэлж цохисон гэж хэлсэн. Зодсоныхоо дараа Гүен над дээр ирээд “арай ч ийм болгоно гэж бодсонгүй уучлаарай та нар адилхан эр хүмүүс хаана ч явна хэнтэй ч уулзана нэгнийгээ арай ч ингэж болохгүй” гэж хэлсэн тэгтэл тиймээ хөгшөөн ойлгож байна гэж хэлсэн. /хх-ийн 8-9/

 

гэрч М.Жамбал ”...2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 22 цагийн киног Өргөө кино театрт би өөрийн эхнэр Сарангоо найз нар болох Гүен, төрсөн ах Лувсан мөн Гүенгийн эхнэр Энхжаргал, манай ахын найз охин Ундрах нарын хамт кино үзээд шөнийн 00 цаг болох гэж байхад тарсан. Кино тарчихаад машинаа авахаар ертөнцийн зүгээр баруун талд байрлах туслах замын хажуугийн зогсоолд очих гээд зам гарах гээд явган хүний гарцаар гарах гэж байтал хойд зүгээс мөнгөлөг саарал өнгийн Кроун маркийн машин бид нарын хойгуур шүргэчих шахаад сигналдаад хүчтэй өнгөрөөд урагшаа төв зам руу баруун эргэж зогсоод жолооч талынх нь цонхыг нэг залуу онгойлгоод “Гүенг чи юу гээд байгаа юм бэ хөөё” гэтэл Гүен чи “наад явган хүнийхээ гарцыг хараач ямар муухай онгироо амьтан бэ явган зорчигч давуу эрхтэй байдаг юм" гээд цонхон дээр нь очоод “одоо чи зүгээр яваа бацаан минь” гэж хэлтэл жолооч нь болох Билгүүн гэх залуу бууж ирээд чи юу гээд байгаа юм бэ гээд Гүентэй барьцалдаад заамдалцаад авсан. Тэгтэл жолоочийнх нь ард сууж байсан найз нь бололтой нэг залуу машинаас бууж ирээд Гүен рүү очих гэхээр нь би шилэн хүзүүн дээрээс нь татаад хойшоо болоо чи боль гэтэл тэр залуу надтай зууралдаж авалцсан. Бид 2 бол бие биенээ цохиогүй ээ. Дараа нь харин тэр залуу эмнэлэг дээр ирсэн байхдаа намайг заналхийлээд алнаа гээд байсан. Би тэр залуутай барилцаж байх хооронд Гүен, Билгүүн 2 зодолдсон байдалтай байсан ба Билгүүн гэх залуугийн хамарнаас цус гарчихсан байсан харин манай ах болох Лувсан хаана байсан нь  анзаарч харагдаагүй ээ.  Билгүүний эхнэр гэх мөн жирэмсэн эмэгтэй байсан ба эмэгтэйчүүд болохоор бүгд салгах гээд бужигналдаад байсан. Энэ явдал минут хүрэхгүй хугацаанд болсон зодоон болсны дараа Билгүүн хамраа дарчихсан байсан гараа хамар дээрээсээ автал хамар нь далийсан байсан. Тэгээд Билгүүн Гүенг алнаа гээд утсаа гаргаж ирээд цагдаад дуудлага өгөөд байсан. Цагдаа ирэхгүй нилээн удсан боллхоор уур бухимдал нь гайгүй болцгоогоод Билгүүний хамар далийсан байсан учраас уучлалт гуйгаад цагдаад өргөдөл өгөх гэж байгаа юм байна даа гэж бодоод ингээд больцгооё тиймээс хамрыг чинь эмнэлэгт үзүүлье гээд машиндаа Гүен Билгүүнийг машиндаа суулгаад гэмтэл дээр очиж үзүүлэхэд хамрын савхан яс цуурсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нарт тэндээ үзүүлчихээд шууд цагдаагийн хэлтэст Билгүүн нь ирж өргөдөл бичиж өгсөн байгаа. Би тухайн үед Билгүүн гэх залууг жоохон архи уучихсан юм болов уу гэж таамагласан их омогтой зан гаргаад байсан. Маргаан бол бид нарыг гарцаар гарч байхад дайрч өнгөрөх гэснээс болсон байгаа. Билгүүн нь төв зам руу баруун эргэчихээд өөрөө бид нарыг хүлээж зогсч байсан шүү дээ.Гүен нь хаана нь хэдэн удаа цохисныг нь хараагүй ямар ч байсан Билгүүний хамар далийсан байсан хамраа барьчихаад би чамайг алнаа гээд Гүен рүү заагаад хараагаад байсан./хх-ийн 11/

 

гэрч М.Лувсан ”...2016 оны 10 сарын 17-ны оройн 22 цагийн киног Өргөө кино театрт би өөрийн дүү Жамбал болон эхнэр Сарангоо, дүү Гүен түүний эхнэр Энхжаргал, мөн манай найз охин Ундрах нартай хамт Итгэл нэртэй кино үзээд шөнийн 00 цаг дөхүүлээд гарч ирээд бид нар баруун талын зам хөндлөн гарахын өмнөхөн цагаан өнгийн Кроун маркийн машин кино театрын зогсоолын хаалтны хажууд сигналдаад анхаарал татаад байсныг нь би ажиглаж харж байсан юм аа. Зам хөндлөн гарцаар гараад явж байтал бид нарын араар буюу явган хүний гарцаар түрүүний кроун чанга сигналдаад гарахаар нь Гүен ямар онгироо амьтан бэ гээд хэлсэн. Тэгтэл нөгөөх машин төв зам руу төв замын нэгдүгээр эгнээнд дарж зогсоод жолооч нь цонхоо онгойлгоод “юу гэнээ чи гэтэл Гүен нэг их тоохгүй чи яасан онгироо юм бэ гэтэл юу гээд байгаа юм бэ чи” гэж хэлсэн. Гэтэл Гүен очихоор нь би араас нь дагаж очтол тэр Билгүүн гэх тэр залууд Гүен “чи яасан онгироо юм бэ” явган хүний гарцаар гарч байхад дайрах шахлаа ш дээ гэхэд Билгүүн хараалын ямар ч байсан нэг үг хэлсэн. Тэгтэл Билгүүнийг Гүен “чи одоо яваа гэхэд юу гээд байгаа юм бэ гээд машинаас бууж иртэл Билгүүнийг би чи яах гээд байгаа юм бэ” гээд 2 гаран дээрээс нь барьсан. Билгүүн, Гүен нар барилцаж авсан. Гэтэл Билгүүний эхнэр бууж ирээд Гүенг цаашаа бай гээд түлхэж байсан. Билгүүн харин намайг тавиач гээд пизда гээд хараагаад байсан. Би Билгүүнийг тавьтал гаднах хувцасаа тайлаад одоо үзье пизда минь гэж хэлээд миний толгой руу цохих гээд савтал би тонгойж цохилтыг нь гаргаад Билгүүнийг дахиад тэврээд авсан. Гэтэл Билгүүний эхнэр бас ирээд зууралцсан ба больцгоо гэж хэлж байсан ба эхнэр нь бид нарын гарын хүчинд түлхэгдсэн. Би эхнэрийг нь больё уучлаарай гэж байхад Билгүүн намайг цохисон байх гэж Гүен бодоод Билгүүний нүүр рүү 3-4 удаа цохиод Билгүүн ч өөрөө тонгойж таарсан тэгтэл нүүр лүү нь өвдөглөсөн. Тэгээд бид нарыг эхнэрүүд маань салгацгаасан ба Билгүүний нүүр лүү харахад хамраас нь цус гараад хавдсан хугарсан юм шиг далийсан байхаар нь бид нар уучлалт гуйгаад эмнэлэг явъя бид нар зугтааж алга болохгүй ээ эмчилгээ хийлгэж өгье гээд хамт эмнэлэг ороод цагдаа дээр дараа нь ирсэн. /хх-ийн 13/

 

гэрч Ч.Баярбаатар”... 2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ням гаригт ...киногоо үзчихээд Билгүүний машиныг Өргөө кино театрын үүдэнд төлбөр төлөөд гарсан юм. Бид нарыг төлбөр төлж байхад бид нарын урд нэг машин байсан шиг санаж байна. Нэг их удаагүй болохоор 1000 төгрөг хураалгасан байхаа тэгээд гараад ертөнцийн зүгээр урагш зүүн гар тийш эргэхэд туслах замын явган хүний гарцны наад талаар 3 эрэгтэй 3 эмэгтэй хүмүүс эрэгтэй эмэгтэйгээрээ хөтлөлцсөн явж байхаар нь Билгүүн тэдгээр хүмүүс инээлдээд удаан гараад байхаар нь дуут дохиогоо нэг удаа дарсан. Тэгтэл тэнд байсан Билгүүнийг нүүр рүү нь цохидог бид нарын үеийнх гэмээр залуу амандаа үглээд “сүртэй пизда ш дээ үхлээ ш дээ” гэж хэлэхээр нь Билгүүнээ “яасан гэнээ гэтэл нөгөөх залуу зогсч байсан гөлөгөө” гэсэн. Тэгтэл Билгүүн баруун гар тийш дараад зогссон. Тэгтэл нөгөөх 3 залуу нь алхаж ирээд Билгүүний талын цонхон дээр ирээд цохидог залуу нь чи буугаад ир гэсэн. Гэтэл цаанаас нь жижигхэн биетэй бас нэг залуу буугаад ир гэж байсан гэтэл Билгүүн бууж ирээд яасан гэнээ гэхэд цохидог залуу нь чи яасан гэнээ гээд Билгүүн учиргүй дайраад байсан. Билгүүний эхнэр Энхжаргал машинаас бууж ирээд больцгоо гэж байсан. Билгүүн нөгөөх зодуулдаг залуутайгаа нүүр тулаад маргалдаж байсан ба Билгүүний эхнэр Энхжаргал болилдоо гэхэд эхнэрийг нь Билгүүнийг цохидог өндөр залуу цаашаа түлхтэл машинаа налаад зогссон. Гэтэл Билгүүн наадах чинь жирэмсэн хүн ш дээ чи яагаад жирэмсэн хүн түлхэж байгаа юм бэ гэхэд өндөр залуу нь баруун гараараа Билгүүний хамар луу нэг удаа цохисон. Би тэгэхээр нь салгах гээд очихын завдалгүй хамт явсан 3 эмэгтэй нь намайг татаад цааш нь холдуулсан. Гэтэл Билгүүн доошоо тонгойгоод сууж байтал нөгөөх өндөр залуу дахиж хүрч ирээд нүүрлүү нь 2-3 удаа өшиглөж байсан. Гэтэл Энхжаргал очоод салгаж байсан ба цаана нь байсан 2 залуу зодоонд оролцоогүй маргалдаад хүмүүстэй зууралдаад зогсоод байсан. Би харин машины хажууд байж байхад хамт явж байсан эмэгтэйчүүд нь намайг хөдөлгөхгүй байсан байгаа. Тэгээд зодоон дууссан ба Билгүүний нүүр лүү харахад хамар нь муруйсан 2 нүдний доод талд нь хөхөрсөн ямар нэгэн зүйл хэлээгүй ба гэмтлийн эмнэлэг рүү явах гэтэл Билгүүний машины дугуй хагарсан байхаар нь тэдгээр залуучуудтай хамт Билгүүн эмнэлэг яваад би араас нь дугуйг нь янзлаад очсон. /хх-ийн 15/

 

гэрчээр Б.Энхжаргал ”...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр манай нөхөр Билгүүн нь ажлаа тараад орой 20 цагийн үед өөрийн найз Баярбаатар буюу Баатараатай хамт ирсэн. Би хүүхэдтэйгээ хамт хорооллын бичил хороололд байсан ба өөрийнхөө хүүхдийг орхичихоод бид гурав 22 цагийн үед Өргөө 1 кино театрт “Итгэл” нэртэй кино үзэж гарч ирээд машинаа халааж нэлээд зогсож байгаад, машинаа хөдөлгөөд зогсоолын мөнгө болох 1,000 төгрөг төлөөд уулзвараар дөнгөж эргэх үедээ дуут дохио өгөхөд, зам хөндлөн гарч байсан 3 залуу, 3 эмэгтэй байсан нэг залуу буюу Гүен гээд байгаа залуу нь зайлаа гэж хэлж байсан тэгтэл манай нөхөр машинаа зогсоогоод цонхоо онгойлгон юу гэнээ гэж хэлтэл, нөгөө гурван залуу гүйж ирээд машины цонхон дээр зогссон тэгтэл манай нөхөр Билгүүн нь машинаас буутал нөгөө залуучууд чи яахаараа зам хөндлөн гарч байгаа хүмүүс рүү сигналддаг юм бэ? гээд Гүен гэх залуу заамдахаар нь би машинаас буугаад та нар яахаараа гурвуулаа байж нэг хүн рүү дайрдаг юм бэ гэж хэлсэн чинь хар бараан өнгийн куртиктэй залуу намайг түлхсэн чинь манай нөхөр намайг өмөөрөөд жирэмсэн хүнийг яаж байгаа юм бэ? та нар гэтэл Гүен гэх залуу нь манай нөхрийг заамдчихсан байж байхдаа нүүрэн тус газар нь гараараа маш хүчтэй цохиод доошоо тонгойход нь өвдгөөрөө нүүр рүү нь хоёр удаа өвдөглөн хамраас нь цус гаргасан. Тэр үед Баатарааг нөгөө залуучуудтай хамт явсан эмэгтэйчүүд нь машины хамар дээр дарчихсан байсан юм. /хх-ийн 16/

 

гэрч Т.Энхжаргал”...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би өөрийн нөхөр болох Гүен, түүний найз нар болох Жамбал, Лувсан эхнэр нь болох Ундрах, Сарангоо бид 6 Өргөө 1 кино театр дээр оройн киног үзчихээд гэртээ харихаар Өргөөгийн баруун талын замаар зам хөндлөн гарч байхад цагаан өнгийн Кроун маркийн машин сигналдаад хурдтай дайрчих шахаад хажуугаар гарахаар нь би согтуу хүн юм болов уу юун өвчтэй юм гэсэн бодол төрсөн. Тэгтэл Гүен амандаа юу гэсэн юм ямар нэгэн зүйл хэлэх шиг болсон тэгтэл нөгөөх машины жолооч төв зам руу баруун гар тал руу эргэж зогсоод цонхоо онгойлгоод “юу гэнээ чи” гээд хараалын үг хэлсэн. Яг сайн санахгүй байна хүний чихэнд их таагүй зүйл сонсогдсон. Гэтэл Гүен очоод “яасан гэнээ чи гэхэд юу гэнээ чи пизда минь” гээд машинаас нөгөөх залуу бууж ирээд Гүентэй зодолдох гээд байхаар нь манай Лувсан ах салгах гээд Билгүүнийг хойшоо бай гэж хэлтэл би бас Гүен цаашаа хойшоо бай гээд салгаад татсан. Тэгээд мэдэхгүй нүд эрмэх зуур Билгүүн, Лувсан ахыг цохих гэж далайхаар нь Гүен очоод дараа нь өөрийнх нь ярьж байгаагаар Лувсан ахыг цохихоор Билгүүнийг цохичихсон гэсэн гэж надад дараа нь хэлсэн. Би өөрөө Гүенг яг цохиж байгааг нь бол хараагүй ээ. Билгүүний хамраас цус гарчихсан байхаар нь бид нар эмнэлэгт очиж үзүүлсэн нь дээр байхаа гээд эмнэлэг дээр аваачсан. Билгүүний машинаас бууж ирсэн бас нэг залуу байсан ба Жамбалтай барилцаж аваад байсан. Харин Билгүүний эхнэр болох нэг эмэгтэй нь Гүенг чи яваач ээ гээд нэг гараараа нударч цохиод байсан. Харин тэр үед Билгүүн бас Гүенг би чамайг яг өөртэйгээ адилхан болгоноо чи ёстой ямар хүнтэй учирснаа харнаа захын хүнээр чамайг цохиулнаа гэж хэлсэн. /хх-ийн 18/

 

гэрч О.Сарангоо “... 2016 оны 10 сарын 16-ны өдөр ... туслах зам гараад явж байтал цагаан өнгийн машин Кроун байсан байхаа гэнэт зогсоод жолооч нь цонхоороо хэл амаар бид нарыг доромжилж байгаа мэт хашгирахаар нь Гүен бас орилж байсан юу гээд байгаа юм бэ чи аятайхан явчихааж гэхэд Гүен түрүүлж очиход жолооч нь бууж ирээд араас нь бас нэг залуу бууж ирээд хоёулаа байхаар нь Лувсан ах маргаан болох гэж байна гээд очиж салгах гээд очсон. Тэгтэл нэг мэдэхэд тэр жолоочтой хамт явж байсан залуу нь Лувсан ахыг цохих гээд далайсан гэсэн. Гэхдээ оносон эсэхийг нь мэдэхгүй ээ хараагүй. Бид гурван эмэгтэй тэд нарыг машин руу нь авч явах зорилготой л байсан. Гэтэл Билгүүн гэх залууг хэн нь цохисон юм бэ мэдэхгүй хамраас нь цус гарчихсан байхаар нь би өөрөө эмч учраас шууд гэмтэл рүү явъя гэж хэлсэн. Тэр залуугийн хамраас цус гараад та нар новш нараа хэнтэй орооцолдсоноо мэдэхгүй байна та нарыг бараг алж байж сална гээд Гүен рүү дайраад байсан ба чамайг яг өөр шигээ ийм болгоно гээд байсан. /хх-ийн 19/

 

гэрч З.Ундрах”...Гүен ингэж явж болдог юм уу хүн дайрлаа гээд учирлаад хэлтэл тухайн үед юу болсон яасан эсэхийг нь сайн мэдэхгүй байна харанхуй байсан тэр залуу хувцасаа тайлаад та нар хэнтэй орооцолдсоноо мэдэхгүй байна гэж хэлж байсан. Өөр санаж байгаа зүйл гэх юм бол Билгүүн гэх залуутай хамт явж байсан нэг залуу дайраад байхаар нь би миний дүү болио юу ч болоогүй байна гэдгийг нь хэлсэн. Манай Гүен хэл амаараа л чи ингэж явж болохгүй гэж хэлсэн. Тэр хамт явж байсан залууд нь хандаж “миний дүү тайвшираа юу ч болоогүй байнаа юу ч болоогүй байхад битгий зодолдох гээд бай” гэж хэлсэн. Билгүүн нь өөрөө савсагнаад хувцас хунараа тайлаад манай найз Лувсанг цохих гэж гараа далайсан гэхдээ оноогүй ээ. /хх-ийн 21- 22/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон

 

Г.Гүен”...2016 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн орой...Кроун машин айхтар чанга сигналдаад дайрчих шахаад өнгөрөхөөр нь “яасан сүртэй юм бэ дээ” гэж эхнэртээ хэлтэл төв зам руу эргэж зогсоод жолоочийн цонхоор “юу гээд байгаа юм бэ” гэхээр нь би өөрийнх нь буруу байхад яасан муухай онгироо залуу вэ гэж бодоод очоод “бид нар явган хүний гарцаар гарч байна, чи яагаад ингэж байгаа юм бэ чиний буруу гэж хэлтэл чи юу гээд байгаа юм бэ битгий олон юм яриад бай одоо яв ахын дүү гэж хэлтэл чи муу намайг ахын дүү гэлээ” гээд машинаасаа буугаад ирсэн. тэгхээр нь би “чи яасан сонин амьтан бэ” гэхэд намайг заамдаад бариад авахаар нь би зөрүүлээд заамдалцсан...би эхнэрийг нь бариад авахаар нь эмэгтэй хүнийг “чи цаашаа бай болиоч ээ” гээд гараараа түлхтэл Билгүүн гээд байгаа залуу наадах чинь “жирэмсэн хүн ш дээ” гээд гадуурх куртикээ тайлаад “за одоо үзье” гээд манай ах Лувсанг цохих гэж савсан...би Билгүүн дээр очоод нүүр рүү нь эхлээд нэг цохисон гэтэл Билгүүн над руу дайраад намайг цохих гэж савахаар нь би оногдоогүй тэгээд дахиад надруу дайрахаар нь нэг нүүр рүү нь цохиод  тонгойхоор нь би нүүр рүү нь өвдөгдсөн. /хх-ийн 40/ гэсэн түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14369 дугаартай: П.Билгүүний биед баруун гайморовын  хөндийн урд хана, баруун нүдний ухархайн доод, дотор ханын хугарал, хамар ясны хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт, хохирогч П.Билгүүний өвчний түүхийн хуулбар /хх-ийн 81-88, 90-94/, хохирогчоос гаргаж өгсөн эмчилгээний гэх баримтууд /хх-ийн 95-96/, цалингийн тодорхойлолт /хх-ийн 100/, хохиролын мөнгө 5000.000 төгрөг хүлээн авсан гэх баримт /хх-ийн 115, 116/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Г.Гүенд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, хэрэгт шалгагдвал зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Галзуут овогт Ганбаатарын Гүенг догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар ял оногдуулах хуулийн үндэслэлтэй байна.

 

 

Шүүхээс Г.Гүенд ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хавтаст хэргийн 116 дугаар хавтсанд шүүгдэгч Г.Гүенгээс хохирогч П.Билгүүнд 5 сая  төгрөг шилжүүлсэн Хаан банкны орлогын мэдүүлэг авагдсан байх ба шүүх хуралдаан дээр шүүгдэгчийн өмгөөлөгчөөс,  Г.Гүен нэмж 2 сая төгрөг хохирогчид төлсөн баримтыг шүүхэд гаргав.

 

Шүүгдэгч Г.Гүен, хохирогч П.Билгүүний хохиролд нийт 7 сая төгрөг төлж, хохирогч П.Билгүүн “...миний бие шүүгдэгч Г.Гүентэй ярилцан тохиролцож миний хохиролыг бүрэн барагдуулсан тул энэ хэргийг хааж өгнө үү” гэсэн бичгийн хүсэлтийг нотариатаар батлуулж хэрэгт хавсаргасан байна. /хх-ийн 118/,                     

Иймд шүүгдэгч Г.Гүенг бусдад төлөх төлбөргүйд шүүх тооцсон болно.

 

Энэ хэрэгт М.Жамбалд холбогдох хэргийг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 65 дугаартай тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй. /хх-ийн 123/