Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар  2024/ШЦТ/72

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Х 

Улсын яллагч Д.З 

Шүүгдэгч Х.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З  овогт Х.М  холбогдох эрүүгийн 242.000.097.0100 тоот хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн,   о ны 05 дугаар сарын 13-ны өдөр  аймгийн  г суманд төрсөн, эрэгтэй, 18 настай, яс үндэс халх, бүрэн дунд оловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5,  хүргэн ах, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн   сум,   дүгээр баг,   тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, З  овогт Х.М 

                                                                                                                   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.М  нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 148 дугаар байрны гадна О.Б  эмэгтэй хүүхэд уйлууллаа гэх шалтгаанаар түүний шилэн хүзүү рүү алгадсаны улмаас О.Б  зогсож байсан машины хойд талыг мөргөж биед нь тархи доргилт, баруун чих орчмын зөөлөн эдийн өнгөц гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х.М  нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 148 дугаар байрны гадна О.Б эмэгтэй хүүхэд уйлууллаа гэх шалтгаанаар түүний шилэн хүзүү рүү алгадсаны улмаас О.Б  зогсож байсан машины хойд талыг мөргөж биед нь тархи доргилт, баруун чих орчмын зөөлөн эдийн өнгөц гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна насанд хүрээгүй хохирогч О.Б  мэдүүлэг /хх-ийн 26-27, 29/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 04/55 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-38/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны хэсгийн компьютерт томографи оношилгоо /хх-ийн 39/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн О.Б  үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 40, 44-45/,  О.Б  өвчний түүх, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтууд /хх-ийн 41-62/, Дорноговь аймгийн Замын-Үүд нэгдсэн эмнэлгийн төлбөрийн баримт /хх-ийн 63/, шүүгдэгч Х.М  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 73-74/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.   

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Х.М  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Х.М-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З  овогт Х.М 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.М  нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй

 

4. Шүүгдэгч Х.М  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус  дурдсугай.

 5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ