| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0077/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/73 |
| Огноо | 2024-06-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/73
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч Д.З
Шүүгдэгч Х.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 242.000.098.0098 тоот хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 18 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт Дорноговь аймгийн сум, баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д овогт Х.Н
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 64 дүгээр байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг Ggolden ankle нэртээ тоглоомын газарт 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн үед Э.Д маргалдсаны улмаас түүний баруун талын чих, шанаан тус газарт гараараа цохиж баруун чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Н нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг 64 дүгээр байрны подвалд үйл ажиллагаа явуулдаг Ggolden ankle нэртээ тоглоомын газарт 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 22 цагийн үед Э.Д маргалдсаны улмаас түүний баруун талын чих, шанаан тус газарт гараараа цохиж баруун чихний хэнгэргэн хальсны урагдал гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна насанд хүрээгүй хохирогч Э.Д мэдүүлэг /хх-ийн 14-15, 49-50/, гэрч Б.Л мэдүүлэг /хх-ийн 53-54/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 02/199 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26/, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Э.Д үзүүлсэн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 21-25, 27-28/, шүүгдэгч Х.Н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Э.Д нь прокурорын газарт гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-ийн 66/, эмчилгээний зардалд шүүгдэгчээс 300,000 төгрөг авсан талаар мэдүүлэг /хх-ийн 49-50/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Х.Н -ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д овогт Х.Н 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Н нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй
4. Шүүгдэгч Х.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ