Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 141/ШШ2021/00071

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар ... оршин суугч Б овогт Ц.С нэхэмжлэлтэй, хариуцагч З ЗДТГт холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.С /онлайнаар/, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ц.А /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.С нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэрээр би өмнө эрхэлж байсан ажилдаа буцаж томилогдохоор болсон. Гэтэл хариуцагч байгууллагын зүгээс ямар нэгэн шалтгаангүйгээр намайг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хуучин ажилд маань томилоогүй тул би дээрх хугацааны буюу ажлын 74 хоногийн цалингаараа хохирсон. Ийм учраас энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч З ЗДТГ дарга Ц.А нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гарсны дараа ажилдаа оръё, ажлаа хийе гэж ерөөсөө ирээгүй, ирсэн бол ажилд нь томилох байсан. Би шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн шийдвэрээ бариад ажилдаа оръё гээд ирсэн бол тушаал гаргаад ажилд нь томилох байсан, гэвч энэ талаар нэг ч удаа өргөдөл, хүсэлт гаргаж ирээгүй бөгөөд түүний ажилд томилсон шийдвэр гаргаагүй байхад ажилгүй байсан хугацааны цалин олгох боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Ц.С нэхэмжлэлтэй, хариуцагч З ЗДТГт холбогдуулж 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 74 өдрийн цалин 1,825,865 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Мөн энэ хэргийн хариуцагч З ЗДТГ дарга тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч Ц.С Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаар шийдвэрээр З ЗДТГ Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилсон байх бөгөөд улмаар түүнийг З ЗДТГ даргын 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/09 дугаартай тушаалаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилсон байна.

Эдгээр байдал нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, З ЗДТГ даргын тушаалын хуулбар зэргээр тогтоогдож байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ц.С нь Завхан аймгийн Нөмрөг сумын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр ажиллахаар З ЗДТГ даргын тушаалаар 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс тус сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаа нь Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 69 дугаартай шийдвэр биелэгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс, шүүх тус тусын харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хөдөлмөрийн маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс эсхүл шүүх шийдвэрлэхээр заасан байна. Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Завхан аймгийн Нөмрөг сумын Засаг даргын Тамгын газраас ажилгүй байсан хугацааны цалин 1,825,865 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байхыг зохицуулжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс тоолно, 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заажээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч Ц.С нь ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулахаар шаардах эрх нь Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш түүнийг Завхан аймгийн Нөмрөг сумын сумын Засаг даргын Тамгын газрын Мал эмнэлэг, үржлийн тасгийн дарга, малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтний ажилд томилсон үе буюу 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл үргэлжилсэн ба уг хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гурван сарын дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй атал уг хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүйн дээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ц.Сжу нь 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ц.С хариуцагч Завхан аймгийн Нөмрөг сумын сумын Засаг даргын Тамгын газрас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажилгүй байсан 74 өдрийн цалин 1,825,865 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт Ц.С нэхэмжлэлтэй, хариуцагч З ЗДТГт холбогдох Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.С шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.ӨЛЗИЙХИШИГ