Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
Хэргийн индекс | 147/2023/00290/И |
Дугаар | 001/ХТ2024/00167 |
Огноо | 2024-06-27 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2024/00167
Э-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 147/ШШ2024/00022 дугаар шийдвэр,
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 222/МА2024/00005 дугаар магадлалтай,
Э-ын нэхэмжлэлтэй
Ч-д холбогдох
Офиссын зориулалттай талбайг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор
шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э-аас хариуцагч “Ч-д холбогдуулан офиссын зориулалттай талбайг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 147/ШШ2024/00022 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э-ын хариуцагч Чэс барилгын зургийн 10-т заасан оффисын зориулалттай талбайг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
3. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 222/МА2024/00005 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч Э-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 22 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,
Нэхэмжлэгч Э-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргаж байна.
Зүүн бүс худалдааны төвд байрлах барилгын зургийн 10-т заасан Оффисын зориулалттай талбайг Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.05-ны өдрийн 291 дүгээр шийдвэрээр худалдааны төвийн өмчлөгч нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой билээ.
Гэтэл анхан шатны шүүхээс дүгнэхдээ шүүхээр хэдийгээр мөн болохыг тогтоосон боловч тус шийдвэрийг үндэслэн уг холбооны өмч мөн гэж дүгнэх үндэслэлгүй байна гэсэн ба энэхүү нөхцөл байдлаа нотлохын тулд анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн зүгээс Сүхбаатар аймгийн Улсын бүртгэлийн газраас тухайн маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний талаарх хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулах талаар хүсэлтийг гаргасан ба энэхүү хувийн хэрэгт тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хэзээ хэрхэн шилжсэн, зүүн бус худалдааны төвийн С5-6 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй талбай нь нэхэмжилж буй нийтийн эзэмшлийн талбайтай давхцаж байгаа эсэх, тухайн шүүхийн шийдвэрээс өмнө эсвэл дараа нь шилжсэн эсэх мөн барилгын зураг нь хүртэл хувийн хэрэгт авагдсан байдаг атал энэхүү хүсэлтийг хангахгүйгээр тухайн хэргийг шийдвэрлэхэд шаардлагагүй нотлох баримтаар авахгүй гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь хэргийг хангалттай нотлох баримт цуглуулж шийдвэрлэсэнгүй.
Давж заалдах шатны шүүхээс дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоожээ гэж дүгнэсэн атлаа нэгэнт шүүхийн шийдвэрт “Э” Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бөгөөд тухайн нэхэмжлэл гаргаж байх үед мөн л Э-аар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлсээр атал Э-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь хууль бус бөгөөд ГҮТББ-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх нь Холбооны тэргүүнд байсаар атал нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байна гэж дүгнэлт хийж байгаа нь хуулийг илт буруу хэрэглэн тайлбарлаж байна.
Мөн тухайн нэхэмжлэлийн шаардаж буй талбай нь хариуцагчийн талбайтай давхцаж байгаа эсэхийг тодруулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргахад хүсэлтийг хангахгүй шийдвэрлэсэн атал давж заалдах шатны шүүх нь хүсэлт гаргаж, үзлэг хийлгэх эрх нь нээлттэй гэж дүгнэж буй нь өөрөө логикийн алдаатай дүгнэлт төдийгүй энэ эрхийг хязгаарлаад шийдвэр гаргасан нь хууль бус байна гэсээр атал эрх нь зөрчигдсөнийг хуулийн хүрээнд хянан шийдвэрлэх байтал огт дүгнээгүйгээр шийдвэрлэж байгаа нь хууль бус болсон.
Анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн маргаж буй талбай нь нэхэмжилж буй талбай 2 давхцаж байгааг илэрхийлдэг бөгөөд энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа билээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38-р зүйлд нотлох баримт гаргах ба цуглуулах, бүрдүүлэх талаар хуульчилсан бөгөөд 38.6-д хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж хуульчилсан атал энэхүү хүсэлтийг хангахгүйгээр нотлох баримт эргэлзээтэй байхад мөн өөрөө энэ талаар дүгнэж шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Иймээс мөн хуулийн 176-р зүйлийн 2.5-д зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгч Бийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024.06.17-ны өдрийн 001/ШХТ2024/00823 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
6. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
7. Нэхэмжлэгч Э нь хариуцагч Чд холбогдуулан Зүүн бүс худалдааны төвийн барилгын зургийн 10-т заасан оффисын зориулалттай талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ: “...нэхэмжилж буй талбайг холбооны өмч болохыг Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.08.05-ны өдрийн 147/ШШ2022/00291 дугаар шийдвэрээр тогтоосон, хариуцагч нь холбооны дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа тул дээрх талбайг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү...” гэж тайлбарласан,
Хариуцагч тайлбартаа: “...Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний харгийн анхан шатны шүүх 2022.08.05-ны өдрийн 147/ШШ2022/00291 дүгээр шийдвэрээ гаргахдаа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй тус талбайн хууль ёсны өмчлөгчийг хэргийн оролцогчоор татан оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан, барилгын зургын 10-т заасан Оффисын зориулалттай талбайг хууль тогтоомжийн дагуу иргэн В.Бат-Эрдэнээс худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлж, өөрийн өмчлөлд авсан тул хувийнхаа өмчийг чөлөөлж өгөх боломжгүй...” гэж маргажээ.
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийг өөрийн өмчлөлийн зүйл болохыг нотлоогүй, шүүхийн шийдвэрээр уг талбай худалдааны төвийн өмчлөгч нарын дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоосон боловч дээрх шийдвэрийг үндэслэн уг объектыг холбооны өмч гэж дүгнэх үндэслэлгүй, хариуцагч Ч маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ... дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч шаардах эрхгүй, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн бол,
Давж заалдах шатны шүүх: “...шаардаж буй талбай уг холбооны өмч болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна, ...шүүхийн шийдвэрээр маргаж буй талбайг нэр бүхий 55 хүний дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоосон, шүүхийн шийдвэрт заасан нэр бүхий 55 иргэдээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг тус холбоонд олгосон эсэх нь тодорхойгүй байна, ...иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийг зөрчөөгүй...” гэжээ.
9. Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож ижил шийдвэр гаргасан боловч зөрүүтэй дүгнэлт хийсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцлээ.
10. Нэхэмжлэгч Э нь ... талбай өмчлөгч, худалдаа эрхлэгчдийг тав тухтай ажиллах нөхцлөөр хангаж, гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааны чиглэл бүхий Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага /ГҮТББ/ байна.
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний харгийн анхан шатны шүүхийн 2022.08.05-ны өдрийн 147/ШШ2022/00291 дүгээр шийдвэрээр тус худалдааны төвийн талбай өмчлөгч, нэр бүхий 55 иргэний нэхэмжлэлтэй, хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гаргасан хэргийг хэлэлцээд Зүүн бүс худалдааны төвийн барилгын гадна хана, дээвэр, барилгын зургийн 12, 13-т заасан дулааны узель, цахилгааны өрөө, лангуу өмчлөгчдийн талбайн эгнээ хоорондын зай болон коридор 629.8 м.кв талбай, ...мөн барилгын зургийн 10-т заасан өрөөг Зүүн бус худалдааны төвийн өмчлөгч нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн, дээрх шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
11. Нэхэмжлэгч нь дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн барилгын зургийн 10-т заасан оффисын зориулалттай талбайг иргэн Ж.Чулуун-Эрдэнийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч нь тус талбайн хууль ёсны өмчлөгч тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
...тоот хаягт байршилтай 190 м.кв талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр В 2021.11.18-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, хариуцагч Ч 2022.06.27-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээгээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг В-ээс худалдан авч, 2022.10.25-ны өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлээр нотлогдсон, хариуцагч нь маргаж буй объектын хууль ёсны өмчлөгч байна.
Нэхэмжлэгчийн шаардаж буй талбай хариуцагчийн өмчлөлийн талбайтай давхцаж байгаа талаар зохигч маргаагүй болно.
12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.
Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.
Нэхэмжлэгч нь өмчлөгч болохоо нотолно гэж Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний харгийн анхан шатны шүүхийн 2022.08.05-ны өдрийн 147/ШШ2022/00291 дүгээр шийдвэрийг үндэслэл болгосон боловч дээрх шийдвэр хариуцагчийн эзэмшил болон өмчлөх эрхийг хууль бус болохыг нотлохгүй.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гарсан 2022.08.05-ны өдөр маргааны зүйл болсон 10 дугаартай оффисын талбай гуравдагч этгээд иргэн В-ийн өмчлөлд бүртгэлтэй байхад тухайн этгээдийг оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь маргаж буй объектын өмчлөлтэй холбоотой маргааныг хариуцагчийн хувьд шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Иймд нэхэмжлэгчийг маргааны зүйл болох худалдааны төвийн 10 дугаартай оффисын талбайн дан ганц өмчлөгч гэж үзэх боломжгүй мөн хариуцагч тухайн талбайн хууль ёсны өмчлөгч болох нь баримтаар нотлогдсон байхад объектыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.
13. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1/-д “төрийн бус байгууллага” гэж иргэд, төрийн байгууллага /хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага/-аас бусад хуулийн этгээдээс нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат бус, өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг ашгийн төлөө бус байгууллагыг, 3/-т “гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага” гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн бус байгууллагыг ойлгоно гэж тодорхойлсон ба хуулийн 6-д зааснаар Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ гэжээ.
Нэхэмжлэгч Э нь худалдааны төвийн талбай өмчлөгч, бизнес эрхлэгч нарын сайн дурын үндсэн дээр, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус хуулийн этгээд болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байх ба эрхээ зөрчигдсөн гэж үзэж, хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасныг давж заалдах шатны шүүхээс “...худалдааны төвийн талбай өмчлөгч нэр бүхий этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгосон эсэх нь тодорхойгүй байгаагаас нэхэмжлэгч нь шаардах эрхгүй, ...улмаар ...хууль ёсны дагуу төлөөлүүлэн дахин нэхэмжлэл гаргасны дараа хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргах, хүсэлт гаргах эрх нь нээлттэй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн шийдэл зөв байна.
Давж заалдах шатны шүүхийн дээрх дүгнэлтийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч тус дүгнэлт магадлалыг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.
14. Хэрэгт авагдсан Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний харгийн анхан шатны шүүх 2022.08.05-ны өдрийн 147/ШШ2022/00291 дүгээр шийдвэрээр Зүүн бүс худалдааны төвийн барилгын зургийн 10-т заасан оффисын зориулаттай талбайг тус худалдааны төвийн талбай өмчлөгч, бизнес эрхлэгчдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө мөн болохыг тогтоосон боловч энэ нь дээрх талбайтай давхцаж байгаа тус төвийн С5-6 тоот хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгчөөр бүртгэгдсэн Ж.Чулуун-Эрдэнийн бүртгэлийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Иймд маргаж буй объектын өмчлөгчийг оролцолгүйгээр өмчлөгчийн эрх зөрчигдсөн талаарх маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэл болгох боломжгүй тул хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
15. Дээр дурдснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 147/ШШ2024/00022 дугаар шийдвэр, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 222/МА2024/00005 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Б-ийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгч Бээс 2024.05.17-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД