Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 51

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 149/2018/00130/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч ерөнхий шүүгч           Б.Батзориг

                           Шүүгчид                                      Д.Буянжаргал

                                                                               Г.Давааренчин

                       

                          Оролцогчид

                                 Нэхэмжлэгч                               *******

                                 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 231 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор *******ын нэхэмжлэлтэй *******т холбогдох “Хүүхдээ өөрийн асрамжинд авах тухай” иргэний хэргийг 2018 оны 09 дүгээр  сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Top of Form

Нэхэмжлэгч *******аас анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь *******тэй 2013 оны хавар танилцаад 2014 оны 06 дугаар сараас эхлэн манай гэрт ирж бид хоёр хамтран амьдарсан. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр охин ******* төрсөн. 2015 оны 09 дүгээр сард бид хоёр хамтран амьдрахаа болиод тус тусдаа амьдарч эхэлсэн. Тэр үед охин маань 05 сартай надтай үлдсэн. ******* охин *******ийг 05 сартай байхад нь надад орхиод явсан. Би өөрийн төрсөн ээж *******тэй нийлж охиноо өсгөсөн. Намайг ажил төрөл хийх үед охиныг ээж маань харж ханддаг байсан. Тусдаа амьдарснаас хойш ******* нь охин дээрээ нэг ч удаа эргэж ирж байгаагүй. Би охиноо 02 нас 07 сар хүртэл нь өсгөсөн байх үед ******* нь 2018 оны 01 дүгээр сард намайг байхгүйд ирж охиноо аваад явсан байсан. Одоо би охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй байгаа юм. Иймд охин *******ийг миний асрамжинд үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би *******тай 2013 оны 01 дүгээр сард танилцсан. Тухайн үед би хуучин нөхөртэйгээ хамт амьдардаг байсан боловч нөхөр маань намайг зоддог байсан ба *******ын надад тавих халамж илүү байсан учир бид 2013 оны 05 дугаар сард хамтран амьдрах болсон. Хамтран амьдарч байх хугацаанд бид ажил төрөл хийгээд амьдралаа залгуулдаг байсан. ******* нь хамт амьдарч байх хугацаанд ер нь намайг зодож цохидог байсан. Архи уухаараа их тавьтаргүй зантай. Гэвч хамтран амьдрах хугацаанд ******* нь архинаас гарсан. *******ын ээж нь бол үнэхээр сайн хүн байдаг юм. 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр охин *******ийг төрүүлсэн. Би *******тай хамт амьдрахад 4 дагавар хүүхэдтэй байсан. Дагавар хүүхдээ авчирлаа гэж ******* уурладаг байсан. 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Үүнээс өмнө бид тусдаа амьдарч байхад ******* нь хүрч ирээд хамт амьдаръя гэж гуйгаад бид эргээд хамт амьдрахаар болж рамын хашаанд гэр барьж амьдрахаар болсон. Тэгтэл ******* хүүхэд бид хоёрыг орхиод 7 хоног алга болсон. Тэгээд би *******ын ээжид нь хүүхдээ аваачиж өгөөд та нэг сар харж бай би тэгээд буцааж авъя гэж хэлсэн. Тэгээд би 45 хоногийн дараа хүүхдээ авахаар очиход өгөөгүй. ******* нь Соёлмаа гэх хүүхэнтэй гэр бүл болчихсон байсан бөгөөд шар өвчин тусаад эмнэлэгт хэвтэж байхад нь би очиж байсан. 2017 оны 01 дүгээр сард би охин дээрээ очиж уулзаж үнсчихээд эргэж ирж авна гээд гарсан. Өөрийн гэсэн орон гэртэй болж байгаад хүүхдээ авъя гэсэн бодолтой самарт их удаан хугацаагаар явдаг байсан. Намайг охин дээрээ ерөөсөө очиж байгаагүй гэж байгаа нь худлаа. 2018 оны 01 дүгээр сард би охиноо ээж *******гээс нь авсан. Одоо миний асрамжинд байгаа. Цаашид ч өөрийн асрамжинд байлгамаар байгаа тул миний асрамжинд хэвээр үлдээж өгнө үү. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 231 дугаартай шийдвэрээр:

-Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин ******* ******* овогт *******ийн *******ийг төрсөн эх ******* ******* овогт *******ийн асрамжинд хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Апаг ******* овогт *******ийн *******ийг өөрийн асрамжинд авах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  

 

 Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...******* 2018 оны 01 сарын дундуур охин *******ийг зургийг нь авахуулчихаад ирье гээд авч яваад өнөө хүртэл надтай уулзуулахгүй, надад өгөхгүй байгаа юм. ******* нь охин *******ээс гадна 4 хүүхэдтэй. Янз бүрийн хүмүүстэй салж нийлж амьдардаг. Олдог орлого байхгүй, байнга архи дарс хэрэглэдэг. Саяхан 09-р сарын 01-нд хамтран амьдрагчийн хамт хоёулаа маш их согтуу яваатай тааралдаад охиноо бодож миний сэтгэл маш их эмзэглэж байна. Охин *******ийг хоол ундгүй гэрт, царай зүс алдсан хүнд нөхцөлд байна, хүүхдээ аваач гэж айлынх нь олон хүн надад хэллээ. Эцэг эх, хүмүүс аль аль нь хоёр талаасаа хүүхдийн эцэг болохыг хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд маргахгүй байгаа үед шүүгч санаачлагаараа эцгийг тогтоодог гэж би сонссон учраас шүүх шийдэх юм байна гэж ойлгоод эцэг тогтоолгох хүсэлт гаргаагүй юм. Би охин *******ийг нялх нярай цагаас нь өмсөх, идэх эцгийн хайр халамжаар дутаалгүй, эрүүл саруул 02 нас 07 сар хүртэл өсгөж бойжуулсан. Одоо бол цаашид бүрэн сайн авч явж чадна. Охиноо хоол унд, өмсөх зүүхээр дутсан, архи уудаг элдэв янзын хүмүүс цуглардаг газар байлгамааргүй байна. Охин *******ийн ирээдүйн төлөө маш их санаа зовж байна. Иймд ******* миний биеийг охин *******ийн эцгээр тогтоож охин *******ийг эцэг ******* миний асрамжинд үлдээж өгнө үү. ******* миний бие нь охин *******ийн эцгээр өөрийгөө тогтоолгож өөрийн асрамжинд буцааж авах, одоо эцэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цогзолмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

...Мандал сум дахь Сум Дундын Шүүхийн 2018.08.16-ны өдрийн 231 дугаартай шийдвэрийг үл зөвшөөрч дараахи гомдлыг гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч ******* нь 2014 оны 06 сараас *******тэй нэг гэрт орж 2015 оны 09 сар хүртэл хамтран амьдарсан, хамтын амьдралдаа байх хугацаанд нь энэ хүмүүсийн дундаас 2015.04.22-нд охин ******* төрсөн, *******, ******* нарыг тусдаа амьдрах үед 05 сартай охин ******* эцэг *******ын асрамжинд үлдсэн, ******* нь охин *******ийг 05 сартайгаас 02 нас 07 сар хүртэл өсгөсөн байгаа. Эцэг *******ынх нь талаар, охиныг нялх бага үеэс өсгөсөн талаар мэдэх айл хөршийн хүмүүсийн тодорхойлолт гэрчээр асуугдсан гэрчүүдийн мэдүүлэг, багийн засаг даргын тодорхойлолт, хүүхдийн эмчийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар ******* нь хүүхдэдээ анхаарал халамж сайн тавьдаг, амьдрал эдийн засгийн хувьд боломжтой, хүүхэд эцэг *******ынхаа асрамжинд байсан нь хүүхдэдээ илүү хэрэгтэй гэсэн санал дүгнэлтүүдийг хэлсэн байгаа.

Охин ******* эх *******тэй амьдархад хүүхдийн эрх зөрчигдөж, хүүхдийн байдал дордож хүндрэх нөхцөл байдлууд илт харагдаж хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа учраас 2015.04.22-нд төрсөн охин *******ийг эцэг *******ынх нь асрамжинд өгөх, *******ийн эцгээр *******ыг тогтоолгох саналтай байна гэжээ.

 

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд охин *******ийг *******ыг асрамжинд өгөхгүй гэдгээ шүүх хуралдааны шатанд мэдүүлсэн билээ. Шүүх энэ маргааныг тал бүрээс нь анхааран судалж үзээд охин *******ийг миний асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн юм.
Би 5 хүүхэд төрүүлж өсгөсөн, 2 хүү 3 охинтой. Энэ  5 хүүхдээ элэг бүтэн гарын 5 хуруу шиг хамт гар салгалгүй өсгөж амьдруулах зорилготой байгаа. Хамгийн бага отгон охиноо хойд эхийн гарт өсгөмөөргүй байна. Үр хүүхдэд төрсөн эхийн хайр халамжаас илүү хайр халамж хэзээ ч байдаггүй гэдгийг эх хүн бүр ойлгож мэднэ. ******* өмгөөлөгч Ц.Цогзолмаа нар намайг хүүхдээ өсгөж тэжээж хүмүүжүүлж чадахгүй, хүүхдийн цаашдын эрх ашиг хохирно гэсэн утгатай зүйл бичиж түүнийгээ нотлох гэж архи уудаг, ядуу зүдүү орлогогүй, орон гэргүй гэсэн тодотголууд бичжээ. Энэ бол хүүхдээ авахын тулд намайг үндэслэл муутай буруутгахыг оролдож байгаа хэрэг. Би ямар ч амьдралтай байсан үр хүүхдээ тэжээгээд өсгөж хүмүүжүүлээд явж чадна. Үүнд хэн ч эргэлзэхгүй гэдэгт итгэж байна. ...Ямар ч байсан би  5 хүүхдээ хоолоор өлсгөхгүй хувцасгүй нүцгэн явуулахгүй эрүүл мэндийг  хамгаалаад өсгөж чадна, энэ бол эх хүн миний үүрэг. Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж охин *******ийг миний халамжинд байлгаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг зөвтгөж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

   Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг судлан үзвэл: Хэргийн зохигчид нь 2013 оноос эхлэн хамтын амьдралтай байсан бөгөөд 2015 оны 04 сарын 22-ны өдөр охин *******ийг төрүүлжээ.  Зохигчид хамтран амьдрах хугацаандаа таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч 05 сартай охин ******* нь *******ын асрамжид байсан ба 2018 оны 01 сард охиныг түүний эх ******* өөрийн асрамжид авснаар энэхүү маргаан үүссэн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-дт “ гэрлэлт” гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хоёр сайн дурын чөлөөтэй тэгш эрхийн үндсэн дээр  гэр бүл болох зорилгоор  хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.2-т “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон  харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг  хүлээх нөхөр эхнэрийг  хэлнэ гэж заажээ.

 Гэр бүлийн тухай хуулиар гэрлэлт түүнтэй холбоотой харилцааг зохицуулдаг бөгөөд тус хэргийн зохигчидын хувьд  албан ёсны гэр бүл бус учраас тэдгээрийн хооронд үүссэн маргааныг гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэх боломжгүй тул  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т зааны дагуу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх зүйтэй.

 

Тус хэргийн нэхэмжлэгч ******* нь охин *******ийн эцэг гэсэн үндэслэлээр түүнийг өөрийн асрамжид авах тухай тогтоолгох хүсэлт шүүхэд гаргасан.

 Охин ******* нь ээж А.*******ээр  овоглодог, нэхэмжлэгч нь  хүүхдийг асрамжиндаа авах эрх бүхий этгээд буюу хүүхдийн эцэг гэдгээ шүүхэд нотлоогүй тул шүүх нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзээд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, нэмэгдүүлэх эрхтэй  бөгөөд  нэгэнт анхан шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэсний дараа давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй байна.

 

 Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй үлдээж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн  2018 оны 08 сарын 16-ны  өдрийн  2018 /ШШ/231дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн

1 дэх заалтыг

“1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгох тухай  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    Д.БУЯНЖАРГАЛ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН