Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 43

 

Д.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч В.Батжаргал, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар магадлалтай, 201609000063 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч В.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Олонход овогт Д.Б нь 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б-ыг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сар хорих ял оногдуулж, уг ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-аас 28.300.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Сарантуяад 17.600.000 төгрөг, Д.Янжмаад 5.700.000 төгрөг, О.Золбоод 5.000.000 төгрөг тус тус олгуулахаар шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, 5, 6, 7 дугаар заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, бусдын итгэлийг урвуулан ашиглаж эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дорлигийн Бадюутад 3 жилийн хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар 2002 онд төрсөн хүү П.Төгөлдөр, 2008 онд төрсөн охин Б.Намуунцэцэг, 2012 онд төрсөн охин Б.Уянга, 2015 онд төрсөн охин Б.Уянгацэцэг нарт асран хамгаалагч тогтоохыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргад үүрэг болгосугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 14.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Д.Б-д авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гэнэндуламын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Батжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс Д.Б-ыг хохирогч Т.Сарантуяа, Д.Янжмаа, О.Золбоо нарыг залилан мэхэлсэн гэж 3 үйлдэлд ял шийтгэл оногдуулсан байна. Гэтэл Д.Бын дээр дурдсан 3 үйлдлийг шүүхээр хянан шийдвэрлэхээс өмнө Д.Б нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт эрүүгийн 201726030332 дугаартай хэрэгт залилан мэхлэх гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байна. Дээр дурдсан 4 үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа төдийгүй 2015 оны Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн гэмт хэрэгт тооцогдохоор байгаа. Иймд шүүхээс Д.Б-ын үйлдсэн 4 үйлдэлд нэг шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулах нь 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахаар хуульчилсан хэдий ч энэхүү заалтыг Д.Б-ын үйлдэлд хамааруулан хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Д.Бын Хан-Уул дүүргийн прокурорын газарт хянагдаж байгаа хэрэг нь Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2016 оны 11 дүгээр сард дууссан байна. Ийнхүү гэмт хэрэг төгссөн үед Д.Б нь ялтан болоогүй байсан тул түүнд 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх боломжгүй. Хэрэв ингэж шийтгэвэл түүний эрх зүйн байдал дордох нөхцөл байдал үүсэхээр байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор М.Буяннэмэх хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Гэвч Д.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 22, 25, 12 дугаар сарын 12-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 3 иргэнээс 15.750.000 төгрөгийг залилан авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь тус дүүргийн прокурорын газрын яллах дүгнэлтийн хуулбараар тогтоогдож байна. Түүний үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн гэмт хэрэг байхад шүүхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 3.9 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газарт хянагдаж байгаа хэргийг нэгтгэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Прокуророос Д.Б-г 2016 оны 2 дугаар сарын 19-нөөс 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд хохирогч Т.Сарантуяа, Д.Янжмаа, О.Золбоо нарыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхлэж, давтан үйлдлээр 28.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл шүүгдэгч Д.Б-д холбогдох дээр дурдсан хэргээс гадна 2016 оны 11, 12 дугаар сард Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бусдыг залилан мэхэлсэн гэх эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа болох нь 2 дугаар хавтаст хэргийн 6 дахь талд авагдсан “Эрүүгийн хэрэг үүсгэх тухай” прокурорын тогтоолоор тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б-д холбогдох нэг төрлийн хоёр хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул шүүгдэгч Д.Б-д оногдуулсан ялуудыг нэгтгэхэд дээр дурдсан ял нэгтгэх журмыг хэрэглэх үндэслэлгүй юм.

Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулжээ.

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хэргүүдийг нэгтгэн шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол, мөн хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 156 дугаар шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Б-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                 ШҮҮГЧ                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН