Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 119/2015/0030/з |
Дугаар | 221/МА2017/0084 |
Огноо | 2017-01-24 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2017/0084
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагч Орхон аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөгс, гуравдагч этгээд Т.Жаргалсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ядамсүрэн, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Нямцэрэн нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Эрдэнэт баптист сүм” ТББ-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 60 дугаар зүйлийн 60.2-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Эрдэнэт баптист сүм” ТББ-ын “Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 дугаартай захирамжийн “иргэн Т.Жаргалсайханд холбогдох хэсэг”, “Барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл”-ийг тус тус хүчингүй болгуулах, “үйлчилгээний барилга барих архитектурын төлөвлөлтийн даалгаврыг илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулах” үндсэн шаардлага, эвдэрч сүйдсэн хашаа, зам, талбай, зүлэг, модны 25.000.000 /хорин таван сая/ төгрөгийн бодит хохирол гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир давж заалдах гомдолдоо: “...Шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Миний бие нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тунгалаг, Х.Лхагвасүрэн нарын хамт 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09:00 цагт товлогдсон хуралдаанд очиж, 09:00 минутад шүүх хуралдааны танхимд орох үед шүүгч түрүүлж орон, улмаар шүүхийн цагдаа биднийг оруулаагүй. Тус шүүхийн цагдаагаар дамжуулан шүүгчид нэхэмжлэгчид ирсэн тухай уламжлуулахад “Шүүгч оруулахгүй гэж байна” хэмээн шүүх хуралдааны танхимыг дотроос нь түгжсэн.
Дээрх байдлаар биднийг шүүх хуралдаанд оруулаагүй, бидний ирснийг мэдсээр байж “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэж дүгнэн шүүх хуралдааныг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн эзгүйд үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.З, 6.4-д заасныг зөрчсөн.
Шүүх нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн үндэслэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасныг үндэслэжээ. Гэвч хуулийн дээрх заалтыг хэрэглэх бодит үндэслэл нөхцөл шүүгчид байгаагүй. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна” гэж заасан.
Шүүх шийдвэртээ “нэхэмжлэгч хохиролтой холбоотой нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, хохирсон болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэгчийн эвдэрч сүйдсэн хашаа, зам, талбай, зүлэг, модны хохирол 25.000.000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Дээрх нэхэмжлэлийн нэг шаардлагатай холбоотой нотлох баримтыг цуглуулах, үүндээ нэхэмжлэгчийг татан оролцуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа “баримт гаргаж өгөөгүй тул нотлогдохгүй байна” гэж дүгнэж шийдвэрлэх боломж байхгүй. Тус баримт байхгүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан “шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл” гэж заасан нөхцөл биелээгүй байна.
Бид “хохиролтой холбоотой баримт”-ыг цуглуулах, бүрдүүлэхэд хугацаа шаардлагатай байсан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шүүхэд гаргах үедээ хавсарган өгөх боломжгүй байсан бөгөөд тус өдрийн шүүх хуралдаанд хүрэлцэн очихдоо хохирол нэхэмжилсэн шаардлагаа нотлох баримтуудыг шүүх хуралдаанд гарган өгөхөөр авч очсон боловч биднийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийсэн.
Иймд дээрх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасны дагуу шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, нэхэмжлэлийг буцаах арга хэмжээг авахгүй байх хууль зүйн болон бодит үндэслэл байхгүй.
Шүүхийн шийдвэрт тусгаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусгавар болж байгаа гэх шалтгаанаар дээрх хуульд заасан мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх нотлох үүргээ биелүүлэх, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.3-д заасан арга хэмжээ авахаас татгалзах үндэслэл болохгүй.
Өөрт олгосон хууль тогтоомжийг хэрэглэж хэргийг шийдвэрлэх чиг үүргийг шинжээчид шилжүүлж түүний дүгнэлтийг үндэслэл болгосон.
...шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “30/15” тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл” зэргийг барилгын тухай хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудлыг дүгнүүлэхээр өмнө нь тухайн асуудлаар дүгнэсэн Булган аймгийн Барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлт хэрэгт байсаар атал үндэслэлгүйгээр өөрийн санаачлагаар 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Шинжээч томилох тухай” 143 дугаар захирамж гарган Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, тус төвийн дүгнэлтийг шүүхийн шийдвэртээ “Барилгын хөгжлийн төвийн шинжээчийн дүгнэлтээр ...4 цаг нарны тусгал үзэхээр байгаа нь энэхүү барилгын норматив баримт бичгийг зөрчихгүй байна” гэж дүгнэжээ. Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд гуравдагч этгээд Т.Жаргалсайханы баригдаж буй барилга нь барилгын норм ба дүрмийг зөрчөөгүй болох нь тогтоогдож байна” гэх дүгнэлтийг хийжээ.
Шүүх дээрх байдлаар маргаан бүхий захиргааны акт хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудлыг шинжээчээр дүгнүүлж, түүний шууд барилгын норм ба дүрмийг зөрчөөгүй гэх дүгнэлтээр хэрэг маргааныг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, тус хэрэг маргааныг шүүх өөрөө биш, шинжээчээр шийдвэрлүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг зөрчжээ.
Зүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хууль зүйн шинжлэх ухаанаас бусад суурь шинжлэх ухааны асуудлаар шинжээч томилуулж дүгнэлт гаргуулан түүний дүгнэсэн нөхцөл байдал хууль, дүрэм журмын аль заалтыг яаж зөрчсөн, эсвэл зөрчөөгүй талаар шүүх өөрөө дүгнэж шийдвэрлэх ёстой.
Нэхэмжлэгч нь “Манай барилгын баруун талд иргэн Т.Жаргалсайханы 4 давхар барилга баригдаж, барилгын баруун тал руу харсан цонхнуудыг нарны тусгал үзэхээргүй болгож байгаа нь холбогдох хууль, тогтоомж стандарт зөрчлөө” гэж маргаж байгаа.
Гэтэл Барилгын хөгжлийн төвийн шинжээч Баптист сүмийн барилгын Т.Жаргалсайханы барилга байршаагүй тал болох ертөнцийн зүгээр зүүн талаас сүмын барилгад тусах нарны тусгалыг тооцоолон зүүн талаас тусах нарны тусгалын 3,5 цаг дээр баруун буюу Т.Жаргалсайханы барилга баригдсан талын 1 цагийн тусгалын нэмэн нийт 4,5 цаг нарны тусгал тусна гэж дүгнэснийг шууд бүхэлд нь авч хэрэглэсэн.
Нэхэмжлэгч баруун зүг харсан өрөө тасалгаануудын нарны тусгал зөрчигдсөн талаар маргаж байгаа бөгөөд Орон сууц олон нийтийн барилга, сууцны барилгажилтийн бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07-ын 3.1-д “Орон сууц олон нийтийн бүх барилгад эрүүл ахуйн чухал хүчин зүйл болсон нарны шууд тусгалын үргэлжлэх хамгийн бага хугацааг нормчлоно. Нарны шууд тусгалаас үүсэх хүний эрүүл мэнд, сэтгэл зүй- физиологийн, нян устгах болон дулааны үр ашигтай нөлөө нь хорооллын нутаг дэвсгэрт болон орон сууц, олон нийтийн барилгын өрөө тасалгаанд нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа өдөрт 3-4 цаг байхад хангагдана” гэж заасан байна.
Холбогдох дүрэм журмаар өрөө тасалгаанд тусах нарны тусгалыг нормчилсон байхад шүүх барилгыг бүхэлд нь тусах нарны тусгал байдлаар дээрх дүрэм, журмыг буруу хэрэглэсэн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч өөрөө дээрх дүрэм журмыг хэрэглээгүй.
Шүүх шийдвэртээ “Булган аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтийг b хэсэгт нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын барилга хоорондын зайнаас хамааруулж нарны тусгал нь “Орон сууц олон нийтийн барилга, сууцны барилгажилтийн бүсийн нарны тусгалын /ээвэрлэлтийн/ хангамж БНбД 23-04-07-ийн 3.6-д заасан шаардлагыг хангахгүй байгаа нь хүний үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй төлөвлөлт гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч барилга хоорондын зайгаар нарны тусгалыг тооцсон нь эргэлзээтэй, нарны шууд тусгалын үргэлжлэх хугацааг програмаар Барилгын хөгжлийн төв тооцдог гэж тайлбарласан учраас шүүх энэ талаар дахин дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн. Барилгын хөгжлийн төв шүүгчийн захирамжийн дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа бодит байдал дээр, програм хангамжийн тусламжтайгаар нарын тусгалын үргэлжлэх хугацааг тодорхойлсон учраас уг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн шүүх гуравдагч этгээд Т.Жаргалсайханы барилга нэхэмжлэгчийн барилгад тусах нарны тусгалыг хаасан гэж үзээгүй болно” гэсэн нь бодит үндсэлэлгүйгээр Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн. Мөн “ГМОНМОН” ХХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийншинжээчийн дүгнэлтийн барилгын зайн талаарх хэмжилтийн дүгнэлтийг үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасныг зөрчсөн.
Мөн Барилгын хөгжлийн төв нь “иргэн Т.Жаргалсайханы барилгын “Гандирс орд” ХХК боловсруулсан зураг төсөлд” 393/2016 тоот магадлалын ерөнхий дүгнэлт хийж байсан тухайгаа шинжээчийн дүгнэлтэд дурджээ. Иймээс Барилгын хөгжлийн төв нь энэ асуудлаар өмнө дүгнэлт хийсэн бөгөөд маргаан бүхий харилцаанд оролцогч, ашиг сонирхлын зерчил бүхий байх тул өмнө гарсан өөрийн шийдвэрийг бататгах, хамгаалах зорилгоор шинжээчийн дүгнэлтийг дээрх байдлаар гаргасан гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ байгаа бөгөөд “шинжээчийн хөндлөнгийн байх” нөхцөл хангагдахгүй байгааг шүүх нотлох баримт бүрдүүлэх, үнэлэхдээ харгалзаагүй.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх зарчмыг хангаагүй, нотлох баримт бүрдүүлэх, оролцогчдоос шаардах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хууль тогтоомж хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээрх хэрэг хянан шийдвэрлэх журам болон хууль хэрэглээний алдааг засуулахаар анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.2-т “Энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ”, Барилгын тухай хууль /2008 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга барилгын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 7.2.2-т “барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай асуудлыг газрын тухай хууль тогтоомж, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн шийдвэрлэх” гэж тус тус заажээ.
Маргаан бүхий газар болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Христийн сүмийн баруун талд байрлах 900 м.кв газрыг үйлчилгээний төв барих зориулалтаар дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсний дагуу дуудлага худалдааг зохион байгуулж, улмаар дуудлага худалдаанд ялагчаар шалгарсан иргэн Т.Жаргалсайханд Орхон аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/683 дугаар захирамжаар уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтууд болон холбогдох журамд нийцсэн, уг газарт барихаар төлөвлөсөн 40,6х14,2 м.кв хэмжээтэй 4 давхар худалдаа үйлчилгээний зориулалттай барилгыг зөвшөөрч баталсан 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 30/15 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 15/52 дугаар барилга угсралтын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл нь барилгын тухай хууль, норм, дүрмийг зөрчөөгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасны дагуу шүүх “иргэн Т.Жаргалсайханы баригдаж буй барилга болон “Эрдэнэт баптист сүм” ТББ-ын барилга хоорондын зай нь барилгын норм дүрмийг зөрчсөн эсэх”-ийг тогтоохоор Булган аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шинжээчээр томилсон, шинжээчийн дүгнэлтээр “хүний үйл ажиллагаа явуулахад тохиромжгүй төлөвлөлт...” гэж дүгнэсэн ба нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “... “Эрдэнэс баптист сүм” ТББ-ын автомашины гараашийн орох, гарах гарц, нарны тусгалыг иргэн Т.Жаргалсайханы барилга хааж баригдаж байгаа...” гэж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс “...шинжээчийн дүгнэлтийн b хэсэг эргэлзээтэй, шинжээч дүгнэлт гаргахдаа “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны хангамж” /БНБД 23-04-07/-ын дагуу гаргаагүй” гэж тус тус тайлбарласантай холбогдуулан шүүх Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийнэ” гэж заасны дагуу дахин шинжилгээ хийлгэхээр Барилгын хөгжлийн төвийг томилсон байна.
Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Булган аймгийн барилга, хот байгуулалтын газрын шинжээчийн дүгнэлт хэрэгт байсаар атал үндэслэлгүйгээр өөрийн санаачилгаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилж, түүний дүгнэлтийг шүүхийн шийдвэртээ дүгнэсэн...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч талаас Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй, тус төвийн захирлын тушаалаар томилсон шинжээчдийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3, 84.5-д зааснаар татгалзан гаргах хүсэлтийг гаргаагүй байх тул “Барилгын хөгжлийн төв нь Т.Жаргалсайханы барилгын зураг төсөлд магадлалын ерөнхий дүгнэлт хийж байсан тул өөрийн шийдвэрийг хамгаалах зорилгоор шинжээчийн дүгнэлтийг гаргасан гэж үзэх үндэслэл бүхий эргэлзээ байхад шүүх нотлох баримт бүрдүүлэх, үнэлэхдээ харгалзаагүй” гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй юм.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “шүүх хэргийн оролцогчдын мэтгэлцэх зарчмыг хангаагүй” гэх гомдлын тухайд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд хариуцагчийн хүсэлтээр шүүх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл хэргийг хянан шийдвэрлэж болохоор заажээ.
Анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, улмаар хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх хүсэлтийг гаргасан болох нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх тул шүүх нэхэмжлэгч талыг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг буруутгах боломжгүй байна.
Нөгөө талаар мэтгэлцэх зарчим нь хэргийн оролцогчдыг шүүх хуралдаанд заавал оролцуулах бус, харин хэргийн оролцогчдыг маргааны үйл баримтыг нотлох болон үгүйсгэх, шүүх хуралд оролцох, тайлбар өгөх, нотлох баримт гаргах тэгш эрхээр хангах тухай хуулийн ойлголт юм.
Ийнхүү маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Харин анхан шатны шүүх баримталбал зохих хуулийн заалтыг бүрэн баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2, 60 дугаар зүйлийн 60.2...” гэсний дараа “...Барилгын тухай хууль /2008 он/-ийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т...” гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН