Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/119

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.*******д холбогдох эрүүгийн 2415000000120 дугаартай 163/2024/0122/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******н овогт *******ын *******, Булган аймгийн *******-******* суманд 1964 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн *******-******* сумын ** дүгээр багийн Банзар гэх газарт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 60 настай, эрэгтэй, РД: *******.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000120 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.******* нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн *******-******* сумын 5 дугаар багт өөрийн гэртээ эхнэр Ц.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний гуян тус газарт нь хутгалж бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

- шүүгдэгч Ш.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),

- хохирогч Ц.*******гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал)

- гэрч Ч.*******ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

- гэрч Б.*******гийн өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

- Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 140 дугаартай: Магадлуулагч Ц.*******гийн биед зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс шалтгаална. Дээрх шарх, цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Ш.*******гийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 140 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь шүүгдэгч Ш.*******гийн хохирогчийн гуян тус газарт хутгалсан үйлдэлтэй буюу ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас үүссэн шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ш.*******, шүүгдэгч Ц.******* нар нь эхнэр нөхрийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай боловч тухайн өдөр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас маргалдаж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэйг гэж үзэв.

Шүүгдэгч Ш.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь өөрт учирсан гэм хор болон сэтгэл санааны хохирлыг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ш.*******г бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ш.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ц.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн төмөр бариултай, шар өнгийн наалтаар ороосон ажлын хэсгийн урт 10 см, бариул хэсгийн урт 11 см урттай цагаан өнгийн төмөр хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгах нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *******н овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******г 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  

5. Шүүгдэгч Ш.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ц.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн төмөр бариултай, шар өнгийн наалтаар ороосон ажлын хэсгийн урт 10 см, бариул хэсгийн урт 11 см урттай цагаан өнгийн төмөр хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ш.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ