| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0125/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/120 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.*******т холбогдох эрүүгийн 2415000000081 дугаартай 163/2024/0125/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, Булган аймгийн ******* суманд 1978 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын ******* 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, 45 настай, эмэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000081 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 03 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутагт Э.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүний бие эрх чөлөөнд халдан хэвлийн тус газарт нь өшиглөж жийсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь давсагны ханын урагдал, хэвлийн хөндийд шингэн болон нөжирсөн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
- Шүүгдэгч Г.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2415000000081 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан:
- гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
- шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98 дахь тал),
- хохирогч Э.*******гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 05-06 дахь тал)
- гэрч Б.*******ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
- гэрч Э.гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),
- гэрч Б.ын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- гэрч Д.гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дэх тал),
- гэрч Ц.гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
- гэрч Н.гийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),
- гэрч Б.ийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-43 дахь тал),
- Булган аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 99 дугаартай: Э.*******гийн биед давсагны ханын урагдал, хэвлийн хөндийд шингэн болон нөжирсөн цус хуралт, баруун шуу, өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүссэн шинэ гэмтэл байна. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зодуулсан гэх толгой, хүзүүний өвдөлт нь бодит үзлэгээр гэмтэл тогтоогдоогүй. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байна. Хөдөлмөрийн чадвар алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Давсагны ханын урагдал, хэвлийн хөндийд шингэн болон нөжирсөн цус хуралт, гэмтэл нь амь насанд аюултай тул гэмлтийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шуу, өвдөгний цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэх дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч, торгуулийг ялыг 21 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцов.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Г.*******ийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 99 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан хүнд гэмтэл нь шүүгдэгч Г.*******ийн хохирогч Э.*******гийн хэвлий хэсэгт өшиглөсөн үйлдэлтэй буюу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүссэн шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.*******ийн хохирогч Э.*******гийн хэвлий хэсэгт өшиглөж биед нь давсагны ханын урагдал, хэвлийн хөндийд шингэн болон нөжирсөн цус хуралт, баруун шуу, өвдгөнд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Энэ хэргийн улмаас хохирогч Э.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүгдэгч Г.******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн банкны дансаар дамжуулан 10.000.000 төгрөгийг хоёр удаагийн гүйлгээр Хаан банкны Э.*******гийн 5364023518 дугаартай дансанд шилжүүлсэн нь мөнгөн шилжүүлэг хийсэн баримтаар /хавтаст хэргийн 120-121 дэх тал/ нотлогдож байх бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэлийн баримт ирүүлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүх хохирогчийн биед учирсан хүнд гэмтэл, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хагалгаа хийлгэсэн нөхцөл байдал, цаашид хийгдэх эмчилгээ зэргийг харгалзан үзэж хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.*******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 10,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 10,500 (арван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 10,500 (арван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 (арван хоёр) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Э.******* нар нь гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 10,500 (арван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т шүүхээс оногдуулсан 10,500 (арван мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,500,000 (арван сая таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.*******т сануулсугай.
5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Э.******* нь гомдол, саналгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг өөрөө гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ