| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0117/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/121 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч П.Шижиртуяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,
шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ид холбогдох эрүүгийн 2415000000057 дугаартай 163/2024/0117/Э индекстэй хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Булган аймгийн Булган аймгийн ******* сумын ******* овоо багт оршин суух бүртгэлтэй, урьд
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 343 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгрөөр торгох ялаар,
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдийн 199 дүгээр шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, 30 настай, эрэгтэй, РД: *******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт Б.*******гийн гэрт түүнтэй хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж аяга шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000057 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Б.*******гийн гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогчийн нүүр хэсэгт аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******ийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Б.*******гийн өгсөн: 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 16 цагийн орчим манай төрсөн ах Эрдэнэбаяр эхнэрийн хамтаар хөдөөнөөс шинэлэхээр ирсэн. Тэр үед манай гэрт манай багын найз ******* ирчихсэн байсан юм. Тэгээд бид нар хоол унд идэж байгаад ахад шинийн юм гээд нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи задалж өгөөд найз ******* бид гурав хувааж уусан. Харин манай эхнэр Отгончимэг болон Эрдэнэбаяр ахын эхнэр хоёр лаазтай пиво ууж байсан. Бид нар юм ярьж сууж байгаад задалсан архиа ууж дуусгаад манай ах, эхнэрийн хамтаар хадмынхаа гэр лүү явчихсан. Тэгээд манай гэрт найз болон манай эхнэр, хүүхэд бид дөрөв үлдсэн. Тэр үед цаг 23 цаг орчим болж байсан. Тэгээд найз бид хоёр гарч дэлгүүрээс дахин 0.5 литрийн Хараа нэртэй архи аваад гэрт орж хувааж уусан. Би өдөр нь өөр айлд нэг шил архи уучихсан байсан тул амархан согтоод ухаан санаа орж гараад нэлээд согтоод ирсэн. Тэгээд сууж байтал манай найз согтуудаа манай эхнэрийг хэл амаар доромжпоод тэр хоёр хэрүүл хийгээд байх шиг байсан. Тэгэхээр нь би босоод эхнэрийгээ өмөөрч чи манай эхнэрийг юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэр үед найз бид хоёр хоёулаа согтчихсон байсан болохоор хэн хэнийхээ үгийг даахгүй хэрэлдэж, маргалдсан. Тэгтэл ******* ширээн дээр байсан шаазан аягаар миний зүүн талын хөмсөг орчим хэсэг рүү цохисон. Тэр үед миний хөмсөг задарч цус гарч эхэлсэн. Тэгээд бид хоёр шууд барьцалдаж ноцолдсон. Бид хоёр хоорондоо харилцан зодолдож байгаад газарт унаад салцгаасан. ...Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Би найз *******тойгоо согтуудаа нэгнийхээ хэлсэн үгийг даахгүй маргалдаж, улмаар зодолдсон юм. Бид хоёр учир зүйгээ олж эвлэрсэн тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
2. Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай: Б.*******гийн биед зүүн хөмсөгний зүүн гадна хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Зүүн хөмсөгний зүүн гадна хэсэг шарх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
3. Яллагдагч Д.*******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж өгсөн: 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр найз *******гийнд байхад түүний ах Эрдэнэбаяр эхнэрийн хамт ирээд шинэлсэн. Тэгээд *******, түүний ах Эрдэнэбаяр бид хоёр гурван шил архи уусан. ...Тэгээд ******* бид хоёр архи уугаад нэлээн согтчихсон байсан. Яг юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Согтуу хүмүүс бие биенийхээ үгийг даахгүй бага зэрэг зүйл дээр маргалдчихсан. Тэр үед би уурандаа бариултай жижиг шаазан аяга ширээн дээрээс аваад *******гийн нүүр лүү цохичихсон юм. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******гийн өгсөн мэдүүлэг, Булган аймгийн шүүх шинжилгээний 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Д.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
Шүүгдэгч Д.******* нь 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт хохирочг Б.*******гийн гэрт түүнтэй хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж нүүр хэсэгт аяга шидэж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдсон.
Шүүгдэгч Д.*******ийн үйлдэл нь хохирогч Б.*******гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.
Тодруулбал, шүүгдэгч Д.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 57 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Шүүгдэгч Д.*******ийн бусдын биед халдаж буй үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай үйлдэл нь хохирогч нарын өгсөн мэдүүлэг, Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй ба дээрх нотлох баримтууд нь хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байна.
Санаатай гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч Д.*******ийн дээрх үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Д.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа гаргаагүй бөгөөд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч Д.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Д.*******ийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.*******ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь үзэв.
Хавтаст хэргийн 53-67 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Д.******* нь ам бүл 1, ганцаараа Булган аймгийн Булган аймгийн ******* сумын ******* овоо багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 3 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Д.*******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Д.*******ийг 525 (таван зуун хорин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525,000 (таван зуун хорин таван мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүгдэгч нь Д.******* нь Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар, 2 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг ял эдлүүлэх журам ноцтой зөрсөн үндэслэлээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж 4 сар, 2 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар, 2 хоногийн ялыг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 4 сар, 2 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар, 23 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 11 дугаартай Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хоригдол Д.*******ийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангиас шилжүүлэн Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловч хоригдол Д.*******ийг 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2029 цагт Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Цагдан хорих байранд шилжүүлэн хүлээлгэн өгсөн болох нь хоригдлын бие болон эд зүйл, эрүүл мэндэд үзлэг хийсэн тэмдэглэл, Баривчлах, цагдан хорих шийдвэрт заасан этгээд мөн эсэхийг хоригдогчийн хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан хамтран магадалсан тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2029 цагаас 2024 оны 06 дугаар сарын 14-ний хүртэл цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Д.*******ид оногдуулсан таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525.000 /таван зуун хорин таван мянга/ төгрөгийн торгох ял төлөгдсөнд тооцох нь зүйтэй.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******ид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Шүүгдэгч Д.*******оос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийг 525 (таван зуун хорин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525,000 (таван зуун хорин таван мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.*******ид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ял, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/265 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 4 сар, 2 хоногийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаар сольж ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн 4 сар, 2 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар, 23 хоногийн хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ийн цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 (арван таван мянга) төгрөгөөр тооцож, 525 (таван зуун хорин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525,000 (таван зуун хорин таван мянга) төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Д.*******ид оногдуулсан 525 (таван зуун хорин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525,000 (таван зуун хорин таван мянга) төгрөгийн торгох ял төлөгдсөнд тооцсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******* нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ