| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2024/0124/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/122 |
| Огноо | 2024-06-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2024/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Э.Гантулга,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа,
шүүгдэгч Б.Энхсайхан нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Энхсайханд холбогдох эрүүгийн 2415000000112 дугаартай 163/2024/0124/Э индекстэй хэргийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Яргай овогт Баттогтохын Энхсайхан, Увс аймгийн Завхан суманд 1981 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Булган аймгийн Могод сумын *** дугаар багт оршин суух бүртгэлтэй, 42 настай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, РД: ГН82112019.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Энхсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2415000000112 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Энхсайхан нь 2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Могод сумын 2 дугаар багийн нутагт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ж.Отгонцэцэгийг “машин олж хөдөө гэртээ эрт ирсэнгүй” гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж маргалдах явцдаа түүн рүү гар утас шидэж эрүүл мэндэд нь зүүн зовхинд шарх, баруун, зүүн, дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,
- шүүгдэгч Б.Энхсайханы мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал),
- хохирогч Ж.Отгонцэцэгийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)
- гэрч Б.Энхтүвшингийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),
- гэрч Д.Ганцэцэгийн өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),
- гэрч Ж.Баттулгын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дахь тал),
- гэрч Ж.Ганболдын өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),
- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6136 дугаартай: Ж.Отгонцэцэгийн биед зүүн зовхинд шарх, баруун, зүүн, дээд, доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал дүгнэлтийг, шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрч тус тус оролцов.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно...” гэж зааснаар шүүгдэгч Б.Энхсайханы санаатай үйлдлийн улмаас хохирогч Ж.Отгонцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” бусдын биед хөнгөн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг хангасан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн 6136 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл нь шүүгдэгч Б.Энхсайханы хохирогч Ж.Отгонцэцэгийн нүүрэн тус газарт утас шидэж оносон үйлдэлтэй буюу мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүссэн шалтгаант холбоотой байна.
Хохирогч Ж.Отгонцэцэг, шүүгдэгч Б.Энхсайхан нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бөгөөд тухайн өдөр Б.Энхсайхан нь эхнэр Ж.Отгонцэцэгийг “машин олж хөдөө гэртээ эрт ирсэнгүй” гэх шалтгаанаар хохирогчийн бие, эрх чөлөөнд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг агуулсан гэм буруугийн санаатай, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл мөн тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Энхсайхан нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцов.
Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Отгонцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэм хорыг арилгуулахаар иргэний нэхэмжлэл гаргаагүй гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тус тус илэрхийлсэн байх тул шүүгдэгч Б.Энхсайханыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Энхсайханы хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Энхсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.
Прокурор шүүгдэгч Б.Энхсайханд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялын саналыг танилцуулж, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд шүүгдэгч Б.Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Энхсайхан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ж.Отгонцэцэг нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Яргай овогт Баттогтохын Энхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхсайханыг 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Энхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүгдэгч Б.Энхсайхан нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ж.Отгонцэцэг нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ