Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2021/01579

 

 

 

 

2021 оны 07 сарын 21 өдөр Дугаар 183/ШШ2021/01579 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сумын 0 дүгээр баг 0 дугаар хороолол 0 байрны 00 тоот хаягт оршин суух, У овогт Л.Д /РД:МИ000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 0 дугаар хороо Үндсэн хуулийн гудамж хаягт байрлах, НШШ-т холбогдох, 

 

Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Ард аюушийн өргөн чөлөө гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Д овогтой Д.Б /РД:ЧЛ67122002/,

 

Гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, Тэм-0, 000 тоот хаягт байрлах, Л.И ХХК /РД:000000/,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/00000 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн хийгдсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцох тухай 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 11/1105 дугаар тогтоол, мөн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/10000 тоот албан бичгийн А байрны 00 тоот 62,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Д, түүний өмгөөлөгч Э.Д, гуравдагч этгээд Л.И ХХК-ийн төлөөлөгч Т.Ч, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Нямжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.Д миний бие нь Л.И ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 000 дугаар бүхий Орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөн өдөр 17/07 дугаар бүхий Тусгайлан хийсэн болзолт гэрээ буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дархан-Уул аймаг Дархан сумын 00 дүгээр баг 00 дугаар хороололд байрлах 144 айлын орон сууц бүхий А блокны 0 дугаар орцны 0 давхрын 00 тоот 62,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 1 000 000 төгрөгөөр тооцож нийт 62 700 000 төгрөгөөр худалдан авч байрны төлбөрт нийт 18 538 700 төгрөгийг төлсөн бөгөөд бидний хооронд байгуулагдсан гэрээнд орон сууцны үнийг 100 хувь төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг шилжүүлэхээр тусгагдсан тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулаагүй байсан. Дээрх гэрээг байгуулах болсон шалтгаан нь Л.И ХХК нь 2017 оны 05-р сарын байдлаар миний ажилладаг байгууллага болох Д ТӨХК-д 65 000 000 төгрөгийн дулааны төлбөр үүссэн байсан тул өөрийн барьж, ашиглалтад оруулсан Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дүгээр баг 00 дугаар хороололд байрлалтай ЛИ нэртэй 144 айлын орон сууцнаас Д ТӨХК-ийн 4 ажилтанд хөнгөлөлттэй үнээр буюу 1 мкв талбайн үнийг 1 000 000 төгрөгөөр тооцож, 5 жилийн хугацаатай хүүгүй лизингээр орон сууц олгож, үүссэн дулааны өр, төлбөр болон цаашид гарах төлбөрийг төлүүлж байх санал тавьснаар манай байгууллагын 4 ажилтан Л.И ХХК-тай Д ТӨХК-нд хуримтлагдсан Л.И ХХК-ийн дулааны өр төлбөрийг сар бүр төлөх байдлаар орон сууцны үнийг төлж байгаа болно. Миний бие нь гэрээ байгуулсны дараа А байрны 00 тоотын дутуу гүйцэтгэлтэй байсан шал, хаалга, дотор сантехникийн ажлуудыг өөрийн зардлаар хийлгүүлж, 2017 оны 10 дугаар сараас эхлэн оршин сууж, цахилгаан, кабель, сууц өмчлөгчдийн холбоонд байр ашиглалтын төлбөрөө төлөхийн зэрэгцээ Л.И ХХК-ийн өмнөөс Д ТӨХК-нд сар бүр 900 000 төгрөг төлсөөр ирсэн. Гэтэл Л.И ХХК нь надад худалдсан 10А байрны 49 тоотыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Д.Б-гийн өмчлөлд шилжүүлсэн болохыг олж мэдлээ. Өөрөөр хэлбэл Д.Б нь Л.И ХХК-тай 2014 оны 12 сарын 22-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, 1 000 000 000 төгрөгийг Л.И ХХК-нд шилжүүлсэн байсны дагуу Л.И ХХК нь Д.Б-д 2 500 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/00000 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна. Н газар нь дээрх шүүгчийн захирамжийн дагуу гүйцэтгэх ажиллагаа явуулж шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гаргасан талуудын тохиролцоог үндэслэн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/10000 тоот эрх шилжүүлэх тухай албан бичгээр А байрны 00 тоот 62.7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Д.Б-гийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Н газрын дээрх ажиллагаа нь хууль бус буюу гуравдагч этгээд надад мэдэгдэлгүй, миний зөвшөөрөлгүйгээр надад худалдсан эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Л.Д миний бие нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу хамгийн эхэнд гэрээ байгуулж, Дархан-Уул аймаг Дархан сум 00 дүгээр баг 00 хороололд байрлах 144 айлын орон сууц бүхий А блокны 0 дугаар орцны 0 давхрын 00 тоот орон сууцыг эзэмшилдээ авсан болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Л.И ХХК болон төлбөр авагч Д.Б нарыг оролцуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас нэхэмжлэгч нь тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох, үүний хүрээнд гуравдагч этгээдийн зүгээс хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болохын зэрэгцээ шударгаар олж авсан эд хөрөнгийг нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар Д.Б-д шилжүүлсэн нөхцөл байдал үүссэн. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/00000 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн хийгдсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцох тухай 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 11/0000 дугаар тогтоол, мөн газрын 2018 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 1/00000 тоот албан бичгийн А байрны 00 тоот 62,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны сарын 30-ны өдрийн 8942 дугаар захирамжаар Л.И ХХК-иас 2 500 000 000 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн. Ш ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүссэн. Л.И ХХК, Д.Б нар нь 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 0 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээ хийж гэрээний 5.1.3 дахь заалтад оруулсан хөрөнгө болон ашгийнхаа хэмжээг мөнгөн хэлбэрээр авч чадахгүй тохиолдолд Гүйцэтгэгч тал-ын тавьсан саналын дагуу ашиглалтад орсон байрнаас м2 талбайг 750 000 төгрөгөөр тооцон нийт 2666 м2 талбайг өмчлөх эрхийг хөрөнгө оруулагч тал шилжүүлэн авах эрхтэй гэж тусгажээ. Мөн талууд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2018 оны 3 дугаар сарын 28-ны Л.И ХХК-ийн өмчлөлийн 10а байрны 58 айл ,10б байрны 66 айлыг эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, мөн өдрөө эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор хурааж авсан. Хөрөнгө хураах ажиллагаа явагдсаны дараагаар Д.Б нь НШШГГ-т хүсэлт гаргаж тухайн хурааж авсан байрнуудыг дуудлага худалдаанд оруулах шаардлагагүй, дуудлага худалдаа яваагүй гэх үндэслэлээр гомдол гаргахгүй гэж хүсэлтийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр өгсөн байна. 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Л.И ХХК-иас НШШГГ-т төлбөр төлөх тухай албан бичиг ирүүлсэн. Тус бичигт 10а байрнаас 44 ширхэг орон сууцыг Д.Б-д 1 м2 талбайг 972 850 төгрөгөөр өгөх хүсэлтэйгээ илэрхийлсэн бөгөөд Д.Б хүсэлтийг хүлээж авч 2,5 тэрбум төгрөгийн авлагтаа тооцон авахаар харилцан тохирч гүйцэтгэх баримт бичиг буюу хэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29.1.3-т зааснаар дуусгавар болгох хүсэлт өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрх шилжүүлэх тухай албан бичгийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн бөгөөд тус бүртгэлийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн хариунд шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, албан бичгүүд зөрүүтэй байх тул иргэн Д.Б-гийн өмчлөлд бүртгэх боломжгүй тухай хариу ирүүлсэн. Д.Болормаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүргийн гүйцэтгэлээр барьцаа хөрөнгөөр хангуулсан тул дуусгавар болгож өгнө үү гэсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 11/1105 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолоор хэргийг хааж дуусгавар болгосон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэгч Л.Д-гийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие анх 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр ЛЛ.И ХХК-тай 01/00 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 00 дүгээр Хөрөнгө оруулалтын гэрээ-г тус тус байгуулж, Дархан-Уул аймаг, Дархан сум, 00 дүгээр баг, 00 хороололд баригдахаар болсон 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, барилга ашиглалтад орсноор тэргүүн ээлжид ашиг авахаар харилцан тохиролцсон. Л.И ХХК-иас 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор эхний хөрөнгө оруулалт болон түүнтэй тэнцэх хэмжээний ашгийг өгөх үүргээ биелүүлээгүй, барилгын ажлын явц удааширсан тул Л.И ХХК-иас гаргасан саналыг үндэслэн уг өдөр гэрээний хугацааг сунгаж, 00 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 00 дугаар Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон Барьцааны гэрээ-г тус тус байгуулсан. Эдгээр гэрээгээр Хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа хөрөнгө оруулагч тал буюу Д.Б миний биед гэрээ байгуулах талаараа мэдэгдэж, зөвшөөрөл авсны үндсэн дээр захиран зарцуулж байхаар тохиролцсон. Түүнчлэн 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ болон "Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, нэхэмжлэлд дурдсан Дархан-Уул аймаг, Дархан сум, 00 дүгээр баг, 00 хорооллын Л хотхон-ы А блокын 00 тоотын 2 өрөө орон сууц нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Д.Б миний барьцаанд бүртгэгдсэн. Гэтэл хариуцагч Л.И ХХК нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсгийн ...талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авна... гэснийг болон надтай байгуулсан гэрээний үүргээ зөрчиж, Л.Д гэгч хүнтэй 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 146 тоот Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ, мөн өдөр 17/00 тоот Тусгайлан хийсэн болзолт гэрээ буюу зээлээр худалдах худалдан авах гэрээний үндсэн дээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 00 дүгээр баг, 00 хорооллын Л хотхоны А блокын 00 тоотын 0 өрөө орон сууцыг худалдахаар тохиролцож гэрээ байгуулсан нь хууль бус болсон байна. Л.И ХХК нь Хөрөнгө оруулалтын гэрээ-нд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар миний бие Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор Л.И ХХК-тай 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээг байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/00000 дугаар захирамжаар баталгаажуулсан. Уг захирамжийн дагуу Л.И ХХК нь миний биед 2 500 000 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, уг ажиллагааны явцад Л.И ХХК-иас миний өмчлөлд Дархан-Уул аймаг, Дархан сум, 00 дүгээр баг, 00 дугаар хорооллын Л хотхоны А блокын 00 тоотын 0 өрөө орон сууцыг шилжүүлэн өгөх санал гаргасны дагуу, саналыг миний бие хүлээн зөвшөөрч төлбөрт тооцон авахаар болсон. Дээрх орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй 146 тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд батлав хэсэгт Л.И ХХК, ерөнхий захирал А.Л гэж бичиж, гарын үсэг зурагдсан байна. Гэтэл уг гэрээг байгуулагдах үед Л.И ХХК-ийн захирлаар Ц.Б нь томилогдон /2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс/ ажиллаж байсан болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс харагдаж байна. Тухайлбал нэхэмжлэгч нь дээрх гэрээг Л.И ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан байх тул уг гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/00000 дугаар захирамжийг үндэслэн хийгдсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/19496 тоот албан бичигт дурдагдсан миний өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000000 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймаг, Дархан сум, 00 дүгээр баг, 00 дугаар хорооллын Ласти таун хотхон-ы А блокын 0 тоотын 2 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шүүхэд хавдаж байгаа нь хуульд нийцэхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд Л.И ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Д.Б нь маргаан бүхий орон сууцны барилгад хөрөнгө оруулж, Л.И ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн. Гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад нэхэмжилсэн үнийн дүнгийн тодорхой хэмжээний төлбөрийг хасаж эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 8942 дугаар захирамжаар баталгаажуулсан. Албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс ажиллагааг явуулж эхэлсэн. Тус ажиллагааг нэхэмжлэгч буруу ойлгож байна. Зөвхөн барьцааны гэрээг үндэслэж явуулаагүй. Ажиллагаа явагдсан 144 айлын орон сууц нь хоёр хэсэг блок байртай 10а байр 58 айлын орон сууц, 10в 56 айлын орон сууцанд нийт 144 айлын орон сууцанд ажиллагаа явуулсан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр авагч, төлбөр төлөгч нар хооронд харилцан тохиролцож, барьцааны дагуу 46 айлын орон сууцнаас 44 айлын орон сууцыг Д.Б-гийн өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрсөн. Тус тохиролцооны дагуу шилжүүлсэн 10а байрны 49 тоот нь нэхэмжлэгч Л.Д-гийн маргаан бүхий орон сууц юм. Нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцоогүй, эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй. Маргаан бүхий орон сууц нь 50 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, улсын комисс хүлээж авсны дараа Л.И ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэхдээ Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж гүйцэтгэсэн байх тул тус ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 144 айлын 124 айлд ажиллагаа явуулж, орон сууцанд амьдарч буй суугчидтай биечлэн уулзсан төдийгүй 36 айлын орон сууц давхцалтай болохыг олж мэдсэн. Л.Д-гийн хувьд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй боловч тус орон сууцанд амьдарч байсан. Одоогийн байдлаар Л.И ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захирал н.Л-г 3 жил эрэн сурвалжилж байгаа. Л.И ХХК-ийн эд хөрөнгөд хориг тавьсан түдгэлзүүлсэн олон ажиллагаа байгаа гэдгийг дурдаж байна гэв

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Н газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/00000 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн хийгдсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцох тухай 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 11/0000 дугаар тогтоол, мөн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/00000 тоот албан бичгийн А байрны 00 тоот 62,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргав.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Ш газар нь төлбөр төлөгч Л.И ХХК болон төлбөр авагч Д.Б нарыг оролцуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөний улмаас Л.Д тухайн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох, үүний хүрээнд гуравдагч этгээдийн зүгээс хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болсны зэрэгцээ шударгаар олж авсан эд хөрөнгийг нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар Д.Б-д шилжүүлсэн... гэж тайлбарлаж байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/08942 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар Л.И ХХК-иас 2 500 000 000 төгрөгийг гаргуулж Д.Б-д олгохоор шийдвэрлэсэн /хх-145-145/ байх ба хариуцагч Н газар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 12 сарын 14-ний өдөр олгосон 183/ГХ2017/00000 дугаартай /хх-197/ гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 18290056 дугаар тогтоолоор /хх-46/ үүсгэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулж эхэлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Төлбөр төлөгч Л.И ХХК нь шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэлийн байгууллага үүргийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээг хуульд нийцүүлэн гүйцэтгэжээ.

 

Төлбөр төлөгч Л.И ХХК нь 2018 оны 05 сарын 08-ны өдөр Н газарт шүүхийн шийдвэрт заасан 2 500 000 000 төгрөгийн төлбөрт тооцон Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003018160 дугаарт бүртгэлтэй Дархан-Уул аймгийн Дархан сумын 00 дүгээр баг 00 дугаар хороолол, А байрны 00 ширхэг орон сууцыг төлбөр авагч Д.Б-д өгч гүйцэтгэх баримт бичгийг хаалгах хүсэлт гаргасан байна. /хх-84/, Улмаар төлбөр төлөгч болон төлбөр авагч нар мөн өдөр орон сууцны 1 м.кв талбайн үнэлгээг 972 850 төгрөгөөр тооцон төлбөртөө шилжүүлэхээр харилцан тохиролцон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлжээ. /хх-85/

 

Төлбөр төлөгч Л.И ХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгөө шүүхийн шийдвэрт заасан төлбөртөө тооцон төлбөр авагчид шилжүүлэх хүсэлтийг үндэслэн хариуцагч Н газраас нэр бүхий орон сууцуудыг төлбөр авагч Д.Б-гийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, гэрчилгээг ирүүлэхийг мэдэгдсэн 2018 оны 05 сарын 15-ны өдрийн 1/00000 дугаар албан тоотыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлж, улмаар төлбөр авагч Д.Болормаагийн өмчлөлд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10А байрны 2, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, 36, 46, 47, 49, 51, 54, 58, 62, 64, 65, 68, 69 тоот 1423,42 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2019 оны 02 сарын 21-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдэн 000691004 дугаар гэрчилгээ олгогдсон байна. /хх-90, 147/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т төлбөр төлөгч гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Л.И ХХК-д холбогдох 18290056 бүртгэлийн дугаартай гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгож 2019 оны 11 сарын 06-ны өдөр 01/1105 дугаар тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй, төлбөр төлөгчЛ.И ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалт, журмын дагуу гүйцэтгэсэн байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Л.Д нь төлбөр төлөгч Л.И ХХК-нд холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоогүй явдалд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Л.Д нь Л.И ХХК-тай 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 146 дугаар бүхий Орон сууц захиалгаар бариулах гэрээ, мөн өдөр 17/07 дугаар бүхий Тусгайлан хийсэн болзолт гэрээ буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж Дархан-Уул аймаг Дархан сум 00 дүгээр баг 00 хороололд байрлах 144 айлын орон сууц бүхий 10А блокны 2 дугаар орцны 4 давхрын 49 тоот 6,7 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 мкв талбайг 1 000 000 төгрөгөөр тооцож нийт 62 700 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, гэрээний төлбөрт нийт 18 538 700 төгрөгийг төлсөн болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо Л.И ХХК-иас шаардах эрх нээлттэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 29 дүгээр зүйлийн 29.1.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг үндэслэн хийгдсэн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцох тухай 2019 оны 11 сарын 06-ны өдрийн 11/1105 дугаар тогтоол, мөн газрын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1/00000 тоот албан бичгийн А байрны 00 тоот 62,7 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай Л.Д-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ