Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбатын Оюунсайхан |
Хэргийн индекс | 111/2021/0004/З |
Дугаар | 111/ШШ2021/0020 |
Огноо | 2021-10-07 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 111/ШШ2021/0020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, хариуцагч Ж.Хатанбаатар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сүхбат нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар М.Мэндсайханы нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатарт холбогдох Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мэндсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Баян-Овоо сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 41 тоот захирамжаар Мандалхайрхан 1 дүгээр багийн Засаг даргаар томилогдон ажиллаж ажиллах хугацаандаа төрийн ажлыг цалгардуулж, алдаа дутагдал гаргаж байгаагүй болно. Гэтэл Баян-Овоо сумын засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/05, 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 тоот захирамжуудаар үүрэгт ажлаас чөлөөлснийг хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 1а/115 тоот албан бичгээр хүчингүй болгох боломжгүй тухай хариу ирүүлсэн бөгөөд уг захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах; 17.1.4 Баг хорооны засаг даргын тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх гэсэн заалтуудыг зөрчин, багийн иргэдийн нийтийн бүрэн эрхэд халдсан мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5, баг хорооны засаг даргын чөлөөлөх огцруулах асуудлыг тухайн иргэдийн нийтийн хурлын саналыг үндэслэн сум дүүргийн засаг дарга шийдвэрлэнэ гэсэн заалтуудыг зөрчиж ЗЗНДНТУтХ мөн миний тус хуулинд заасан багийн даргын бүрэн эрхийг хэрэгжүүлж чадахгүйд хүрч миний эрхийг ноцтой зөрчөөд байна. Мөн түүнчлэн намын ялгаа гаргаж улс төрийн шалтгаанаар үндэслэлгүйгээр хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн тул дээрх захирамжуудыг хүчингүй болгуулж ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгуулж миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү. гэв.
Нэхэмжлэгч М.Мэндсайхан ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: М.Мэндсайхан би тус шүүхэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар Б/07 захирамжаар хүчингүй болгон ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалин нөхөн олгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаарлагыг 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдөр гаргасан бөгөөд хариуцагч Ж.Хатанбаатар нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Ж.Хатанбаатар нь миний хөдөлмөрлөх эрхэнд хууль бусаар халдаж намайг цалин орлогогүй болгож хохироосон үйлдэл болон хууль зөрчиж гаргасан захирамжид маш гомдолтой байгаа. Мөн түүнчлэн миний Нийгмийн даатгал болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлт тасраад 5 сар болж байна. Иймд дараах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байна. Ажилгүй байх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анухатан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн Засаг дарга байсан Маань овогтой Мэндсайхан нь Сумын Засаг даргатай Ж.Хатанбаатартай 2017 оны 6 дугаар сараас 2021 оны 1 дүгээр сар хүртэл хамтран ажилласан байдаг. Хамтран ажиллаж байх хугацаандаа дараах зөрчил дутагдлуудыг гаргаж байсан.
Үүнд: 2019 онд удаа дараа ажлын байрыг эзэнгүйдүүлж ажлын цагаар архи согтууруулах ундаа хэрэглэж Засаг даргын 2019 оны А/09 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл авч байсан.
2020 онд албан ажилдаа хариуцлагагүй хандаж ажлын цагаас удаа дараа хоцорч 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 55 дугаар захирамжаар сануулах арга хэмжээ авч байсан.
2020 оны ажлын тайлан төлөвлөгөөний хэрэгжилт биелэлтийг цаг хугацаанд нь өгөөгүй, цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед онцгой комиссын гишүүний үүрэг хариуцлага алдаж хурал зөвлөгөөн тасалсан, удаа дараа хоцорсон. Засаг даргын Зөвлөлийн хурал болон хамт олны хурлаар хэлэлцүүлж сануулга өгч байсан.
2021 онд ажлын цагаас удаа дараа хоцорсон, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй албан томилолтоо ажлын хэсгээр явж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн, ажлын хариуцлага алдаж Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж сонсон ажиллагааг явуулж үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай шийдвэр гарсан.
Иймд сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 тоот М.Мэндсайханыг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгох боломжгүй тухай мэдэгдэж байна. гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анухатан ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн Засаг дарга байсан М.Мэндсайханы Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай бичигтэй танилцлаа. 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 тоот М.Мэндсайхантай холбогдуулан гаргасан захирамжаас үзэхэд түүний буруутай үйлдлээс шалтгаалж ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргасан байх тул ажлаас чөлөөлөгдсөн хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөхөөс татгалзаж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна. Мөн жил бүрийн мал тооллогын ажлаар хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэж өөрийн хамаатан садан ах дүү нар болон бусад малгүй өрхийн нэр дээр хий мал тоолж, малын А дансны мэдээллийг хуурамчаар үйлдсэн. Малчин өрхийг мал бүхий өрхөөр бүртгэж ард иргэд, малчдад засгийн газар, дэлхийн банкнаас олгож буй хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийг хааж хохирол учруулсан, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох насанд хүрсэн хэдий ч Багийн Засаг дарга байсан М.Мэндсайханы ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж хувийн ашиг сонирхол үүсгэсэн, малчдад удаа дараа хохирол учруулсан тухай малчдаас ирүүлсэн өргөдөл гомдол болон холбогдох материалыг хүргүүлж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мэндсайхан анх шүүхэд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатарт холбогдуулан гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ээр ихэсгэсэн болно.
Шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
М.Мэндсайханыг Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай 41 дүгээр захирамжаар тус сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн Засаг даргаар томилж, 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Мандалхайрхан багийн Засаг дарга М.Мэндсайханыг ажлаас чөлөөлөх тухай Б/07 тоот захирамжаар ажлын цагийг удаа дараа хоцорсон, ажил тасалсан, Ковид-19 цар тахлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан цаг хугацаанд ажлын цаг болон шуурхай хурлаас удаа дараа хоцорсон, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлээгүй, 2020 оны ажлын төлөвлөгөө тайлан гаргаагүй, хугацаатай мэдээ судалгааг удаа дараа хоцроосон, ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө., 48 дугаар зүйлийн 48.1.3-т төрийн албанаас халах, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоолын 3 дахь заалт, аймгийн засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 01 тоот албан даалгавар, аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот албан даалгаврыг тус тус үндэслэснийг хууль бус гэж дүгнэлээ.
1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө. гэж заасан учир төрийн жинхэнэ албан хаагчийн сахилгын шийтгэлийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн үйлчлэлд багийн Засаг дарга хамаарахааргүй байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч;-ийг төрийн улс төрийн албан тушаалд хамруулсан бөгөөд уг албан тушаалтны хөдөлмөрлөх эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бүх шатны Засаг дарга хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл хууль зөрчсөн зэрэг нь түүнийг огцруулах, эсхүл өөрөө огцрох үндэслэл болохоос биш ажлын цагийг удаа дараа хоцорсон, ажил тасалсан, Ковид-19 цар тахлын хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан цаг хугацаанд ажлын цаг болон шуурхай хурлаас удаа дараа хоцорсон, удирдах албан тушаалтнаас өгсөн үүрэг чиглэлийг биелүүлээгүй, 2020 оны ажлын төлөвлөгөө тайлан гаргаагүй, хугацаатай мэдээ судалгааг удаа дараа хоцроосон, ажлын хариуцлага алдсан гэж доод шатны Засаг даргад сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ дээд шатны Засаг даргад хуулиар олгогдоогүй атал хариуцагч нэхэмжлэгчийг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх тусгай зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байна.
Дээр дурдсан хууль зөрчсөн үйлдэл, чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан үндэслэлээр Засаг даргыг огцруулах бол саналаа зохих шатны Хуралд хүргүүлэх бөгөөд Хурал 15 хоногийн дотор хэлэлцэж санал хураалт явуулж хариу өгнө.гэж заасан журмаар асуудлыг шийдвэрлүүлэх, улмаар мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д Баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэнэ. гэж заасны дагуу шийдвэр гаргах, шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл захиргааны байгууллага өөрийн санаачилгаар, оролцогчийн зөвшөөрснөөр шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулна. гэж заасныг хэрэгжүүлэх шаардлагатай байжээ.
Тухайн тохиолдолд Баян-Овоо сумын Мандалхайрхан 1 дүгээр багийн Засаг дарга М.Мэндсайханыг чөлөөлөх, огцруулах асуудлыг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцээгүй болох нь гэрч С.Төгс-Эрдэнийн мэдүүлгээр тогтоогдох агаад хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын М.Мэндсайхан тодорхой зөрчлүүдийг гаргасан гэх удаа дараагийн тайлбарууд нотлох баримтгүй, хуулиар зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээгүй тул шүүх уг асуудалд дүгнэлт өгөх боломжгүй юм.
2. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй. гэж заасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах гэж тодорхойлсон хэдий ч албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн нь дээрх байдлаар тогтоогдож байх тул М.Мэндсайханы ажилгүй байсан буюу 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны цалин 8.073.083 /Найман сая далан гурван мянга наян гурван/ төгрөгийг хохирол гэж үзэн, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж шийдвэрлэсэн болно.
3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан даатгуулагч болон ажил олгогч нь дор дурдсан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө., Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам-ын 2.е-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд нь уг даатгуулагчийг ажилдаа эргэж орсноос хойш нэг сарын дотор нэг удаа даатгалын зохих санд төлнө. гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2-т Ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд дор дурдсан мөнгөн орлогыг оруулна. Үүнд: а/ ажилтанд олгосон үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдэл... гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Мэндсайханы үндсэн цалин, бүх төрлийн нэмэгдлийг тооцон хохирлын дүнг гаргасан болно.
Хоёр. Ажилд эгүүлэн тогтоолгох-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй. гэж заасан.
Тухайн тохиолдолд Баян-Овоо сумын Засаг дарга нэхэмжлэгч М.Мэндсайханыг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр томилсон байх бөгөөд хуульд заасан бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан багийн Иргэдийн Нийтийн хурлыг 2021 оны оны 6 дугаар сард зохион байгуулах байсныг хойшлуулж, улмаар Баян-Овоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн Багийн иргэдийн Нийтийн хурлыг зохион байгуулах тухай 23 дугаар тогтоол, Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Багийн Засаг дарга нарын сонгуулийг зохион байгуулах ажлын хэсэг томилох тухай А/110 дугаар захирамжаар Мандалхайрхан 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуулийг 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулсан Мандалхайрхан 1 дүгээр багийн Засаг даргыг сонгох сонгуулиар Т.Цэцэгсайхан сонгогдсон байх тул нэхэмжлэгч М.Мэндсайханыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох хууль зүйн боломжгүй, нэхэмжлэлийн уг шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 100 дугаар зүйлийн 100.1, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх хэсгийг хангаж, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн Б/07 тоот захирамжийг хүчингүй болгож, үлдэх ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар анхан шатны журмаар захиргааны хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСАЙХАН