Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 154

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч  А.Алтанхуяг, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга З.Бат-Амгалан хөтлөн

иргэдийн төлөөлөгч Ч.Чулуунбат

улсын яллагч Г.Мөнх-Эрдэнэ

хохирогч Д.Баянжаргал

шинжээч эмч Г.Энхбаатар

гэрч Э.Золзаяа, З.Цацрал

шүүгдэгч Д.Дэлгэрсайхан, түүний өмгөөлөгч Д.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх  хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсгүүдэд заасан  гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч, цахилгаанчин, машинч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сутайн буянт ХХК-д автобусны жолоочоор ажиллаж байсан, одоо Эм Си компанид ажиллаж байгаа,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашаантын 15 дугаар гудамжны 761 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ЦД82120118/ Номч овогт Даваадоржийн Дэлгэрсайханд холбогдох 201526021288 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

Шүүгдэгч Д.Дэлгэрсайхан Хайлааст-Сүлжмэл чиглэлийн 21-63 УНБ улсын дугаартай автобус жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа буюу 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороо 25-р эмийн сангийн автобусны буудлын орчим Д.Баянжаргалыг согтуугаар тээврийн хэрэгслээр зорчихдоо автобусны картыг уншуулахгүй, хэл амаар доромжиллоо гэж үл ялих зүйлээр шалтаглан танхайрч автобуснаас чирч буулгаж, биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хавирган тус газарт нь өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

Шүүгдэгч Д.Дэлгэрсайхан шүүхийн хэлэлцүүлэгт: 2015 оны 8 дугаар сарын 8-нд намайг автобус жолоодоод ажлаа хийгээд явж байхад Өргөө кинотеатрын автобусны буудал дээрээс Баянжаргал гуай надаас 3 дугаар эмнэлэг орох уу гэж асуусан би орноо орно гэж хэлсэн. Тэгээд Баянжаргал гуай миний жолоодож явсан автобусанд орж ирээд хаалганы хажууд зогсохоор нь та картаа уншуулаад хойшоо очоод сандал дээр суучих гэж би хэлсэн. Тэгэхэд Баянжаргал гуай намайг элдвээр хэлж хэл амаар доромжилсон. Автобусанд үйлчлүүлж явсан зорчигчид наад согтуу хүнээ буулгаач гэдэг шаардлага надад тавьсан. Би 25 дугаар эмийн сангийн буудал дээр Баянжаргал гуайг буулгах гэтэл “та нар шиг новшоор би буулгуулахгүй” гэж хэлээд өөрөө автобуснаас буусан. Түүнийг би цохиж зодсон асуудал надад огт байхгүй. Би өөрийнхөө унадаг жижиг машиныг зарж Баянжаргал гуайд 1 сая төгрөг өгсөн. Энэ хэрэгт холбогдсоноос болоод би ажилгүй болсон, мөн эхнэр маань хүүхэд аваад явчихсан. Шүүх хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв. 

 

Хохирогч Д.Баянжаргал шүүхийн хэлэлцүүлэгт: Би тэр өдөр Өргөө кинотеатрын автобусны буудал дээрээс автобусанд суусан. Энэ жолооч намайг “та автобусны карт уншигчид картаа уншуулаад хойшоо суу” гэхэд нь би “чадахгүй, зүгээр кондуктартай байгаад болоод байсан юмыг Бат-Үүл гэж юмнаас болж байгаа юм” гэж би хэлээд сандалд суугаагүй, угаасаа ч би сандал дээр суудаггүй юм. Тэгтэл намайг Дэлгэрсайхан автобуснаас 17 цаг 49 минутад татаж буулгаад миний дээрээс хөлөөрөө дэвссэн. 18 цаг 11 минутад би цагдаа дуудсан байна. Би одоо ч эм байнга ууж байгаа. Надад 1 сая төгрөг Дэлгэрсайхан өгсөн нь үнэн. Би Дэлгэрсайханд гомдолтой. 10 сая төгрөгийг сэтгэл санааны хохиролд нэхэмжилж байна гэв. 

 

Шинжээч эмч Г.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: Баянжаргалын биед учирсан 5 хавирга гурван өөр шугамаар хугарсан байна. Зарим хавирга нь хоёрлосон хугаралтай байгаа. Эдгээр хугарал нь дарагдах механизмаар үүснэ. Нэг удаагийн уналтаар энэ хугаралууд үүсэх боломжгүй.  Замын хашлага боржур дээр унаад 5 хавирга хугарлаа гэхэд нэг шугаманд хугарна. 5 хавирганы хугаралууд бол дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хавирга хугарснаас уушигны авчийлт үүснэ. Уушигны авчийлт нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэв.  

 

Гэрч  Э.Золзаяа шүүхийн хэлэлцүүлэгт: 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 21-63 улсын дугаартай автобусыг хувиараараа Дэлгэрсайхан жолоодсон байгаа. Энэ цаг хугацаанд бол Смарт төхөөрөмж нийтийн тээвэрт тавигдсан байсан. Автобусны камер хэвийн ажиллаж байсан бол 40 хүртэл хоног хадгалагддаг. Жолооч камерийн бичлэгийг устгах ямар ч боломжгүй. Камерийг UB Смарт ХХК хариуцна. Манай аж ахуйн нэгж камерийн асуудалд оролцдоггүй гэв.

 

Гэрч З.Цацрал шүүхийн хэлэлцүүлэгт: 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр би Өргөөгийн автобусны буудал дээр байж байтал Дэлгэрсайхан автобус жолоодоод хүрээд ирсэн. Дэлгэрсайхан намайг хаачих гэж байгаа юм бэ гэхээр нь би найзынх руугаа явах гэсэн юм гэж хэлээд би Дэлгэрсайханы автобусанд суусан. Энэ Баянжаргал гэдэг нэрийг нь одоо мэдэх болсон тухайн үед өмнө нь огт харж байгаагүй хүн Дэлгэрсайханы жолоодож явсан автобусанд мөн суусан. Баянжаргал орж ирүүтээ хаалганы үүдний шатан дээр зогссон. Дэлгэрсайхан “та шатан дээрээсээ дээшээ гараад хойшоо очоод суучих” гэж хэлэхэд Баянжаргал “хуцалгүй наад машинаа барь, тамхи татаж, утсаар ярьсан автобусны та нар ямар олигтой байдаг юм бэ” гээд элдэв янзын үг хэлээд байсан. Баянжаргал нилээн согтуу байсан. Автобусанд сууж явсан хүмүүс ч согтуу хүн гээд уурлаад байсан. Тэгээд явж байгаад Улаанбаатар паласын дээд талын автобусны буудал дээр Дэлгэрсайхан Баянжаргалыг буулгасан. Баянжаргал миний буух буудал биш байна гэж хэлж байсан. Дэлгэрсайхан Баянжаргалыг цохиж зодсон зүйл байхгүй. Дэлгэрсайхан бол манай нөхрийн найз нь байгаа юм гэв. 

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Д.Дэлгэрсайханы иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /1 хх-ийн 154/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн-53/, шийтгэх тогтоолын хуулбар /1 хх-ийн 55-57/, Сутайн буянт ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-ийн 48-49/, Сутайн буянт ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /1 хх-ийн 51/, хорооны засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 52/, Сутайн буянт ХХК-ийн ажилд томилох тухай тушаалын хуулбар /1хх-ийн 155/, Сутайн буянт ХХК-ийн ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /1хх-ийн 156/,

 

хохирогч Д.Баянжаргалын”...Би 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт Өргөө кино театрын автобусны буудал дээр Хар хорин захаас суугаад андуурч буугаад огт танихгүй хоёр хүнтэй таараад тэр хүмүүс намайг танимхайраад өнөөдөр аавуудын баяр гээд байхаар нь 1 шил 0.33 граммын архи авч гурвуулаа хувааж уучихаад 17 цаг 49 минутад би автобусанд суухдаа утасны цагийг харсан.Тэгээд 3 дугаар эмнэлэг орно гэсэн шар өнгийн автобусанд суугаад буудал хүрээгүй явж байхад Баянгол дүүргийн 6 дугаар хороо Орхон худалдааны төвийн урд талаар өнгөрөөд тэр шар автобусны жолооч залуу намайг татаж автобуснаас буулгаад газар унагаад цээжинд 2-3 удаа дэвсээд буцаад автобусандаа суугаад намайг татаж буулгасан хаалгаа хаахгүй хөдлөөд явсан. Тэгээд би босоод автобусны номерийг харах гэсэн чинь харагдаагүй цонхоор нь харсан чинь тэр автобус дотор бараг хүн харагдаагүй. Тэндээсээ би шууд цагдаа дуудсан хөдөлгөөнт эргүүлийн машинтай 2 цагдаа ирэхээр нь намайг автобусны жолооч зодоод явлаа гэж хэлсэн чинь та өргөдлөө өг гэж хэлээд 103 дуудаад, 103 удахгүй ирээд намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Гэмтлийн эмнэлэгт өвчин намдаах тариа хийж өгөөд та одоо гэртээ харь гэсэн. Би гэртээ хариад өвдөөд болохгүй болохоор нь буцаад 2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хавирга хугарсан байна гэсэн...Миний биеийн зүүн талд 6 хавирга хугархай, биеийн зүүн хэсэг тэр чигээрээ битүү хавдартай миний уушигнаас ус авсан, өвчин зовиур ихтэй байна... /хх-ийн 18-19/

хохирогч Д.Баянжаргал дахин байцаалтаар”...Би тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тэгээд би тэр автобус руу ороод жолоочийн хажууд байдаг карт уншдаг зүйл рүү картаа уншуулаагүйгээс болж энэ асуудал болсон, жолооч автобусаа зогсоогоод бууж ирээд намайг араас татаж чирж буулгаад замын цементэн дээр дээш нь харуулж хэвтүүлж байгаад дээрээс 2-3 удаа дэвссэн юм... тэгэхэд тэр залуугийн дэвссэн газар нь хөндүүр маш их өвчтэй байсан болохоор цагдаагийн байгууллагад утсаараа дуудлага өгсөн...Миний эмчилгээний зардалд нийтдээ одоогийн байдлаар 2.000.000 төгрөг зарцуулагдсан. Надад тэр автобусны жолооч 1 сая төгрөгийг эмчилгээндээ хэрэглэ гэж өгсөн. Энэ мөнгөн дээр нэмж 10.000.000 төгрөг нэхэмжилнэ. /хх-ийн 20/,

...гэмтлийн эмнэлгийн хүлээн авахын эмч намайг цаашаа хараад зогс гэж нэг гэрэлд хараад таны 2 хавирга хугарсан байна гэж хэлээд сувилагчаа дуудаад энэ хүнд тариа хийчих гэж хэлээд миний булчин руу тариа хийгээд 1 ширхэг өвчин намдаах эм  өгөөд та яв яв гээд явуулсан. /хх-ийн 99/,

 

гэрч С.Чинзоригийн: Би тухайн өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр өөрийн ажлын газар болох Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын албанд үүрэг гүйцэтгэж Бугат 66 чиглэл дээр ажиллаж Бугат 115 чиглэлийн авто эргүүлтэй хамт ажиллаж байсан юм. Тэгтэл  Бугат 10 буюу жижүүрийн албанаас оройн 18 цагийн орчим Баянгол дүүргийн 6-р хороо Улаанбаатар паласын орчим номер 5, 6 буюу хүнд зодуулсан гэсэн утгатай дуудлага байна, очоод шалга гэж хэлэхээр нь Бугат 115-тай очиж шалгахад 80 орчим насны бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн байсан.  Тэр хүн би автобусны жолоочид зодуулчихлаа, зүгээр байхад намайг автобуснаас чирж буулгасан гээд газар хэвтчихээд босож чадахгүй байхаар нь 103 руу залгаж дуудлага өгөөд ирэхийг нь хүлээсэн. 103 буюу түргэн тусламжийн машин ирээд эмч нь тэр хөгшин настай хүнийг үзээд яаралтай авч явах шаардлагатай байна гээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Тэр хөгшин настай хүний биед нь ил харагдах ямар нэгэн шарх сорви байхгүй байсан, таны хаагуур ямар зовиуртай байна, тэр автобусны жолооч таны биеийн аль хэсэг рүү чинь зодсон юм бэ гэж асуухад намайг буулгаж байгаад дээрээс дэвссэн гэж хэлж байсан ба миний нуруу цээжээр хатгаж өвдөөд байна гээд байсан. /1 хх-ийн 22-23/,

 

гэрч Э.Доржсүрэнгийн: Би 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Бугат 115 чиглэлийн машинт эргүүлд гарч байсан. Тэгтэл орой 18 цаг 41 минутанд Бугат-10-аас эмнэлгийн автобусны буудал дээр автобусны жолоочид зодуулчихлаа гэсэн дуудлагыг хүлээн аваад 3-р эмнэлгийн арын автобусны буудал дээр очиход зодуулсан хүн байхгүй байсан. Тэгээд дуудлага өгсөн 91613787 дугаарын утас руу залгахад би өөрөө хаана байгаагаа хэлж мэдэхгүй байна гэхээр нь хажууд байгаа хүндээ утсаа өгөөд заалгаад өг гэхэд УБ паласын хажуу талын автобусны буудлын талд байна гэж хэлсэн. Тэгээд зааж өгсөн газар нь очиход зодуулсан гэх хүн замын хажуугийн боржур дээр хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад би Өргөө кино театрын хавьцаа нэг найзтайгаа нэг шил архи хувааж уугаад Өргөө кино театрын автобусны буудал дээрээс автобусанд суугаад 25-р эмийн сан урууддаг хэсэгт жолооч нь намайг хэл амаар доромжилсон гэж хэлж байсан ба намайг бууж байх явцад араас өшиглөж бууж ирээд намайг газар унасан байхад дээрээс 2-3 удаа дэвссэн. Тэгтэл миний бие сонин болоод босож чадахгүй болсон гэж хэлэхээр нь би таны биеийн аль хэсэгт өвдөж байна гэж асуухад миний зүүн талын хавирга өвдөөд байна гээд ёоёо гээд босохгүй байсан. Тэр үед бороо орох гээд байсан болохоор нь та босож ирээд машинд суучих гэхэд би хөдөлж чадахгүй байна, хатгаж өвдөөд байна гэхээр нь 103-т дуудлага өгөөд цаг гаран хүлээж байж 103-ын эмч ирж үзээд аваад явсан. Эмч ирээд хавирга хугарсан байж магадгүй юм шиг байна гэж хэлсэн. Харин тэр хүн их согтолттой байгаагүй болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан. /1хх-ийн 24-25/,

 

гэрч А.Оргилбаярын: Би Сутай буянт ХХК-нд хэсгийн даргаар ажилладаг. Ажлын өдөр уг чиглэлд 10 автобус хөдөлгөөнд оролцож байснаас шар өнгийн 3 автобус байсан юм. Бусад нь дандаа ногоон өнгийн автобус хөдөлгөөнд оролцож байсан ба тухайн хэрэг гарах цаг хугацаанд Д.Дэлгэрсайхан уг автобусыг жолоодож явсан. /1хх-ийн 142/,

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11784 дугаартай: Баянжаргалын биед зүүн 6, 7, 8, 9, 10-р хавирганы хоёрлосон хугарал, цээжний хөндийд хий, шингэн хуралт, зүүн уушигны доод дэлбэнгийн авчийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт /1хх-ийн 30/, 

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 302 дугаартай:Шүүх эмнэлэгийн 2015-8-17-ны өдрийн 11784 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.Баянжаргалын зүүн талын 6-10-р хавирга цээжний хэд, хэдэн шугамаар хугарсан байх тул унах үед үүсгэгдэх боломж багатай, харин өшиглөх, дэвсэх үед үүсгэгдсэн байх илүү магадлалтай. Дээрх гэмтлүүд нь хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд яг хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт /1 хх-ийн 138-139/,

 

шинжээч эмч Г.Энхбаатарын: Эдгээр гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, яагаад гэхээр зүүн талын хавиргууд гурван өөр шугамаар хугарсан байна. Уг гэмтэл нь дэвсэлтээс үүсч болно, гэхдээ хэдэн удаагийн дэвсэлтээс үүссэнийг нарийн тогтоох боломжгүй, харин уналтаас үүсэх боломжгүй /1 хх-ийн 31-32/ гэсэн байцаалт,

 

Д.Дэлгэрсайхан мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн яллагдагчаар”...Би Сутайн буянт буюу автобусны компанид жолооч ажилтай би өөрөө Хайлааст сүлжмэлийн М53 чиглэлийн шар өнгийн автобусыг жолоодож явж байсан юмаа. Ингээд би үдээс хойш 17 цаг 30 минутаас 18 цагийн хороонд Өргөө кино театрын автобусны буудал дээр зогсоход автобусны урд хаалгаар нэг согтуу хөгшин орж ирсэн. Тэгээд тэр өвөө 3 дугаар эмнэлэг орох уу гэж асуухаар нь орно та хойшоогоо очиж суу гэж хэлсэн тэр өвөө хойшоогоо очиж заал руу суухгүй үе үе 3 дугаар эмнэлэг орно биздээ гэж надаас асуугаад миний хажууд зогсоод байсан. Тэгэхээр нь би өөрөө архи уудаггүй болохоор надад архи үнэртээд байсан учир ямар ядаргаатай юм бэ гээд хэлтэл над руу тэр өвөө агсам согтуу тавьж агсраад л байсан. Тэр үед автобусанд сууж явсан зорчигчид наад хүнээ буулгаачээ согтуу хүн тээвэрлэх ёсгүй шүү дээ гээд миний анхаарлыг сарниулаад байсан юм. Тэгээд би хорооллоос 25 дугаар эмийн сан руу уруудаж орж ирээд автобусны буудал дээр зогсоод урд хаалгаа онгойлгоод та энэ урд хаалгаар буучихаа гэж хэлээд онгойлготол буухгүй байсан тэгэхээр нь би жолоочийн кабинаас гарч ирээд та буучих гэж хэлээд тохойноос нь түшээд буулгах гэтэл би өөрөө буучихаж чадна гээд автобусны гадна урд хаалганд биеэ наачихаад зогсоод байхаар нь би тэр өвөөд та холд гэж зөндөө хэлсэн мөн нилээд удаан хүлээсэн тэгээд бага зэрэг автобуснаас холдохоор би аажуухнаар урагшлахад автобусны хойд хэсэг нь тэр өвөөгийн урд хавьд нь очиход би толиндоо хараад аажуухнаар хөдөлж байхад миний автобусны хойд хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиод үлдсэн. /1хх-ийн 41-42/ гэсэн мэдүүлэг,

ГССҮТ-д яаралтай тусламжаар хүргэгдсэн гэмтлийн эмнэлгийн архивын баримт /1хх-ийн 135-136/

ГССҮТ-ийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 71-86/

Хохирогчийн эмчилгээтэй холбогдох баримт /1хх-ийн 88-90/

Хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 111-112/

Улаанбаатар Смарт Карт ХХК-ийн албан бичиг /2хх-ийн 36/ зэргийг шинжлэн судлав.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтуудаар      Д.Дэлгэрсайхан нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг Сутайн буянт ХХК-д автобусны жолоочоор ажиллаж байсан нь уг компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хуулбар /1хх-ийн 48-49/, Сутайн буянт ХХК-ийн ажил байдлын тодорхойлолт /1 хх-ийн 51/,  Сутайн буянт ХХК-ийн ажилд томилох тухай тушаалын хуулбар /1хх-ийн 155/ зэргээр нотлогдсон.

Тэрээр  2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сутайн буянт ХХК-ийн 21-63 УНБ улсын дугаартай Хайлааст-Сүлжмэл чиглэлийн автобусыг жолоодож явсан болох нь  тус компанид хэсгийн дарга ажилтай гэрч А.Оргилбаярын мэдүүлгээр нотлогдож байна.  /1хх-ийн 142/,

 

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар Д.Дэлгэрсайхан 2015 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Сутайн буянт ХХК-ийн 21-63 УНБ улсын дугаартай Хайлааст-Сүлжмэл чиглэлийн автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа зорчигч Д.Баянжаргалд  “картаа уншуулаад хойшоо суудалд суу” гэсэн хууль ёсны шаардлага тавихад зорчигч Д.Баянжаргал эсэргүүцэж зүй бус харьцсанаас маргалдан Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Улаанбаатар палас буюу 25 дугаар эмийн сан орчмын автобусны буудал дээр Д.Баянжаргалыг автобуснаас буулгаж газарт унагаж дээрээс нь хөлөөрөө өшиглөж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

 

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, шүүх шинжлэн судалсан:

хохирогч Д.Баянжаргалын...17 цаг 49 минутад би автобусанд суухдаа утасны цагийг харсан. Тэгээд 3 дугаар эмнэлэг орно гэсэн шар өнгийн автобусанд суугаад буудал хүрээгүй явж байхад БГД-ийн 6 дугаар хороо Орхон худалдааны төвийн урд талаар өнгөрөөд тэр шар автобусны жолооч залуу намайг татаж автобуснаас буулгаад газар унагаад цээжинд 2-3 удаа дэвсээд буцаад автобусандаа суугаад намайг татаж буулгасан хаалгаа хаахгүй хөдлөөд явсан...Тэндээсээ би шууд цагдаа дуудсан хөдөлгөөнт эргүүлийн машинтай 2 цагдаа ирэхээр нь намайг автобусны жолооч зодоод явлаа гэж хэлсэн чинь та өргөдлөө өг гэж хэлээд 103 дуудаад, 103 удахгүй ирээд намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн...”хх-ийн 18-19/

хохирогч Д.Баянжаргал дахин байцаалтаар...Би тухайн үедээ архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн байсан. Тэгээд би тэр автобус руу ороод жолоочийн хажууд байдаг карт уншдаг зүйл рүү картаа уншуулаагүйгээс болж энэ асуудал болсон...”/1хх-ийн 20/,

 

гэрч С.Чинзоригийн “...80 орчим насны бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн байсан.  Тэр хүн би автобусны жолоочид зодуулчихлаа         ...гээд газар хэвтчихээд босож чадахгүй байхаар нь 103 руу залгаж дуудлага өгөөд ирэхийг нь хүлээсэн. 103 буюу түргэн тусламжийн машин ирээд эмч нь тэр хөгшин настай хүнийг үзээд яаралтай авч явах шаардлагатай байна гээд гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.  /1 хх-ийн 22-23/,

 

гэрч Э.Доржсүрэнгийн “...жолооч нь намайг хэл амаар доромжилсон гэж хэлж байсан ба намайг бууж байх явцад араас өшиглөж бууж ирээд намайг газар унасан байхад дээрээс 2-3 удаа дэвссэн...миний зүүн талын хавирга өвдөөд байна гээд ёоёо гээд босохгүй...би хөдөлж чадахгүй байна, хатгаж өвдөөд байна гэхээр нь 103-т дуудлага өгөөд цаг гаран хүлээж байж 103-ын эмч ирж үзээд аваад явсан. Эмч ирээд хавирга хугарсан байж магадгүй юм шиг байна гэж хэлсэн. Харин тэр хүн их согтолттой байгаагүй болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байсан. /1хх-ийн 24-25/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11784 дугаартай дүгнэлт  /1хх-ийн 30/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 302 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 138-139/,

шинжээч эмч Г.Энхбаатарын”...уг гэмтэл нь дэвсэлтээс үүсч болно...харин уналтаас үүсэх боломжгүй” /1 хх-ийн 31-32/ гэсэн байцаалтаар өгсөн мэдүүлэг,  ГССҮТ-д яаралтай тусламжаар хүргэгдсэн гэмтлийн эмнэлгийн архивын баримт /1хх-ийн 135-136/  ГССҮТ-ийн өвчний түүхийн хуулбар /1хх-ийн 71-86/ Хохирогчийн эмчилгээтэй холбогдох баримт /1хх-ийн 88-90/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баянжаргал”...намайг автобусанд суухад Дэлгэрсайхан картаа уншуулаад хойшоо очоод суу гэж хэлсэн, тэгэхэд нь би “чадахгүй, урьд нь зүгээр кондуктор байгаад болоод байдаг байсан юмыг Бат-Үүлээс болж байгаа юм гэж хэлсэн, би сандал дээр ер нь суудаггүй...” гэж мэдүүлж байна.

 

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлд хохирогч Д.Баянжаргал нийтийн тээврээр зорчихдоо зорчих эрхийн баримт буюу картыг жолоочийн анхны шаардлагаар карт уншигчид уншуулах үүрэгтэй бөгөөд зорчигчид уг шаардлагыг тавих эрх бүхий этгээд автобусны жолооч Д.Дэлгэрсайханы тавьсан зүй ёсны шаардлагыг эсэргүүцсэн хохирогчийн хууль бус үйлдэл үг хэллэг  нөлөөлсөн гэж үзнэ.

 

Харин шүүгдэгч Д.Дэлгэрсайхан нь хохирогчийн зүгээс бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, эсвэл хохирогчийн зүгээс идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг урьдчилан мэдэж ухамсарласан гэх субъектив санаа зорилго, нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй байх тул  “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэхгүй.

 

Нөгөөтэйгүүр танхайн сэдэлт нь нийгэмд тогтсон эрх зүйн болон ёс суртахууны хэм хэмжээ, уламжлагдаж ирсэн зан заншлыг үл тоомсорлон, өөрийн ичгүүргүй догшин зан авир бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдэхийг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Дэлгэрсайханы үйлдсэн энэ гэмт хэрэг нь сэдэлтийн хувьд танхайраагүй, харин хохирогчийн буруутай үйлдлээс хувийн таарамжгүй харьцаа үүсч тодорхой сэдэлттэйгээр гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Дэлгэрсайханыг үл ялих зүйлээр шалтаглан танхайрч, биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж Д.Баянжаргалын бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.9 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг  хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүх, шүүгдэгч Д.Дэлгэрсайханыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулах хуулийн үндэслэлтэй.

 

Д.Дэлгэрсайхан Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 567 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар  хэрэгсэхгүй болгов.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Дэлгэрсайханд ял оногдуулахад  ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэн тогтоов.

 

Хэрэгт хохиролтой холбогдох нийт 349.123 төгрөгийн баримт авагдсан байх бөгөөд  Д.Дэлгэрсайхан мөрдөн байцаалтын явцад 1 сая төгрөг хохирогчид төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Баянжаргал”...одоо ч эм байнга уудаг, сэтгэл санааны хохиролд 10 сая төгрөг нэхэмжилнэ...”гэж мэдүүлж баримт байгаа гэх боловч  холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй.

Харин, хохирогч Д.Баянжаргал эмчилгээтэй холбогдох болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Д.Дэлгэрсайханаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүх хуралдааны шүүмжлэлийн явцад:

Шүүгдэгч Д.Дэлгэрсайханы өмгөөлөгч Д.Цолмонгоос”...Д.Дэлгэрсайхан гэмт хэрэг үйлдээгүйг гэрч Цацрал мэдүүлж байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлт бүхий тайлбар гаргасныг хүлээн авах боломжгүй юм.

 

Учир нь  хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн З.Цацрал нь мөрдөн байцаалтын явцад  Д.Дэлгэрсайханыг батлан даалтанд авч байсан /11х-ийн 64/ байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт Дэлгэрсайхан бол манай нөхрийн найз байгаа юм гэж мэдүүлж байна. 

Тухайлбал Улаанбаатар Смарт карт ХХК-ийн албан бичигт “З.Цацралын мэдээлэл бүртгэгдээгүй, тээврийн хэрэгсэлд суурилагдсан хяналтын камерийн бичигч төхөөрөмж нь 500 гб-ын багтаамжтай, 20 хоногийн тасралтгүй бичлэг хадгалах боломжтой. Иймд тухайн үеийн бичлэг одоо шалгах боломжгүй...” гэжээ.

Энэ нь З.Цацралыг уг автобусанд сууж явсан эсэхийг шууд нотлохгүй ч шүүхийн хэлэлцүүлэгт тэрээр цаг хугацааг эрс зөрүүтэй мэдүүлж байгаа нь  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд заасан гэрч гэж үзэхэд эргэлзээтэй байх тул З.Цацралын мэдүүлгийг шүүх үнэлээгүй болно.