| Шүүх | Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Солтанмуратын Өмирбек |
| Хэргийн индекс | 161/2020/0004/Э |
| Дугаар | 013 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 013
2020 оны 04 сарын 02 өдөр 2020/ДШМ/13 Өлгий сум
Т.Өт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/22 дугаар шүүгчийн захирамжтай, 1913000000153 дугаартай Т.Өт холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Е.Халибек, прокурор М.Фарида, шүүгдэгч Т.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Бахыт, хохирогч Х.Б, хохирогчийн өмгөөлөгч К.Ержан, орчуулагч, хэлмэрч А.Еркегүл нар оролцов.
Т.Ө нь:
1. 2018 оны 11 дүгээр сарын 16, 21-ний өдрүүдэд Өлгий сумын 9 дүгээр багийн иргэн Х.Бтай урдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний 50.000.000 төгрөгийг мал цуглуулж өгөх нэрийдлээр өөртөө шилжүүлэн авч залилсан гэх,
2. 2019 оны 02 дүгээр сарын 26-ны өдөр тус аймгийн Дэлүүн сумын иргэн Ермекийн Дын эзэмшлийн “Тоёота ланд круйзер-80” маркийн 51-38 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч, улмаар иргэн Е.Даас мөнгө зээлж авсан тухай хуурамч гэрээ байгуулан, түүнийг төөрөгдөлд оруулж, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дээрх тээврийн хэрэгслийг Алтанцөгц сумын 2 дугаар багийн иргэн Х.Өд өгөх ёстой өр зээлийнхээ оронд өгч, гэрээг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэх,
3. 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр тус аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн З.Баас “маргааш аавыгаа дагуулж ирээд таны машиныг авна” гэж худал хэлж яваад, маргааш нь иргэн X.Өыг аав гэж танилцуулан итгүүлж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний "Уаз-469” маркийн цэнхэр өнгийн 73-47 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч, иргэн Х.Өд өгөх өр зээлийнхээ оронд өгсөн ба Т.Ө нь залилангийн гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх,
4. 2019 оны 01 дүгээр сар дундуур тус аймгийн Алтанцөгц сумын 2 дугаар багийн иргэн Х.Өы эзэмшлийн “Стивер” маркийн ачааны тээврийн хэрэгслийг худалдан авч, улмаар уг машиныг өөр иргэнд худалдан борлуулж, өр зээлээ барагдуулж, бодит байдлыг нуух замаар иргэн Х.Өыг залилан мэхэлсэн гэх,
5. 2019 оны 02 дугаар сарын дундуур тус аймгийн Өлгий сумын 8 дугаар багийн иргэн С.Хийн эзэмшлийн "Митсубиши Л-200” маркийн 49-07 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авч, иргэн С.Хийг төөрөгдөлд оруулан Толбо сумын 5 дугаар багийн иргэн Х.Бтай хуурамч зээлийн гэрээ байгуулан уг машиныг өөр иргэнд худалдан борлуулж, өр зээлээ барагдуулж, бодит байдлыг нуух замаар иргэн С.Хийг залилан мэхэлсэн гэх,
6. 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн С.Атай урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, түүний эзэмшилд байсан “Мицубиши Л-200” маркийн тээврийн хэрэгслийг худалдан авахаар болж, улмаар иргэн С.Е, С.А нарын хоорондын хашаа байшин худалдан авах иргэний харилцааг далимдуулан иргэн С.Ад өгөх ёстой дээрх тээврийн хэрэгслийн мөнгө болох 15.000.000 төгрөгийг иргэн С.Ед өгөхөөр тохиролцож, түүнийг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар 15,000,000 төгрөгийг С.Еээс зээлж авсан мэтээр хуурамч гэрээ байгуулан, “Мицубиши Л-200” маркийн тээврийн хэрэгслийг Дэлүүн сумын иргэн Авишд өгөх ёстой өр зээлийнхээ оронд өгч зээлээ барагдуулан, иргэн С.Еийг залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/22 дугаар шүүгчийн захирамжаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Өт холбогдох 1913000000153 дугаартай эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
Прокурорын эсэргүүцэлд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийг буцаах тухай захирамж нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:
1. Хохирлын хэмжээг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шалгаж тогтоосон. Хэрэв хохирогч нарын мэдүүлэг нь яллагдагчийн мэдүүлгээс зөрүүтэй гэж үзэж байгаа бол урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааны явцад хохирогч нараас мэдүүлэг авах замаар хохирлын хэмжээг бүрэн тогтоох боломжтой байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Ө.Н-н /Х.Өы хүү/ 2019 оны 11 сарын 06-ны өдрийн мэдүүлэгт "...бид нар уг Стивер маркийн машинаа жижиг машинаар солихоор болж Өлгий сумын иргэн Хт очих үед Т.Өтэй тааралдсан бөгөөд тухайн үед Ө нь манай Стивер маркийн машиныг 16,500,000 төгрөгөөр авч оронд нь иргэн Хээс "Ланд-80” маркийн 19-72 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч өгөөд бид нар үлдэгдэл 3,5 сая төгрөгийг Хт өгөхөөр болж зээлийн гэрээ байгуулсан. ...мөн түүнээс авах 500.000 төгрөгийн авлагатай байсан тул сүүлд нь нийт дүнгээр машины үнэтэй нийлээд түүнээс 17,000,000 төгрөгийн авлагатай байгаа юм.” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.Мөн энэ ажиллагааг шүүх хуралдааны үед нөхөн гүйцэтгэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
2./3/ Уг хэрэгт гэрч Быг хохирогчоор тогтоох боломжгүй байна. Учир нь яллагдагч Т.Ө нь гэрч Быг залилсан гэж үзэх үндэслэл байхгүй. Б Т.Ө нарын хооронд ямар нэгэн шууд харилцаа үүсээгүй байдаг. Өөрөөр хэлбэл Т.Ө нь гэрч Быг залилах идэвхтэй үйлдэл хийгээгүй. Хохирогч С.Х, гэрч Б хоёрын дунд уг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон байгаа юм. Энэ тохиолдолд Б нь иргэний журмаар С.Хээс үүргийн гэрээний хэрэгжилтийг нэхэмжлэх учиртай.
Иргэн Х.Б нь 2018 оны 8 дугаар сард иргэн С.Хт 11 сая төгрөгөөр “Ланд круйзер-80" маркийн тээврийн хэрэгслийг худалдсан бөгөөд С.Х нь Бд дээрх машины мөнгийг өгөх өглөгтэй үлдэж, уг мөнгөний оронд өөртөө байсан Л-200 маркийн тээврийн хэрэгслийг 11 сая төгрөгөөр бодож өгөхөөр төлөвлөхөд уг машиныг иргэн Т.Ө нь хууран мэхэлж, тооцоог нь Бтай хийж, С.Хт нэмж 3,5 сая төгрөг өгөхөөр болж дээрх С Хийн машиныг авч яваад иргэн Айбатад худалдсан. Иймд иргэн Х.Быг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоох үндэслэлгүй, харин С.Х нь “Л-200” маркийн тээврийн хэрэгслийн эзэмшигч тул хохирогч, иргэний нэхэмжлэгч байна. Энэ нь гэрч Р.А, Ө.Н, С.Х, Х.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
4. Мөрдөгчөөс М.Х-д холбоотой иргэн Е.Д-аас гаргасан хүсэлтийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, иргэн М.Х, Ө.С, Т.Ш, Б.Т нараас гэрчээр мэдүүлэг авч, тодруулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйл буюу "Хайнга хандах” гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учруулахыг шаарддаг эрх зүйн зохицуулалттай байна. Гэвч М.Х-ийн албан үүрэгтээ хайнга хандсан үйлдэл нь бусдад их хэмжээний хохирол учруулаагүй, гэмт хэргийн шинжгүй тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдаагүй болно.
5. Яллагдагч Т.Өийг яллахаар бичсэн прокурорын яллах дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй бичигдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан прокурорын яллах дүгнэлтийн шаардлагыг бүрэн хангасан байгаа. Яллах дүгнэлтэд бичигдсэн хохирогчийн дарааллаар уг үйлдлийг гэрчлэх гэрч нарын мэдүүлгийг тусгасан болно. Мөн хэргийн үйлдэл тус бүрийг гэрч тус бүрээр болгох боломжгүй. Учир нь нэг үйлдэл нь нөгөө үйлдэлтэйгээ холбоотой тул хохирогч, гэрч нар нь яллагдагчийн бүх үйлдлийг нотолсон байгаа. Шүүгч аль хохирогчийн хохирлыг аль гэрч гэрчилж байгааг прокурорын яллах дүгнэлтээс гадна хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж дүгнэх хэлбэрээр ойлгох боломжтой байсан.
6. Яллагдагч Т.Ө нь 2018 оны 8 дугаар сараас эхэлж аймгийн сумуудаас мал цуглуулж, бусдад нийлүүлэх бизнес эрхэлж эхэлсэн бөгөөд 2018 оны 10 сараас эхэлж, иргэн А.Р-нд мал цуглуулж өгөхөөр тохиролцоод мөнгө авч, улмаар түүнээс авсан 39.500.000 төгрөгийг буцааж өгч чадахгүйд хүрч, иргэн Х.Бад мал цуглуулж өгөх нэрийдлээр хуурч мэхлэн 2 удаагийн үйлдлээр нийт 50.000.000 төгрөг авч, иргэн А.Р-нд өр зээлийнхээ оронд өгч, үлдсэн мөнгийг өөрөө хувийн хэрэгцээнд зарцуулсан. Мөн яллагдагч Т.Ө нь 2018 оны 8 сараас өмнө машины бизнес эрхлээгүй талаар анх гэрчээр мэдүүлэхдээ дурдаж байсан болно. Залилангийн гэмт хэрэг үйлдэхээс өмнө өөрөө хэлбэл хохирогч Х.Быг залилахаас өмнө байнга машин тэрэг худалдан борлуулах бизнес эрхэлж байгаагүй болох нь хэргийг шалгах явцад тогтоогдсон болно.
7. Яллагдагч Т.Өийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр залилангийн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсгийг давхар зүйлчлэхгүйгээр хамгийн хүнд үйлдлээр нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсгээр зүйлчилж байна.
8. Уг гэмт хэргийн сэдэлт нь шунахайн сэдэлттэй, санаа зорилго, шалтгаан нөхцөл нь амар хялбар аргаар мөнгө олох, бусдад өгөх өр зээлээ дарах мөнгө олох зорилгоор дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Яллагдагч Т.Ө нь анх мал цуглуулан, борлуулах бизнес эрхэлсэн боловч бусдаас авсан мөнгийг өөрийнхөө хэрэгцээнд болон өр зээлээ барагдуулж байснаас бусдаас авсан мөнийг буцааж өгч чадахгүйд хүрч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэмт хэрэг үйлдэж эхэлсэн нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Т.Өт холбогдох Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/22 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр яллагдагч Т.Өт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтаар 194 дүгээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2020/ШЗ/16 дугаар шүүгчийн захирамжаар шүүгчийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлож, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хэлэлцүүлгээр 2020/ШЗ/22 дугаар шүүгчийн захирамж гарган, найман үндэслэлээр хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна.
Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хэрэгт байгаа нотлох баримтуудыг үндэслэж хянахад, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны болсон боловч зарим үндэслэлүүд нь нотлох баримтад тулгуурлаагүй тул прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/22 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 1, 2, 3 дахь үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад нийцэхгүй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цугларсан яллагдагч Т.Ө, хохирогч Х.Ө, С.Х нарын удаа дараа өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар үнэлэх, шалгах замаар шүүгчийн захирамжид дурдсан үйл баримтыг тогтоох боломжтой бөгөөд хэрвээ шүүх мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй гэж үзвэл, тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулж, шинэ нотлох баримт цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэвэл зохино.
Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 6, 7 дахь үндэслэлүүд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг прокурорт буцаах гурван үндэслэлийн аль нэгэнд хамаарахгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх эдгээр дүгнэлтийг хийхдээ мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг анхаараагүй байна. Энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийн 6, 7 дахь үндэслэлүүдийг хангаж шийдвэрлэлээ.
2. Харин хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 4, 5, 8 дахь үндэслэлүүд нотлох баримтад үндэслэгдсэн, хууль ёсны болжээ.
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 5/33 дугаар прокурорын тогтоолоор[1] хохирогч Е.Д болон түүний өмгөөлөгчийн гаргасан “Автотээврийн үндэсний төвийн мэргэжилтэн М.Х-ийн албан тушаалдаа хайнга хандаж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хохирол учруулсан үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгах, 51-38 БӨТ Улсын дугаартай байсан, иргэн Х.Айнурын эзэмшилд шилжсэн тээврийн хэрэгслийг битүүмжлэх” тухай хүсэлтийг[2] бүрэн хангаж, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 5/33 дугаар прокурорын тогтоолоор[3] хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр Цагдаагийн газарт буцаасан байна.
Мөрдөгч прокурорын дээрх тогтоолуудын дагуу шалгах ажиллагаа явуулж, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн тоо бүртгэлийн мэргэжилтэн М.Х-д Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах санал[4] гаргасныг 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 5/76 дугаар прокурорын тогтоолоор[5] “...М.Х-ийн үйлдлээс бусдад их хэмжээний хохирол учирсан эсэхийг тогтоох, хэргийг тал бүрээс нь шалгаж ... тогоолгохоор” нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт буцаажээ.
Гэтэл хохирогч Е.Д болон түүний өмгөөлөгчийн гаргасан гомдол, түүнийг хангаж, хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан хоёр удаагийн прокурорын тогтоолын дагуу хэрэг бүртгэлт явуулсны эцэст М.Х-д холбогдох үйлдэл холбогдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн эсэх, эсхүл хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан буюу хэрэг бүртгэлтийг дуусгасан нь тодорхойгүй, энэ талаар хэрэгт баримтгүй байна. Иймээс шүүгчийн захирамжийн “хохирогч Т.Д-ын гомдлыг хэрхэн шалгасан эсэх нь тодорхойгүй” гэсэн үндэслэл нь хуульд нийцсэн, энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцэл нотлох баримтад үндэслэгдээгүй байна.
Анхан шатны шүүхийн прокурорын яллах дүгнэлттэй холбогдуулан хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад нийцсэн байна.
Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Т.Ө-ийг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг ерөнхийлөн тусгаж, түүний холбогдсон үйлдэл тус бүрийн гэмт хэргийн шинжийг, тухайлбал яллагдагч нь бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан сэдэлт, зорилгыг нарийвчлан тогтоогоогүйгээс гадна гэмт хэрэг үйлдсэн газрыг заагаагүй байдлыг хуульд нийцсэн гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийн 5, 8 дахь үндэслэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Хуульд зааснаар прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийг нотлох зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгах бөгөөд Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 194 дүгээр прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Т.Ө-ийн холбогдсон үйлдэл тус бүрд хамаарах зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг ангилан тусгаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг ерөнхий байдлаар жагсааж бичсэнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад нийцсэн гэж үзэхгүй. Энэ талаарх шүүгчийн захирамжийн 5 дахь үндэслэлийг хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн Тодорхойлох хэсгийн 1, 2, 3, 6, 7 дахь үндэслэлүүдэд гаргасан прокурорын эсэргүүцлийг хангаж, эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/22 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЗ/22 дугаар “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн энэ шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор “шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ӨМИРБЕК
ШҮҮГЧИД Н.ТУЯА
М.НЯМБАЯР
[1] Хэргийн 2 дугаар хавтасны 179 дүгээр тал.
[2] Хэргийн 2 дугаар хавтасны 180 дугаар тал.
[3] Хэргийн 2 дугаар хавтасны 181 дүгээр тал.
[4] Хэргийн 2 дугаар хавтасны 204 дүгээр тал.
[5] Хэргийн 2 дугаар хавтасны 205 дугаар тал.