Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 111/ШШ2021/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунсайхан даргалж, шүүгч С.Сайнбилэг, Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар М.Баянзулын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдох Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг хэрэгжүүлэх хууль ёсны эрхээр хангаж, маргаан бүхий газарт очин хээрийн судалгаа хийж, хэмжилт хийн орон сууцны оршин суугчийн хувьд ногоон зүлэг, явган хүний зам, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах газар орц, гарцтай байх эрх хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгөхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Должинсүрэн, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн, гуравдагч этгээд Ж.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Должинсүрэн нарыг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Баянзул шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн М.Баянзул би Ж.Оюунбилэгээс 2013 онд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг, Шинэ төгөл хотхоны 28 дугаар байрны 3 тоотод байрлах 43 м.кв орон сууц, 2017 онд 29 м.кв уг орон сууцны залгаа газар болон граж, гражийн газрыг тус тус гэрээний дагуу худалдан авсан. Ж.Оюунбилэг нь байр болон гражны газрыг анх 2013 онд худалдахдаа та нарын барилга доорх газар болон барилгын эргэн тойрны газар нийт 288 м.кв газрыг зээлийн барьцаанд тавьсан байгаа, чөлөөлөгдөхөөр нь та нарт хуваагаад өгчихнө гэж амаар тухайн үедээ ярьж тохирсон байсан.

Иргэн Ж.Оюунбилэг нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны үед манай гэрийн хаалганы урдуур блокон хашаа бариад эхлэхээр нь миний бие Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гаргасан. Гэтэл аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамжаар иргэн Ж.Оюунбилэгийн бид нарт хувааж өгөхөөр тохиролцсон байсан Баянхонгор сумын Номгон 1-р багийн Шинэ төгөл хотхоны 28 тоотод байршилтай 6409001045 нэгж талбарын дугаар бүхий 288 м.кв газрын 163 м.кв газрыг дуусгавар болгон орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, үлдсэн 125 м.кв газрын иргэн Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээсэн шийдвэр гарсан байсан. Энэ шийдвэрийг миний бие 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас өргөдлийн хариу гарах үед мэдсэн. 

Аймгийн Засаг дарга энэхүү хууль бус захирамжийг гаргахдаа бусдын өмчлөлд байх орон сууцны газрын 125 м.кв газрыг иргэн Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.2-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ., мөн хуулийн 4.4-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ." гэсэн хуулийн заалтыг зөрчихөөс гадна, Иргэний хуулийн 85.2-т Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэсэн заалтуудыг тус тус зөрчиж шийдвэр гаргасан нь миний эрхийг зөрчиж, манай гэр бүлийн үл хөдлөх эд хөрөнгө рүүгээ орж, гарах болон авто машин тавих зогсоол, ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт хийх ямар ч талбай буюу газаргүй болгож бидний амгалан тайван байдлыг алдагдуулж амьдрах нөхцөлийг бүдүүлгээр зөрчиж байна гэж иргэн миний хувьд үзэж байгаа.

Иймд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар 140-141иргэн Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээсэн 125 м.кв газрыг хүчингүй болгож, бидний өмчлөлд шилжүүлж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч М.Баянзул нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Иргэн М.Баянзул би тус шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаа Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамжаар иргэн Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээсэн 125 м.кв газрыг хүчингүй болгуулж, М.Баянзул болон хөрш Отгонбаатар, Энхжаргал нарын эзэмшилд шилжүүлж, мөн үл хөдлөх хөрөнгө рүүгээ орох гарах гарцыг нээж, Ж.Оюунбилэгийн блокоор татсан хашааг чөлөөлөхийг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч М.Баянзул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: М.Баянзул миний бие тус шүүхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамжаар иргэн Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээсэн 125 м.кв газрыг хүчингүй болгуулж, М.Баянзул болон хөрш Л.Отгонбаатар, Н.Энхжаргал нарын эзэмшилд шилжүүлж мөн үл хөдлөх хөрөнгө рүүгээ орох гарах гарцыг нээж Ж.Оюунбилэгийн блокоор татсан хашааг чөлөөлөхийг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү. гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Ж.Оюунбилэг нь байр болон гражийн газрыг анх 2013 онд надад худалдахдаа барилга доорх газар болон барилгын эргэн тойрны газар нийт 288 м.кв газрыг зээлийн барьцаанд тавьсан байгаа, газраа чөлөөлөгдөхөөр нь газрыг надад болон манай хөрш айлуудад хуваагаад өгнө гэж амаар тухайн үедээ ярьж тохирсон байсан. Миний бие өөрийн барилгын залгаа буюу орчны газраа Ж.Оюунбилэгийн хэлсний дагуу авна гэсэн бодолтой явж байсан. Барилгын залгаа 125 м.кв газар нь миний үл хөдлөх эд хөрөнгө буюу өөрийн өмчлөлийн байшин руугаа орж, гарах болон автомашинаа тавих зогсоол болж байсан газар юм. Миний бие зөвхөн энэ газраар л дамжиж болон дайрч амьдарч байгаа байшин руугаа орох, гарах боломжтой юм.

Гэтэл аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамжаар иргэн Ж.Оюунбилэгийн өмчлөлд 125 м.кв газрыг үлдээгээд зөвхөн барилга доорх газрыг л Баянзул надад болон хөрш Энхжаргалд эзэмшүүлсэн байсан. Үүнээс хойш Ж.Оюунбилэг нь өөрийн өмчлөлийн гэх 125 м.кв газар дээрээ блокон хашаа барьж, барьсан хашаагаа миний эзэмшлийн үл хөдлөх хөрөнгө рүү хүртэл нааж барьсан.

М.Баянзул миний бие Захиргааны байгууллага буюу Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт дээрх асуудлаар удаа дараа өргөдөл гаргаж, шаардлага тавьж байсан боловч миний асуудлыг шийдвэрлэх боломжгүй шүүхэд ханд гэж хариу өгдөг байсан. 125 м.кв газрыг хариуцагч Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.2-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ.", мөн хуулийн 4.4-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ." гэсэн хуулийн заалтыг зөрчихөөс гадна, Иргэний хуулийн 85.2-д Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж мөн миний үл хөдлөх эд хөрөнгө рүүгээ орж, гарах гарцгүй болгож цаашлаад автомашин тавих зогсоол, ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт хийх ямар ч талбай буюу газаргүй болгож миний амгалан тайван байдлыг алдагдуулж амьдрах нөхцөлийг бүдүүлгээр зөрчөөд байна.

Иймд аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч М.Баянзул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Мягмарбүүвэй Баянзул миний бие тус шүүхэд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамжаар иргэн Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээсэн 125 мкв газрыг хүчингүй болгуулж, Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

Дээрх нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Ж.Оюунбилэг нь байр болон гражны газрыг анх 2013 онд надад худалдахдаа барилга доорх газар болон барилгын эргэн тойрны газар нийт 288 мкв газрыг зээлийн барьцаанд тавьсан байгаа, газраа чөлөөлөгдөхөөр нь газрыг надад болон манай хөрш айлуудад хуваагаад өгнө гэж амаар тухайн үедээ ярьж тохирсон байсан. Миний бие өөрийн барилгын залгаа буюу орчны газраа Ж.Оюунбилэгийн хэлсний дагуу өөрийн өмчлөлд ирнэ гэсэн бодолтой түүнд итгэж явж байсан. Гэтэл Ж.Оюунбилэг нь миний байшин доорх газрыг надад эзэмшүүлж, манай Барилгын залгаа үлдэгдэл 125 мкв газраа өөрийн өмчлөлдөө авч үлдсэн байсан. Ж.Оюунбилэг нь 125 мкв газраа өмчилж үлдсэнээр мөн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх явцад миний үл хөдлөх эд хөрөнгө буюу өөрийн өмчлөлийн байшин руугаа орж, гарах болон ногоон зүлэг, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах орц, гарцтай байх эрхийг маань ноцтой зөрчсөн үйлдэл байхад Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар болон аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 25.5-д Газрын кадастрын зураг, бүртгэл судалгаа, үнэлгээний материалууд нь холбогдох хуулийн шаардлагыг хангасан байна. Барилгын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 -д Брилгын тухай хууль тогтоомж нь... Газрын тухай хууль... болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ, уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг орон зайг чөлөөтэй ашиглах, авто зогсоол түүний орц гарцыг хөдөлгөөнд саадгүй байхаар төлөвлөсөн байх,

Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д Хүсэлт түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаарх үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна., Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 2-ын 2.1-д эрхийн гэрчилгээг олгоход дараах үйл ажиллагаа хийгдэнэ. Үүнд 2.1.2-т Өргөдөлтэй танилцаж суурин судалгаа хийх, 2.1.3-т хээрийн судалгаа хийх, 6.1.1-т хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх нийтийн эдэлбэрийн газар /гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг/, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам, сүлжээний газраас бусад газарт;

Дээрх хууль, журмуудыг зөрчиж мөн М.Баянзул надаас байшингийн газрыг надад эзэмшүүлж, 125 мкв газрыг Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээж аливаа шийдвэр гаргахдаа надад мэдэгдээгүй, тухайн нөхцөл байдлын талаар тайлбар ч аваагүй.

Миний бие тухайн орон сууцны оршин суугчийн хувьд ногоон зүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах газар орц, гарцтай байх эрхтэй юм. Мөн түүнчлэн Шинэ төгөл хотхон нь өөрөө хаус хороолол юм. Энэ нь маргаан бүхий газар нь өөрөө ногоон байгууламж байгуулах, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, амралт, зугаалга, биеийн тамирын талбай гэх зэрэг байх ёстой талбай газар юм.

Гэтэл аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамжаар иргэн Ж.Оюунбилэг өөрийн өмчлөлийн 288 мкв газраасаа 163 мкв газрыг М.Баянзул, надад болон хөрш Л.Отгонбаатар нарт эзэмшүүлэх зорилготойгоор /орон сууцны зориулалтаар эзэмшүүлж/ үлдсэн 125 мкв газрыг өөрийн өмчлөлдөө үлдээж өмлөлөө хэрэгжүүлж байгаа нь нэхэмжлэгч миний орон сууцны газраа эзэмшиж, өмчлөх явцдаа ногоон зүлэг, явган хүний зам, автомашины зогсоол, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах газар орц, гарцтай байх эрхийг маань зөрчөөд байна. Иймд аймгийн Газрын Харилцаа, Барилга хот байгуулалтын газар болон аймгийн Засаг даргад холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаарлдлагыг даалгаж өгнө үү.

1. Баянхонгор аймгийн засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дугаар Захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгах.

2. Монгол Улсын Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 Хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана..., гэх заалтыг хэрэгжүүлэх хууль ёсны эрхээр минь хангаж, маргаан бүхий газарт очин хээрийн судалгаа хийж, хэмжилт хийн орон сууцны оршин суугчийн хувьд ногоон зүлэг, явган хүний зам, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах газар орц, гарцтай байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгөхийг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ж.Оюунбилэг нь Шинэ төгөл хотхоны 28 тоот байршилтай 288 м.кв газрыг эдлэн газартай хувийн орон сууцны зориулалтаар 2007 оны 7 дугаар сарын 30-ний өдрийн 295 дугаар захирамжаар иргэн Д.Мягмарсүрэн 1152.0 мянган төгрөгөөр худалдаж өмчилсөн. Улмаар 2012 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн газар худалдах, худалдан авах гэрээгээр Жалбуу овогтой Оюунбилэгт худалдсан байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл, сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх 14.1.4-т өмчийнхөө газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан иргэний хүсэлтийг хүлээн авч бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох гэсэн заалтын дагуу Ж.Оюунбилэг нь 2018 оны 11 дүгээр сарын 27-нд 146.2 м.кв газрыг 3 айлын орон сууцны зориулалтаар эзэмшилд шилжүүлэх хүсэлт ирүүлж, 2019 оны 1 дүгээр сарын 29-ний А/29 дүгээр захирамжаар 163 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж үлдсэн 125 м.кв газрыг өмчлөлд үлдээсэн байна.

Ж.Оюунбилэг өөрийн эзэмшлийн 163 м.кв газрын106 м.кв газрыг Л.Отгонбаатарт, 57 м.кв газрыг М.Баянзулд аймгийн Засаг даргын 2020 оны 2 сарын 14-ний өдрийн А/99 захирамжаар эрх шилжүүлсэн байна.

Иргэний тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д Эзэмшигч эзэмшлээсээ бүр мөсөн татгалзсан, эсхүл өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч өөр хэлбэрээр эд хөрөнгийг мэдэлдээ байлгах эрхээ бусдад алдсан бол эзэмшил дуусгавар болно. гэсэн заалтын дагуу иргэн Ж.Оюунбилэг нь өөрийн өмчлөлд байгаа газраасаа өөрийн хүсэлтээр татгалзсан тохиолдолд өмчлөлийн газрыг бусдад шилжүүлэх боломжтой. гэв.

Хариуцагч Баянхонгор аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэцэнбилэг нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн М.Баянзулын захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх 14.1.4 /өмчийнхөө газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан иргэний хүсэлтийг хүлээн авч бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох/ дахь заалтын дагуу 2018 оны 11 сарын 27-нд 146.2 м2 газрыг 3 айлын орон сууцны зориулалтаар эзэмшилд шилжүүлэх хүсэлт ирүүлж 2019.1.29-ний А/29 дүгээр захирамжаар 163 м2 газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж үлдсэн 125 м2 газрыг өмчлөлд үлдээсэн байна.

Иргэн Ж.Оюунбилэг Шинэ төгөл 28 тоот байршилтай 640900145 нэгж талбарын дугаар бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж байсан бөгөөд 3 айлын орон сууцыг орох гарах гарцгүй барьсан нь зөрчил үүсгэж байна. Иймд Ж.Оюунбилэг нь орц, гарцны үүд хаасан блокон хашааг буулгаж хөрш залгаа эзэмшил газрын хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглах гарц нээж хөршүүд тэгш эрхтэй байх шаардлагтай байна. Мөн Ж.Оюунбилэг өөрийн өмчлөлд үлдээсэн 125 м2 газрыг хүсэлт гарган шилжүүлэх боломжтой. гэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Д.Алтангэрэл шүүхэд гаргасан хариу тайлбартаа:2007 оны 7 сарын 30-ны өдрийн Засаг даргын 295 тоот захирамжаар Далхсүрэн овогтой Мягмарсүрэн нь хувийн орон сууцны зориулалтаар 288 м.кв газрыг 0420/00028 нэгж талбарын дугаартай 1.152.000 төгрөгөөр худалдан авч өмчилсөн бөгөөд 2012 оны 10 сарын 22-ны өдөр Ж.Оюунбилэгт газар худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан байна. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т өмчийнхөө газрыг бусдад эзэмшүүлэх, ашиглуулахаар гаргасан иргэний хүсэлтийг хүлээн авч бусдад эзэмшүүлэх, ашиглуулах зөвшөөрөл олгох гэх заалтын дагуу 2018 оны 11 сарын 27-нд 146.2 м.кв газрыг 3 айлын орон сууцны зориулалтаар эзэмшилд шилжүүлэх хүсэлт ирүүлж 2019.1.29-ний А/29 дүгээр захирамжаар 163 м.кв газрыг орон сууцны зориулалтаар эзэмшүүлж үлдсэн 125 м.кв газрыг өмчлөлд үлдээсэн байна.

2019 оны 1 сарын 29-ний өдрийн Засаг даргын А/29 дүгээр захирамжаар Шинэ төгөл 28 тоот байршилтай 6409001045 нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөх эрхийг Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль-ийн 4 дүгээр зүйлийн 4.1 иргэнд газрыг дараах зориулалтаар өмчлүүлнэ. 4.1.1 гэр бүлийн хэрэгцээний 4.1.2 аж ахуйн зориулалтаар/ дэх заалтын дагуу өмчлөх зориулалтыг заасан, нийтийн орон сууцны зориулалтаар өмчлүүлэхээр хуульд заагаагүй байгаа нь уг захирамж нь хүчин төгөлдөр бус байна.

Иргэн Ж.Оюунбилэг нь орц, гарцын үүд хааж, блокон хашаа барьж байгаа үйлдэл нь Иргэний тухай хууль-ийн 140 дүгээр зүйлийн 140.1/ хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй/ дахь заалтыг зөрчиж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Должинсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна. 163 м.кв газрын өмчлөлөөсөө татгалзаад эзэмшүүлсэн, 125 м.кв өөрийн эзэмшилд үлдээсэн, өөрийн эзэмшилд үлдээсэн газраасаа татгалзсаны үндсэн дээр манай байгууллага дараагийн үйл ажиллагаа хийх, иргэний өмчийн газар учраас хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. гэжээ.

Гуравдагч этгээд Ж.Оюунбилэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2012 онд Шинэ төгөл хотхонд 29 тоот газрыг худалдан авч өөрийн өмчлөлд шилжүүлж гурван айлын орон сууц барьсан. Гурван айлын орон сууц нь зураг төслийн дагуу хэмжээ нь 10х11 харьцаатай орох, гарах гарцтай байрны хаалга нь баруун тийш харсан 3 хаалгатай ашиглалтад оруулж худалдсан. Мөн 288 м.кв өмчлөлийн газраа хэсэгчлэн хувааж 163 м.кв газраа гурван айлын нэр дээр нь шилжүүлж эзэмшүүлэн 125 м.кв газраа өөрийн өмчлөлдөө авч үлдсэн.М.Баянзулд өөрийн өмчийн газраас 26 м.кв газар зарсан. М.Баянзулд зарсан 26 м.кв газраа хуулийн дагуу шилжүүлж өөрийн нэр дээр нь болгож өгсөн. М.Баянзул нь худалдаж авсан газар дээрээ өргөтгөл хийж барихдаа зүүн тийш хаалга гаргаж хэрүүл маргаан хийж түрэмгийлж олон айлын өмчийн газраар машин тэрэг болон орох гарах гарцаа хийж амгалан тайван байдал алдагдуулж байсан. 2020 оны 5 сард хашаа татаж өмчлөлийн газраа хамгаалсан боловч М.Баянзул нь одоо Ж.Оюунбилэг миний өмчлөлд байгаа газрыг мөн олон айлын эрхийг хөндөж байна. М.Баянзулын орох, гарах гарц нь баруун талдаа байсаар байтал олон айлын өмчлөлийн газрыг гарц болгон ашиглах нь түрэмгийлэл хүний эрхэнд халдаж байна. Тиймээс Баянхонгор аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү. гэв.

Гуравдагч этгээд Ж.Оюунбилэг нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад холбогдуулан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Жалбуу овогтой Оюунбилэг миний бие Баянхонгор сум 1-р баг, Шинэ төгөл хотхон, 28 тоот хаягт байрлах 288 м2 өөрийн өмчийн газар дээрээ 3 айлын орон сууц барьж газрыг нь хэсэгчилэн хувааж Мягмарбүүвэй овогтой Баянзулд өөрийнх нь хүсэлтээр 57 м2 талбайг хөрш Г.Энхжаргалтай хамтран эзэмших эрх, газрын гэрчилгээг шилжүүлэн өгсөн. М.Баянзулын худалдан авсан 1 өрөө байр, гражын хаалга үүд нь ертөнцийн зүгээр баруун талаасаа ордог, гарах гарцтай машин зогсоолтой. 2013 оноос М.Баянзул нь өнөөдрийг хүртэл баруун талаараа орж, гарц гаргалгаатай амьдарч байна. Баруун талын орох, гарах гарц, машин зогсоолд Ж.Оюунбилэг миний бие болон бусад айл өрх, хэн нэгнийхээ эрх ашигт халдаж эрх ашгийг нь боогдуулаагүй өнөөдрийг хүртэл амьдарч байна.

М.Баянзулын нэхэмжлэлд дурдсан зүүн талын 125 м2 миний өмчлөлийн газрыг хүчингүй болгох, мөн авто машин болон явган хүний орох, гарах гарц гаргалгаа гаргуулж, М.Баянзулын өөрийн өмчлөлийн байшин руугаа бусдын өмчийн газраар дамжин орох орц гарцыг шаардсан байна.

М.Баянзул нь зүүн талд байрлалтай 125 м2 өмчлөлд байгаа газраас 19 мкв, Л.Батцэнгэлийн өмчлөлд байгаа газраас 8 мкв талбайн нийт хэмжээ нь 27 мкв газрыг 2,500,000 төгрөгөөр худалдан авч өөрийн өмчлөлдөө шилжүүлэн өмчилсөн. М.Баянзул нь тус газар дээр 2013 онд худалдан авсан нэг өрөө байраа өргөтгөн 2-3 өрөө болгон өөрийн хөрөнгөөр байшин барьж зүүн талруугаа миний өмчийн газар луу хаалга гаргасан ба баруун, зүүн гэсэн 2 хаалгаар орж гардаг байна. М.Баянзулын өөрийн барьсан барилгын зүүн талруугаа харсан хаалганы зүүн урд талд 4 айлын өмчийн газар, зүүн хойд талд нь 10 гаруй айлын өмчлөлийн газар залгаа ба хамарлан байрладаг байна.

Иймд М.Баянзул нь олон айлын эрх ашиг болон өмчлөлийн газарт нь халдаж байна. Мөн миний эрхэнд аймшиггүйгээр халдаж байна. М.Баянзул нь өмчийн газраас газар худалдан авч, байшин барьж хаалгаа, худалсаж авсан хүнийхээ газар руу хаалга харуулан барьчихаад одоо газраа хүчингүй болгоно, миний эрхэнд халдаж байна гэж байгаа нь улаан цагаандаа гарсан хүний чанар юм даа.

Эрхэм шүүгч та бүхэн үнэн зөвийг олж шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Баянзул тус шүүхэд анх Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар иргэн Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээсэн 125 м.кв газрыг хүчингүй болгуулж, бидний өмчлөлд шилжүүлж өгөх-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрт хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар иргэн Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээсэн 125 м.кв газрыг хүчингүй болгуулж, М.Баянзул болон хөрш Л.Отгонбаатар, Г.Энхжаргал нарын эзэмшилд шилжүүлж, үл хөдлөх хөрөнгө рүүгээ орох гарах гарцыг нээж, Ж.Оюунбилэгийн блокоор татсан хашааг чөлөөлөхийг аймгийн Газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт даалгах гэж ихэсгэсэн байна.

Үүний дараа ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагыг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах-аар өөрчилсөн болно.

Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр магадлалд заасны дагуу шүүх нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан бөгөөдБаянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг хэрэгжүүлэх хууль ёсны эрхээр хангаж, маргаан бүхий газарт очин хээрийн судалгаа хийж, хэмжилт хийн орон сууцны оршин суугчийн хувьд ногоон зүлэг, явган хүний зам, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах газар орц, гарцтай байх эрх хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгөхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгах гэж эцсийн байдлаар өөрчлөн тодорхойлсон шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд иргэдийн төлөөлөгчийг оролцуулахаар хуульчилсан бөгөөд иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Н.Энхтуяа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно... гэж заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдийн зөвшөөрлийн дагуу эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Шүүх захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэрэгт тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах-ыг хүссэн шаардлагын тухайд:

Анх гуравдагч этгээд өөрийн өмчлөлийн 288 кв.м газар дээр 2 давхар нийтийн орон сууцыг барьснаар Ж.Оюунбилэг, М.Баянзул нар харилцан тохиролцож, Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулан, Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ төгөл хотхоны 28 дугаар байрны 3 тоот 43.2 кв.м 1 өрөө орон сууцыг худалдаж, худалдан авчээ.

Газар өмчлөгч нь Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар олгогдсон хэмжээ, хязгаарын дотор өмчийнхөө газрыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, 27.1.3-т өмчийнхөө газрыг зохих журмын дагуу иргэнд худалдах, арилжих, өвлүүлэх, бэлэглэх зэргээр захиран зарцуулах эрхтэй бөгөөд мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2-т газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар газар өмчлөх эрх дуусгавар болохоор тус тус заасан.

Гуравдагч этгээд Ж.Оюунбилэг Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүсэлт гаргаснаар түүний газар өмчлөх эрхийн зарим хэсэг дуусгавар болгосон байна. Улмаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай А/99 дүгээр захирамжаар өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн доорх 106 кв.м газрыг иргэн Л.Отгонбаатарт, 57 кв.м газрыг М.Баянзулд тус тус шилжүүлжээ. Өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг өөрт нь шилжүүлэх захирамж гарсны дараа нэхэмжлэгч М.Баянзул 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М.Баянзул Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн 3 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн үндэслэлээ ...Ж.Оюунбилэг байр, гражийн газрыг 2013 онд анх худалдахдаа барилга доорх болон барилгын эргэн тойрны нийт 288 кв.м газрыг зээлийн барьцаанд тавьсан. Чөлөөлөгдөхөөр нь уг газрыг надад болон манай хөрш айлуудад хуваагаад өгнө гэж амаар тохирсон..., ...125 кв.м газраа өмчилж авч үлдсэнээр миний өмчлөлийн байшин руугаа орох, гарах гарцтай байх, ногоон зүлэг, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах эрхийг ноцтой зөрчсөн... гэж тайлбарлажээ.

Тухайн тохиолдолд Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн Газар өмчлөх эрхийг хэсэгчлэн дуусгавар болгон газрыг эзэмшүүлэх тухай А/29 дүгээр захирамжийн 3 дахь заалтаар эзэмшил газрын 10 хувийг цэцэрлэгжүүлж зориулалтын дагуу зүй зохистой ашиглахыг газар эзэмшигч Ж.Оюунбилэгт даалгаж захирамжилсан бөгөөд хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохгүй, даалгахыг хүсч буй асуудал нь захиргааны байгууллагуудын Газрын тухай хуульд заасан чиг үүрэг, эрх хэмжээнд хамааралгүй байна.

Түүнчлэн Ж.Оюунбилэгийн өмчлөх эрхээсээ татгалзан М.Баянзул, Л.Отгонбаатар нарын эзэмшилд шилжүүлсэн 163 кв.м газар нь 2 давхар нийтийн орон сууцны барилгын доорх газар бөгөөд хууль ёсоор эзэмших эрхтэй өөр газар нэхэмжлэгчид байхгүй, гуравдагч этгээд үлдэх 125 кв.м газрын өмчлөлөөсөө татгалзаагүй, бусдын өмчлөлийн газар дээр ногоон зүлэг, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, орц гарц гаргах зэрэг эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжгүй юм. Тиймээс Баянхонгор аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт маргаан бүхий захиргааны актын 3 дахь заалтыг хэрэгжүүлэхийг хариуцагч нарт даалгах хууль зүйн боломжгүй, нэхэмжлэгчийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Хоёр. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг хэрэгжүүлэх хууль ёсны эрхээр хангаж, маргаан бүхий газарт очин хээрийн судалгаа хийж, хэмжилт хийн орон сууцны оршин суугчийн хувьд ногоон зүлэг, явган хүний зам, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах газар орц, гарцтай байх эрх хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгөхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Даалгах нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй, эсхүл татгалзалтай холбоотойгоор гаргадаг. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно. гэж заасан.

Нэхэмжлэгч захиргааны байгууллагын ямар татгалзал, эс үйлдэхүйг хууль бус гэж үзэж буйгаа тодорхойлоогүй, түүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гараагүй хэдий ч захиргааны байгууллагад даалгах үндэслэлтэй эсэхийг хянахдаа захиргааны байгууллагын эс үйлдэхүй, татгалзал гаргасан эсэхийг харгалзсан болно.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/129 дүгээр захирамжаар Ж.Оюунбилэгийн өмчлөлд үлдээсэн гэх 125 кв.м газарт нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д Хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана. гэж заасныг хэрэгжүүлэх боломжгүй юм. Учир нь газрыг өмчлөх эрх нь эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэрэг хууль зүйн ойлголтыг өөртөө агуулсан, хэн ч үл халдах жам ёсны эрх юм.

Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалт нь газар эзэмшигчид хамааралтай зохицуулалт бөгөөд тухайн тохиолдолд нэхэмжлэгч бусдын өмчлөлийн газар дээр ногоон зүлэг, явган хүний зам, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах, орц, гарцтай байх эрх хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломжгүй, хариуцагч Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хууль бус эс үйлдэл, татгалзал тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн даалгахыг шаардаж буй асуудал нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасан аймгийн газрын албаны эрх хэмжээнд хамааралгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалтын хавсралтаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам-аар журмыг тус газрын даргын 2021 оны 9 дүгээр сарын 15-ний өдрийн А/187 дугаар тушаалаар хүчингүй болгосныг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6, Монгол улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баянзулын Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтыг хэрэгжүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг хэрэгжүүлэх хууль ёсны эрхээр хангаж, маргаан бүхий газарт очин хээрийн судалгаа хийж, хэмжилт хийн орон сууцны оршин суугчийн хувьд ногоон зүлэг, явган хүний зам, амрах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай байршуулах газар орц, гарцтай байх эрх хууль ёсны ашиг сонирхлыг хэрэгжүүлэх боломжоор хангаж өгөхийг аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсгийг баримтлан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.