| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0490/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/503 |
| Огноо | 2024-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/503
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Ариунзул,
шүүгдэгч Ц.Б,
хохирогч Х.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 2405000000525 тоот дугаартай, хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 19** оны ***дугаар сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар нийтийн байрны *** тоотод түр оршин суух хаягтай,
урьд Сум дундын шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ял эдэлж байсан, Д овгийн Ц.Б /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Зүүн нарангийн *** нийтийн байранд "хаалга удаан онгойлголоо" гэх шалтгаанаар хамтран амьдрагч Х.С-г өшиглөж унаган, толгой, цээж, хөл рүү нь хөлөөрөө өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйл байхгүй...” гэжээ /шүүх хуралдааны тэмдэглэл/,
шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.С: “...Гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн №80035099 дугаартай Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн №95457277 дугаартай Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад хохирогч Х.С-ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 26-ны орой манай хамтран амьдрагч Ц.Б архи ууж байгаад шөнө дунд ирээд хаалга нүдэхэд нь би сонсоогүй унтсан юм шиг байна лээ, босоод хаалга тайлтал чи хаалга тайлахгүй юу хийгээд байгаа юу гээд намайг өшиглөж унагаад, миний цээш, толгой, хөл орчим руу хөлөөрөө нэлээн их дэвссэн. Ер нь архи уухаараа хэл амаар доромжилж, зодож, цохих мэт авир гаргаад байдаг. Би байнга дарамтлуулдаг ч гэсэн тун болохоо байх үед нь цагдаад ханддаг. Өмнө нь нэг удаа цагдаагийн байгууллагад хандаж торгуулийн арга хэмжээ авхуулсан. Бид хоёр 2010 онд *** аймгийн *** суманд танилцаж байсан. 2017 оноос хойш бид хоёр хамтран амьдарч эхэлсэн дундаасаа хүүхэдгүй. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Толгой л өвдөөд байгаа гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд толгойд ясны гэмтэл байхгүй зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлсэн. Б-г таарчих вий гэж л айж байна. Бусдаар зүгээр байгаа. Надад сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулахгүй шаардлагагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би гэрээр эмчилгээ хийж эм тариа авсан. Нийт 50,000 орчим төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4351 тоот “...1. Х.С-ийн биед дух, 2 чамархай, 2 нүдний зовхи, эрүү, зүүн чих, цээж, 2 мөр, бугалга, шуу, хэвлий, баруун гуянд цус хуралт, нүүр, зүүн чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
-2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн АЮУЛГҮЙ ЗЭРГИЙН ҮНЭЛГЭЭ /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Зүүн нарангийн *** нийтийн байранд "хаалга удаан онгойлголоо" гэх шалтгаанаар хамтран амьдрагч Х.С өшиглөж унаган, толгой, цээж, хөл рүү нь хөлөөрөө өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Ц.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 03 дугаар сарын 26-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Зүүн нарангийн *** нийтийн байранд "хаалга удаан онгойлголоо" гэх шалтгаанаар хамтран амьдрагч Х.С-г өшиглөж унаган, толгой, цээж, хөл рүү нь хөлөөрөө өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь
Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн №80035099 дугаартай Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн №95457277 дугаартай Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
Мөрдөн байцаалтад хохирогч Х.С-ийн өгсөн: “...2024 оны 03 дугаар сарын 26-ны орой манай хамтран амьдрагч Ц.Б архи ууж байгаад шөнө дунд ирээд хаалга нүдэхэд нь би сонсоогүй унтсан юм шиг байна лээ, босоод хаалга тайлтал чи хаалга тайлахгүй юу хийгээд байгаа юу гээд намайг өшиглөж унагаад, миний цээш, толгой, хөл орчим руу хөлөөрөө нэлээн их дэвссэн. Ер нь архи уухаараа хэл амаар доромжилж, зодож, цохих мэт авир гаргаад байдаг. Би байнга дарамтлуулдаг ч гэсэн тун болохоо байх үед нь цагдаад ханддаг. Өмнө нь нэг удаа цагдаагийн байгууллагад хандаж торгуулийн арга хэмжээ авхуулсан. Бид хоёр 2010 онд *** аймгийн *** суманд танилцаж байсан. 2017 оноос хойш бид хоёр хамтран амьдарч эхэлсэн дундаасаа хүүхэдгүй. Одоо миний биеийн байдал зүгээр болсон. Толгой л өвдөөд байгаа гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд толгойд ясны гэмтэл байхгүй зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэж хэлсэн. Б-г таарчих вий гэж л айж байна. Бусдаар зүгээр байгаа. Надад сэтгэл санааны хохирлын дүгнэлт гаргуулахгүй шаардлагагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Би гэрээр эмчилгээ хийж эм тариа авсан. Нийт 50,000 орчим төгрөг болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 4351 тоот “...1. Х.С-н биед дух, 2 чамархай, 2 нүдний зовхи, эрүү, зүүн чих, цээж, 2 мөр, бугалга, шуу, хэвлий, баруун гуянд цус хуралт, нүүр, зүүн чихний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
-2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн АЮУЛГҮЙ ЗЭРГИЙН ҮНЭЛГЭЭ /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
-Цагдаагийн Ерөнхий Газрын АСАП сангийн лавлагаа /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Б нь урьд нь 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Х.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан улмаар гэм буруугийн шууд санаа зорилгоор хохирогч Х.С-н эрх чөлөөнд халдан өшиглөж унаган, толгой цээж, хөл рүү өшиглөсөн идэвхитэй үйлдэл хийсэн нь
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсныг ойлгоно. Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг хангаж байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Б-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Б нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хэргийн хохирогч Х.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Мөрдөн байцаалтад хохирогч Х.С-ээс “...Миний бие гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Шүүгдэгч Ц.Б-д “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай...” гэх санал,
шүүгдэгч: “...Миний хувийн байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргалаа.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д 850 /найман зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ц.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д 850 /найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б оногдуулсан 850 /найман зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний 850,000 /найман зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ