| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0118/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/119 |
| Огноо | 2024-05-15 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | М.П |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/119
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч М.П-,
Шүүгдэгч Х.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.с овогт Х-ийн С-т холбогдох эрүүгийн 2413000000118 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, ээж, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр /Хуст арал/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.с овогт Х-ийн С-, регистрийн дугаар: БЭ.........:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.С- нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Сыргалийн голоос буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг Монгол хадран загасыг мөс цоолон барьж, амьтны аймагт 930,000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар ан агнах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Шүүгдэгч Х.С- мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлын талаар ямар нэгэн маргаан байхгүй.” гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413000000118 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-09 дэх тал/, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/, Хаан банкны ................ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 15 дахь тал/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-18 дахь тал/, Монгол хадран загас 31 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дэх тал/, Хар цүнхэнд хийсэн загас агнахад зориулагдсан багаж хэрэгслүүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 20 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/, гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрч М.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, гэрч С.С-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/, гэрч Е.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-ын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 51-52 дахь тал/, яллагдагч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/, яллагдагч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
4. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.С-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
5. Шүүгдэгч Х.С- нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Сыргалийн голоос буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг Монгол хадран загасыг мөс цоолон барьж, амьтны аймагт 930,000 төгрөгийн хохирол учруулан, хууль бусаар ан агнасан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдож байна. Үүнд:
5.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
5.2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 06-09 дэх тал/,
5.3. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 108 дугаар албан бичиг, түүний хавсралт /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
5.4. Хаан банкны ................ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 15 дахь тал/,
5.5. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-18 дахь тал/,
5.6. Монгол хадран загас 31 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 19 дэх тал/,
5.7. Хар цүнхэнд хийсэн загас агнахад зориулагдсан багаж хэрэгслүүдийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 20 дахь тал/,
5.8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Монгол алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн ажилтай хүн байгаа юм. Монгол алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга А.А- даргын 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 30 дугаартай албан бичгээр намайг энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцохоор даалгасан байгаа. Миний бие уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцох үед болсон асуудлын талаар хамт ажиллаж байгаа байгууллагын хүмүүсээс асуухад манай байгууллагын ажилчид хяналт шалгалтаар Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Монгол алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газар болох Хотон нуурын Сыргалын голоос загас агнасан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Иймд Монгол алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүй загас агнасан этгээдийг олж тогтоон төрд учруулсан хохирлыг бүрэн төлүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
5.9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О-ы мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Миний бие анх энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон үеэс эхлэн хэргийн үнэн зөвийг тогтоох зорилгоор тал бүрээс нь судалж ажилласан. Хэрэг цугларсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлттэй танилцсан. 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Монгол алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүй 31 ширхэг Монгол хадран загас агнасан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Уг гэмт хэргийг өмнө нь загас агнасан гэх асуудлаар манайд шалгагдаж байсан Х.С- гэх үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Шинжээчийн дүгнэлтээр 1 ширхэг Монгол хадран загасны үнэ нь 30,000 төгрөг гэж үнэлсэн байна. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар "Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи- эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно" гэж заасан байдаг. Тийм учраас 31 ширхэг Монгол хадран загасны нөхөн төлбөр нь 1,860,000 төгрөг болсон байна. Уг гэмт хэргийг үйлдсэн Х.С- нь амьтны аймагт учирсан хохирол болох 1,860,000 /нэг сая найман зуун жаран мянга/ төгрөгийг Төрийн сангийн 100020013005 дугаартай дансанд тушааж өгсөн. Иргэн Х.С- нь өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, төрд учирсан хохирлыг бэлэн мөнгөөр бүрэн төлж өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
5.10. Гэрч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн С.С-, М.Ж-, байгаль хамгаалагч Г.С-, жолооч С- нарын хамт Хамгаалалтын захиргааны "Байгаль хамгаалагч нарыг сэлгэн ажиллуулах удирдамж"-ын дагуу Хотон, Хурган, Даян нуурын хөндийн түүний цутгал голуудад хууль бус загас агнах зөрчлөөс урьдчилан сэргийлж эргүүл хяналт шалгалтыг хийсэн. Энэ үеэр Сыргалын голын гүүрний баруун талд 2 хүн загас агнаж байхыг нь харсан, улмаар бид нар тэдгээр 2 хүний хажууд нь машинтай очих боломжгүй байсан тул Сыргалийн заставд очоод заставын Н- гэх ахлагчаар тэдгээр 2 хүнийг дуудуулсан. Дуудуулахад 2 хүн Н-тэй хамт хүрээд ирсэн, тухайн хоёр хүнийг Х.С-, С- гэх нэртэй хүмүүс байсан. Тэгээд бид нар “ та нар юу хийж яваа” гэж асуухад "бид нар зүгээр явж байгаа” гэж хэлээд байсан. Тэгээд бид нар Х.С-, С- нарт хандаад “ та нар сая загас агнаж байхыг чинь бид нар угаасаа харсан, энэ Тусгай хамгаалалттай газар нутаг учраас та нар загас агнаж болохгүй, та нар биднийг дагаад аймаг руу буцаад яваарай” гэдгийг хэлэхэд тэд нар “за тэгье” гээд бид нараас түрүүлээд машинтайгаа хөдлөөд явсан. Бид нар 5 минутын дараа араас нь хөдлөхөд Са-, С- нар аймаг руу явах замаар биш урьд нь загас агнаж байсан газар руугаа явсан байсан. Бид нар тэдний араас нь очиж байтал тэд буцаад аймаг руу явах замын чиглэл рүү эргэсэн. Тэгээд бид нар Са-, С- нарын урьд нь загас агнаж байсан газарт очиж тэдний ул мөрөөр нь шалгаж үзэхэд цагаан өнгийн шуудайнд хийсэн 31 ширхэг загас болон хар өнгийн цүнхэнд хийсэн загас агнахад ашиглах хэрэгслүүдийг цасанд нуусан байсныг мэргэжилтэн Ж-, Байгаль хамгаалагч С-жан нар олж авсан. Тэгээд бид хэд тухайн шуудайтай загас, загасны хэрэгслүүдийг нь аваад Х.С-, С- нарын араас нь очиход тэд нарын машин нь цасанд суусан байдалтай зогсож байсан. Улмаар бид нар шуудайтай загас, цүнхэнд хийсэн загасны хэрэгслүүдийг гаргаж ирж “энэ та нарынх мөн үү, өмнө нь та нар загас агнаж байсан газраас авч ирлээ" гэж асуухад “бидний агнасан загас болон загасны хэрэгслүүд мөн байгаа" гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бид нар тухайн шуудайтай загасыг Х.С-, С- нарын өөрсдийг нь байлцуулж байгаад загаснуудыг тоолж үзэхэд 31 ширхэг Монгол хадран загас байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,
5.11. Гэрч М.Ж-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн С.С-, байгаль хамгаалагч Г.С-, А.Б-, жолооч М.С- нарын хамт Хамгаалалтын захиргааны "Байгаль хамгаалагч нарыг сэлгэн ажиллуулах удирдамж"-ын дагуу Хотон, Хурган, Даян нуурын хөндийн голуудад хууль бус загас агнах зөрчлөөс урьдчилан сэргийлж эргүүл хяналт шалгалтыг хийсэн. Энэ үеэр Сыргалийн голын гүүрний баруун талд 2 хүн загас агнаж явж байсныг харсан. Тухайн газарт цас их орсон болохоор тээврийн хэрэгсэлтэй дөхөж очих боломжгүй байсан тул заставаас Н- гэх ахлагчийг явуулж тухайн хоёр хүнийг дуудуулсан. Хэсэг хугацааны дараа Х.С-, С- гэх хоёр хүн ирсэн. Бид нар тухайн хоёр хүнд хандаж та нар яагаад тусгай хамгаалалттай газар нутгаас загас агнаж явж байгаа юм вэ" гэхэд тэд нар ямар нэгэн загас агнаагүй гэж хэлсэн. Заставаас гарсны дараа буцаж явах замдаа өмнө нь тухайн хоёр хүний явж байсан газарт очиж юу хийж явсныг шалгаж үзэх зорилгоор машинаас буугаад голын дээгүүр явж үзлэг шалгалт явуулахад тэд нарын явж байсан газраас 31 ширхэг монгол хадран загас, нэг хар өнгийн цүнхтэй загас агнах хэрэгслийг цасан дунд нуусан байсан газраас нь олж авсан. Түүний дараа Са-, С- нартай уулзаж тухайн загас болон загас агнах хэрэгслийн талаар асуухад Са- нь уурлаад "та нар зөвхөн намайг манаж явдаг юм уу, та нараас болж би их хохирсон, хэдэн жилийн өмнөх торгуулиа одоо хүртэл төлж чадахгүй байхад энэ торгуулийг хэзээ ч төлөхгүй, би та нартай тустай ярих болно" гэж уурлаад яваад өгсөн. Нэгдүгээрт тухайн үед тэр газарт Са-, С- нараас өөр хүн байгаагүй, өөр хүн ч очих боломжгүй газар байсан. Хоёрдугаарт гэхэд Са- нь байнга загасанд явдаг, өмнө нь загасны хэрэгт холбогдож байсан. Одоо хүртэл нөхөн төлбөрөө төлөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явж байгаа хүн байгаа юм. Гуравдугаарт гэхэд бид нар тухайн 31 загас болон загасны хэрэгслийг олж авсны дараа Са, С- нартай уулзсан үед өөрсдөө хүлээн зөвшөөрч "Бидний агнасан загас, болон загасны хэрэгслүүд мөн байна гэдгийг хэлсэн. Тийм учраас тухайн үед бид нарын олж авсан 31 ширхэг Монгол хадран загас болон загас агнах хэрэгсэл Са- С- нарын эд зүйл мөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
5.12. Гэрч С.С-ий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр манай байгууллагын хамгаалалтын захиргааны ахлах мэргэжилтэн М.Ж-, байгаль хамгаалагч Г.С-, А.Б-, жолооч М.С- нарын хамт Хамгаалалтын захиргааны "Байгаль хамгаалагч нарыг сэлгэн ажиллуулах удирдамж"-ын дагуу Хотон, Хурган, Даян нуурын хөндийн голуудад хууль бус загас агнах зөрчлөөс урьдчилан сэргийлж эргүүл хяналт шалгалтыг хийсэн. Энэ үеэр Сыргаалийн голын гүүрний баруун талд 2 хүн загас агнаж явж байсныг хараад хажууд нь дөхөж очих гэсэн боловч цас их орсноос болж тээврийн хэрэгсэлтэй дөхөж очиж чадаагүй. Тэгээд тээврийн хэрэгслээр Хотон нуурын заставт очиж тэндээс Н- гэх ахлагчийг явуулж тухайн хоёр хүнийг дуудуулсан. Хэсэг хугацааны дараа Х.С- хажуудаа нэг хүн дагуулж хүрээд ирсэн. Бид нар тухайн хоёр хүнд хандаж "та нар яагаад тусгай хамгаалалттай газар нутгаас загас ангаж явж байгаа юм вэ" гэхэд тэд нар ямар нэгэн загас агнаагүй гэж хүлээн зөвшөөрөөгүй. Бид нар Хотон нуурын заставаас гарсны дараа буцаж явах замдаа өмнө нь тухайн хоёр хүний явж байсан газарт очиж юу хийж явсныг шалгаж үзэх зорилгоор машинаас буугаад голын дээгүүр явж үзлэг шалгалт явуулахад тэд нарын явж байсан газарт загас агнах зорилгоор мөсийг нүхэлж цоолсон байсан гурван нүхийг олж харсан. Тэгээд тухайн ойр хавийг хайж явж байхад голын баруун талын эрэгт хүмүүсийн явсан мөр байсан. Тэр хэсэгт очиж үзлэг хийж яваад 31 ширхэг монгол хадран загас, мөн хар өнгийн цүнхтэй загас агнах хэрэгсэл байсныг олж авсан. Тухайн үед тэр хавьд ямар нэгэн хүн байхгүй байсан тул тухайн олж авсан загас болон загас агнах хэрэгслийг хэргийн газраас авч, Цэнгэл сумын төв рүү явж байх замдаа Са- болон хажууд нь явж байсан хүнтэй уулзаж тухайн загас болон загас агнах хэрэгслийн талаар асуухад Са- нь уурлаад "та нар зөвхөн намайг манаж явдаг юм уу, та нараас болж би их хохирсон, хэдэн жилийн өмнөх торгуулиа одоо хүртэл төлж чадахгүй байхад энэ торгуулийг хэзээ ч төлөхгүй, би та нартай тустай ярих болно" гэж уурлаад яваад өгсөн. ...Энэ тухай Х.С-тэй уулзаж ярилцсан үед өөрөө хүлээн зөвшөөрч хэлсэн. Дээр нь Х.С- нь урьд өмнө нь ч гэсэн загас агнасан гэх асуудлаар шалгагдаж байсан, загас агнах сонирхолтой нөхөр байгаа юм. Өмнө нь загас агнасан зөрчил гаргаж 10,000,000 төгрөгийн нөхөн төлбөр, 300,000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авхуулсан боловч тухайн үед торгуулиа төлсөн. Харин нөхөн төлбөрийг одоо хүртэл төлөөгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тооцоотой явж байгаа хүн байгаа юм. Тэр өдөр хөдөө хээр газар Х.С- хажуудаа нэг хүнтэй явж байсан. Тэр хоёр хүнээс өөр хүн байгаагүй. Тийм болохоор тэр өдөр Са-ээс өөр хүн загас агнасан гэж үзэх боломжгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
5.13. Гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие Х.С- гэх хүнийг сайн танина. Би өөрөө эрхэлсэн ажилгүй болохоор хаяа нэг Х.С- ахын гэрт хаяа нэг очиж жижиг сажиг ажилд нь тусалдаг байсан. 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Х.С- ах над руу залгаж "чи хаана байна, хоёулаа хөдөө яваад ирэх үү, нэг хүмүүс хөдөө ачаа бараа хүргэж өгөөч гэж байна, би явах гэсэн чинь ганцаараа болоод байна, буцаж ирэхдээ надад туслаад хамт яваад ирээч" гэж хэлсэн. Эхэндээ би өөрөө явмааргүй санагдаад “эхнэр маань амаржсан, та өөр хүн хайгаад үзээч, хэрэв хүн олдохгүй юм бол явъя” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин утсаар холбогдож “чи гэрт бэлэн байж бай, чамаас өөр хүн олдохгүй юм байна, хөдөө заставд хүн хүргэж өгчхөөд буцаад ирнэ” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд гэрт байж байхад Х.С- ах өөрийн машинаар манайд ирэхээр нь хаагуур явах талаар асуухад Цэнгэл сумын хөдөө заставаас ирсэн хоёр хүнийг хүргэж өгчхөөд хүрээд ирнэ гэж хэлсэн. Би машиндаа суусан үед ачаа бараагаа ачсан байсан. Намайг авсны дараа нэг айлаас ирээд Заставд ажилладаг ахлагч гэх нэг залууг авсан, түүний дараа цэргийн хотхоноос очиж заставын даргын эхнэр гэх нэг хүнийг авсан. Тэгээд бид нар орой 17 цагт аймгийн төвөөс хөдөлсөн. Бид нар Цэнгэл сумын төвд очоод дараа нь шууд хөдөө гарсан. Цас их орсон болохоор шөнөжин яваад 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө үүрээр 07 цагийн үед Хотон нуурын заставд очсон. Бид нарын хүргэж очсон ахлагчийн нэрийг Н- гэх залуу байсан. Бид нар тухайн залуугийн гэрт хэдэн цаг амарч байгаад өдрийн 14,15 цагийн үед зам харж ирэхээр болж Х.С- ах бид хоёр Н-гийн гэрээс гарсан. Тэгээд голын эрэгт ирсэн үед Х.С- ах надад "чи тээврийн хэрэгсэл явах зам байгаа эсэхийг хараад, цасыг цэвэрлэж ир, харин тэр хооронд би нэг загас агнах газар байна уу хараад ирье" гэж хэлсэн. Би өмнө заставт ирсэн замаас явж тээврийн хэрэгслийн замыг харж явж байх үед Х.С- ах гүүрний доод тал руу очиж загас агнаж байсан. Хэсэг хугацааны дараа дээд талаас нэг пургон машинтай тээврийн хэрэгсэл ирээд застав руу орсон. Би Х.С- ахын хажууд дөхөж очсон үед Х.С- ах надад тусгай хамгаалалттай газрын машин юм шиг байна, би авсан загасыг нуучхаад, буцах замдаа ирж авна" гэж хэлсэн. Тэгээд тухайн загас болон загас агнах хэрэгсэл хийсэн хар өнгийн цүнхийг голын эрэгт байгаа цас руу өөрөө шидчихсэн. Тэгж байхад бид нарын хүргэж очсон Н- гэх ахлагч дөхөж ирээд бид нарыг дуудсан. Бид нар застав руу очиход үл таних хэдэн хүмүүс Х.С- ахтай юм ярьж байгаад хэрэлдсэн. Миний ойлгосноор тухайн хүмүүс тусгай хамгаалалттай газрын алба хаагч нар байсан ба Са- ахын загас агнасныг мэдээд ирсэн юм шиг байна. Түүний дараа Х.С- ах тухайн хүмүүстэй дахин уулзаж тухайн загасны талаар ярьж, нэг удаа явуулаач гэж гуйсан боловч тэд нар Х.С- ахын агнасан засаг болон загасны хэрэгслийг өгөхгүйгээр авч явсан. Миний бие тухайн үед ямар нэгэн загас агнаагүй. Х.С- ах ямар санаа зорилгоор загас агнасан талаар би юу ч мэдээгүй. Анх би гэрээсээ гарахдаа Х.С- ахад тусалж, туслах жолоочоор нь явах зорилгоор явсан. Би анх хамт явсан үед надад загас агнах талаар хэлээгүй. Өөрөөр хэлбэл би энэ хэрэгт ямар ч хамаагүй. Тухайн загасыг Х.С- ах өөрөө агнасан. Дараа нь өөрөө нуусан. Энэ хэрэгт миний ямар ч оролцоо байхгүй. Х.С- ах загас агнасан үед би хажууд нь байгаагүй. Би тэр үед шөнө очсон үеийн замыг харж, зарим хэсгийн цасыг цэвэрлэж явж байсан. Тийм болохоор нийт хэдэн загас агнасан эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хоёр нуурын хоорондын голд төмөр гүүрний доод талд мөсийг нүхэлж цоолсон хэсгээс загас агнаж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,
5.14. Гэрч Е.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө, зөвшөөрөл авч аймгийн төв рүү явсан ба 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн орой аймгийн төвөөс нэг тээврийн хэрэгсэл хөлсөлж аваад тухайн машинаар гарч 02 дугаар сарын 08-ны өглөө 07 цагийн үед заставт ирсэн. Са- гэх хүн бид нарыг авахаар ирсэн үед хажуудаа нэг хүн байсан. Тэр хүн ямар учиртай хүн гэхэд буцахдаа ганцаараа явахгүй, хамт явах хүн гэж хэлсэн, тэр хүний нэрийг ч асуугаагүй. Тэр хоёр хүн манай гэрт унтаж амарч байгаад өдөр нь манайхаас гараад гол руу явж байсан. Тэр үед би тэр хүмүүсээс хаагуур явж байгаа талаар асуухад “зам харах гэж байна, замаа харж ирээд машинаа аваад явна” гэж гол руу явсан. Хэсэг хугацааны дараа тусгай хамгаалалттай газрын алба хаагч нар ирээд “голд явж байгаа хоёр хүнээ дуудаад ир” гэж хэлэхээр нь би урьдаас нь очиж байхад тэд нар өөрсдөө застав руу ирж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
5.15. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-ын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай “...Шинжилгээнд хүргүүлсэн 31 ширхэг загасыг үзэхэд Монгол хадран загас байна. Монгол хадран загасыг таних шинж: Биеийн урт 70 см, жин 3 кг хүрдэг. Дээд тэгш амтай. Доод эрүүний гавалтай нийлэх үе нүдний ухархайн ар ирмэгийн харалдаа доор оршдог. Сэрвээний сэлүүр богино, намхан, дээгүүрээ дөрвөн эгнээ хүрэн ягаан толботой. Сүүлний дээр өөхөн сэртэнтэй. Биеийн зүс бараавтар нуруу тал хар ногоон туяатай, хэвэл цайвардуу. Тухайн загасыг агнасан гэх Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Сыргалийн хоолой” гэх газар нь Улсын тусгай хамгаалалттай газар тордог. Экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолын хавсралтаар Монгол хадран загасны нэг ширхэг нь 30.000 төгрөг ба амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтад /Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,
5.16. Яллагдагч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Миний бие 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрт байхад миний нэг таньдаг дүү болох Цэнгэл сумын Хотон нуурын заставт ахлагч Е.Н- гэх залуу над руу утсаар холбогдож "би аймгийн төвд ирсэн байгаа, өнөөдөр застав руу буцаж явмаар байна, та намайг хүргэж өгөх үү, би ачаатай байгаа, машин хайсан боловч олдохгүй байна, та намайг хүргээд өгөөч" гэж гуйсан. Би эхэндээ явах боломжгүй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа дахин залгаж "та хүргээд өгчхөөч" гэж гуйхаар нь би түүнд "300,000 төгрөгт бензин хийж, дээр нь 100,000 төгрөг өгөх юм бол хүргэх болно" гэж хэлсэн үед Е.Н- нь зөвшөөрсөн. Тэр үед би тухайн газарт цас их орсон гэдгийг сонсоод буцаж явахдаа ганцаараа явах юм бол машин эвдрэх, аль эсвэл өөр саад учрах байх гэж айсандаа хажуудаа нэг хүн дагуулж явах гэж хүн хайсан боловч олдоогүй. Тэр үед манайд ирж миний ажилд тусалж явдаг А.С-ийг хүчээр дагуулж аваад 17 цагийн үед аймгийн төвөөс гарсан. Бид нар Цэнгэл сумаар дамжиж Хотон нуурын застав руу явсан. Цас их орсон болохоор шөнөжин яваад 2024 оны 02 дугаар сарын 08-ны өглөө үүрээр 07 цагийн үед Хотон нуурын заставт очсон. Бид нар Е.Н-гийн гэрт хэдэн цаг амарч байгаад өдрийн 14, 15 цагийн үед гадаа гарсан чинь өмнө ирсэн зам цасанд дарагдсан байсан. Тэгээд хамт очсон А.С- бид хоёр эхлээд гол руу явж, замыг нэг хараад ирэх гэж гол руу явсан. Энэ үед А.С- хүрз бариад миний урдуур явсан ба би араас нь явсан. Энэ үед би машин дотор явж байсан загас агнах хэрэгсэл хийсэн жижиг хар цүнхийг аваад очсон. Учир нь би өөрөө загас агнах сонирхолтой болохоор замдаа голын усанд загас агнах газар байх юм бол загас гарах юм байна уу үзье гэж бодсон. А.С- зам хараад явсан би араас нь ирж байхад гүүрийн доод талд голын дунд хэсэгт хүмүүсийн ус авах зорилгоор мөсийг нүхэлж цоолсон гурван нүхийг олж харсан. Тэр үед би өөрийн сонирхлоороо тухайн газарт сууж загас агнаж эхэлсэн. Би энэ үед нийт 31 ширхэг загас авсан. Хэсэг хугацааны дараа дээд талаас нэг пургон загварын тээврийн хэрэгсэл ирээд застав руу орсон. Би энэ үед би уг тээврийн хэрэгсэл нь тусгай хамгаалалттай газрын машин юм байна гэдгийг мэдсэн. Тэд нар намайг харах юм бол олон юм ярих байх гэж бодоод загас агнах хэрэгсэл болон агнаж авсан 31 ширхэг загасыг голын эрэг рүү цасны дунд хаячихсан. Тэгээд застав руу ирж байхад бид нарын урдаас анх би хүргэж очсон Н- бид нарыг урьдаас ирж дуудсан. Би заставт ирсэн үед уг пургоноор тусгай хамгаалалттай газрын алба хаагч нар явж байсан ба тэнд явж байсан Сакен, Ж- хоёр над руу дайрч "чи дахин загас агнасан уу, чи одоо болоо юм биш үү" гэх мэтээр хэрүүл маргаан гаргаж эхэлсэн. Тэр үед би тэд нарт "би ямар нэгэн загас агнаагүй, чадах юм бол олж аваарай" гэж хэлээд яваад өгсөн. Дараа нь замдаа ирж хүлээж байгаад тэд нараас уучлалт гуйсан боловч тэд нар хүч өгөхгүйгээр яваад өгсөн. Миний бие аймагт ирсний дараа их бодсон. Тэгээд үнэнээ хэлэхгүй юм бол болохгүй юм байна гэдгээ ойлгосон. Миний бие 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баян- Өлгий аймгийн Цэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Сыргалийн гол гэх газраас загас агнасан нь үнэн. Өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан. Мөн учруулсан хохирлын ойрын хугацаанд бүрэн төлж өгөхөө илэрхийлсэн. Иймд миний гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү..., ...Миний бие Хотон болон Хуран нуур нь улсын тусгай хамгаалалттай гэдийг мэдэж байсан. Тийм болохоор нуур руу гараагүй. Харин хоёр нуурын хоорондын жижиг гол нь тусгай хамгаалалттай газар гэдийг мэдээгүй. Учир нь би тухайн газруудаар өвөл ч зун ч их явдаг байсан. Тэр үед тухайн голоос хүмүүс загас их агнадаг байсан. Тэр хүмүүс зөвшөөрөл авч байсныг сонсоогүй юм байна. Тийм учраас голын уснаас загас агнаж болох юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68-69 дэх тал/,
5.17. Яллагдагч Х.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Миний бие хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа хүнтэй уулзаж, уучлалт гуйсан. Тэгээд тэр хүнээс хохирлын талаар асуусан. Тэр хүн надад учирсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлж төлөх ёстой гэхээр нь тэр хүний бичиж өгсөн дансанд 1,860,000 төгрөгийг шилжүүлж, хохирлыг бүрэн төлж өгсөн. Хууль ёсны төлөөлөгчийн зүгээс энэ хэрэгт холбоотой ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.
Эрх зүйн дүгнэлт.
6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” гэж хуульчилжээ.
7. Монгол Улсын Их хурлын 1996 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 43 дугаартай “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолоор Баян-өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус, Сагсай, Алтай сумын нутаг дахь Монгол Алтайн нурууны Алтай таван богд уул, Өвчүү, Ёлт уул, Хотон, Хурган, Даян нуурын орчмыг хамарсан газар нутгийг "Алтай таван богдын байгалийн цогцолборт газар"-ын ангиллаар улсын хамгаалалтад авсан байна.
8. Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр Монгол хадран загас барьсан гэх Цэнгэл сумын 5 дугаар /Бор бургас/ багийн нутаг дэвсгэрт байх Сыргалийн гол нь улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын ангилалд хамаардаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
9. Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнах, барихыг хориглосон байхад шүүгдэгч Х.С- нь улсын тусгай хамгаалалттай, байгалийн цогцолборт газарт хамаарах Цэнгэл сумын 5 дугаар /Бор бургас/ багийн нутаг дэвсгэрт байх Сыргалийн голоос зохих зөвшөөрөлгүйгээр 31 ширхэг монгол хадран загасыг барьж, амьтны аймагт 930000 төгрөгийн хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдсон байна.
10. Шүүгдэгч Х.С- улсын тусгай хамгаалалттай газар нутгаас зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
11. Шүүгдэгч Х.С-ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь хууль бусаар ан агнах гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.
12. Иймд шүүгдэгч Х.С-ийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан барьж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
13. Шүүгдэгч Х.С-ийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байсан нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлжээ.
Хохирол, хор уршгийн талаар:
14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
15. Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн И.Ж-ын 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Экологи эдийн засгийн үнэлгээ нь Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолын хавсралтаар Монгол хадран загасны нэг ширхэг нь 30.000 төгрөгөөр, нийт 31 ширхэг Монгол хадран загас 30.000 х 31 = 930.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
16. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч Х.С-ээс 930.000 х 2 = 1.860.000 төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд төлсөн тул шүүгдэгч Х.С- нь бусдад төлөх төлбөргүй байна. /хавтаст хэргийн 15 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
17. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгч Х.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн монгол хадран загас 31 ширхэг, загас агнах зориулалттай багаж хэрэгслийг устгах нь зүйтэй байна. Хохирогч байгууллагад 1860000 төгрөгийн хохирол учирсан ба уг хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан. Хохирлын ямар нэгэн маргаангүй. Цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэсэн дүгнэлтийг,
18. Шүүгдэгч Х.С-ээс “Хохирлыг төлж барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно.
19. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.С-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
21. Шүүгдэгч Х.С- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 72 дахь тал/-аар тогтоогдож байна.
22. Шүүхээс шүүгдэгч Х.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.
23. Шүүгдэгч Х.С-т үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-т 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.С-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй байна.
25. Энэ хэрэгт шүүгдэгч Х.С- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.
26. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол хадран загас 31 ширхэг, хар цүнхэнд хийсэн загас агнахад зориулагдсан багаж хэрэгслүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгав.
27. Шүүгдэгч Х.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.с овогт Х-ийн С-ийг Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнаж, барьж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.С-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч Х.С- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол хадран загас 31 ширхэг, хар цүнхэнд хийсэн загас агнахад зориулагдсан багаж хэрэгслүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгасугай.
7. Шүүгдэгч Х.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК