| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/02928/И |
| Дугаар | 101/ШШ2021/02716 |
| Огноо | 2021-09-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2021/02716
| 2021 09 16 | 101/ШШ2021/02716
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Сармисны хонхорын 2-23 тоот хаягт оршин суух, Онход овогт Төрбатын ******* /ТА70070763/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Жанжны гудамж, өөрийн байранд байрлах Нийслэлийн******* /9121862/-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Байгальмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.******* миний бие Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёлын ордны захирлын 2020 оны 9 сарын 7-ны өдрийн Б/32 дугаартай ажилд авах тухай тушаалаар тус газарт оёдолчноор ажилд орсон. Үүний дараа тус захирлын 2020 оны 10 сарын 01-ний өдрийн Б/38 дугаартай ажлыг өөрчлөх тухай тушаалаар зохион байгуулагчийн ажилд томилогдон ажилласан. Миний бие Ковид-19 цар тахлын үед нийт албан хаагчдаа зөв зохион байгуулж, ажил үүргийн хуваарийг 7 хоног бүрээр гарган удирдан манлайлж ажиллаж ирсэн.
2021 оны 1 сард тус Соёлын ордны захирал С.Бархас тэтгэвэрт гарч, түүний оронд Л.Рэнчинням даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллах болсон. Ингээд Л.Рэнчинням нь 2021 оны 2 сарын 01-ний өдрийн Б/03 дугаартай ажлыг өөрчлөх тухай тушаалаар намайг соёлын өвийн ажилтан болгож өөрчилсөн. Ажлын байр өөрчлөх болсон шалтгааныг асуухад Соёл урлагийн сургууль төгсөөгүй гэх үндэслэлээр өөрчилсөн гэж хэлсэн. Ингээд соёлын өвийн ажилтнаар томилогдон ажиллаж байхдаа зохион байгуулагчийн ажлаа давхар хийж хамт олноо зохион байгуулж ирсэн.
Гэтэл 2021 оны 5 сарын 24-ний өдөр хүний нөөц сургалт хариуцсан ажилтан У.Байгальмаа намайг өрөөндөө дуудаж 6 дугаартай мэдэгдэх хуудас өгсөн ба уг хуудсаар Т.******* намайг ажлаас чөлөөлөх болсон тухай мэдэгдэж, 2021 оны 5 сарын 31-ний өдөр Б/28 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч тус өдрөө надад танилцуулсан.
Уг тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хугацааны дотор энэхүү гомдлыг гаргаж байна.
Учир нь Б/28 дугаартай тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.3-т заасан “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, Нийслэлийн Соёл урлагийн газраас ирүүлсэн 2021 оны 5 сарын 10-ны өдрийн 157 тоот албан бичиг, Байгууллагын дотоод журмын 3.2.1 дэх заалтыг тус тус үндэслэсэн байсан.
Гэтэл хөдөлмөрийн гэрээний хугацаа яаж хэзээ дууссан нь тодорхойгүй. Учир нь надтай гэрээ ч байгуулаагүй, ямар нэг хугацаатайгаар ч томилоогүй. Түүнчлэн 157 тоот тушаалыг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчсөн, тус албан тоот нь эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамгагүй албан бичгийг үндэслэн ажлаас халж байгаа нь буруу.
Байгууллагын дотоод журмыг 5 сард шинэчлэн гаргасан гэх ба ажилчид, албан хаагч нарт дотоод журмыг огт танилцуулаагүй байх ба намайг ажил мэргэжлийн түвшинээр шаардлага хангахгүй тухай эрх бүхий этгээдийн шийдвэр, баримтаар тогтоогдоогүй байтал үндэслэлгүй гэнэт халсанд гомдолтой байна.
Намайг хэрэв ажил мэргээжил, ур чадвар, албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-д заасны дагуу ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 1 сарын өмнө мэдэгдэх ёстой байтал 7 хоногийн өмнө мэдэгдсэн. Мөн энэ тушаал нь Ковид-19 цар тахлын тухай хуульд заасан цар тахлын үед иргэний эрүүл мэнд, орлогыг хамгаалах ажлын байрыг хадгалах гэж заасныг зөрчсөн.
Миний бие өрх толгойлсон эмэгтэй ба энэ хүнд үед гэнэт халагдсаны ажилгүйдлийн тэтгэмж ч авах эрхгүй халагдсанд гомдолтой байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2.1-т зааснаар 9 сар тасралтгүй ниймгийн даатгалын шимтгэл төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх үүсдэг ба миний ажилласан хугацаа 7 хоногоор дутаж, тэтгэмж авах ч эрхгүй гэнэт үндэслэлгүй халагдсандаа гомдолтой байна.
Иймд намайг үндэслэлгүй халсан тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж өгнө үү гэв.
Хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёлын ордны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Т.******* нь 2020 оны 9 сарын 7-ны өдөр Б/32 тоот тушаалаар оёдолчноор ажилд орсон ба 2020 оны 10 сарын 01-ний өдрийн Б/38 тоот тушаалаар зохион байгуулагчаар түр ажиллаж байгаад 2021 оны 2 сарын 1-ний Б/03 тоот тушаалаар Соёлын өвийн ажилтнаар түр томилогдон ажиллаж байсан.
Нийслэлийн Соёл урлагийн газраас ирүүлсэн 157 тоот албан бичгийн хүрээнд Т.******* нь Соёлын өвийн ажилтнаар ажиллахад ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил ур чадвар хангалтгүй байгаа тул хөдөлмөрийн гэрээг цуцлаж ажлаас чөлөөлсөн.
Миний хувьд энэ байгууллагад 2021 оны 3 сарын 10-нд ажилд орж албан тушаалын чиг үүргийнхээ дагуу судалгаа шинжилгээ хийсэн. Үүнд мэдээж хугацаа их орно. Ингээд хөдөлмөрийн дотоод журамд ажилчдаас санал авч шинээр гаргасан.
Т.*******ийг анх оёдолчноор авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба энэхүү гэрээний хугацааг нэг жилийн хугацаатай байгуулсан. Энэ гэрээний хугацаа дууссан тул гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Мөн энэ хүн Соёлын өвийн ажилтнаар ажиллахад ажил, мэргэжлийн хувьд тэнцэхгүй болсон. Соёлын өвийн ажилтан нь төрийн үйлчилгээ соёл урлагийн салбарт хамаардаг. Тэгээд ч энэ ажлын байранд 6 сарын хугацаатай туршилтын хугацаагаар ажилд авсан. Зохион байгуулагч, соёлын өвийн ажилтны ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон хөдөлмөрийн гэрээ цаашид сунгагдахгүй болсон тул ажлаас чөлөөлсөн. Тушаал үндэслэлтэй гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч*******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагчаас бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасан.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн Соёлын ордны даргын 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай “Т.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр танилцуулсан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчийн энэ тайлбарыг үгүйсгээгүй.
Нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Ковид-19 цар тахлын улмаас шүүх нэхэмжлэлийг 2021 оны 7 сарын 24-ний өдөр хувиарласан байх бөгөөд нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд гомдлоо гаргасан байна.
Ажил олгогч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёлын ордны захирлын 2020 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/32 дугаар тушаалаар Т.*******ийг*******д оёдолчноор, 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/38 тушаалаар зохион байгуулагчаар, 2021 оны 2 дугаар сарын 01-ний Б/03 дугаар тушаалаар соёлын өвийн ажилтнаар түр ажиллуулахаар тус тус томилж, ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн хөлс төлж байсан болох нь хэрэгт авагдсан тушаалууд, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 26-29 дүгээр тал/
Баянзүрх дүүргийн Соёлын ордны захирлын 2021 оны 5 сарын 24-ний өдрийн Б/28 дугаартай “ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, Нийслэлийн Соёл урлагийн газраас ирүүлсэн 157 тоот албан бичиг, Байгууллагын дотоод журмын 3.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Т.*******ийг соёлын өвийн ажилтны үүрэгт ажлаас 2021 оны 5 сарын 31-ний өдрөөс тасалбар болгон чөлөөлсөн байна.
Ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан зохицуулалтын хувьд “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэж зохицуулсан байна.
Харин 38 дугаар зүйлийн 38.1.2-т “ажил олгогч санаачилсан гэж” ерөнхий заалтыг тушаалын үндэслэл болгосон байна.
Нэхэмжлэгч Т.*******ийн ажлыг өөрчлөх тухай Б/03 тоот тушаалд 2021 оны 2 сарын 01-ний өдрөөс Соёлын өвийн ажилтанаар түр ажиллуулсугай гэж дурдсан байх бөгөөд талууд энэ ажлын байранд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байна.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ Т.*******ийг 2020 оны 9 сарын 07-ны өдөр оёдолчноор түр ажиллуулсан ба энэ гэрээний хугацааг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд энэ гэрээний хугацаа дууссан нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж тайлбарлаж байна.
Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 9 сарын 07-ны өдөр ажил олгогч*******, ажилтан Т.******* нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ гэрээгээр Т.*******ийг тус байгууллагад оёдолчноор ажиллуулах, гэрээний хугацаа 1 жил байхаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 30 дугаар тал/
Харин 2021 оны 2 сарын 01-ний өдөр Б/03 тоот тушаалаар Т.*******ийн ажлыг өөрчилж Соёлын өвийн ажилтанаар түр ажиллуулахаар томилсон байх бөгөөд энэ гэрээний хугацааг түүнийг оёдолчноор авч ажиллуулсан гэрээний хугацаагаар тооцож гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж, 23 дугаар зүйлийн 23.2.1-д “байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна”, 23.2.2-т “энэ хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулна” гэж тус тус зохицуулсан.
Талуудын тайлбараар ажил олгогчоос Т.*******тэй Соёлын өвийн ажилтны албан тушаалд хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах үүргээ биелүүлээгүй байх бөгөөд бичгээр гэрээ байгуулаагүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлгүй байна.
Хариуцагчаас ажилтан Т.*******ийг Соёлын өвийн ажилтны ажилд мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэх үндэслээр ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байх хэдий ч энэ үндэслэлээ ажлаас чөлөөлсөн тушаалдаа дурдаагүй, тушаалын үндэслэл болгоогүй байна.
Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болсон Байгууллагын дотоод журмын 3.2.1-д “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтыг болон хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцлийг биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр шаардлага хангахгүй болсон ажилтныг бууруулах буюу ажлаас чөлөөлнө” гэж заасан.
Хэрэгт авагдсан баримтаар дээрх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд дээд шатны байгууллагаас ирүүлсэн албан бичиг нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх шууд үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
Дурдсан үндэслэлээр ажил олгогчийн ажилтаныг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул ажлаас чөлөөлсөн тушаалыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж дүгнэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.*******ийг Баянзүрх дүүргийн Соёлын ордны Соёлын өвийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ийн а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр” тодорхойлно гэж зааснаар 2021 оны 3, 4, 5 дугаар сарын дундаж цалин хөлс нь 726,192 төгрөг байх бөгөөд 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцоход 3 сар, ажлын 12 хоног байх бөгөөд /726,192х3+396,104/=2,574,680 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Т.*******т ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,574,680 төгрөгийг олгохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.*******ийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Соёлын ордны Соёлын өвийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Баянзүрх дүүргийн Соёлын ордноос ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,574,680 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.*******т олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.******* болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч*******д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурьдаж, хариуцагч*******оос 56,145 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА